Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00570/и |
Дугаар | 2030 |
Огноо | 2017-09-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2030
О.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “О” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “О” ХХК-ийн уурхайн талбарт Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтэст гэнэтийн ослын багийн ажилтнаар ажиллаж байгаад халагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонсын №НR0007/17 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” заалт, Ажил гүйцэтгэх ба сахилгын тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1.6 болон 3.3.2.3 “е” заалтуудыг үндэслэн гарсан байна. Би тушаалд дурдсан шиг ноцтой зөрчил гаргаагүй. Хэн нэгнийг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Ажлын гүйцэтгэл ба сахилгын журмын тухай журам нь ямар журам байдаг талаар ойлголт байхгүй, надад танилцуулаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай гэнэтийн ослын багийн ахлах ажилтан О.Өнөрсайхан дотоод сүлжээгээр сайтын аюулгүй байдлын албаны ахлах Б.Батбаяраас зөвшөөрөл авсны дагуу галын хорны хоосон савнуудыг сайтаас гаргасан. Ахлах ажилтан О.Өнөрсайхан аюулгүй байдлын албаны ахлах Б.Батбаяр луу гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн гал унтраах ажиллагаанд ашигладаг бодисыг ашиглаж дууссаны дараа хуванцар савыг буцаах, шаардлага хангахгүй савнуудыг устгалд оруулах тул галын хорны хоосон савнуудыг сайтаас тээвэрлэж гаргах зөвшөөрөл өгнө үү гэсэн хүсэлтийг хамгаалалтын албаны ахлах ажилтан Б.Батбаяр зөвшөөрч, зохих журмын дагуу нэвтрүүлнэ үү, аюулгүй байдлаа хангаж ажиллах мөн батлан даагчаар намайг ажиллахыг даалгасан. Энэ зөвшөөрөл өгөгдсөний дараа миний бие аюулгүй байдал дээр очиж бөглөх ёстой маягтыг бөглөөд, эрх олгосны дагуу гарын үсгийг зураад сав тээвэрлэх автомашиныг оруулж, савнуудыг ачуулаад буцаагаад сайтаас гаргасан.
Миний ажлын байрны тодорхойлолтоор бол шууд харъяалагдах албан тушаалтан нь гэнэтийн ослын багийн ахлах ажилтан О.Өнөрсайхан энэ албан тушаалд байсан тул түүний олгосон зөвшөөрөл, асууж лавласны дагуу би ажилласан. Би өөрийн дур зоргоор ажиллаагүй бөгөөд гэнэтийн ослын багийн ажилтны хувьд өөрийн албанд ашиглагдсан савыг аюулгүй байдлыг хангаж гаргах үүрэгтэй байсан. Анх №2225/16 тушаалаар гэнэтийн ослын багийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар байгуулж, сарын 1230 ам.доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинтайгаар ажиллуулж уурхайн талбарт ажилласан нэмэгдлийг зохих журмаар тооцон олгосон. Хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажилд орох тушаал гаргах журамтай. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулах тушаалаар шууд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” зэрэг заалтуудын аль заалтыг үндэслэн ажлаас халсан нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” заалтыг баримталж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх ба сахилгын тухай журмыг танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, сахилгын зөрчил болон бусад журамтай танилцаж гарын үсэг зураагүй. Ажлаас халах тушаалын үндэслэл болоод байгаа 10.2.1 “и” Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6, 3.1.2.3 “е” заалтуудыг баримталж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.
Ажлаас халсан тушаалд удирдлагын өмнөөс гарын үсэг зурж ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон талаар нотлох баримт байхгүй. Ярилцлагын тэмдэглэлээр тогтоосон гэж үзсэн. Гэтэл тухайн ярилцлагад хэн оролцсон, юуг нотлох гэж байгаа нь тодорхой бус, тэмдэглэлтэй танилцуулаагүй. Ярилцлагын тэмдэглэл нь англи хэлээр бичээд доор нь орчуулсан. Албан ёсны бус асуулт хариулт хаана явагдаад байгаа нь тодорхойгүй, ярилцлага авсан болон гэрчээр байлцсан хүмүүс хэн болох нь тодорхойгүй, ямар асуултад яаж хариулаад байгаа нь тодорхой бус, Англи Монгол руу хэн орчуулаад байгаа болон үнэн зөвийг хэн гэрчлээд байгаа нь тодорхой бус байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ ярилцлагаар залилангийн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул Стивен Жонс гүйцэтгэх захирлын №НR0007/17 дугаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан гэнэтийн ослын багийн ажилтны ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.
Хэрэгт авагдсан И-мэйл шуудангийн баримтад Б.Батбаяраас О.Өнөрсайхан гал унтраах хөөсний хуванцар савыг сайтаас гаргах зөвшөөрлийг хүссэн Б.Батбаяр нь зөвшөөрсөн баримт байгаа. Энэ зөвшөөрлийн үндсэн дээр О.Д нь галын хорны савнуудыг гаргасан бөгөөд О.Өнөрсайханы гарын үсгийн ард өөрийнхөө гарын үсгийг зурсан. Хүний гарын үсэг дуурайлган зурсан болон бусдыг залилан хууран мэхэлсэн ямар ч үйлдэл хийгээгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр компаний эд хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор уурхайн талбараас гаргахаар Бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж залилан мэхэлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Иймээс “О” ХХК нь нэхэмжлэгч О.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цуцалсан. “О” ХХК-д дагаж мөрдөж байгаа 200-д дүрэм журмуудаас хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и заалтад тодорхой хэдэн журмыг нэрлэсэн. Эдгээр журмуудад заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд шууд ажлаас халах арга хэмжээ авахаар заасан.О.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан байгууллагын дотоод дүрэм журмуудтай танилцах үүрэгтэйг заасан. Компаний хүний нөөцийн ажилтан хөтөлсөн ярилцлагын тэмдэглэлтэй О.Д танилцаад өөрийн хэлсэн зүйлийнхээ үнэн гэдгийг баталж, гарын үсгээ зурсан. Тиймээс тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангана. Байгууллага ажилтныхаа гаргасан зөрчлийг хэрхэн илрүүлж, тогтоох тухайгаа дотоод журмаар зохицуулсан. Тийнхүү журамдаа заасан арга хэлбэрээр зөрчлийг шалган тогтоосон. Ажлаас халсан тушаалд О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж хууран мэхэлсэн ноцтой зөрчил гаргасан. Бараа материал тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийн баталсан хэсгийн О.Өнөрсайхан гээд араас нь зурсан гарын үсэг нь О.Д-ийн гарын үсэгтэй ижил, О.Өнөрсайханы гарын үсэг биш байгаа. Гарах зөвшөөрлийг хариуцсан албаны менежерийн зөвшөөрөл аюулгүй байдлын албанд очиж байж аюулгүй байдлын алба тоо ширхэгийг нь үзэж шалгаад зөвшөөрлийн баримтад гарын үсэг зурснаар гаргадаг журамтай. О.Д нь ажлын байрны тодорхойлолтой танилцаад гарын үсэг зурсан. Хэргийн 31 дүгээр хуудсын ар талд байгаа баримтаар тогтоогдоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ийг “О” ХХК-ийн Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн гэнэтийн ослын багийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн О ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонсын №НR0007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч О ХХК-иас 15 852 880 төгрөг олговорт тооцон гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 15 852 880 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг О ХХК-д үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдан, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 237 214 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, буруу үнэлж дүгнэсэн" гэж үзэх үндэслэлтэй байна. " ...О.Д-ийн ....нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй" гэсэн нь хуулийг буруу хэрэглэж иргэний хэрэг үүсгэсэн байна. Маргаж буй HR0007/17 дугаартай тушаалд О.Д нь "Бараа материал, багаж тоног төхөөрөмж, автомашин техник гаргах зөвшөөрөл"-ийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай дурдсан байдаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн О.Д-той хийсэн ярилцлагын тэмдэглэлд О.Д нь зөвшөөрлийг " ...би өөрөө бөглөсөн. Өнөрөө буучихсан болохоор би өмнөөс нь гарын үсэг зурсан. Амар ч байгаа гэж бодоод өөрөө зурчихсан. Утсаар бол асуугаагүй" гэсэн тайлбарыг өгдөг, мөн үүнийг шүүх хуралдаан дээр О.Дэмчигдорж тайлбартаа хэлдэг ба энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан болно. Ийнхүү О.Д нь өөрийн дураар зөвшөөрөл дээр удирдлагынхаа өмнөөс гарын үсэг зурсан нь, мөн өөрийн удирдлага болох О.Өнөрсайханы өмнөөс зөвшөөрлийн хуудас дээр гарын үсэг зурж болох зөвшөөрлийг аваагүй нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байгаа тул шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын журам"-ын 4-д ажилтанд дэмжлэг үзүүлэх заалтын 4-ийн "а"-д "Сахилгын холбоотой асуудлыг хэлэлцэхдээ дэмжлэг үзүүлэх хүн байлцуулах эрхтэй гэдгийг ажилтанд аливаа уулзалт, ярилцлага эхлэхээс өмнө нь мэдэгдэх ёстой. Дэмжлэг үзүүлэх хүн нь өөр ажилтан байх ба уулзалт ярилцлагад оролцохгүйгээр дэмжлэг үзүүлэх үүрэгтэй" гэж заасан байх ба нотлох баримтаар авагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн О.Д-той хийсэн ярилцлагын тэмдэглэлийн эхний хуудаст "Ярилцлагын үеэр та хэн нэгнийг байлцуулах эрхтэй" гэсэнд О.Д нь "Хэрэггүй" гэсэн хариуг өгсөн нь ажил олгогч журамд заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдож байна. "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын журам"-ын б.Баримтжуулалт заалтын 6.1-ийн "Тэмдэглэл хөтлөх, баримтжуулах" хэсэгт " ... уулзалтын тэмдэглэл хөтлөх. ... уулзалт, ярицлагын тэмдэглэлийг хадгалах ..." тухай тус тус заасан бөгөөд хавтаст хэрэгт журмаар тодорхойлсон тэмдэглэлүүд нь тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн О.Д-той хийсэн ярилцлагын тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.Батбаяртай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг нь нотлох баримтаар авагдсан байгаа тул шүүх нотлох баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлстийн Гэнэтийн осолд хариу үзүүлэх багийн ахлах О.Өнөрсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Илтгэх Хуудас"-аар " ...О.Д ...60 ширхэг хөөсний хуванцар сав гаргаж авсан" тухай илтгэснээр тухайн зөрчлийг анх илрүүлсэн бөгөөд улмаар тухайн өдрөөс зөрчлийг шалгах, тогтоох хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд “О” ХХК нь "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын журам"-д заасны дагуу зөрчлийг шалгаж, ярилцлага явуулж, тэмдэглэл хөтлөж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр HR0007/17 дугаартай тушаалаар О.Д-той байгуулсан гэрээг цуцалсан байдаг. Ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчлийг "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын журам"-ын 3 дугаар зүйлд заасан хугацаанд шалгаж шийдвэрээ гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан илтгэх хуудас, ярилцлагын тэмдэглэлүүд, тушаал зэргээр нотлогдож байгаа болно. Тиймээс ажил олгогч “О” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанд сахилгын зөрчлийг шалгаж хуулийг үндэслэлтэй хэрэгжүүлсэн байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу мөн хуулийн 11.1-д заасан мэдээлэлд буюу хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөлт орсон бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх, зохих өөрчлөлтийг оруулах ёстой болно. Тэгвэл бүртгэлийн байгууллага нь оруулж буй өөрчлөлт нь хуульд нийцэж байгаа эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгасны эцэст өөрчлөлтийг бүртгэдэг тул "О" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Стивен Жонсыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн байгаа нь хуулийн дагуу болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тодорхойлон тогтоосон. Маргаж буй HR0007/17 дугаартай тушаалд Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Майкл Гавин гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт буй О.Д-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан HR0007/17 дугаартай тушаал, түүний баталгаат орчуулга, тушаал дээрх гарын үсэг, мөн Майкл Гавинд ажилтанд сахилгын шйтгэл болон эд хөрөгөийн хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох" эрх олгосон 13/15 дугаар тушаал болон түүний баталгаат орчуулга, нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн баталгаа зэргээр тус тус нотлогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүх О.Д-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан HR0007/17 дугаартай тушаалын талаар дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх шийдвэртээ "...№HR0007/17 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэсэн атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болно. Шүүх хөдөлмөрийн гэрээг цуцалсан №HR0007/17 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хүчинтэй хэвээр гэж дүгнэх үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хүчинтэй байгаа нөхцөлд ажил эгүүлэн авах нь хууль зүйн үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч О.Д нь “О” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2225/16 тоот тушаалаар Гэнэтийн ослын багийн ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргасангүй.
Хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн HR 0007/17 тоот тушаалаар ажилтан О.Д-г ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” заалт, Ажлын гүйцэтгэл ба сахилгын журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 “е” заалтуудыг баримтлан түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж залилан мэхэлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан эсэх талаар талууд маргасан байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар талууд тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” хэсэгт “тухайн байгууллагад үйлчилдэг дүрэм журмыг нэрлэж заагаад уг дүрэм журмуудад ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчлийг гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заахдаа талууд ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заасан байхаар зохицуулагдсан байна.
Хэргийн 176-190 дүгээр талд “Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын тухай журам авагдсан байх бөгөөд уг журмын 3.3.2.3-ын “е”-д худал мэдээлэл өгсөн байвал ноцтой зөрчилд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэнэтийн ослын багийн ахлах ажилтан О.Өнөрсайхан дотоод сүлжээгээр сайтын хамгаалалтын албаны ахлах Б.Батбаяр луу “гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн гал унтраах ажиллагаанд ашиглагддаг бодисыг ашиглаж дууссаны дараа хуванцар савыг буцаах шаардлага хангахгүй хуванцар савыг устгалд оруулах тул галын хорын хоосон савнуудыг сайтаас тээвэрлэж гаргах зөвшөөрөл өгнө үү” гэх хүсэлтийг хамгаалалтын албаны ахлах Б.Батбаяр зөвшөөрч зохих журмын дагуу нэвтрүүлнэ үү. Аюулгүй байдлаа хангаж ажиллах, батлан даагчаар намайг ажиллахыг даалгаж зөвшөөрөл өгөгдсөний дагуу миний бие аюулгүй байдал дээр очиж бөглөх ёстой маягтыг эрх олгогдсоны дагуу би гарын үсгийг зураад сав тээвэрлэх машиныг оруулж, савнуудыг ачуулаад буцаагаад сайтаас гаргасан гэж тайлбарлажээ.
Хэргийн 85-87 дугаар талд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч байгууллага нэхэмжлэгч О.Д-той хийсэн ярилцлагын тэмдэглэл авагдсан бөгөөд уг ярилцлагын тэмдэглэлд “найз машинтай ирээд хоосон буцах гэж байсан, Alan 2013 онд уг савыг ахуйн хэрэглээнд ашиглаж болохгүй, газар тариаланд ашиглаж болно гэсэн, н.Мөнхбаатараар дамжуулж О.Өнөрсайханд хэлүүлсэн, аюулгүй байдал и-мэйлээр зөвшөөрсөн хариу ирүүлсэн О.Өнөрсайхан буучихсан байхаар нь амарч байгаа гэж бодоод өмнөөс нь from бөглөж гарын үсэг зурсан талаар хэлж бичигджээ.
Дээрх тэмдэглэлд О.Д өөрөө гарын үсэг зурсан, харин ярилцлага хийсэн н.Солонго гэдэг хүн гарын үсэг зураагүй боловч уг ярилцлагад н.Солонго оролцсон талаар тэмдэглэлийн удиртгал хэсэгт бичигдсэн байгаагаас үзвэл хариуцагч байгууллагыг төлөөлж ярилцлага хийсэн хүн гарын үсэг зураагүй нь энэ ярилцлагыг хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Уг тэмдэглэлийн талаар хариуцагч байгууллага маргаагүй, тэмдэглэлд англи монгол хэлээр асуулт тавигдаж, хариулт нь монгол хэлээр бичигдэж улмаар ярилцлага хийсэн н.Солонго, О.Д нар монгол хэлээр харилцсан болох нь тогтоогдож байх тул уг баримтад авагдсан мэдээллийг үнэлэх боломжтой.
Дээрх тэмдэглэл доторх мэдээлэлд О.Д О.Өнөрсайханы өмнөөс зөвшөөрөл дээр гарын үсэг зурсан талаар бичигдсэн байх бөгөөд уг зөвшөөрлийг О.Д батлан даагчийн хувиар биш зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээдийн өмнөөс бичиж, өөрт нь эрх олгогдоогүй асуудлаар зөвшөөрөл дээр гарын үсэг зурж байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул дараах байдлаар зөвтгөнө. Нэхэмжлэгч О.Д хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хариуцагч байгуулага түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О” ХХК-ийн төлсөн 237 214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ