Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/270

 

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-өд холбогдох эрүүгийн 2121000000235 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 245.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн, Х овогт Г. /РД: .../

 

Шүүгдэгч Г нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр иргэн М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “8-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...гэв.

 

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Миний бие Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ...тоотод эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд би “Мон алтиус” дээд сургуульд багшилдаг юм. Миний хувьд Дорнод аймагт ирэх ажил гараад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Дорнод аймаг явна” гэсэн зарын дагуу ... гэх залуутай холбогдон улмаар түүний машинтай хамт Дорнод аймаг руу гарсан юм. Н-доо бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд Дорнод аймагт ирээд очих газар, хүн танихгүй учраас миний хувьд зочид буудалд түр байрлана гэхэд хамт ирсэн Н-доо мөн очих газаргүй ер нь ажил төрлөө амжуулаад хамт буцахаар болсон учраас хамт зочид буудалд түр буудаллахаар болж Хэрлэн сумын 7 дугаар баг “Чадангууд” зочид буудлын 305 тоот өрөөнд буусан. ... би 09 цаг өнгөрч байхад ажил төрлөө хөөцөлдөнө гээд ганцаараа гарсан бөгөөд хамт ирсэн Н-ийн хувьд ганцаараа өрөөндөө үлдсэн, тухайн үед би уулзах хүмүүстэйгээ уулзаж ажил төрлөө амжуулаад буцаад 11 цагийн орчимд ирэхэд Н-доо Политехник коллежийн нягтлан бодогч ажилтай Э гэх залуугийн хамтаар хоол захиалж, пиво уугаад сууж байсан юм. Ингээд миний хувьд Э гэх залуутай нь танилцаад тэр хоёрын ууж байсан пивоноос уугаад сууж байхад удалгүй миний араас Г гэх залуу нилээн халамцуу архи уусан байдалтай орж ирээд удаагүй байхад араас нь Г-ийн найз М-ээ гэх хүүхэн орж ирсэн ... Э нь “би маргааш ажилтай явахгүй бол болохгүй” гэж хэлээд 16 цагийн орчимд байх гараад явсан мөн М-ийн хувьд араас нь орой 18 цагийн орчимд гарч өрөөндөө би Г, Н-доо нарын хамтаар үлдсэн ба энэ үед Гнамайг “чи хотоос ирсэн, би бол Дорнод аймгийн уугуул хүн” гэх мэтийн зүйл ярьж намайг өдөөд байсан. Ер нь Г-ийн хувьд анх өрөөнд орж ирсэн цагаасаа намайг хэл яриа, хэлбэр дүрсээрээ өдөөд байсан юм. Энэ үед хамт өрөөнд байсан Н-доо голоор орж бид хоёрыг салган улмаар бид хоёрыг хоёуланг нь гараараа алгадаж “боль” гэж хэлээд болиулсан бөгөөд миний хувьд өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлэлгүй байж байхад Г-ийн хувьд зүгээр болж өгөхгүй над руу дайрч, давшлаад байсан юм. Тухайн үед би доош бууж “Чадангууд” зочид буудлын ажилтан нарт хандан “өрөөнд битгий хүн оруулаад бай, оруулсан хүн чинь намайг зодох гээд байна” гэж хэлээд буцаад өрөөнд орсон... би өрөөндөө ганцаараа ороод байж байхад орой 20 цагийн орчимд байх Н-доо ганцаараа орж ирээд намайг өрөөнөөс авч гарсан ба ...“Чадангууд” зочид буудлаас гарахад гадаа үүдэнд машин дотор Н-гийн машиныг нь нэг залуу барьчихсан, Гарын суудал дээр суучихсан байсан. Тухайн үед бид нар зочид буудлын гаднаас шууд Хэрлэн голын чигтээ явцгаасан ба миний хувьд Дорнод аймгийн сайн мэдэхгүй учраас яг хаана очсоноо мэдэхгүй байна. Ямар ч байсан Хэрлэн голын эрэг дээр ирчихсэн байсан. Энэ үед хамт гол дээр очсон Н-оо, мөн жолоо барьж явсан залуу хоёрыг яг хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Г надтай дахин хэрүүл маргаанаар өдөөд миний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн бөгөөд энэ үед би ухаан алдаж түүнээс хойш юу болсныг үнэхээр санахгүй байна...” гэжээ /хх-ийн 25-27/,

 

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар машиндаа суугаад М, Г хоёрыг анх буулгасан газарт ирэхэд М газарт доош харсан байдалтай хэвтэж байхаар нь Н-оо ах газраас босгоод өргөн машиныхаа арын суудал дээр хэвтүүлсэн бөгөөд хажууд найз Г ална, хядна гэх мэтийн зүйл хэлээд байсан юм. ... би мөн голоос ирж байхдаа найз Г-өд хандан “чи яах гээд хүн зодож байгаа юм бэ, чамд маргааш гай болно шүү дээ” гэж хүртэл хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 37/,

Гэрч Н-доо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г ирээд шаварт суусан машины хүмүүстэй маргаж муудаад зодолдох гээд байхаар нь би тэр хүмүүст хандан "энэ хүн надтай хамт яваа юмаа, битгий зодолдоорой" гэж хэлээд болиулаад М-г асуухад "би тэрийг чинь зодчихсон цаана чинь хэвтэж байгаа байх" гэж хэлэхээр нь би шаварт суусан машиныг гаргасныхаа дараа М-г үлдсэн газарт нь очиход Мхажуу тийш харсан байдалтай газарт хэвтэж байхаар нь босгоод анх сууж байсан газартаа аваачсан юм. ...ямар ч байсан Хэрлэн голын эрэг дээр Г нь Т-ин бид хоёрыг шаварт суусан машиныг татаж өгч байхад М-г зодчихсон байсан юм. М-ийн хувьд газарт хэвтчихсэн хамраас нь цус гарсан байсан. ...миний өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй амьсгаадаад байсан юм. Анх гол дээр очиход М-гийн нүүр ам зүгээр, хэвийн байсан бөгөөд түүнээс хойш буцаад явтал сэрэхгүй машины арын сандал дээр унтаад байсан юм...” гэжээ. /хх-ийн 42-43, 45/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтэд:

1. М-ийн биед 8-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар 8-р хавирганы хугарлаас үүдсэн, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 55-57/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-72 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Х овогт Г нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр хохирогч М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “8-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М, гэрч Н, Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г-өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн бусад зардлыг нэхэмжилж байна гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний болон шатахууны зардалд 1036,670 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж, хохирогч М-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн......эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...оршино” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г-ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд болсон үйлдэл ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаа боловч шүүгдэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 245.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул дахин Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй болно.

 

Иймд шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-өд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-өөс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1036,670 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ...оршин суух, М /.../-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ