Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

2019           4          11                                               ДШМ/2019/324

 

 

                                     Ч.М-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч А.Отгонжаргал, Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлээр Ч.М-т холбогдох эрүүгийн 1806031882141 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ч.М- нь “И М Х”  ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгааллын аюулгүйн зааварчлага өгөөгүйн улмаас “Оршил” төвийн барилга дээр ажиллаж байсан иргэн Ш.Н- нь 4 давхраас унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “И М Х”  ХХК-иас 4.920.250 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Н-д олгохоор тогтоож, хохирогч Ш.Н- нь цаашид өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд  ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх,  эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, шүүгдэгч Ч.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн боловч уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.М- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн. Хохирлын нарийн тооцоо байхгүй ч 400.000 гаруй төгрөг өгсөн. Ч.М-ын цалингаас мөнгийг нь суутгасан гэж ярьдаг. Хавтас хэрэгт яг шүүгдэгчээс гарсан мөнгөний тооцооны баримт байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байдаг.  Анхан шатны шүүх шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Компаний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тодорхой хэмжээний мөнгийг хохирогчид өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч Н.Гантулга хүрэлцэн ирээгүй болохоор баримт байхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч А.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Компаний зүгээс тухайн осол болсноос хойш хохирогчийн нийгмийн даатгалыг төлж байгаа. 2019 оны 3 дугаар сар хүртэл төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа боловч компаний зүгээс хохирогчид тодорхой хэмжээний мөнгө өгч байгаа. Мөн компани хохиролд төлсөн төлбөрийг Ч.М-ын цалингаас суутгаж авсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Ч.М- нь “И М Х”  ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгааллын аюулгүйн зааварчлага өгөөгүйн улмаас “Оршил” төвийн барилга дээр ажиллаж байсан иргэн Ш.Н- нь 4 давхраас унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Н-ын: “...Барилга дээр 10 хүн ажилладаг. ... 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр барилга дээр ажиллаж байгаад унасан. Тухайн үед би Отгонхүүгийн хамт 4 дүгээр давхарт модон тавцанг хийж байсан бөгөөд бид хоёр хол зайтай байсан. Би яаж байгаад унах болсныг мэдэхгүй, унаж байгаагаа мэдэж байна. Манай компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр М  гэдэг хүн ажилладаг. Зааварчилгаанд гарын үсэг зурдаг ч сүүлийн 2 өдөр гарын үсэг зураагүй. Манай компани хамгаалалтын малгай, бүс өгдөг. Гэхдээ тэрийг нь өнөөдөр хэрэглээгүй” /1хх-8-9/,

гэрч Б.У-ын: “... 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ажлаа хийж байхад хамт ажиллаж байсан Н  3, 4 дүгээр давхарт байрлах лифтний хонгилд байсан модон тавцанг засаж байгаад О-д панерыг өгсөн. Намайг доороос харж байхад Н панерын үзүүрийг аваад цаашаа хөлөө гишгэхдээ хий гишгэх шиг болоод доошоо унахдаа тавцангаас нэг зуураад унасан. Би унахыг нь яг харсан. Унаад дээшээ өндийж байсан. Унахдаа өөр давхарт байсан хөндлөн төмөрт цохигдсон. ... Бид нар ажилд гарахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа авдаг байсан ч өнөөдөр аваагүй. Уг зааварчилгааг бригадын дарга М өгдөг. Бид нар өндрийн ажил хийхдээ бэхэлгээ авч гардаг ч өнөөдөр тэрийг авч гараагүй” /1хх-13-14/,

гэрч Я.О-ийн: “... Н  3 болон 4 давхарт байх лифтний хонгилд байсан модон тавцанг янзлаад дээр нь зогсож байгаад доошоо унасан. У-ын өгсөн фанерны үзүүрийг Н-д шилжүүлж өгсөн. Фанерыг нь бариад алхахдаа хий гишгээд доошоо унасан. Бид нар ажилд гарахдаа зааварчилгаа авдаг байсан. Би өнөөдөр зааварчилгаа дээр гарын үсэг зурсан. Н хоцорч ирээд зуралгүй гарсан” /1хх-15-16/,

гэрч Н.Г-ын: “...М  хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байгаа ба тухайн өдөр М  ажиллаж байсан. Өдөр болгон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зааврыг танилцуулж гарын үсэг зуруулдаг. ... Ажилчиддаа хөдөлмөр хамгааллын малгай, бүс, бээлий бусад хэрэгслээр хангадаг бөгөөд шүүгээнд байдаг. Өөрсдөө аваад хэрэглэх ёстой. Тухайн үед Н  пиво уучихсан байсан юм шиг байна лээ” /1хх-35/ гэх мэдүүлгүүд,

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн: “1. Ажил олгогчийн зүгээс хамгаалалтын бүс бэлдсэн байсан боловч хохирогч хэрэглээгүй. 2. Хамгаалах хэрэгсэлгүйгээр өндөр дээр ажил гүйцэтгэсэн. 3. Хамгаалах бүсгүй доош унаж осолдож болзошгүй газар ажил үүрэг гүйцэтгэж байхад хамт ажил үүрэг гүйцэтгэж байхад хамт ажиллагсад бие биедээ шаардлага тавиагүй. 4. Ажил гүйцэтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь шаардлага тавьж дүрэм журмаа мөрдөж ажиллаагүй. 5. Осолдогч болон хамт ажиллагсад ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэгсэн байсан нь ажил гүйцэтгэж байх үед анхаарал суларсан гэж үзэж байна. 6. Онгорхой, хажуугаараа зай завсартай газар ажиллаж байж эрсдлийг тооцоогүй, доош унахаас сэргийлсэн нэмэлт арга хэмжээ аваагүй зэрэг нь бэртэж гэмтэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. 7. Ажил олгогч “И М Х”  ХХК-ийн зүгээс осолдогчийг гэмтсэн даруйд түргэн дуудаж эмнэлгийн тусламж үзүүлэн, яаралтай үзлэг шинжилгээ болох томограф шинжилгээ, гэрэл зурагт харуулах, хагалгааны үед эмчийн бичиж өгсөн бүхий л эм тариа шаардлагатай зүйлсийг өгсөн бөгөөд эмнэлгээс гарсны дараа ч мөн сувилалын зардлыг гарган Ш.Н-ыг эмчлүүлж байна. 14. Комиссын шийдвэр: Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзэв” гэх акт /1хх-85-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4604 дугаартай: “1. Ш.Н-ын биед баруун уушгины язралт, няцрал, баруун уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, дух, хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /1хх-54-55/,

Шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 056-04 дугаартай: “... 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 5. БНбД 12-03-04-ийн 4.10 /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд ... 1.3м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд ... хамаарагдана/-т заасны дагуу өндөрт ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтанд хувийн хамгаалах хэрэгсэл олгоогүй нь /өндөрийн бүс, каска малгай/ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангана/ -т заасныг, 6. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 /...ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна...” /1хх-93-96/,

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хэргийн материалаар дахин хийсэн Н-02/29 дугаартай: “... “И М Х”  ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан М  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж,  

27.3.3. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журамд заасан шаардлагын хэрэгжилтийг хангуулахаар үзлэг шалгалт хийх явцад ажилчид нь ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж байсан   зөрчлийг илрүүлсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй, өндрөөс унахаас хамгаалах бүс байсан боловч түүнийг хэрэглүүлэх талаар зааварчилгаа өгөөгүй/;

“И М Х”  ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан Ч.М- нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан байдаг бөгөөд осол гарсан 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө оосорлогч Ш.Н-д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна” /1хх-173-175/ гэх дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ч.М-ын “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

 

Харин хэрэгт байгаа баримтаас үзэхэд, хохирогч Ш.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх болсон, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад санаачлага гаргах шаардлагатай нөхцөл байдал байх тул шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокурор О.Багшбаяр “...Ч.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн боловч уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн этгээд нь хуулиар хүлээлгэсэн үүрэг болон эрүүгийн хариуцлага, түүнээс улбаалан гарах үр дагаварыг мэдэх ёстой, мэдэх боломжтой тул дээрх хуулийн зохицуулалтыг шийтгэх тогтоолд заавал дурдах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлин 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.М-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ