Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2018/00128

 

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Б.Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* банк ХХК-д холбогдох Батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 11 сард хүүхдээ сахиж хүүхдийн тасагт хэвтэж байгаад тус эмнэлэгт хүүгээ сахиж байсан н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нартай таницсан. Тэд өөрсдийгөө малын наймаа хийдэг ченжүүд 60.000.000 төгрөгний машин авахаар болсон. Гэтэл банк нь 400.000 төгрөгний барьцаа дутаад байна, хүн олоод ир гэсэн гэж ярьж байсан. Тэр үед манай эгч надруу утсаар ярьж хашаа байшингаа 1.000.000 төгрөгөнд барьцаанд тавиулаач гэж гуйсан. Би 1.000.000 төгрөг дээрээ надад 500.000 төгрөг нэмээд аваад өгөөч гэж гуйсан.

Энэ үед Энхзаяа сонсчихоод намайг янз бүрээр хоргоож гуйсан н.Энхзаяа хэлэхдээ манайх 60.000.000 төгрөгний машин, пургон, хашаа байшин бүх зүйлээ барьцаанд тавьсан одоо 400.000 төгрөгний барцаа хэрэгтэй л гэж хэлсэн. Би 400.000 төгрөгний батлан даагч болж байгаа гэж ойлгоод надтай ярилцаж байснаас өөр гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нарт бүх бичиг баримтаа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа уулзахад зээлээ авсан чамд явдал удахгүй машин зарсан хүний эхнэрээр гарын үсэг зуруулсан банк чамтай уулзах шаардлагагүй гэсэн. Тухайн үед хүүгийн бие тааруу байсан учир хот явсан. Ингээд 2015 оны 6 сард миний эд хөрөнгийг дангаар нь барьцаанд тавьсныг мэдсэн тул н.Энхзаяа н.Эрдэнэбаатар нартай уулзаж 2011 оны 11 сарын 30-ны дотор чөлөөлж өгнө үү гэсэн хэлцэл хийсэн. Баянхонгор аймаг дахь ******* банкны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй.

Иймд ил хүчин төгөлдөр бус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие нь тус шүүхэд хандан миний зөвшөөрөлгүй банкинд барьцаалсан батлан даалтын гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлтэй уялдуулан миний хөрөнгийг барьцаалсан ******* банк, С.Энхзаяа, Ч.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 921 тоот барьцааны гэрээ байгуулагдсаныг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай байна.

Уг барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм. Дээрх барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар намайг хуурч мэхлэн дүр үзүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа.

Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж ******* банк, С.Энхзаяа, Ч.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 971 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д миний бие нь 2014 оны 11 дүгээр сард хүүхдээ сахиж эмнэлэгт хүүхдийн тасагт хэвтэж байгаад тус эмнэлэгт хүүхдээ сахиж хэвтэж байсан н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нартай танилцсан. Тухай үед бид нар нэг өрөөнд хамт хэвтэж байсан учраас тэд өөрсдийгөө малын наймаа хийдэг ченжүүд 60000000 төгрөгийн машин авах болсон гэтэл банк 400000 төгрөгийн барьцаа дутаад байна хүн олоод ир гэсэн гэж ярьж байсан. Тэр үед манай эгч над руу утсаар ярьж хашаа байшингаа 1000000 төгрөгийн барьцаанд тавиулаач гэж гуйсан тэгэхээр нь би 1000000 төгрөг дээрээ 500000 төгрөг нэмээд аваад өгчих гэж гуйсан. Тухайн үед н.Энхзаяа нь бид хоёрыг ярьж байхыг сонсоод надаас гуйсан. н.Энхзаяа нь надаас гуйхдаа би 60000000 төгрөгийн машин, хашаа байшин одоо 400000 төгрөгийн барьцаа хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлгээс гарч байгаад тус болъё гэсэн амлалт өгсөн. Тэгээд намайг эмнэлэгт байхад н.Энхзаяа нь ирээд манай нөхөрийг дагаад нотариат дээр очоод гарын үсэг зураад өгөөч дараа нь банкин дээр бүгдээрээ уулзъя гэсэн тэгэхээр би эмнэлэгээс гарч байгаад болоё гэсэн чинь манайх том барилгын тендер алдах гээд байна гээд гуйгаад байсан. Тэгээд би хамт яваад үл хөдлөх дээр очсон чинь 15000000 төгрөгийн барьцаанд тавина гэсэн юм яригдаж байхаар нь би үл хөдлөх хөрөнгийн газрын хүнээс нь 400000 төгрөгийн батлан даалт хийж байгаа биздээ гэж асуухад тухайн хүн нь банк өөртэй чинь уулзаж гарын үсэг зуруулна, энэ асуудлаар хүчин төгөлдөр болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр үл хөдлөх хөрөнгийн газар дээр нь гарын үсэг зураад дараа нь нотариат дээр очоод гарын үсэг зурсан. Харин одоо банкнаас гаргаж өгсөн нотариатын бичиг баримт дээр миний бичээгүй зүйл болон миний гарын үсгийг дуурайлгаж зурсан бичиг байсан. Тэгээд тэр явдлаас хойш би банкнаас залгах байх гэж бодоод утсаа сонсож байхад над руу банкнаас залгаагүй. Тэгэхээр нь би н.Энхзаяа руу залгасан чинь 400000 төгрөгийн барьцаа учраас чиний эд хөрөнгө барьцаанд тавигдаагүй гэсэн үг гэхдээ бичиг баримт чинь банкинд байх ёстой юм байна лээ, манайх нэг жилийн дараа чөлөөлж өгнө, банк чамтай уулзах шаардлагагүй гэсэн гэж хэлсэн. Би 400000 төгрөгийн батлан даагч болж байгаа гэж ойлгосон. Би н.Энхзаяатай ярилцаж байсан өөр гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Тэгээд тухайн үед н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нарт би бүх бичиг баримтаа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нартай уулзахад зээлээ авсан чамд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй, банк чамтай уулзах шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед манай хүүхдийн бие тааруу байсан учраас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2015 оны 06 дугаар сард н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нар нь дангаар нь барьцаалж барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Мөн манай хүүхэд тухайн эд хөрөнгийг надтай хамтран эзэмшдэг учраас манай хүүхэд болон би хохирч байна. Баянхонгор аймаг дахь ******* банкны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй учраас энэ гэрээ илт хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн батлан даалтын гэрээн дээр н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар хоёр гарын үсэг зураагүй тухайн машин зарсан айлын эхнэр гарын үсэг зурсан гэж н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар хоёр хэлсэн. Тухайн гэрээн дээр банк нь надаар гарын үсэг зуруулах ёстой байтал өөр хүнээр миний гарын үсгийг дуурайлгаж зуруулсан нь банкны хариуцлагагүй байдлаас үүссэн шалтгаан юм. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учир нь н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нар нь Б.Д гэх хүнийг хуурч мэхлэн Б.Дийн бичиг баримтуудыг авч яван тухайн гэрээнүүд байгууллагдсан байдаг. Батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т зааснаар Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд тухайн зээлийн гэрээ гүйцэтгэгдэхгүй бол Б.Д нь өөрөө зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангагдахаар батлан даалтын гэрээг хийсэн байсан. Гэтэл тухайн батлан даалтын гэрээн дээр зурагдсан гарын үсэг Б.Дийн гарын үсэг биш гэдэг нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн баталгаат ипотекийн гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар барьцаалан тавих зөвшөөрлийн үндсэн дээр барьцааны гэрээ хийсэн гэсэн тайлбар хэлж байгаа боловч барьцааны гэрээнд тавигдах үндсэн шаардлагыг итгэмжлэлд зааж өгөөгүй. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан байдаг. Энэ шаардлагуудыг итгэмжлэл дээр мөн тусгаж өгсөн байх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь тухайн итгэмжлэлүүд нь тодорхойгүй байдлаар хийгдсэн байдаг. Энэ асуудлыг банк өөрөө шалгаж шийдвэрлэх ёстой. Мөн Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж заасан боловч банк болон н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нар тухайн асуудлыг Б.Дт мэдэгдээгүй. Мөн барьцаалбар гэх баримт дээр байгаа гарын үсэг Б.Дийн гарын үсэг биш гэдэг нь мөн нотлогдож байгаа. Иймд дээрх гэрээнүүд нь хуулинд заасан шаардлагуудыг хангахгүй гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт тухайн гэрээнүүд орж байгаа. Энэ асуудлыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар өгөхөд өнгөцхөн дүгнэлт хийж шалгаагүй татгалзсан байдаг. Тухайн үед батлан даалтын гэрээнд зурагдсан гарын үсэг болон бусад холбогдох гарын үсгийг Б.Дийн гарын үсэг мөн эсэх талаар цагдаагийн байгууллага нь шалгаж үзээгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Д 2017 оны 06 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус банкны зээлдэгч н.Эрдэнэбаатар, н.Энхзаяа нарын зээлийн баталгаа болгож барьцаалсан хөрөнгийг аман байдлаар хүлээн зөвшөөрснөөс өөрөөр зөвшөөрөл олгоогүй гэх боловч 2014 оны 11 сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн тойргийн нотариатч Д.Эрдэнэхандын баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу Баянхонгор аймагт байршилтай Ү-0320003041 дугаартай 77м,кв үл хөдлөх, Ү-032001232 дугаартай 28 м,кв үл хөдлөх, Г-0320001080 дугаартай 347 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа болно. ******* банк ХХК-ийн зээлдэгч н.Энхбаатар нь зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй учраас Баянхонгор аймаг дахь СДИХАШШ-д хандсан. Тус шүүхээс 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 37 захирамжийн дагуу 16.220.463 төгрөгийг банкинд олгох, сайн дураар биелүүлээгүй бол барьцаалуулсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2016 онд Б.Д нь тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгч хянаж үзээд 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 131/ШЗ2016/01897 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу энэ хэрэг маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж гарсан байх тул тус нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү.

Иймд ******* банк иргэн н.Эрдэнэбаатар, н.Энхзаяа нар нь 2016.01.07-ны өдрийн 37 захирамжийн дагуу 16.355.989 төгрөгийг төлж банкыг хохиролгүй болгосон тохиолдолд тус барьцаа хөрөнгүүдийг банкны зүгээс чөлөөлж өгөх бүрэн боломжтой...гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барьцааны гэрээн дээр миний өмнөөс гарын үсэг зурж болно гээд нотариат дээр очоод гарын үсэг зурсан тохиолдолд хуулийн хүрээд н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар хоёр нь барьцааны гэрээн дээр Б.Дийг өмнөөс нь гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн зүйл гэж бодож байна. Тэгээд тэр барьцааны гэрээ, зээлийн гэрээн дээр н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нараас өөр хүн гарын үсэг зурсан гэдгийг нотлох, нотлох баримт байхгүй. н.Эрдэнэбаатар, н.Энхзаяа нар өөрсдөө зурсан байх гэж бодож байна. Б.Д нь итгэмжлэлээр н.Энхзаяа, н.Эрдэнэбаатар нарт миний үл хөдлөх хөрөнгөнүүдийг зээлийн барьцаанд тавих үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж болно гээд итгэмжлэл дээрээ гарын үсэг зурсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч  ******* банк ХХК-д холбогдуулан Батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

******* банк ХХК нь зээлдэгч Ч.Эрдэнэбаатар, С.Энхзаяа нартай 2014 оны 11 сарын 21-ний өдөр 2051000071 дугаартай зээлийн гэрээ байгуулж 14.900.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай олгожээ.

Улмаар ******* банк нь 2014 оны 11 сарын 21-ний өдөр Ч.Эрдэнэбаатартай барьцааны гэрээ байгуулж, Б.Дийн өмчлөлийн Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууц, Г-0320001080 дугаартай 347 м2 газар, Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн 2014 оны 11 сарын 21-ний өдөр ******* банк нь Б.Дтэй батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч Ч.Эрдэнэбаатарын зээлийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож Б.Дийн өмчлөлийн Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай, хувийн сууц, Г-0320001080 дугаартай 347 м2 газар, Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж шийдвэрлэжээ.

Үйл баримтаар Б.Д нь 2014 оны 11 сарын 17-ны өдөр Ч.Эрдэнэбаатарт олгосон итгэмжлэлээр дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг ******* банкинд зээлийн барьцаа болгох, үүргийн гүйцэтгэлийг хангах, нотариат, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг эрхийг 3 жилийн хугацаатай олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлдэгч Ч.Эрдэнэбаатар нь 2014 оны 11 сарын 21-ний өдөр ******* банктэй зээлийн гэрээ байгуулж, Б.Дийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаалан барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулжээ. Харин Б.Д нь барьцааны гэрээний барьцаалбар болон батлан даалтын гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрөөгүй, гэрээнд зурагдсан Б.Д гэх гарын үсэг өөрийн гарын үсэг биш гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх батлан даалтын болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгахад хуульд заасан шаардлагыг бүрэн хэмжээнд хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тухайлбал ******* банк Ч.Эрдэнэбаатар нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана..гэжээ.

Гэтэл 2051000071 дугаар барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний үнэ зэргийг тусгаагүй.

Мөн зүйлд зааснаар барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн тэмдэг бүхий барьцаалбар №1872 баримтанд барьцаалуулагч болох Б.Дийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, заасан шаардлыг хангаагүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болох юм.

Мөн уг гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Тухайлбал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.., 15 дугаар зүйлийн 15.1.14-д барьцаалуулагчийн, хэрэв барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол барьцаалуулагч болон барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг..зэргийг тусгах шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлжээ.

Иймд дээрх барьцааны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.., 459 дүгээр зүйлийн459.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна..гэсэн зэргээс дүгнэвэл батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчтэй бичгээр гэрээ хийхийг шаардаж байна.

Улмаар хэрэгт авагдсан батлан даалтын гэрээнд батлан даагч Б.Д гарын үсэг зурсан гэх боловч энэ гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж нэхэмжлэгч маргасан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Б.Д, ******* банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 2051000071 дугаар батлан даалтын гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.Дийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэжээ.

Иймд уг батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл..гэж дүгнэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 45 дугаар бүлэгт заасан батлан даалтын харилцаанд тавигдах хуулийн шаардлагууд болох батлан даагч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын дунд энэ харилцаа үүсээгүй, 2014 оны 11 сарын 21-ний өдрийн батлан даалтын гэрээ нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлт зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн тул мөн хуулийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй..гэсний дагуу ******* банк ХХК-иас барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, газрыг тус тус чөлөөлүүлж, холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа Б.Д нь өмнө нь шүүхэд хандаж энэ асуудлаар тус шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 01897 дугаар захирамж гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох.. хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн захирамжаар Б.Д нь хамтран өмчлөгч Б.Далайцэрэнг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэ асуудлаар нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн Гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох шаардлагаын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа нь хамтран өмчлөгч Б.Далайцэрэнгийн эрхийг хязгаарлаж болзошгүй үйлдэл буюу эд хөрөнгийг захиран зарцуулах бусдад шилжүүлэх зэргээр хамтран өмчлөгчийн өмчлөх эрхэнд халдаагүй тул нэхэмжлэгчээс Б.Далайцэрэнг төлөөлөх эрхтэй эсэх нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг баримтлан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн ******* банк, Б.Д нарын хооронд хийгдсэн №2051000071 дугаар батлан даалтын гэрээ, ******* банк, зээлдэгч Ч.Эрдэнэбаатар, С.Энхзаяа нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн №2051000071 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч ******* банк ХХК-ийн Баянхонгор салбараас зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай, хувийн сууц, Г-0320001080 дугаартай 347 м2 газар, Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгохыг хариуцагч ******* банк ХХК-д даалгасугай.

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар Б.Дийн өмчлөлийн Баянхонгор сумын 5-8-1б тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-0320003041 дугаартай, 77 мкв талбай бүхий 3 өрөө 1 давхар орон сууцны 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцаалбарыг дуусгавар болгож бүртгэлд өөрчлөлт оруулахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* банкны Баянхонгор салбараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ