Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0000/З |
Дугаар | 221/МА2014/0060 |
Огноо | 2014-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2014/0060
2014 оны 01 сарын 29 өдөр Дугаар 60 Улаанбаатар хот
|
“УБТЗ” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.Э, Д.Д нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ХНН “УБТЗ” ХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ХНН “УБТЗ” ХК нэхэмжлэлийн шаардлагадаа: “Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 26/13 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга О.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ХНН “УБТЗ” ХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10/739 тоот нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.
Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08/13 тоот удирдамжаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, гаалийн улсын байцаагч Г.Э, Д.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр ХНН “УБТЗ” ХК-ийн 2009-2012 онуудад импортолсон барааны гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бусад бичиг баримтад өгөгдсөн мэдээлэл, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгуурлан гаалийн зорилгоор бүрдүүлэлтийн дараах шалгалт хийгдсэн болно.
Шалгалтын явцад тус нийгэмлэг 2011 онд 37,578,000.00 төгрөгийн урологийн мэс заслын аппаратыг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй зөрчил илэрч, энэ зөрчилд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дахь заалтыг үндэслэн Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26/13 тоот төлбөрийн актаар 200,000 төгрөгөөр торгож, 37,578,000.00 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон болно.
Хэрэв хэн дуртай этгээд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэхгүй, хүссэн бараагаа гаалийн байгууллагад мэдүүлэхгүй оруулж болдог бол тухайн барааг импортлох, экспортлох үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалт байх шаардлагагүй болж байна гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 24 дүгээр зүйлийн 24.2, 75 дугаар зүйлийн 75.3, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 26/13 дугаар актыг хүчингүй болгуулахаар ХНН “УБТЗ” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №26/13 тоот Актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 507 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №26/13 тоот Актыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлдээ ХНН УБТЗ-ын зүгээс хамаарах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Гэтэл захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн өөрийн үүргээ биелүүлэлгүйгээр ХНН УБТЗ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1, 2 дахь хэсэгт үнэлэлт дүгнэлт өгсөн.
Учир нь: Төрийн хяналт шалгалтын тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шалгалтын удирдамжид ... өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээллийг тусгана гэж заасан боловч 08/13 тоот удирдамжид энэ шаардлагыг хангаагүй.
Шүүх хурал дээр Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ХНН УБТЗ-д 2010 онд гаалийн шалгалт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн шалгалттай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1, 2-т ХНН УБТЗ-ын нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.
Хоёр. Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авалтын тухайд тайлбарлахад:
ХНН УБТЗ нь гаалийн улсын байцаагч нар шалгалт хийх явцад тухайн худалдан авалттай холбоотой материалуудыг бүрэн гаргаж өгч тайлбарласан байгаа.
Гэтэл гаалийн улсын байцаагч нар нь ХНН УБТЗ-ыг буруутган барааны үнийг гаргуулах тухай хариуцлага ногдуулахдаа манай байгууллагын уг худалдан авалттай холбоотой бодит нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй, хилээр уг барааг гаальд мэдүүлэлгүйгээр оруулж ирсэн нь хэний буруутай үйлдэл вэ гэдгийг тодруулалгүйгээр акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт бичсэн танилцуулга, албан шаардлага тоо баримтын үндэслэл нотолгооны үнэ зөвийг хариуцах/-д заасан шаардлагад нийцээгүй болно.
Уг эмнэлгийн тоног төхөөрөмжийг ХНН УБТЗ нь хилээр оруулж ирээгүй гэдэг нь 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн МТ2У11/087 тоот гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Бараа хүлээлцсэн акт, Гэрээ дүгнэсэн акт, УБТЗ-ын Төв эмнэлгийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 43/836 албан тоотоор нотлогдож байгаа юм.
Гэтэл улсын байцаагч нь тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирсэн үйлдэлд зөвхөн манай байгууллагыг буруутган ХНН УБТЗ-д холбогдуулж 26/13 тоот акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 Улсын байцаагч нь хууль тогтоомж чанд сахих..., хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхээргүй, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах гэсэн заалтад нийцээгүй гэж үзэж байна.
Гурав. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хэлэлцээрээр төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд УБТЗ нэртэй М-З-ийн ХНН-ийг байгуулсан билээ.
Дээр дурдсан Хэлэлцээр түүнийг дагаж гарсан Дүрэм болон нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу олон улсын гэрээнд хамаардаг болно.
ХНН УБТЗ нь 1949 оны Хэлэлцээр болон Дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн салбар нэгжийг байгуулах эрхтэй бөгөөд эдгээр салбар нэгжүүд нь ХНН УБТЗ-ын тээвэрлэлтийн үндсэн үйл ажиллагааны орлогоос татаас авч үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт төмөр замчдад болон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнийхээ мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2012 онд УБТЗ-ын Төв эмнэлэг нь БНСУ-ын В-ны их сургуультай Хамтран ажиллах санамж бичиг-ийг зурж хамтран ажиллаж байна.
ХНН УБТЗ болон Солонгос улсын J компанийн хооронд OLIMPUS OTV-SC маркийн эмнэлгийн зориулалтын урологийн мэс заслын багаж бүхий аппаратыг Худалдах худалдан авах тухай МТ2/11/087 тоот гэрээг 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхцөлөөр Худалдагч нь уг барааг иж бүрдэл, техникийн баримт бичиг, ашиглах зааврын хамт худалдаж худалдан авагчийн ажлын байр болох Төмөр замын төв эмнэлэг суурилуулан, ашиглалтад хүлээлгэн өгч, худалдан авагч мөнгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 2.1-д барааны нийт үнийг 36 000 000 төгрөгөөр тохиролцсон ба энэ үнэнд барааг нийлүүлэх, суурилуулахтай холбоотой тээвэрлэлт болон бусад бүхий л зардал, татвар хураамж багтсан юм.
J компани нь монгол улсын зах зээлд байгаа адил төрлийн аппаратаас хэд дахин бага үнэ санал болгосон ба газар дээр нь ирж суурилуулж өгөх нөхцөл тавьсан юм.
Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу J компани нь урологийн мэс заслын багаж бүхий аппаратыг Төмөр замын төв эмнэлэгт суурилуулан, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгч талууд гэрээ дүгнэсэн акт, бараа хүлээлцсэн актыг үйлдсэний дагуу ХНН УБТЗ нь худалдагч талд төлбөрийг бүрэн шилжүүлсэн.
Энэхүү 2011 оны 07 дугаар сарын2 6-ны өдрийн МТ2/11/087 тоот гэрээний нөхцөлөөр худалдагч экспортлогч тал нь нийлүүлэх барааг Худалдан авагчийн нутаг дэвсгэр дээр нийлүүлэх нэрлэсэн газарт буюу гэрээгээр тохирсон газарт хүлээлгэж өгөх, тухайн нийлүүлэх нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдэлийг хариуцахаар тохиролцсон болно.
Мөн УБТЗ нь Солонгос улсын J компанийн хооронд OLIMPUS OTV-SC маркийн эмнэлгийн зориулалтын урологийн мэс заслын багаж бүхий аппарат худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг барааг хүлээн авсныхаа дараа тухайн аппаратыг ашиглахтай холбоотойгоор зохих тусгай зөвшөөрлийг авахаар Монгол улсын Эрүүл мэндийн яаманд хандсан. Эрүүл мэндийн яамнаас 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11/09/445 Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын лиценз олгосон.
ХНН УБТЗ нь дээр дурдсан барааг худалдан авахдаа ямар нэгэн байдлаар худалдааны луйвар хийх, ашиг олох зорилго агуулаагүй болно.
Дээр дурдсан үндэслэл шаардлага, нөхцөл байдлыг хянан үзээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 507 тоот Шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №26/13 тоот Актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ХНН УБТЗ ХК нь Солонгосын J компанитай урологийн мэс заслын аппаратыг захиалгын дагуу хүлээн авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү мэс заслын аппаратыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-т “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд импортлохыг хориглоно” гэжээ. Гэтэл захиалгын дагуу нийлүүлсэн БНСУ-ын J компани нь тусгай зөвшөөрөл аваагүй хуулийн этгээд байсан байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ”, 15.22.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох” гэж зааснаас үзэхэд тухайн урологийн мэс заслын багажийг импортлохдоо тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч байгууллага 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авчээ. Гэтэл энэхүү багажийг хүлээлцэж авсан хийгээд гэрээг дүгнэсэн акт нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байгаа нь импортын лицензийг барааг орж ирсний дараа авсан нь тогтоогдож байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгчийн захиалж хилийн чанадаас авчруулсан урологийн мэс заслын төхөөрөмж нь энэхүү хязгаарлалтад хамаарна.
Нэхэмжлэгч УБТЗ нь “манайх уг барааг хилээр нэвтрүүлээгүй тул хариуцлага хүлээлгэх нь буруу” гэж маргажээ. Гэтэл хилээр нэвтрүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл шаардагдаг барааг захиалсан, одоо өмчилж, ашиглаж байгаагийн хувьд УБТЗ нь анхнаасаа импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээдтэй хэлцэл хийх, эсхүл өөрөө тусгай зөвшөөрөл авсны дараа гаальд мэдүүлсний үндсэн дээр оруулж ирэх ёстой байжээ. Тиймээс төхөөрөмжийг импортлох тусгай зөвшөөрөлгүй гадаад улсын хуулийн этгээдэд захиалж авчруулсан УБТЗ-ын үйлдлийг зөвтгөх Монгол улсад бүртгэлгүй, байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, компанитай хариуцлага хуваалцах агуулгатай гомдлыг нь хүлээн авах боломжгүй.
Иймд Монгол Улсын хилээр хэрхэн нэвтрүүлсэн нь тодорхойгүй, татвар төлөгдөөгүй барааг тусгай зөвшөөрөлгүй этгээдэд захиалан авчруулсанд нь “хилээр нэвтрүүлсэн этгээд” хэмээн үзэж Гаалийн Ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26/13 дугаар актаар Гаалийн тухай хуулийн 290.2.2-т заасныг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.