Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2020/0043

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2020/0043                  

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.РХХК

Хариуцагч: Төв аймгийн Б сумын З.Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн Б.Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.РХХК-ийн захирал Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч Төв аймгийн Б сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Р ХХК-ийн захирал Б.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.РХХК нь Б сумын З.Д-н 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот захирамжаар Б сум, Баянгол 3 дугаар багийн Түшээ гүнд 1 га газрыг “Мод үржүүлэг”-ийн чиглэлээр газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Р ХХК-д дээрх газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 000319983 тоот гэрчилгээ олгосон. Дээрх газарт дөрвөн улиралд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулахын тулд байнгын ажиллагаатай нийт 20 ажилтан байх шаардлагатай учир ажилчдыг байрлуулах, амраах байр бий болгох үүднээс 7 гэрийг эд хогшлын хамт авч байршуулсан. 5 гэрт нь ажилчид байх, нэг гэрт нь захиргааны ажилчид байх, нэг гэрт нь манаач байхаар төлөвлөж барьсан. Мөн байгальд ээлтэй боловсон 00 барьж бохироо соруулдаг хэлбэрээр шийдсэн. Хүйтний улиралд 0 хэмд байх жимсний мод байрлуулах, хадгалах зорилгоор 19х11-ийн хэмжээтэй шилэн цонх бүхий байрыг 90% гүйцэтгэлтэй барьсан. Мөн ажилчдыг тав тухтай байлгахын тулд байнгын тог цахилгаантай байлгах үүднээс нийт 900 метр газарт кабель шугам татаж тогтой болгож улиас, бургас, үхрийн нүд нийт 200 ширхэг тарьсан. Мөн модны үрсэлгээ хийх ажлыг төлөвлөж 40 тооны континерийг багаж хэрэгслийн хамт худалдаж авч байршуулсан. Мод үржүүлэг, мод тарих хоёр өөр процессоор явагддаг ажлууд. Үржүүлгийн ажиллагаа нь зүгээр газар дээр очоод мод суулгахаас огт өөр ажиллагаа тодорхой хэмжээний эрэмбэ дараалалтай явагддаг ажиллагаа. Эхлээд хүлэмж барьж түүндээ үрсэлгээ суулгана. Үрсэлгээгээ авч бортгонд суулгана. Ийм дарааллаар мод үржүүлнэ. Дээрх газарт үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажилд манай компаниас одоогийн байдлаар 254.500.000 төгрөг зарцуулагдаад байхад миний дээр газарт хийсэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг үл ойшоон үнэгүйдүүлж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.РХХК-д мэдэгдэх хуудас өгч, Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгдэв гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Энэ хуудас өгснөөс хойш 4 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Б сумын З.Д-н А/324 тоот захирамжаар миний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа газрыг Газрын тухай хуулийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 35.3.2-д Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 40.1.5-д Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр миний газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад үйл ажиллагаагаа явуулж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдлыг эс зөвшөөрч газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу анхан шатны Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.
Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг аваад З.Д Д.Гтой уулзах гээд очиход хүлээж авахгүй уулзахгүй гэж өөрөө хэлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4, 27.5, 27.6-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн захирамжид заасан манай компанийг Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2, 40.1.5, 40.1.6-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Манай компани дээрх газрыг үр ашиггүй, зохисгүй ашиглаагүй, захирамж гарах хүртэл хугацаанд Байгаль орчны байцаагч болох төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглаж байгаа байдалтай холбогдуулан ямар нэгэн шаардлага, мэдэгдэл өгч байгаагүй. Гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчөөгүй 15 жилийн хугацаатай эзэмшлээр авсан газар дээрээ байнга тогтмол мод үржүүлэх ажлын бэлтгэл хангаж, тог татаж ажлын байр, бэлдэж үйл ажиллагаагаа явуулсаар байхад газар эзэмших гэрчилгээг гэнэт хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын даамлын хийх ёстой ажил 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот захирамжийн Гэрээ байгуулж газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож кадастрын зурагт оруулахыг газрын даамал Т.Давааням, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг байгаль орчны улсын байцаагч газрын даамал нарт даалгасан байдаг. Тэгвэл дээрх газарт удаа дараа хөрөнгө оруулалтын ажил хийж байхад болиулах, сануулах, газрын төлбөрөө шаардах талаар нэг ч удаа ирж уулзаж байгаагүй байж их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа газрыг хүчингүй болгосон захирамж авч ирж өгөхдөө хүний хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөөр боссон бүтээн байгуулалтын ажлыг үл хүндэтгэн үнэгүйдүүлж шууд хүчээр буулгаж байгаа үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Манай компани Төв аймгийн Б сумын З.Д Д.Гтой 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. 2017 онд манай компани 1 га газар ашигласны төлбөрөө төлсөн. Харин 2018 онд манай компани газрын төлбөрөө хийх гээд газрын даамал Мөнхбаяртай уулзахад танай компанийн газрыг дуудлага худалдаанд оруулж байж өгнө түр байж өгнө байж бай гэсэн.

Иймд Төв аймгийн Б сумын З.Д Д.Гын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4-д Б.РХХК-ийн эзэмшлийн 1 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Маргаан бүхий газрыг анх мод үржүүлгийн чиглэлээр 2009 онд олгосон байдаг. Б.РХХК-д бол Б сумын З.Д 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Энэ акт дээр талуудын хэн аль нь маргадаггүй. Маргаан бүхий акт нь Б сумын З.Д-н 2020 оны  05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг юм. Тус захирамж нь хууль бус гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд: Захирамжийн 1-т газар эзэмших гэрээний заалт зөрчсөн гэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа газрын гэрээний ямар заалтыг зөрчсөнийг дурдаагүй. Энэ үндэслэлдээ бол тайлбар өгөөгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрээний ямар нэг заалтыг бариагүй. 2-т газрыг Газрын тухай хуульд заасны дагуу ашиглаагүй гэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Газрын тухай хуулийн 34.8, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 40.1.1, 40.1.3, 40.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн гэдэг тайлбарыг өгсөн. Дээрх хуулийн заалтуудыг нарийвчлан аваад үзвэл 34.8 бол Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам байгаа. Энэ журам дээр энэ хуулийн заалтаар бол сумын газрын даамал гэрээ байгуулж бүртгэнэ, эргээд гэрээний биелэлтийг талууд шийдвэрлэнэ. Гэрээ дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, бүртгэсэн эсэх нь ойлгомжгүй энэ бол сумын газрын даамлын үүрэг байна. 35.3.1 газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэж байгаа. Газрын даамал өөрөө гэрээ байгуулаагүй учраас гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэх шаардлага тавих эрх зүйн нөхцөл байхгүй. 35.3.2 нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэсэн ийм зохицуулалт байгаа. Газар ашиглахтай холбогдуулан З.Дас ямар нийтлэг шаардлага тавьсан гэдэг нь хавтас хэрэгт бол 1 зүйл байгаа. Энэ нь 2020 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн мэдэгдэх хуудас. Өөр шаардлага тавьсан ямар нэгэн баримт бол байхгүй. Мэдэгдэх хуудсанд ямар хууль үндэслэсэн гэхээр 34.8 дугаар заалт, 40.1.6 дугаар заалт, Тариалангийн тухай хуулийн 3.4 дэх заалт, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Энэ бол тариалангийн газар биш мод үржүүлгийн газар. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газар чөлөөлөхийг мэдэгдээд хүлээн авсан хүний гарын үсэггүй он сар өдөргүй байгаа. Мөн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/310 дугаартай захирамж Хашаа нэгдсэн захирамж. Энэ захирамж 05 дугаар сарын 07-нд гарсан. Мэдэгдлийг 05 дугаар сарын 04-нд мэдэгдсэн. Тэгэхээр энэ захирамжийн дагуу хийгдсэн ажил гэж үзэх үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 35.3.3 дах заалт газрын төлбөрийн асуудал байгаа.

Хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно. Захирамжид ноцтой зөрчсөн зөрчил огт тусгагдаагүй. 40.1.3 мөн л захирамжид тусгагдаагүй.Захирамжид бол 2 заалт л байдаг. 40.1.5 мөн захирамжид тусгаагүй.  40.1.6 бол тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн зохицуулалт байгаа. Газраа зориулалтын дагуу байнга ашиглаж байсан. Энэ нь бол шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. Мөн Тариалангийн тухай хуулийн 20.4 дэх заалтыг үндэслэсэн байсан. Энэ нь тариалангийн зориулалттай авсан газарт хамаарна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа усны тухай хуулийн 2 заалтыг тусгасан байдаг. Тэгсэн мөртлөө маргаан бүхий захирамждаа усны тухай хууль огт дурдаагүй үндэслээгүй байна. Захирамжид дурдаагүй асуудлаар хариу тайлбараа гаргасан байна, энэ нь үндэслэлгүй юм. Захирамжтай холбоотой аймгийн З.Дд гомдол гаргасан байгаа. Аймгийн З.Дас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шилжүүлсэн. Гомдлыг хянан шийдвэрлээд 2020 оны 06 дугаар сарын 02-ны 07439 гэсэн албан бичгийг ирүүлсэн. Маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн захиргааны актууд байна. Эзэмшигч нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан байна гэсэн. Ийнхүү дээд шатны байгууллагаас уг захирамж нь хууль зөрчсөн гэдгийг нотолсон байгаа.

Иймд захирамжид заагдсан газар эзэмших гэрээний заалт зөрчсөн, Газрын тухай хуулийн дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байх тул хууль бус захиргааны акт буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 6-т заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. 2 дахь үндэслэл нь захиргаан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг хангасан байх хуулийн зохицуулалттай. Маргаан бүхий захирамж нь энэ шаардлагыг хангаагүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дугаар зүйлийн 3-т заасан хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй. 40.2.5-т заасан гомдлын хандан гаргах этгээд хугацааг тусгаагүй, 40.3-т заасан үндэслэл нь ойлгомжгүй. 40.4-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй хангаагүй гэж үзэж байгаа. 3-т нь захиргаан актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Учир нь энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн. Оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй. Оролцогчийг оролцуулаагүй учраас шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах энэ хуулийн заалтуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  106.3.1, 106.12-т заасны дагуу газар эзэмших эрхийг цуцлах тухай Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны  05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай хууль бус захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын З.Д Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Б.РХХК-ийн эзэмшлийн газартаа 2017 оноос хойш газар эзэмших гэрээ байгуулж байгаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, үүргээ биелүүлээгүй нь 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах нь хуулийн үндэслэлтэй. Б.РХХК нь усны сан бүхий газрын эргээс 20 метрийн зайд барилга байшин барьсан нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх заалтуудыг зөрсөн байна.   Б.РХХК нь тухайн газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшсэн боловч уг газар дээрээ адууны жүчээ барьсан, амралт, аялал жуулчлалын зориулалтаар олон тооны гэр барьсан, хууль бусаар худаг ухсан, голын дагуух модыг төмөр утсаар ороож хашаа барьсан зэрэг зөрчлүүд нь зориулалтын дагуу ашиглаагүй нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болж байна.

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сумын газрын даамлаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллахад ямар ч мод тариагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан тул ажлын хэсэг албан мэдэгдлийг хугацаатай өгсөн боловч уг аж ахуйн нэгж нь хариу тайлбар гаргаж өгөөгүй тул 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын З.Д-н А/324 тоот захирамжаар газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Газрын тухай хуулийн 40.1.3-т “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” бол цуцлах үндэслэл болдог. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Б.РХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 08-ны А/2 нэхэмжлэл дээр сумын З.Д-н 05 дугаар сарын 08-ны өдөр газар чөлөөлөхийг мэдэгдэх хуудас өгсөн гэж албан бичиг дээр бичсэн байна. 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй учир 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газраа чөлөөлөхийг мэдэгдэв гэсэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж байгаа нь сонсох ажиллагаа зохион байгуулсан гэж үзэж байна. Дээрээс нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газрын даамлаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь шалгалтаар очиж шалгахад нэг ч мод тариагүй байсан гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тэр хавьд байдаг ард иргэд нь болохоор аялал жуулчлалын зориулалтаар олон гэр барьсан байсан гэсэн ийм асуудал бас яригдаж байгаа. Сонсох ажиллагааг бол эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн этгээдэд мэдэгдсэн бол явуулсан байх гэж бодож байна. 2020 оны 05 дугаар сарын 04-нд мэдэгдэх хуудас өгснөөс 9 хоногийн дараа захирамж гаргахад ямар нэгэн хариу тайлбар бичиг ирээгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг захирамжийн үндэслэх хэсэгт ороогүй ч гэрээг шилжүүлж авсан этгээд нь улсын бүртгэлд шинээр гэрээ байгуулж бүртгүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг утсаар болон бичгээр авч болно гэж заасны дагуу бичиг өгсөн гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.РХХК нь “Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн Б.РХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Б сумын З.Д 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 захирамжаар Б сумын Баянгол 3-р баг Түшээгүнд байрлах мод үржүүлгийн зориулалттай 1 га газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.РХХК нь Буянт үйлдсэн ТББ-аас шилжүүлсэн авсан бөгөөд 000319983 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.  

Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх заалтыг тус тус үндэслэн захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт  Б.РХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Талуудаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч төрийн захиргааны байгууллагаас холбогдох хуульд заасан ямар нэгэн ажиллагаа явуулаагүй шууд маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна. Тодруулбал тухайн газар дээр нь нөхцөл байдлыг шалган тогтоох ажлын хэсэг очиж ажиллаж дүгнэлт гаргасан гэж хариуцагч талаас тайлбар өгсөн боловч, уг ажлын хэсгийг байгуулсан захирамж нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хашаа” нэгдсэн арга хэмжээ авах тухай А/310 захирамжаар байгуулагдсан байхад үүнээс өмнө 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нь газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа, улмаар газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн болох нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжид Захиргааны ерөнхий хуульд зааснаар ямар нэгэн мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй байх ба энэ талаар хариуцагч талаас тайлбар баримт байхгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар Б сумын З.Д шийдвэр гаргахын өмнө эдгээр ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгчийг Газрын тухай хууль, холбогдох гэрээний нөхцөлийг зөрчсөн гэдгийг шалган тогтоогоогүй, баримтаар баталгаажуулаагүй атлаа маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нар газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөх хугацаа, дүн тодорхойгүй байхад маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалт буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтуудыг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Б сумын З.Д-н дээд шатны З.Д болох Төв аймгийн З.Дд гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж “...Маргаан бүхий захирамжийг гаргахдаа газар эзэмшигч хуулийн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн акт байна. Иймд сумын З.Д-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хүчингүй болгож хариу мэдэгдэх чиглэлийг хүргүүлж байна...” гэсэн атал хариуцагч дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлээгүй үйлдэл нь мөн тодорхойлогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй буюу газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Б.РХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны

05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг буюу Б.РХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1 дэх заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.РХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Б сумын З.Д-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг буюу Б.РХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Б сумын З.Д-н Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.РХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР