Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/090 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:***************, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь  2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн prius 20 маркийи тээврийн хэрэгсэл дотор *******ын фейсбүүкийн чатыг уншиж, бусадтай хардсаны улмаас түүний гар утсыг дундуур нь хугалж, хууль бусаар устгасны улмаас *******д бага хэмжээнээс дээш буюу 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

Би өмнө нь ******* гэх хүнтэй үерхэж байсан юм. Одоо бол ямар нэг харилцаа байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би *******тай уулзаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын орчим миний машин дотор ******* бид хоёр уулзаж байгаад би *******ын утсыг үзэж байгаад фейсбүүк чатыг нь үзээд хардаад утсыг нь эвдсэн. Тэгсэн чинь ******* намайг чи миний утсыг эвдлээ гээд нэг удаа алгадсан. Би *******ыг зөрүүлээд нэг удаа алгадсан. Би *******ыг дугаар байрны гадаа буулгаад өөрөө явсан. Би *******ын хохирлыг төлсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 68-70

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* гэх хүнтэй арван мянгатын “” хорооллын ойролцоо *******гийн prius 20 маркийн машин дотор ******* бид хоёр уулзаад сууж байсан юм. ******* миний утсыг үзэж байгаад мессеж чатыг уншаад уурлаад, уурандаа миний iphone 8 маркийн гар утсыг эвдсэн. Гэртээ очсон чинь манай найз нь манай ээж д хэлээд ээж манай ах д хэлээд цагдаад дуудлага өгсөн. ******* миний утсыг эвдэх үед бид хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Миний фейсбүүкийн чатыг уншаад уурлаад, уурандаа миний утсыг голоор нь дараад эвдсэн. *******г би нэг алгадсан чинь ******* намайг зөрүүлээд нэг удаа алгадсан. Алгадах үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхгүй. ******* нь миний хохирлыг нөхөн төлсөн. Одоо надад *******гээс нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /,

 Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

22 цагийн үед би гэртээ байсан чинь манай дүү *******ын ээж болох залгаад *******ыг найз залуу нь зодсон байна гэж хэлэхээр нь би гэрт нь очоод юу болсныг асуугаад цагдаагийн газар дагуулж очоод гомдол гаргасан. ...Гар утсыг нь булааж авч эвдлээ, ... iphone 8 гэх гар утас байсан, би хэдэн төгрөгөөр авч байсныг нь мэдэхгүй байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 /,

 Баянхонгор аймгийн  “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаар шинжээчийн ... iphone 8 маркийн гар утас зах зээлийн үнэ 470,000 төгрөг, үнэлгээний халс 30,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ий 16/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 62-63/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 82 /, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн  тогтоол /хх-ийн 73/, харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн материал /хх-ийн 04-26/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, депозит дансны хуулганууд /хх-ийн 53-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80-81/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн prius  20 маркийи тээврийн хэрэгсэл дотор *******ын фейсбүүкийн чатыг уншиж, бусадтай хардсаны улмаас түүний гар утсыг дундуур нь хугалж, хууль бусаар устгасны улмаас *******д бага хэмжээнээс дээш буюу 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/, Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 32-34 /, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 7-8 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаар шинжээчийн ... iphone 8 маркийн гар утас зах зээлийн үнэ 470,000 төгрөг, үнэлгээний халс 30,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ий 16/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эд хөрөнгөд  буюу *******ын фейсбүүкийн чатыг уншиж, бусадтай хардсаны улмаас түүний гар утсыг дундуур нь хугалж, хууль бусаар халдаж устгаж, гэмтээсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд гэж үзнэ.

Иймд  *******гийн үйлдэл нь  хохирогч *******ын эзэмшлийн эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг агуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь *******гээс өөрт учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 500,000 төгрөг бэлнээр авсан талаарх баримт /хх-ийн 32-34/, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, шүүгдэгчийн  мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч *******д торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэг буюу сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг  оногдуулж,  ... шүүгдэгч  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын эзэмшлийн ... I phone 11 pro max гар утас...-ыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************************** бусдын эд  хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.      

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын эзэмшлийн ... I phone 8 маркийн гар утас...-ыг устгахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА