Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00084

 

  *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1420 дугаар магадлалтай,

 *******-ийн нэхэмжлэлтэй,

А.Баасандоржид холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, өмгөөллийн хөлс 76 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Луy тав ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 хороо Чойжин ламын сүм музейн баруун талд Нийслэлийн засаг даргын 2006 оны 126 дугаар Захирамжаар 1010 м.кв хэмжээтэй газар эзэмшиж байхад иргэн******* манай эзэмшил газраас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар 800 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаагаар тасдаж эзэмшсэн ба газар эзэмших гэрээ болон холбогдох газрын кадастрын зургийг хуурамчаар хийлгүүлж манай компанийн газар эзэмших эрхэд ноцтой халдсан юм.

Компанийн зүгээс дээрх байдлыг 2011 онд мэдэж холбогдох албан тушаалтан болон шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар 20-ны өдрийн 2532/с дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн магадлал /хүчингүй болсон/, Улсын дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор*******ийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн Лyy тав ХХК-ийн захирал Д.Батбаярын гарын үсгийг зурж гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шийдвэрлэсэн.

Иргэн*******ийн дээрх үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 707 дугаар Прокурорын тогтоолоор*******ийг хуурамч бичиг баримт үйлдэж аж ахуй нэгж, байгууллага иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон хэмээн үзсэн. Зохигчдын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед Лyy тав ХХК-ийн захирал Д.Батбаяр Канад улсад амьдарч байсан,******* нь түүний гарын үсгийг дуурайлган зурсан улмаар таньдаг нотариатаар уг гэрээг гэрчлүүлсэн зэрэг үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд гэрээний нэг тал саналаа өгөөгүй байхад гэрээ байгуулсан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хуулийн шаардлагыг******* зөрчсөн тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор******* нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан албан бичгийн хоосон маягтыг ашиглан маргааны зүйл болох газрыг шилжүүлэх хүсэлтийг газрын албанд өгөх материалыг нэг бүрдүүлбэр болгон өгсөн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр *******-ийн захирал Д.Батбаяр болон******* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон,*******ийг хуурамч бичиг баримт үйлдэж иргэн аж ахуй нэгжид үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзсэн атал хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч******* нь энэхүү үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшиж ирлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 тоот захирамжаар иргэн******* 800 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн атлаа 2011 оны 676 дугаар захирамжаар 519 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татахын сацуу анх байсан газрын хэмжээ тухайн байршилд огт өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. *******-ийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар 21-ний өдрийн 415 тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийг эргэн харж******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 126 дугаар захирамжаар *******-д олгогдсон 1 010 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамж, 2017 оны А/267 дугаар захирамжуудын *******-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,*******ийн хууль бусаар барьсан хашааг албадан буулгах талаар хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07/1403 албан тоотоор шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг захиргааны байгууллага хянан үзэх боломжгүй гэсэн нь газар эзэмшигчийг өнөөдрийг хүртэл хугацаанд хохироосоор байна.

*******-ийн зүгээс иргэн*******ийн дээрх хууль бус үйлдлийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан ба компани өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсантай холбогдуулан өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Иргэний хэрэгт 58 000 000 төгрөг, Эрүүгийн хэрэгт 18 000 000 төгрөг, нийт 76 000 000 төгрөгийг 2014 оноос эхлэн өмгөөлөгчид төлж хууль зүйн туслалцаа авч зардал гаргасан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Лyy тав ХХК-ийн захирал Д.Батбаяр болон******* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч******* нь энэхүү үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч*******ийг хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхийг даалгаж нэхэмжлэл гаргаж байгааг хэлэхийн сацуу******* эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгаснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн газраа буцаан авах, Лyy тав ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх юм.

Иймд*******ийг хуурамч бичиг баримтыг үндэслэн Лyy тав ХХК-ийн эзэмшил газраас 800 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоогдсон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа******* Лyy тав ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх шилүүлэх гэрээ байгуулахыг даалгах, өмгөөллийн хөлсөнд Лyy тав ХХК-иас төлсөн нийт 76 000 000 төгрөгийг*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.Эрхбилгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах *******-ийн өмчлөлийн А, Б, В гэх блокоос бүрдэх объектын A блокийг 2006 онд өөрийн багын найз *******-ийн захирал Д.Батбаяраас 460 000 ам.доллараар тохиролцон, банкны зээл аван 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 50 000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 20 000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 15 000 ам.долларыг тус тус бэлнээр, мөн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 49 600 ам.доллар болон 326 000 ам.долларыг Канад улс руу Д.Батбаярт дансаар тус тус шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж үнийн дүнг 100 000 000 төгрөгөөр үйлдэн А блокийг гэрээний 2.1.3-т зааснаар түүнд харьяалах газар эзэмших эрхийн хамт А блокийг өмчлөх, түүнд харьяалах 491 м.кв газрыг газар эзэмшүүлэх эрх буюу төрөөс түүний өмчлөлийн газрыг нь түрээслэх эрхийг *******-иас өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар дээрх гэрээгээр тохиролцсон байдаг.

2010 оны 5 дугаар сарын 24-нд Нийслэлийн газрын албанд хүсэлт гарган өөрийн А блокт хамаарах 491 м.кв газар, мөн шинээр өөрийн гараж руу орох орц буюу урд хашааны дагуух 309 м.кв газрыг /*******-ийн нэр дээрх 1010 м.кв газарт хамааралгүй/ Газрын тухай хуулийн 33.1.2, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын үнэ, газрын нөхөн төлбөр, торгууль зэргийг төлөн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн засаг даргын 415 тоот захирамжаар гарсан 0319873 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан байдаг.

******* нь 2012 болон 2014 онуудад Иргэний болон Захиргааны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан байдаг. ******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн дагуу олгогдсон *******-ийн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргуулахыг даалгах хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 239 дүгээр магадлалаар, Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Луу тав XXK нь******* холбогдуулан иргэний шүүхээр мөн нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу авсан зүйлээ эргүүлэн буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Иргэн болон хуулийн этгээд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... хууль зүйн туслалцаа авах... эрхтэй гэж заасан байдаг. Иргэн хүн өөрийнхөө Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өөрт нь хохирол учруулсан мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хууль зүйн мэдлэг боловсролтой өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө төлчихөөд, миний бие өөрийнх нь өмнөөс хууль зүйн туслалцаа авахуулж хохироосон мэтээр нэхэмжилж байгаа нь энгийн ухаанаар бодоод үзсэн ч гэсэн байж боломжгүй зүйл юм. Хохироогоод байгаа юм бол анхнаасаа хууль зүйн туслалцаа авахгүй, туслалцаа авсан төлбөр төлөхгүйгээр нэхэмжлэл гаргаад, шүүхээр шийдвэрлүүлэх боломж байж л байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Шинжлэх Ухаан Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар тольд хохирол гэх үгийг алдал, алдагдал, хөнөөл, сүйтгэл гэж тайлбарласан ба үүнээс үзэхэд миний бие ямар нэгэн байдлаар *******-д алдагдал, хөнөөл, сүйтгэл учруулаагүй байна. Мөн нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах нь 2014 онд гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байхад намайг үүрэг хүлээх ёстой этгээд мэтээр үзэж гэрээ байгуулахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор миний энэхүү харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон. Мөн хэлцлийг талуудын хүсэл зориг нэгдсэнээр гэрээг байгуулдаг болохоос шүүхийн даалгаснаар гэрээ байгуулна гэдэг нь байж боломжгүй зүйл бөгөөд хэлцэл байгуулах үндсэн зарчим алдагдана. Иймд *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан******* холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, хохирол 76.000.000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 537,950 төгрөгийг нөхөн төлүүлж Төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1420 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******-ийн нэхэмжлэлтэй,******* холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 1420 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзэхийн сацуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 1420 дугаартай магадлалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2532/с шийдвэрээр *******-ийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай үндсэн, хариуцагч*******ийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохын тооцож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 394 дүгээр тогтоолоор газар шилжүүлэх тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн.., Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаар хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргахад энэхүү тогтоол саад болохгүй.., гэж дүгнэсэн атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй маргаан бүхий 800 м.кв газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй болно гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Өнөөдрийн цаг хугацаанд маргаан бүхий газар эзэмших эрхийг******* олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчинтэй байгаа хэдий ч Нийслэлийн эрх бүхий байгууллагаас талууд хоорондоо газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, шүүхээс газар эзэмших эрхийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэвэл дээрх захирамжийг хүчингүй болгох боломжтой талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нөгөөтэйгүүр хариуцагч******* хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргуулж авч болдог байхад маргаан бүхий газрын шударга эзэмшигч нэхэмжлэгчийн хувьд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа байдал нь шударга ёсонд нийцэхгүй байгаад үнэхээр гомдолтой байна.

Шат шатны шүүх өмгөөллийн хөлсөнд төлсөн 76 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрийг ялгаж салгаж үзэлгүй зөвхөн хүчин төгөлдөр хэлцлийн үр дагавар мэтээр үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй болсон.

*******-ийн зүгээс иргэн*******ийн хууль бус үйлдлийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан ба компани өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсантай холбогдуулан өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Иргэний хэрэгт 58 000 000 төгрөг, Эрүүгийн хэрэгт 18 000 000 төгрөг, нийт 76 000 000 төгрөгийг 2014 оноос эхлэн өмгөөлөгчид төлж хууль зүйн туслалцаа авч зардал гаргасан.

*******-ийн захирал Д.Батбаяр нь Монгол Улсын иргэн хэдий ч Канад улсад гэр бүлийн хамтаар амьдардаг тул шүүхэд мэдүүлэх, хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхээ төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хамгаалуулах эрхийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Мандахыг эрүү, иргэн, захиргааны хэрэгт *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан нь хэрэгт авагдсан удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд болон Прокурорын тогтоолоор нотлогдож байгаа төдийгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу иргэний хэргийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 58 000 000 төгрөг нь дээрх хуулийн заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдийн үйлдэлтэй шууд хамааралтай, хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иргэн*******ийн *******-ийн захирал Д.Батбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, өөрийн танил нотариатчаар гэрчлүүлэн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж *******-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 707 дугаар Прокурорын тогтоолоор*******ийг хуурамч бичиг баримт үйлдэж аж ахуй нэгж, байгууллага иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзсэн.

Иймд*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас *******-аас өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөр нь*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд хамааралтай, хоорондын шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэдэг нь өнөөгийн шүүхийн жишгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

*******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж*******оос 18 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасан атал анхан шатны шүүх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн төдийгүй хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул уг асуудлыг хяналтын шатны шүүхээр хянуулахыг хүсч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ******* нь*******оос ...Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чойжин ламын музейн баруун талд буй 800 кв.м газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах..., 76 000 000 төгрөг гаргуулах...-г шаардахдаа ... манай эзэмшлийн 1 010 м.кв газраас 800 м.кв газрыг хариуцагч нь хуурамчаар үйлдсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон... гэвч уг газрыг хариуцагчид эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байгаа гэдгээр бид газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна..., иймд 800 м.кв эзэмших эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү..., түүнчлэн хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбоотойгоор бид иргэний хэрэгт 58 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт 18 000 000 төгрөг, нийт 76 000 000 төгрөгийг 2014 оноос эхлэн өмгөөлөгчид төлж, зардал гаргасан... гэсэн үндэслэл заасан байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөхдөө ... *******-ийн өмчлөлийн А, Б, В гэх блокоос бүрдэх объектын А блокийг 2006 онд худалдан авч... А блокийг өмчлөх... түүнд харьяалах 491 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсоноор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 491 м.кв газар мөн нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй буюу гараж руу орох орц дагуух 309 м.кв газрын хамт нийт 800 м.кв газрыг эзэмших болсон... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа... нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсан хөлсөө хохирол мэтээр нэхэмжилж байна... гэж маргажээ.

 2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2532/с дугаартай шийдвэр гаргаж, *******,******* нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон байх бөгөөд уг гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх .... 800 м.кв газрыг*******ийн эзэмшилд шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа.. гэсэн нь Улсын Дээд шүүх 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор өөрчлөгдөөгүй байна.

 Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар арын 21-ний өдрийн 415 дугаартай захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2006 оны 126 дугаар захирамжаар *******-д олгосон газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 Маргаж буй 800 м.кв газрыг******* эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 415 дугаартай захирамж хүчин төгөлдөр, дээрх газраас 491 м.кв газар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжсэн 4 давхар байшингийн суурь, үлдэх 309 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 1 010 м.кв газарт хамаарахгүй байна.

 Зохигчийн хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцааж өгөх боломжгүй үндэслэлээр хэлцлийн үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад тус газрыг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах шаардлага үндэслэлгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4. дэх заалтад нийцжээ.

 3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн, захиргааны болон иргэний журмаар холбогдох байгууллагад хандаж, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 76 000 000 төгрөг төлсөн үндэслэлээр дээрх төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 а\. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь Иргэний хуульд нийцээгүй байна.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь өмгөөлөгчид төлсөн хөлсийг өөрт учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 б\. Нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүрэг хүлээнэ. Шүүх байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлогдоогүй байна.

 Тухайлбал, хэрэгт өмгөөлөгч Н.Мандахад гэрээний төлбөрт нийт 76 000 000 төгрөгийг төлсөн тухай *******-ийн 2014, 2015 оны нийт 3 ширхэг зарлагын баримт авагдсан боловч тухайн зарлага компанийн санхүүгийн тайланд тусгагдсан эсэх, энэ хэмжээгээр компаниас зардал гарсныг бусад баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул дээрх шаардлагыг хангах боломжгүй байна.

 Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах-ыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01312 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1420 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           Б.УНДРАХ

                                ШҮҮГЧ           Х.ЭРДЭНЭСУВД