Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 38

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Б.Нямханд,

Шүүгдэгч Б.Ёлк, Б.Чинбат, тэдний өмгөөлөгч Н.Дашдулам /ҮД:0725/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ёлк, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чинбат нарт холбогдох эрүүгийн 201624000342 дугаартай хэргийг 2016 оны 6 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ургийн овог тодорхойгүй Батсайхны Ёлк: Монгол улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар ХГ-710 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, РД:/ОМ95031515/

Шүүгдэгч Боржигон овогт Бүрэнжаргалын Чинбат: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар ХГ-789-а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, РД:/УН90062230/

 

Шүүгдэгч Б.Ёлк /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 04 сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 724 тоот хашааны хойд замд 98-10 УБҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Мөн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч 52 настай, эрэгтэй П.Сэнгэравданг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

Шүүгдэгч Б.Чинбат нь 2016 оны 04 сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 791 тоот хашааны гадна замд 98-10 УБҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Ёлкт жолоогоо шилжүүлсний улмаас хохирогч П.Сэнгэравданг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ёлкоос мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө гэртээ байж байхад Б.Чинбат 10 цагийн орчимд над руу утсаар залгаад хүрээд ир гэхээр нь очсон. Б.Чинбат “урд орой архи уусан чинь архи гарахгүй байна” гэж хэлж байсан. “Миний машиныг бариад өгөөч” гэхээр нь “надад жолооны үнэмлэх байхгүй” гэж хэлэхэд одоог хүртэл жолооны үнэмлэх байхгүй юм уу гэж хэлээд хамтдаа тэр айлаас гараад би жолооны ард суугаад Чинбат, Нармандах хоёр жолоочийн хажуу талын сандалд суугаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа 400 орчим метр газар яваад “Гурван тулга” дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод хоёр шуудай төмсөө өгсөн. ..буцаад урдаасаа хойшоогоо хойд дэлгүүрт очихоор ..баруун гар тийшээгээ гудамж руу эргэж орох үед миний баруун гар талд ёолох дуу гарахаар нь шууд зогссон. ..харахад миний машины хойд талд Н.Сэнгэравдан ах зогсож байсан. ..өргөөд газар суулгасан. Сэнгэравдан ах явж чадахгүй байхаар нь өргөөд машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөөд би эргээд хүрээд ирье гэж хэлээд Чинбатын машиныг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Н.Сэнгэравдан ахын гэрт нь явж очиход түргэн дуудчихсан гэж хэлсэн. Түргэн удаагүй ирээд бид хамтдаа гэмтлийн эмнэлэг явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гадаа дулаахан зам хуурай байсан. Би жолооны эрхийн үнэмлэхгүй явж байсан, Сэнгэравдан ахыг анзаарч хараагүй. Машины хөдөлгөөн байгаагүй. Баруун хажуу талаараа хашаанд шахаж хавчсан байсан. Архи үнэртэж байсан. Гэмтсэн хүнийхээ эмчилгээний зардлыг төлж барагдуулна. /хх 53/ гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Чинбатаас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд Ёлк руу утсаар залгаад хүрээд ир гэж дуудсан. Урд орой нь архи уусан байсан болохоор архи үнэртэж байсан юм. Найз Ёлкоор машин бариулах гэж дуудсан. ..би машины түлхүүрийг Б.Ёлкод өгөөд хамтдаа айлаас гарсан. Б.Ёлк жолооны ард орж суусан, би жолоочийн хажуу талын сандалд суугаад ...400 орчим метр газар яваад “Гурван тулга” дэлгүүрийн гадаа очиж зогсоод хоёр шуудай төмс оруулж өгсөн. ..арын дэлгүүр орохоор урдаасаа хойшоогоо хөдлөөд 20-25 метр газар яваад баруун гар тийшээгээ гудамж руу эргэж орох үед нэг хүн ёолохор нь Ёлк тэр дороо зогссон. Машинаас буухад Сэнгэравдан ах газар дөрвөн хөлөлчихсөн байсан. Сэнгэравдан ахыг өргөөд машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Ёлк миний машиныг жолоодоод манай гэрт машиныг тавиад явсан. Архи үнэртэж байсан. Ёлкыг жолооны үнэмлэхгүй гэдгийг цагдаагаас асуух үед мэдсэн. Тэгэхээс биш урд нь мэдээгүй байсан. Ёлк урд нь машин жолоодоод худгаас ус аваад явж байсан болохоор жолооны үнэмлэхтэй юм байна гэж бодож явсан. Сэнгэравдан ахыг хараагүй. Хашааны буланд гурван хүн зогсож байсан. Ёлк дуут дохио өгөхөд тэр хүмүүс хойшоогоо болчих шиг болсон. Машины хөдөлгөөн байгаагүй. Урд талаараа мөргөөгүй. Намайг буугаад харахад машины хойд талд Сэнгэравдан ах газар дөрвөн хөлөлчихсөн байсан. Миний бодлоор дугуй орчмоор хашаатай хавчсан байх гэж бодож байна. Хүлээн зөвшөөрч байна. Гэмтсэн хүнийхээ эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хх 56/ гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч П.Сэнгэравдангаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би "Гурван тулга дэлгүүрийн хойд өнцөгт Б.Самдан ахтай яриад зогсож байхад урдаас цэнхэр өнгийн Х.Портер маркын автомашин ..намайг хашаатай шахаад, хажуу талаар шахаад дайрсан би орилоод л унасан ..намайг гэрт авчирч өгсөн. Машиныг Ёлк жолоодож явсан. Машинд эзэн нь ахтайгаа хамт явсан. Машины эзэн залуу согтуу байсан. Одоо гэртээ хэвтэрт байна. Нуруу, нугасны зураг авхуул гэсэн мөнгө байхгүй болохоор хэцүү байна. Одоо хүний 1 гарт болсон. Эмчилгээ хийх шаардлагатай. Хөл дээрээ босох хүсэлтэй байна. Гэр орноо ажил хийж тэжээж байсан. Амьдрал хүнд болсон. Жолооч болон машины эзэнд маш их гомдолтой байна. Жолооны үнэмлэхгүй хүнээр машин жолоодуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... /хх 15-16/ гэсэн мэдүүлэг.

 

Гэрч У.Энхбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Чинбат ганцаараа манайд ирсэн, бид хоёр 1 шил 0,75 граммын архи хувааж уучихаад унтсан. Чинбатын машин манай хашаанд байсан өглөө найз Ёлк руу утсаар яриад машин бариад өгчихөөч ногоо зарах гэсэн юм хүрээд ир гэж хэлсэн. Ёлк тэр хоёр хамтдаа манай гэрээс гараад явсан. Ёлкыг жолооны үнэмлэхтэй байх гэж бодож байсан, байнга л машин жолоодож явдаг байсан. Сүүлд сонсоход жолооны үнэмлэхгүй байсан байна лээ. Чинбат архи уучихаар маргааш нь архи үнэртээд байдаг юм. ...тухайн өдөр өөрөө машинаа жолоодохгүйгээр Ёлкоор машинаа жолоодуулж явсан юм. Архи үнэртэж байсан. Тэгээд л машиныг Ёлкоор бариулсан юм.. /хх 21/ гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Ч.Дагвадоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би дэлгүүрээс гараад явж байтал портер машинд Н.Сэнгээ хавчуулчихсан гээд гудамжны өнцөгт байж байсан. Жолооч нь манай гудамжны хүүхэд байсан. Сэнгээг өргөөд машиндаа суулгаад хойшоо явсан. Сэнгээ архи уугаагүй эрүүл байсан. /хх 23/гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Б.Самдангаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Сэнгээ бид 2 гудамжны өнцөгт гараад уулзаад зогсож байсан гэтэл урдаас портер маркийн автомашин ..бид хоёр руу дөхөөд ирэхээр салаад хоёр тийшээгээ болоход нөгөө машин голоор ороод гудамж руу эргээд ороход ёолох дуу гарахаар харахад Н.Сэнгээ газар уначихсан нөгөө машин зогссон. Машинаас гурван залуу гарч ирээд өргөөд машиндаа суулгаад хойшоогоо явсан. Сэнгээ ёолоод л газар унасан байсан.,. /хх 24/ гэсэн мэдүүлэг.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт №5205: П.Сэнгэравдангийн биед зүүн суудал ясны дээд салаа сүүжний тогоо дайрсан хугарал, зүүн талын ташаан дэлбээ яс ууц ташааны үе дайрсан хугарал, суудал ясны доод салаа сүүжний нүх дайрсан хугарал, зүүн умдагны үений дээд хэсгийг дайрсан хугарал гэмтэл топгоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.  /хх 26/ гэсэн дүгнэлт.

 

Техникийн шинжээчийн 243 тоот дүгнэлт: Х.Портер маркийн 98-10 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Ёлк нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ”Мөн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Х.Портер маркийн 98-10 УБҮ улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Чинбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх,” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч П.Сэнгэравдан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх 35-36/ гэсэн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Чинбатын иргэний үнэмлэхний хуулбар /хх 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/, Б.Ёлкын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 72/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 82/, хохирлын баримт /хх 90-93/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7/, жолоочийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх 8/, 2016 оны 04 сарын 21-ний өдрийн ¹5205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/, 2016 оны 05 сарын 03-ны өдрийн ¹243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,  зам тээврийн осол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, хохирогч Н.Сэнгэравдангаас гомдол саналгүй гэсэн баримт /хх 119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Ёлк нь 2016 оны 04 сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 724 тоот хашааны хойд замд 98-10 УБҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх:” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч 52 настай, эрэгтэй П.Сэнгэравданг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

 

Шүүгдэгч Б.Чинбат нь 2016 оны 04 сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 791 тоот хашааны гадна замд 98-10 УБҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Ёлкт жолоогоо шилжүүлсний улмаас хохирогч П.Сэнгэравданг мөргөж биед нь зүүн суудал ясны дээд салаа сүүжний тогоо дайрсан хугарал, зүүн талын ташаан дэлбээ яс ууц ташааны үе дайрсан хугарал, суудал ясны доод салаа сүүжний нүх дайрсан хугарал, зүүн умдагны үений дээд хэсгийг дайрсан хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Б.Ёлкод хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, хорих ял шийтгэл оногдуулах, мөнх Б.Чинбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Ёлкт жолоогоо шилжүүлсний улмаас хохирогч П.Сэнгэравданг мөргөж биед  хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ёлк, Б.Чинбат нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ёлкын цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Чинбат нь урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Батсайханы Ёлкыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Боржигон овогт Бүрэнжаргалын Чинбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Ёлкын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинбатыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёлкод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Чинбат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёлкын цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Ёлк, Б.Чинбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинбатад оногдуулсан гурван 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ёлкод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус  тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ёлкод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгч, шүүгдэгч Б.Чинбатын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР