Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0061 |
Огноо | 2014-01-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2014/0061
2014 оны 01 сарын 28 өдөр Дугаар 61 Улаанбаатар хот
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч Ж.О нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.М, Ж.О нарт холбогдох захиргааны хэргийг холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/125 дугаартай албан шаардлага, 0000805 дугаар шийтгэврийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус газрын даргын 2012 оны 1/34 дүгээр удирдамжийн дагуу автобензин, дизель түлш нийлүүлж, борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Энэ шалгалтын баримтыг үндэслэн “Ш” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага өгч, шийтгэвэр ногдуулсан. “Ш” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 12 хоногийн нөөцтэй байсан ч Аи-92 маркийн автобензин дууссан гэж борлуулахыг зогсоосон, хязгаарлалттайгаар худалдаалсан, зөвхөн карт, талонтой этгээдүүдэд үйлчилж байсан нь тогтоогдсон ба үүгээрээ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК- ийн гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаам М.М , Ж.О нарын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/125 дугаартай албан шаардлага, 0000805 дугаар шийтгэврийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:"... Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа гэсэн гарчигтай, 12.1-д "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас манай компанийг торгохдоо гадаад бэлтгэн нийлүүлэгч, улс орны нөөц, компанийн нөхцөл байдал зэрэг шалтгаант холбоог авч үзээгүй. Ерөөс хэрэглэгч нарт зөвхөн талон, картаар худалдаалж, бэлэн мөнгөөр өгөөгүй хэмээн буруутгасан.
Манай компани төдийгүй Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн худалдаалж буй бусад компаниуд тухайн үед Шударга өрсөлдөөний актад заасанчлан өрсөлдөөнийг хязгаарлахад бус зайлшгүй дараах шалтгааны улмаас арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүнд:
бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт ОХУ-ын Р компаниас хамааралтай байдаг. Тухайн үед зуны улиралд хэрэглэдэг түлшнээс өвлийн улиралд хэрэглэдэг түлш рүү шилжих, ОХУ-ын нефтийн гол үйлдвэрлэгч Ангарскийн боловсруулах үйлдвэрт засвар хийсэнтэй холбоотой байсан. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тус газрын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7-1361 дугаартай албан бичигт: 1- "Одоогийн байдлаар Р компаниас 10 дугаар сард захиалсан Н-80 болон Р-92 автобензиний нийлүүлэлт 70 орчим хувьтай, харин ДТ-ний нийлүүлэлт удаашралтай байгаа бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 16-аас өнөөдрийг хүртэл нийт 11361,2 тонн дизелийн түлш буюу 40 орчим хувь нь Монгол улсын хилээр орж ирээд байна",
-"2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн, импортлогч компаниудын агуулах, шатахуун түгээх станцийн нийт үлдэгдлийн хэмжээ, 34.5 мянган тонн байгаа ба Н-80 автобензин 35, Р-92 автобензин 27, дизелийн түлш 4 хоногийн нөөцтэй байна",
-Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын дизелийн түлшний нөөц эрс багассан нь сүүлийн саруудад импортын өртөг нэмэгдсэн тул компаниуд захиалгаа бууруулах, ОХУ-ын Ангарскийн боловсруулах үйлдвэрт хийгдсэн урсгал засвар, зуны зориулалттай дизелийн түлшнээс өвлийн зориулалттай түлшинд шилжсэн зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байх талтай байна,
- Дизелийн түлшний үлдэгдэл багассантай холбогдуулан импортлогч компаниуд дизелийн тулшний бөөний борлуулалтаа түр хугацаагаар зогсоогоод байна гэсэн тайлбараас харж болно.
Газрын тосны газрын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7-1361 дугаартай албан бичигт: "М” ХХК-ийн ШТС-уудад үйл ажиллагаа хэвийн, “О” ХХК-ийн ШТС-уудаас Р-92 автобензин, дизелийн түлшний нөөц дууссан, Н-80 автобензины борлуулалт хэвийн, “С” ХХК-ийн ШТС-ууд Р-92 автобензинийг картаар, “Ш” ХХК-ийн ШТС-ууд дизелийн түлшийг картаар, талоноор, “М” ХХК-ийн ШТС-уудын үйл ажиллагаа хэвийн, “П” ХХК ШТС-ийн дизелийн түлшний нөөц дууссан, “Ж” ХХК-ийн ШТС-уудад дизелийн түлшний нөөц дууссан. “П” ХХК-ийн ШТС-ууд бүх төрлийн шатахууныг картаар, талоноор олгож байлаа" гэжээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2012 оны 11 дүгээр сарын 20-ны ирүүлсэн 4- 1496 дугаартай албан бичигт: "Т” ХХК-ийн 3 ШТС ажилладаг өдөрт 20-30 л-ээс илүү шатахуун олгодоггүй байна". “М” ХХК-ийн 6 ШТС байдаг өдөрт 500-600 л бензин борлуулах журамтай", Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн 4/42 дугаартай албан бичигт: "аймгийн төв дэх “М”, “Н”, “Ш” станцуудад А-92, ДТ-г нэг удаад 30,0 мянган төгрөгөөр өгч байгаа дутагдал тус аймагт байна", Говь-Алтай аймгаас 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн албан бичигт: "...дизель түлшний нөөцийн хувьд “Мо” ХХК, “М” ХХК-ны станцуудад түлш дууссан ..., шатахууны нөөцийн агуулахтай “Н”, “Петровис ХХК, “Ма” ХХК-ны агуулахын нөөцийн байдалд үзлэг шалгалт хийхэд “Ма” ХХК нөөцийн сав ямар ч шатахууны нөөцгүй, “Мо” ХХК-ны дизель түлш 11 сарын 05- 06-ны өдрүүдэд өдөрт 2300-4500 л-ээр зарагдаж дууссан. Бусад аж ахуй нэгжүүд тухайн өдрүүдэд борлуулалтаа бууруулж хязгаарласан, дизель түлшнээс бусад шатахууныг нийт аж ахуй нэгжүүд хэвийн бэлэн мөнгөөр өгч байгаа бөгөөд харин дизель түлшийг “Н”, “П”, “Ма”, “Ш” ХХК-ны станцууд гэрээт байгууллага, аж ахуйн нэгж, картын хэрэглэгчээс бусад хэрэглэгчдэд хязгаарлан 50 л-с илүүгүйг өгч байна, шатахууны борлуулалтыг хэвийн өдрүүдтэй харьцуулахад дизелийн түлш огцом буурч, бусад шатахууны хувьд хэвийн байна" гэжээ.
Иймд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34 дугаартай удирдамжийн дагуу тус газрын мэргэжилтэн, улсын байцаагч М.М, Ж.О, мэргэжилтэн Д.У нар газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 16-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шалгалтын явцад “Ш” ХХК-ийн шатахуун түгээх станцууд дизелийн түлшийг зөвхөн өөрийн компанийн карт эзэмшигчдэд худалдаалах замаар хязгаарлалттайгаар борлуулж, бэлэн мөнгөөр олгоогүй нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэлд нь улсын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн тухайн зөрчлийг улсын хэмжээнд арилгаж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллах тухай албан шаардлагыг өгч, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэлийг ногдуулсан байна.
Нэхэмжлэгч хязгаарлалтайгаар борлуулалт хийсэнтэй маргаагүй боловч тухайн үйлдлээ шатахууны нөөц багассантай холбоотой зайлшгүй хийгдсэн, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй гэж тайлбарлажээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно 12.1.10. хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компани нь шатахууныг зөвхөн өөрийн компанийн шатахууны талоноор олгосноороо талонгүй бусад иргэд, хэрэглэгчдийг ялгаварлаж, үйлчлүүлэх боломжгүй байдлыг бий болгон, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, борлуулалт хийж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж нь нийтэд ялгаваргүйгээр үйлчлэх ёстой байтал шатахууны нөөцөөс шалтгаалсан гэх үндэслэлээр тийнхүү хязгаарлалт тогтоосон нь хууль зөрчжээ. Түүнчлэн Газрын тосны газрын 2012 оны 7-1361 дүгээр албан бичгээс үзэхэд нөөцийн хомсдол бий болгоогүй байжээ.
Иймд энэ талаар болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.