Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 325

 

    

 

 

 

 

 

2019           4            11                                              ДШМ/2019/325

 

                                       С.Б-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч С.Б-,

шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 1805051500949 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийг журамлан Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 619 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх буюу 1996 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 15 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 300 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 411 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2001 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 300 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 19 хоногийг нэмж нэгтгэн 10 жил 7 сар 19 хоногийн хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 299 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг 145 дугаар зүйлийн145.2 болгон С.Б-г 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, биеэр эдэлсэн 5 жил 6 сар 23 хоногийн хорих ялыг хасч, ялаас чөлөөлсөн;

 

С.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “А” шүдний эмнэлэгт толгойдоо трико углан орж, тус эмнэлгийн эмч Б.О-г “чарлавал ална шүү” гэж заналхийлж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд хүчээр орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 107 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Б- бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Б- нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудалд маргаагүй, хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, бодит хохиролд тооцогдох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Б.О- нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаанд цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, С.Б-гийн ахуй амьдрал, нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулахад гомдох зүйлгүй гэж илэрхийлж байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн. С.Б- урьд нь ял шийтгүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлгийн гэмт хэрэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд үйлдэж байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2003 онд ял шийтгүүлсэн нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулинд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдал харагдах боловч 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” гэж тус тус заасан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээснээр ял эдэлсэн зүйл, заалтын шийтгэлийн тухайд одоогийн үйлдэгдсэн хэргийн ял шийтгэлийн эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл, шалтгаан болохгүй гэж ойлгогдож байна. Иймд С.Б-гийн амьдрал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавтас хэрэгт хавсаргахыг хүсч байна” гэв.

 

Шүүгдэгч С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд ял эдэлж байхдаа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан. 2008 онд суллагдаад 10 жил гаруй хугацаанд амьдарлаа авч явж, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдолгүй сайхан амьдарч байсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Энд 6 сар болж байна. Маш их зүйлийг бодож ухаарсан. Харамсаж байна. Хохирогчийг яаж шаналж, зовж байгааг нь ойлгосон. Хохирогч өрөвч, зөөлөн сэтгэлтэй хүн юм байна. Манай дүү болон гэр бүлийнхнийг минь бодоод надад амьдын хагацал үзүүлэхгүй юмсан гэж бодож өрөвдөн хохирол, санал гомдолгүй гэж хүсэлт гаргасан. Би үүнд нь маш их талархаж байна. Хохирогч надад итгэл үзүүлсэн байх гэж би бодож байна. Хохирогч болон эхнэр, хүүхэд, шүүхэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Надад ганцхан удаа боломж олгож өгнө үү. Дахин алдахгүй, алдах ч эрх байхгүй гэдгээ ойлгож байна” гэв.

 

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Б- 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 08 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “А” шүдний эмнэлэгт толгойдоо трико углан орж, тус эмнэлгийн эмч Б.О-д “чарлавал ална шүү” гэж заналхийлж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд хүчээр орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. С.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогчийн бие болон дотуур хувцаснаас эр бэлгийн эс илрээгүй гэх зүйлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар ярьж байна. Энэ нь илрэх боломжгүй. Тухайн үед хохирогчийн сарын тэмдэг нь ирсэн байсан бөгөөд эр бэлгийн эс урсаж гарах боломжтой талаар шинжээч эмчийн мэдүүлэг байдаг. Заавал эр бэлгийн эс хохирогчийн үтрээнд байх ёстой гэсэн зүйл биш гэдэг нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэнгүй гэж ярьж байна. Энэ хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн хүний хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч нь урьд үйлдсэн гэмт хэргүүддээ ялаа эдлээд дууссан. Үүнийг хувийн байдалд нь оруулсан нь буруу хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байгаа боловч шүүгдэгчийн удаа дараагийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял эдлүүлсэн. Гэтэл ямар нэгэн байдлаар засарч, хүмүүжил авалгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг ямар гэдгийг нь харуулж байна. Иймд эдгээр нөхцлийг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

С.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “А” шүдний эмнэлэгт толгойдоо трико углан орж, тус эмнэлгийн эмч Б.О-г “чарлавал ална шүү” гэж заналхийлж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд хүчээр орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-гийн: “... 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 08:40 цагт намайг хүчиндсэн хүн манай эмнэлэг дээр ирээд надад үзүүлээд зөвлөгөө аваад гарсан. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 08:20 цагийн үед тэр залуу толгойдоо хар трико өмсчихсөн орж ирээд “дуугарвал ална шүү, цагдаа дуудвал алж хаячихаад явна шүү” гээд хүчиндсэн. Хүчиндчихээд гарахдаа “цагдаа дуудвал гараад эргэж хүмүүсээ дуудаж ирээд ална шүү” гэж айлгаж сүрдүүлсэн. Тэр ахыг гарах гэхэд нь тэмцэлдэхэд хоолой боогоод унагаасан. Би ухаан алдаад дахин босоод ирэхэд миний өмд дахиад шувтарсан байсан. Би юу болсныг мэдэхгүй. ... Би маш их гомдолтой байна” /хх-21-22/,

мөн түүний дахин өгсөн: “намайг босоод ирэхэд дотоож норсон байсан. Би өөрөө арчиж цэвэрлээгүй. Шүүх эмнэлэг дээр шээгээгүй. Би ухаан алдсан байсан. Биенээс үрийн шингэн шинжилгээгээр яагаад илрээгүйг мэдэхгүй” /хх-139-140/,

шинжээч эмч Г.Х-гийн: “... Б.О- нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 14:15 цагт ирж үзүүлсэн байна. Хэрвээ бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж дур тавьсан тохиолдолд эр бэлгийн эс үтрээнд 72 цаг хүртэлх хугацаанд идэвхитэй байх боломжтой. Үзлэгийн явцад үтрээнээс цусархаг шинж урсан гарч байсан. Ийм нөхцөл байдлаас үрийн шингэн доош хүндийн жингээрээ урсан гарсан байх боломжтой” /хх-34-35/,

гэрч Д.Б-ын: “... Нэг эмэгтэй эмнэлгийнхээ гадаа хайлшин хашааны дэргэд зогсчихсон “ахаа нааш ир, туслаарай” гээд надаас тусламж хүссэн. Тэр эмэгтэй тухайн үед гадуураа хувцасгүй, дээгүүрээ нимгэн цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй, өмд нь норсон байсан бөгөөд тэр охин надад “намайг ажил дээрээ байхад баг зүүсэн хүн орж ирээд хүчиндлээ, та цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би 102 дугаарт өөрийнхөө 99111015 дугаараас залгаж өгөөд өөрөөр нь яриулсан. ... Уг эмэгтэй гадуураа хувцасгүй, их айсан, шокын байдалтай байсан” /хх-174-175/,

шүүгдэгч С.Б-гийн сэжигтнээр өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 5-нд “А” эмнэлэгт шүдээ үзүүлэхээр орсон. Миний хүчинддэг эмч надад “эмч нар ирээгүй байна. Би дадлагажигч байна, надад үзүүлчих” гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өглөө ...хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ... уг эмнэлгийн оройлцоо машинаа зогсоогоод эмнэлэг рүү тамхи татаад алхаж байхад 5 дахь өдөр миний шүдийг үздэг эмч орж байсан. Тамхиа татаж дуусгачихаад “тэр эмэгтэйг хүчиндэе” гэж бодоод алхаж байтал эмнэлгийн гадаа эмэгтэй хүний хар өнгийн трико газарт байхаар нь аваад сэгсрээд толгойдоо углахад таарч байсан. Толгойндоо трико углаад эмнэлэг рүү ороход хүн байгаагүй. Тэр эмэгтэй намайг хараад “юун хүн бэ, яах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйд “дуугүй цаашаа бай, чимээгүй бай, би чамд муу юм хийхгүй” гэж хэлсэн. Тэр үед тэр эмэгтэй “та яах гэж байгаа юм бэ, би танд мөнгө өгье” гэж хэлэхээр нь “надад мөнгө хэрэггүй, би зүгээр чамтай нэг унтчихъя” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “үгүй ээ” гээд орилсон. Би түүнд “чимээгүй бай, эвгүй орилж, чарлаад байвал алаад хаячихна шүү” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг өөрийнхөө урдаас харуулж байгаад буюу хөлийг нь дээш нь өргөж байгаад урдаас нь хүчиндсэн. Би тухайн үед бэлгэвч хэрэглээгүй бөгөөд нэг минут орчим хөдлөөд дотор нь дур тавьсан. Тэгээд би босоод хаалга руу явсан. Араас тэр эмэгтэй орилоод үүд рүү ирсэн. Би түүнд “чи цаанаа байж бай, намайг гартал чи яг энэ өрөөндөө байж бай” гэж хэлээд өрөөнд нь түлхээд оруулахад тэр эмэгтэй дахиад араас намайг зуураад үүдний хэсэг рүү ирэхээр нь би тэр эмэгтэйг дахиж түлхээд шууд араас нь хоолойг нь боож байгаад цааш нь түлхээд зугтаад гүйж гарсан. ... Хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх-149-150/,

мөн түүний яллагдагчаар өгсөн: “... 5 дахь өдөр үзүүлэхэд надтай сайхан харьцаж байсан тул таалагдсан. Уг эмэгтэй надад үнэхээр таалагдсан. Түүний улмаас биеэ барьж чадаагүй ийм асуудал гаргасан” /хх-154-157/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12169 дугаартай: “1. Б.О-гийн охин хальсанд урагдал тогтоогдсонгүй. 2. Б.О-гийн охин хальсны бүтэц нь урагдал учрахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой байна. 3. Б.О-гийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. 4. Б.О- жирэмсэн биш байна. 5. Б.О-гийн хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Б.О- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 7. Б.О- нь 1-р бүлгийн цустай байна” /хх-48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10551 дугаартай: “1. Б.О-гийн гэх хар өнгийн дотоож-салтаа хэсэгтээ цагаан ариун цэврийн хэрэглэлтэй дээр нь цус илэрсэн. Илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. 2. Б.О-гийн гэх хар өнгийн дотоож-салтаа хэсэгт цагаан ариун цэврийн хэрэглэлтэй дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” /хх-50/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч С.Б-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.Б-гийн “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нь “... шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж  давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, шүүгдэгч С.Б- нь эмэгтэй хүний трико углан нүүрээ нууж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн түүнийг “цагдаа дуудвал хүмүүсээ дуудаж ирээд ална шүү” гэж заналхийлж хоолойг боож ухаан алдуулан хэргийн газрыг орхин явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгасан байх, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал нь хуулиар тогтоосон энэ шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч С.Б-гийн энэ гэмт хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж, 3 жил хорих ял болгон хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял шийтгэл хөнгөрүүлэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэн,  шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...4 жил...” гэснийг “...3 жил...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                       

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                          ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ