Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Б.Сэрээдавга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюур овогт Батлутын Сэрээдавгад холбогдох 2226000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг “Цав” гэх газар оршин суух, урьд: Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018   оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэгдсэнийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай магадлалаар торгох ялын хэмжээг 5.400.000 төгрөг болгон өөрчилж, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ял дуусгавар болсон Аюур овогт Батлутын Сэрээдавга /РД:ЙЛ92030313/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Машбатын мөнгөн тоноглолтой хормойн боолтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Б.Сэрээдавга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Машбаттай согтуу явж байгаад тааралдаад аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

 

Хохирогч Д.Машбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 дугаар багаас сумын төв рүү 15 цагийн үед орж ирээд Батбаатарынд орсон. Тэгсэн Батбаатар 1 шил архи өгсөн тэрийгээ уучихаад тэгээд 18 цагийн үед гараад Поогоогийн дэлгүүрт ороод юм авах гэсэн чинь дэлгүүрийн худалдагч нь согтуу хүнтэй наймаа хийхгүй гэж гаргасан. Гарч яваад дэлгүүр дотор Б.Сэрээдавгатай таарсан. Тэгээд дэлгүүрт нь буцаж ороод Б.Сэрээдавгын хамт буцаж гарсан. Тэгээд гадаа гараад бие засаад юм яриад сууж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор юу ярьсан аа санахгүй байна. Тэгээд тухайн үед бүслүүрээ анзаараагүй. Тэгээд шууд гэртээ хадам дүү Мөнхбаатараар  хүргүүлсэн. 19 цагийн үед гэртээ очсон байсан. Гэрт очоод миний бүсэлж явсан эрт цагийн мөнгөн тоноглолтой бүслүүр алга байсан. Тэгээд аймгийн төв рүү эхнэрийн хамт эмчилгээнд яваад 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд бүс авсан хүн аваад ирэх байх, сураг гарах байх гэж бодоод 7 хоног хүлээгээд сураг гарахгүй байхаар нь цагдаад хандсан. Миний бүсэлж явсан хормойн боолт нь удам дамжин өвлөгдөж ирсэн эрт цагийн мөнгөн тоноглолтой, суран бүслүүртэй байсанг нь тасрахаар нь цэрэг бүсний ширээр сольсон, 70-80 см орчим урт, 2 см өргөнтэй цэрэг тэлээний арьсан бүслүүртэй, лууны толгойтой мөнгөөр цутгасан аралтай, зэсэн хэлтэй, хангарьд шувууны толгойн дүрс бүхий үүлэн хээтэй мөнгөн цутгамал бэлтэй хормойн боолт байсан. Б.Сэрээдавгатай зарахаар тохиролцсон асуудал байхгүй. Б.Сэрээдавга гэх хүнтэй дэлгүүрт таараад дэлгүүрээс гарахад тухайн хүн нь миний бүслүүрийг авч байгаа бичлэг тухайн дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хормойн бүслүүрээ алдаад хяналтын камерын бичлэг үзэхэд Сэрээдавга авч байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчдын хамт Б.Сэрээдавгын гэрт очиход би аваагүй гэж хэлээд байсан. Тэгээд Сант сумын цагдаа чи хяналтын камерын бичлэгээр нотлогдсон байна гэж хэлэхэд за за би авсан юмаа, би тухайн хүний хормойн бүслүүрийг Зоригоо гэх хүнд 100.000 төгрөгөөр зарсан гэж надад ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 22 дугаар  хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн орой 21-22 цагийн үед би Өвөрхангай аймгийн Сант сумын залаа 4-р багт гэртээ хэвтэж байтал Б.Сэрээдавга нэг мөнгөн тоноглолтой хормойн боолт барьж орж ирээд таньд 100.000 төгрөгөөр тавья. Та надаа 100.000 төгрөг өгчих 2,3 хоногоос таньд хонь борлуулж өгөөд авъя гээд шаналгаад байсан. Тэгээд би надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор Буян-Аривжих гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд очоод бэлэн мөнгө авчих гэж хэлээд бүсийг нь авч үлдсэн. Би тухайн үедээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Надад хэлэхдээ миний өөрийн юм байгаа юм гэсэн. Хүрэн ширтэй, шар зэсэн хэлтэй, мөнгөн тоноглолтой хормойн боолт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дүгээр хуудас/,

 

        Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/37 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай  “...1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн хормойн боолтыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гэж дүгнэж байна” гэх тайлан /хх-ийн 44-48 дугаар хуудас/,

 

        2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Эд зүйл хураан авах тухай “...Г.Ганзоригоос эрт цагийн мөнгөн тоноглолтой, суран бүслүүртэй, 70-80 см орчим урттай, 2 см өргөнтэй, цэрэг тэлээний арьсан бүслүүртэй, лууны толгойтой мөнгөөр цутгасан аралтай, зэсэн хэлтэй, хангарьд шувууны толгойн дүрс бүхий үүлэн хээтэй мөнгөн цутгамал билтэй мөнгөн тоноглолтой бүслүүр /хормойн боолт/1 ширхэгийг түр  хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

        2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч Д.Машбатад эрт цагийн мөнгөн тоноглолтой, суран бүслүүртэй, 70-80 см орчим урттай, 2 см өргөнтэй, цэрэг тэлээний арьсан бүслүүртэй, лууны толгойтой мөнгөөр цутгасан аралтай, зэсэн хэлтэй, хангарьд шувууны толгойн дүрс бүхий үүлэн хээтэй мөнгөн цутгамал билтэй мөнгөн тоноглолтой бүслүүр /хормойн боолт/-ийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч Б.Сэрээдавгын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 36  дугаартай тодорхойлолт /хх-ийн 83/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч Б.Сэрээдавгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сэрээдавгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Б.Сэрээдавга нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Машбатын мөнгөн тоноглолтой хормойн боолтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн  хохирогч Д.Машбатын мэдүүлэг, гэрч Г.Ганзоригийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний 02/37 дугаартай тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч Б.Сэрээдавгад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Машбатын мөнгөн тоноглолтой хормойн боолтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Машбатын “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөөний 2 дугаар багаас сумын төв рүү 15 цагийн үед орж ирээд Батбаатарынд орсон. Тэгсэн Батбаатар 1 шил архи өгсөн тэрийгээ уучихаад тэгээд 18 цагийн үед гараад Поогоогийн дэлгүүрт ороод юм авах гэсэн чинь дэлгүүрийн худалдагч нь согтуу хүнтэй наймаа хийхгүй гэж гаргасан. Гарч яваад дэлгүүр дотор Сэрээдавгатай таарсан. Тэгээд дэлгүүрт нь буцаж ороод Сэрээдавгын хамт буцаж гарсан. Тэгээд гадаа гараад бие засаад юм яриад сууж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор юу ярьсан аа санахгүй байна. Тэгээд тухайн үед бүслүүрээ анзаараагүй. Тэгээд шууд гэртээ хадам дүү Мөнхбаатараар хүргүүлсэн. 19 цагийн үед гэртээ очсон байсан. Гэрт очоод миний бүсэлж явсан эрт цагийн мөнгөн тоноглолтой бүслүүр алга байсан. Тэгээд аймгийн төв рүү эхнэрийн хамт эмчилгээнд яваад 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд бүс авсан хүн аваад ирэх байх, сураг гарах байх гэж бодоод 7 хоног хүлэээгээд сураг гарахгүй байхаар нь цагдаад хандсан. ...Сэрээдавгатай зарахаар тохиролцсон асуудал байхгүй. Сэрээдавга гэх хүнтэй дэлгүүрт таараад дэлгүүрээс гарахад тухайн хүн нь миний бүслүүрийг авч байгаа бичлэг тухайн дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хормойн бүслүүрээ алдаад хяналтын камерын бичлэг үзэхэд Сэрээдавга авч байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчдын хамт Сэрээдавгын гэрт очиход би аваагүй гэж хэлээд байсан. Тэгээд Сант сумын цагдаа чи хяналтын камерын бичлэгээр нотлогдсон байна гэж хэлэхэд за за би авсан юмаа, би тухайн хүний хормойн бүслүүрийг Зоригоо гэх хүнд 100.000 төгрөгөөр зарсан гэж надад ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 22/, Иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн орой 21-22 цагийн үед би Өвөрхангай аймгийн Сант сумын залаа 4-р багт гэртээ хэвтэж байтал манай гэрт Сэрээдавга нэг мөнгөн тоноглолтой хормойн боолт барьж орж ирээд таньд 100.000 төгрөгөөр тавья. Та надаа 100.000 төгрөг өгчих 2,3 хоногоос таньд хонь борлуулж өгөөд авъя гээд шаналгаад байсан. Тэгээд би надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор Буян-Аривжих гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд очоод бэлэн мөнгө авчих гэж хэлээд бүсийн авч үлдсэн. Би тухайн үедээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Надад хэлэхдээ миний өөрийн юм байгаа юм гэсэн. Хүрэн ширтэй, шар зэсэн хэлтэй, мөнгөн тоноглолтой хормойн боолт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/37 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 44-48 дугаар хуудас/,  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Эд зүйл хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч Д.Машбатад эрт цагийн мөнгөн тоноглолтой, суран бүслүүртэй, 70-80 см орчим урттай, 2 см өргөнтэй, цэрэг тэлээний арьсан бүслүүртэй, лууны толгойтой мөнгөөр цутгасан аралтай, зэсэн хэлтэй, хангарьд шувууны толгойн дүрс бүхий үүлэн хээтэй мөнгөн цутгамал билтэй мөнгөн тоноглолтой бүслүүр /хормойн боолт/-ийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Сэрээдавгад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Машбат, иргэний нэхэмжлэгч Г.Ганзориг нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгч Б.Сэрээдавгын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлээ хохирогч Д.Машбат нь биет байдлаар буцаан авсан, Иргэний нэхэмжлэгч Г.Ганзориг нь 100.000 төгрөгөө буцаан авсан тул шүүгдэгч Б.Сэрээдавга нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сэрээдавгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

             

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч Б.Сэрээдавгын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 36  дугаартай тодорхойлолт /хх-ийн 83/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэрээдавгыг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сэрээдавгад мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэрээдавгад оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Б.Сэрээдавга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Машбат, иргэний нэхэмжлэгч Г.Ганзориг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар,  иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэрээдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аюур овогт Батлутын Сэрээдавгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Аюур овогт Батлутын Сэрээдавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэрээдавгыг найман сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Сэрээдавгад мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэрээдавгад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Сэрээдавга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Машбат, иргэний нэхэмжлэгч Г.Ганзориг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэрээдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэрээдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР