Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/397

 

 

 


 

 

 

       2018        05           08                                          397

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Ц.Ариунтуяа (томилолтоор),

шүүгдэгч Э.Т...............р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Э...............рын Т...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0153 00373 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Э...............рын Т...............р Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..................

Урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Э.Т...............р нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой 335 дугаар зөрлөгийн 1-1 тоот хашааны үүдэнд иргэн З.Б.....................нгийн эзэмшлийн ............... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүд, 4 талын гэрэл, хаалганы жижиг шилнүүд, толь, капут, баруун хойд крыло зэргийг төмрөөр цохиж гэмтээсний улмаас 1.882.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Т...............р мэдүүлэхдээ  “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч З.Б.....................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүүхдүүдийн хичээлийн амралт нь болоод...Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирээд өөрийн аав, ээж болох З...............р, Э..............г нар дээр хүүхдүүдээ авчирч хэд хонуулах гээд ирсэн...гэтэл Т...............р том хүү Г...............дыг авч гэртээ хононо гэхээр нь замдаа хүүгээ Т...............рынд...буулгасан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр намайг Багануур явах гэж байхад Т...............р над руу залгаад “бага хүүхдийн куртик хувцас энд байна шүү, ирээд аваад яваарай” гэхээр нь би ээжийнх нь гэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгойн 1-1 тоот хашаанд өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай приус 11 маркийн машинтайгаа бага хүүхэд Баярт-Одын хамт очоод гэрт нь ороход Т...............р, ээж Ч.Д...........р нар байсан ба Т...............р намайг “чи хүнтэй явж байгаа юм уу?” гэж асуухаар нь би “үгүй ээ, би ганцаараа явж байна” гэхэд “чи муу гээд харааж байгаад хүүхдийн хувцас хунар угаагаад хумс энэ тэрийг нь авчихгүй муу арчаагүй хүүхэн гэх зэргээр дайраад над руу угаадастай хувин өшиглөсөн”. Тэгээд ээж нь болиоч гэхэд болихгүй, ээжийгээ түлхэж холдуулаад над руу дайраад намайг үсдэж аваад нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө бие рүү өшиглөсөн, мөн унагааж байгаад дээрээс өшиглөж дэвссэн. Тэгээд ээж нь болиулах гээд дийлээгүй ба хүн дуудах гээд ээж нь нэг хүүхдээ хэлэхэд дүү нь гарч гүйхэд Т...............р боль гээд хүн дуудаад үзээрэй гээд араас нь орилоод гарсан...Тэгээд 20-30 минутын дараа цагдаа ирээд би гараад машинаа хартал миний машины 6 талын цонх, зүүн талын толь, урд хойд 4 гэрэл хагалсан байсан...би маргааш нь машинаа Улаанбаатар хотод оруулж ирээд Орбитод засварын газар өгсөн байгаа. Мөн үнэлгээ хийлгэхэд 1.882.000 төгрөгийн хохирол учирсан байсан...би машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. би нийт 1.882.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14)

2. Гэрч Ч.Д...........рийн (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Б.....................н би буцаад явлаа гэж хэлээд бага хүүхэд Баярт-Одыг бас үлдээгээд чамайг санаад байх шиг байна. Ганц өдөр өвөртлөөд унтчих гэж хэлсэн. Тэгээд Т...............р чи хүүхдийн хумс хурууг нь аваад өгчихгүй арчаагүй, дандаа дэмий тэнэж байдаг наад утсаа аваад ир, чи орой үдэш, гэртээ байдаггүй, хүүхдүүд тоохгүй байна гээд л хэрүүл болсон. Тэгэж байгаад Б.....................нг хэд хэдэн удаа цохиод авсан ба би болиоч гэхэд таньд хамаагүй, гэр бүлийн хүмүүс юм ярьж байна. Та битгий хүний дундуур ороод бай гэж хэлэхэд Б.....................н гараад зугтаачихсан. Тэгээд Т...............р араас нь гараад л Б.....................нгийн гар утсыг нь машинаас нь авах гээд хайгаад байсан. ...Тэгээд машиных нь цонх шилийг хагалаад байж байхад нь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч Ш.З...............р (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр...манай охин “...нөхөр нь зодож, хэл амаар доромжлоод байна” гэж над руу утсаар яриад “та хүрээд ирээч” гэхээр нь би эхнэр Д.Э..............гийн хамт...Э.Т...............рын гэрт очсон. Намайг очих үед Т...............р нь гадаа зогсож байсан ба цагдаагаа дууд, та нар юм олж долоохгүй шүү гэх зэргээр орилж хашгичаад байсан. Тэгээд бид 2 юу болоод байгаа юм бэ гэж асуухад “та нарт хамаа байхгүй гэр бүлийн маргаан болж байна гэснээ гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр гэр рүүгээ харих гээд алхаж явахад араас Т...............р гарч ирээд гэрийнхээ хашааны гадна байсан лоом шиг төмрийг барьж байгаад Б.....................нгийн эзэмшлийн приус-11 маркийн машины...урд цонхыг нь 2 удаа цохиж хагалаад дараа нь жолооч талын хаалганы цонх...хойд талын арын шил...урд, хойд талын гэрэл, дохио зэргийг цохиж хагалж эхэлсэн. Мөн зүүн талын толийг нь суурь хэсгээр хамгийн сүүлд цохиж хагалаад байж байтал цагдаа ирээд Т...............рыг барьж машинд суулгасан. ...Т...............р эрүүл мөртлөө нилээн ууртай харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

4. Гэр  Д.Э..............г (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед...манай охиныг Т...............р нь хэл амаар доромжилж зодож цохисон байсан...нөхөр бид хоёрыг гэртээ байж байтал Б.....................н...утсаар...залгаад “Т...............р намайг зодоод байна...хүрээд ир гэж хэлсэн. ...намайг очиход Т...............р гэрийнхээ хашааны гадна зогсчихсон, охиноо гаргаад ир та нарыг ална шүү манай хашааны үүднээс зайл гээд хөөгөөд аймар ууртай шинжтэй болохоор нь нөхөр 2 буцаад алхаж явахад Т...............р нь гэнэт төмөр гаргаж ирээд Б.....................нгийн машиныг тойруулаад бүх талынх нь цонх, шилийг нь хагалсан. Мөн урд, хойд талын гэрэл, дохио, толь зэргийг төмрөөр цохиж гэмтээсэн. ...Охиноо олж ирэхгүй бол машиныг чинь эвдэллээ гээд орилоод байсан. Тэгэж байгаад цохиод байсан. Нөхөр бид хоёр нилээн зайнаас хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

5. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 28-30),                             

6. Шүүгдэгч Э.Т...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн том хүүхдээ усанд оруулаад хувцас хунарыг нь угааж хумсыг нь авсан ба тэгэхэд 15 цагийн үед З.Б.....................н бага хүү Баярт-Одыг над дээр оруулж ирсэн юм. Тэгэхээр нь би “чи ярих болгонд гэртээ байдаггүй, хүүхдийн хумс авчихгүй, хүүхдүүддээ ерөөсөө анхаарал тавихгүй юм гээд л бид 2 жоохон маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл Б.....................н чи нүдээрээ харчихаад тэгэж хэл, битгий хараагүй байж тэгэж хэлж бай гэхээр нь уур хүрээд барьж аваад түүнийг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн чинь гараад гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь гарахад байхгүй болохоор нь би хашааны гадна байж байтал машиных нь хажууд бараг 20 минут хүлээсэн боловч гарч ирээгүй. Тэгээд байж байтал цаанаас ээж аав нь алхаад ирж явсан...Чамайг шоронгийн шал долоолгоно гэх зэргээр доромжлоод байхаар нь тэгвэл ингээд нэг мөсөн явья гээд хашааны дотор байсан урт хар өнгийн турбо шиг төмрийг авч гарч ирээд эхлээд урд шилийг нь цохиж хагалсан. Тэгээд л тойроод бүх шилийг хагалаад дараа нь гэрэлнүүдийг нь цохиж хагалаад дараа нь толийг нь цохиж унагаасан. Ингээд байж байтал удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. ...тухайн үед миний уур маш их хүрсэн, ээж нь намайг хэл амаар их доромжилсон учир би уурандаа ийм үйлдэл хийсэн...тэр төмөр нь манай хашаанд байсан хог байсан. Тухайн үед нүдэнд ил харагдахаар нь би барьж аваад цохисон. Тэрнээс бэлтгэсэн, хадгалсан асуудал байхгүй, манай хашаанд байсан хогийн төмөр байсан...Тэгэхэд Б.....................нгийн эцэг, эх хоёр холоос хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43)

- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 99)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин сууж байсан хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 61), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 47, 48), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 59, 62), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 77-78) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Т...............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Э.Т...............р нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, (Төмөр замын 335 дугаар зөрлөг) Ногоон толгой 01 дүгээр гудамжны 01 тоотод, 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, эхнэр З.Б.....................нтэй “хүүхдийн хувцас угаагаад хумс энэ тэрийг нь авчихгүй хүүхдүүдэд анхаарал тавихгүй байна...чи ярих болгонд гэртээ байдаггүй” гэх хувийн сэдэлтээр маргалдан З.Б.....................нг цохисон бөгөөд үүний улмаас гэмтэл учраагүй байна. Эхнэр З.Б.....................н нь цохиулсандаа эцэг, эхээ дуудахаар гэрээс гарахад Э.Т...............р нь түүний араас гарч эхнэрээ хайгаад олдохгүй болохоор нь түүний эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хойд, салхины шил, хаалганы баруун урд, хойд, зүүн урд, хойд шил, зүүн толь, баруун хойд крыло, капут, зүүн баруун урд гэрэл, зүүн, баруун хойд гэрлийг төмрөөр цохиж 1.882.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд

- Хохирогч З.Б.....................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүүхдүүдийн хичээлийн амралт нь болоод...Э.Т...............р том хүү Г...............дыг гэртээ хононо гэхээр нь замдаа хүүгээ Т...............рынд...буулгасан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр намайг Багануур явах гэж байхад Т...............р над руу залгаад “бага хүүхдийн куртик хувцас энд байна шүү, ирээд аваад яваарай” гэхээр нь ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгойн 1-1 тоот хашаанд өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай приус 11 маркийн машинтайгаа бага хүүхэд Баярт-Одын хамт очоод гэрт нь ороход Т...............р... “чи муу гээд харааж байгаад хүүхдийн хувцас хунар угаагаад хумс энэ тэрийг нь авчихгүй муу арчаагүй хүүхэн гэх зэргээр дайраад над руу угаадастай хувин өшиглөөд...над руу дайраад намайг үсдэж аваад нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө бие рүү өшиглөсөн, мөн унагааж байгаад дээрээс өшиглөж дэвссэн. Тэгэхэд дүү нь гарч хүн дуудахаар гүйхэд Т...............р араас нь гарсан ба би тэр хооронд гэрээс гараад хажуу айлд нь орж цагдаа дуудсан...Тэгээд 20-30 минутын дараа цагдаа ирээд би гараад машинаа хартал миний машины 6 талын цонх, зүүн талын толь, урд хойд 4 гэрэл хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14)

- Гэрч Ч.Д...........рийн (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т...............р “чи хүүхдийн хумсыг нь аваад өгчихгүй арчаагүй, дандаа дэмий тэнэж байдаг, наад утсаа аваад ир, чи орой үдэш, гэртээ байдаггүй, хүүхдүүд тоохгүй байна” гээд л хэрүүл болсон. Тэгэж байгаад Б.....................нг хэд хэдэн удаа цохиод авсан ба би болиоч гэхэд таньд хамаагүй, гэр бүлийн хүмүүс юм ярьж байна. Та битгий хүний дундуур ороод бай гэж хэлэхэд Б.....................н гараад зугтаачихсан. Тэгээд Т...............р араас нь гараад л Б.....................нгийн гар утсыг нь машинаас нь авах гээд хайгаад байсан. ...Тэгээд машиных нь цонх шилийг хагалаад байж байхад нь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Ш.З...............р (хохирогчийн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр...манай охин “...нөхөр нь зодож, хэл амаар доромжлоод байна” гэж над руу утсаар яриад “та хүрээд ирээч” гэхээр нь би эхнэр Д.Э..............гийн хамт...Э.Т...............рын гэрт очсон. Намайг очих үед Т...............р нь гадаа зогсож байсан ба цагдаагаа дууд, та нар юм олж долоохгүй шүү гэх зэргээр орилж хашгичаад байсан. ...Тэгээд гэрийнхээ хашааны гадна байсан лоом шиг төмрийг барьж байгаад Б.....................нгийн эзэмшлийн приус-11 маркийн машины...урд цонхыг нь 2 удаа цохиж хагалаад дараа нь жолооч талын хаалганы цонх...хойд талын арын шил...урд, хойд талын гэрэл, дохио зэргийг цохиж хагалж эхэлсэн. Мөн зүүн талын толийг нь суурь хэсгээр хамгийн сүүлд цохиж хагалаад байж байтал цагдаа ирээд Т...............рыг барьж машинд суулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Гэр  Д.Э..............г (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...............р нь гэнэт төмөр гаргаж ирээд Б.....................нгийн машиныг тойруулаад бүх талынх нь цонх, шилийг нь хагалсан. Мөн урд, хойд талын гэрэл, дохио, толь зэргийг төмрөөр цохиж гэмтээсэн. ...Охиноо олж ирэхгүй бол машиныг чинь эвдэллээ гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 28-30),                               

- Шүүгдэгч Э.Т...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би З.Б.....................нд “чи ярих болгонд гэртээ байдаггүй, хүүхдийн хумс авчихгүй, хүүхдүүддээ ерөөсөө анхаарал тавихгүй юм гээд л бид 2 жоохон маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл Б.....................н чи нүдээрээ харчихаад тэгэж хэл, битгий хараагүй байж тэгэж хэлж бай гэхээр нь уур хүрээд барьж аваад түүнийг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн чинь гараад гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь гарахад байхгүй болохоор нь би хашааны гадна...машиных нь хажууд бараг 20 минут хүлээсэн боловч гарч ирээгүй. Тэгээд байж байтал цаанаас ээж аав нь алхаад ирж явсан...би хашаан дотор байсан урт хар өнгийн турба шиг төмрийг авч гарч ирээд эхлээд урд шилийг нь цохиж хагалсан. Тэгээд л тойроод бүх шилийг хагалаад дараа нь гэрэлнүүдийг нь цохиж хагалаад дараа нь толийг нь цохиж унагаасан. ...Тухайн үед миний уур маш их хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43) зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Т...............р нь хууль зүйн хувьд гэр бүлийн маргааны улмаас шууд санаатай үйлдлээр, зүй бус балмад авир гаргаж хохирогчийг айлгах зорилгоор, хохирогч З.Б.....................нгийн эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл, салхины болон хаалганы шил, капут, крыло зэргийг төмрөөр цохиж, бага хэмжээнээс дээш буюу 1.882.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Б.....................н нь хохиролд 1.882.000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...хохирлоо барагдуулж авсан...ямар нэгэн гомдол саналгүй байхгүй...” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.Т...............рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хэдийгээр хохирогч З.Б.....................н гомдол саналгүй гэх хэдий ч хохирол бодитоор бүрэн арилсан гэх үндэслэлгүй байгаа тул шүүгдэгч Э.Т...............рт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Э.Т...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

 Шүүгдэгч Э.Т...............р гэм буруугийн талаар маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг торгуулийн ял болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв

Шүүхээс Э.Т...............рыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т...............р нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргах боловч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, улсын яллагчийн дүгнэлт  болгосон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Э.Т...............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0153 00373 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э...............рын Т...............рыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Э.Т...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т...............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.Т...............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ