Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Хэрлэн Улсын яллагч Э.Идэрбат, Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөдөлмөрт овогт А-д холбогдох эрүүгийн 2021000000092 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Хөдөлмөрт овогт А. /РД:ЖЯ....................../,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: .

Шүүгдэгч Хөдөлмөрт овогт А нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 78 дугаар байрны гадна талд иргэнА-тай үл ялих асуудлаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи зүүн чихний ар хэсэгт цус хуралт духанд зулгаралт, нүүрний зүүн тал зүүн чамархайд зөөлөн эдийн 2 няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ... дугаар байрны гадна талд иргэн А-тай  үл ялих асуудлаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи зүүн чихний ар хэсэгт цус хуралт духанд зулгаралт, нүүрний зүүн тал зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2021000000092 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хамаатны дүү А түүний эхнэр М болон эхнэр М хамт архи уусан. ...21 цагийн орчим машин дотор архи ууж байхдаа М-д хандан “чи цагаан сараар намайг гэрт чинь ороход цай хийж өгөөгүй” гэж хэлээд хальт маргалдсан юм. ...А эхнэрээ өмөөрөөд надтай хэрүүл маргаан үүсгээд ...намайг газарт унаган миний нүүрлүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед хоёр эхнэр ирээд салгасан. ...согтолт өндөр байсан бөгөөд ер нь болсон асуудлыг хагас дутуу санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим эхнэр М хамаатны ах А түүний эхнэр М-н хамтаар ...архи аваад машин дотроо ууж байхад ...А ах миний эхнэрийг цагаан сараар цай хийж өгөөгүй удсан гэж хэлээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод уйлуулсан юм. ...бид хоёр хамт машинаас буугаад гадаа заамдалцаж байгаад А ахыг түлхэж унагаад ...нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисон юм. ...өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй хичээж амьдрах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...А биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, духанд зулгаралт, нүүрний зүүн тал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь хэрэг 3 болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 26-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2021000000092 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт..... дугаар байрны гадна талд иргэн А-тайүл ялих асуудлаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А /хх-ийн 7-9 дүгээр хуудас/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ....дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл 4 зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч А нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч А бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  А-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А-н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгч А-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь 5 зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөдөлмөрт овогт А-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөдөлмөрт овогт А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А-н /РД:ЖЯ.................../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТСАЙХАН