Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Хохирогч: Ким Жин Жү

Орчуулагч: Х.Хашбаяр

Улсын яллагч: Б.Цэцэгмаа

            Шүүгдэгч Н.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Н Норовын Лхамсүрэнг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021361 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сант суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт  Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 86-1267 тоотод, Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Норовын Лхамсүрэн \РД: НФ91033108\

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Лхамсүрэн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, “Бон Бон Бекерей” ХХК-нд захирал Ким Жин Жүгийн ажлын өрөө рүү хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр 350.000 төгрөг хулгайлж, хохирогч Ким Жин Жүд бага бус хэмжээний буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “... Би эрүүл мэндийн даатгалаа бөглүүлэх гэж очсон. Хаалгаар ороод хуучин ажиллаж байсан хүмүүстэйгээ мэндлээд зааланд сууж байхдаа захирлын өрөө рүү мэндлэх гэж очсон. Тэгээд ороход захирал байхгүй байсан бөгөөд эмэгтэй захирлын цүнх байхаар нь дотор нь байсан 350.000 төгрөгийг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн даатгалын дэвтрийнхээ сүүлийн 5 сарын бичилтийг хийлгүүлэх гэж очсон. Би 12 цагийн үед очоод бичилтээ хийлгэх гэтэл манай менежер байхгүй байсан учир бичилтээ хийлгээгүй явсан, угаасаа миний эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр бичилт хийж өгөхгүй байсан, нийгмийн даатгалыг ч төлөөгүй мөн  гэнэт халагдсаны мөнгө ч өгөөгүй, амралтын мөнгө ч мөн бодож өгөөгүй, тэгээд тэр өдөр би дөнгөж орчихоод хоёр захирал гал тогооноос гарч ирэхээр нь юм ярьж байгаад л явсан. Өөр зүйлийг мэдэхгүй, би захирлын өрөө рүү орж мөнгө аваагүй, ... би захиралтай мэндлэх гээд өрөөнийх нь үүдэнд очоод онгойлгоод шагайтал захирал өрөөндөө байгаагүй, тэгэхээр нь би буцааж хаалгыг нь хаачхаад захирлын өрөөний эсрэг талд байрлах ариун цэврийн өрөөр рүү орсон, байж байгаад захирлын хаалга дугарах шиг болохоор нь дахиад өрөөг нь онгойлгож үзэхэд хүн байгаагүй, тэгэхээр нь заал руу гараад ажлынхаа охинтой юм яриад байж байтал хоёр захирал гал тогооноос гарч ирсэн. Тэгээд би захиралтай ажлын үүдэнд юм ярьж байгаад тэгээд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-45/,

 

Хохирогч Ким Жин Жү шүүхийн хэлэлцүүлэгт “…Тэр үед кассын тэнд ажилтан Бааска байсан. Манай гал тогоо нээлттэй байдаг. Эрэгтэй багш маань ч бас тэнд байсан. Эрэгтэй захирал маань 00 орох гэхдээ өрөөнөөсөө тамхиа авах гэтэл тамхи нь байхгүй байсан учир камер шалгаж үзтэл энэ хүүхэд ороод гарсан байсан. Тэрнээс өмнө жолоочтойгоо зах явах гээд бид гурав мөнгө тоолж байсан. Манай менежер камер шалгаад энэ хүүхэд рүү залгаад “чиний орсон бичлэг байна. Хурдан аваад ирвэл цагдаад мэдэгдэхгүй” гэсэн боловч энэ хүүхэд “би аваагүй” гэж байсан. Урьд нь энэ хүүхэд ажиллаж байхад мөнгө алга болдог байсан. Тэр үед энэ хүүхэд эцсээ хүртэл аваагүй гэж гүрийгээд байсан учир бид цагдаад хандсан юм. Энэ хүүхдийг бид их хайрлаж байсан боловч ажиллаж байх хугацаандаа их асуудалтай байсан. Манай хохирлын мөнгийг танай шүүхийн дансанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тушаасан байна. Үүнийг ойлгож байна. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…миний цүнхэнд тухайн өдрийн хүнсний зүйлээ авах гэсэн 350.000 төгрөг алга болсон. Тэгээд камераа шүүхэд Лхамсүрэн ороод гарсан байсан. Цүнхэнд байгууллагын орлого, зарлагын баримтууд, оосортой түлхүүрүүд, түрийвчтэй мөнгө байсан. Түрийвчнээс авсан байсан. Дотор нь байсан бутархай мөнгийг аваагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

Гэрч Б.Зулзаяагийн “…2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим захирал Ким Жин Жү над руу залгаад манай өрөөнөөс мөнгө алга болчихлоо. Алга болоход манайд ажиллаж байсан Лхамсүрэн ороод гарсан байсан. Цагдаагийн газар мэдэгдчих гэхээр нь би 102-т дуудлага өгсөн. Тэгээд байж байтал Лхамсүрэн над руу ярихаар нь би “Захирлын өрөөнөөс мөнгө алга болсон байна. Чи ороод гарсан юм байна гэхэд муу сайн новшнууд намайг авсан гэж хардаж байгаа юм байна гээд хараалын үг урсгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-18/,

 

Гэрч Д.Мягмарсүрэнгийн “…2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад барс захаас бараа авах гээд захирал Ким Жин Жүгийн өрөөнд орсон. Тэгээд ямар бараа авахаа яриад захирал мөнгө өгөх гээд цүнхнээсээ мөнгө авах гээд үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд яагаад алга болсныг тодруулахаар  камер шүүхэд Лхамсүрэн ороод гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-41/, Мөрдөн байцаалтын явцад хийсэн туршилтын тэмдэглэл /хх-58, 59/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Лхамсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо “Бон Бон Бекерей” ХХК-ийн захирал Ким Жин Жүгийн ажлын өрөө рүү хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр 350.000 төгрөг хулгайлж, хохирогч Ким Жин Жүд бага бус хэмжээний буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ким Жин Жү, гэрч Б.Зулзаяа, Д.Мягмарсүрэн, нарын мэдүүлэг, туршилт хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Н.Лхамсүрэнгийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Лхамсүрэнгийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Лхамсүрэнг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ким Жин Жүд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Н.Лхамсүрэн нь шүүх хуралдааны өмнө тус шүүхийн 900005406 тоот дансанд тушаасан болох нь “Голомт” банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул Н.Лхамсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Лхамсүрэнгийн тус шүүхийн 900005406 тоот дансанд байршуулсан 350.000 төгрөгийг хохирогч Ким Жин Жүд гаргуулан олгох нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Н.Лхамсүрэнгийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх шүүгдэгч Н.Лхамсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Лхамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД нэг ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Норовын Лхамсүрэнг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Норовын Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.    

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар цагаан өнгийн диск 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч Н.Лхамсүрэнгийн хохиролд төлсөн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 900005406 тоот дансанд байршуулсан 350.000 төгрөгийг хохирогч БНСУ-ын иргэн Ким Жин Жү-д олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Н.Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Лхамсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР