Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаярт холбогдох ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн Арц 2-3 дугаар гудамжны 44 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаяр, ******* регистрийн дугаартай,

  Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаяр нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-2 хорооллын 5 дугаар гудамжны орчим *******г зодож зүүн хөмсөг хэсэгт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би архи уугаад согтуу байсан учраас юу ч санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед Богд сумын 7 дугаар багт ээж Ичинхорлоогийн гэрээс гараад харих гэж явж байсан. тэгэхэд намайг араас Эрхэмбаяр хөөе байж бай гэсэн. Тэгээд Эрхэмбаяр над дээр ирээд мөнгө өгөөдөх гэхэд нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгэхэд архи аваад өг гөлөг минь гэхээр нь чадахгүй гэхэд миний хоолой боосон. Ноцолдож байгаад намайг тавихаар нь гэр лүүгээ гүйсэн. Тэгээд гэрийн хашааны гадна очоод ахиж ирээд бариад авахаар нь эргэж харахад гараараа зүүн нүдний хөмсөг хэсэгт цохисон. Тэгээд би муухай орилоход гэрээс эхнэр Оюунсүрэн, хүү Гүндалай нар гарч ирээд салгасан. Эрхэмээг Мягмарсүрэн гэх залуу ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цагийн орчим манай хашааны гадна хүмүүс маргалдаад байхаар гэрээс гартал 2 хүн гудамж уруудаад явчхаж байгаа бололтой байсан. Манай нөхөр Лхагвасүрэнгийн толгой хэсгээс нь цус гарчихсан хашааны үүдээр ороод ирэхэд хүү Гүндалай аавыгаа авч яваад эмнэлэгт цэвэрлэгээ хийлгээд оёдол тавиулчихаад манай хадам ээжийнд очиж хоносон гэсэн. Тухайн үед харанхуй байсан би ч сайн анзаараагүй хэн байсныг нь мэдээгүй. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад 2 залуу таараад нэг залуу нь намайг зодчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, 

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө би гэртээ унтах гээд хэвтэж байтал Мөөжгөө гээд хашааны гаднаас хүн орилсон. Гараад очтол хашаан дотор нэг хүнийг Эрхэмбаяр араас нь тэврээд газар унагаад дарчихсан байсан. Тэгэхээр нь салгатал манай аав байсан. Эрхэмбаярыг настай хүн яаж байгаа юм бэ гэхэд над руу бас дайраад зодох гээд байсан.  Тэгээд би аавыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмч толгойг нь цэвэрлээд 4-5 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн иргэн байсан. Одоо Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арцын 2 дугаар хорооны 5-р гудамжинд оршин сууж байгаа.  Эрхэмбаяр нь уурын зууханд галч хийдэг байсан. Одоо ажилгүй байгаа. Хааяа машин угаалга дээр ажилдаг. Эрхэмбаяр зан байдлын хувьд их дуугүй хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, 

 

           Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дугаартай "...Үзүүлэгч ******* биед зүүн хөмсөг хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 19-20 дугаар  хуудас/

 

           Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 58, 53 хуудас/ зэрэг болно.    

 

 Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаяр нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-2 хорооллын 5 дугаар гудамжны орчим иргэн *******г зодож зүүн хөмсөг хэсэгт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын  дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

 Хохирогч ******* “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед Богд сумын 7 дугаар багт ээж Ичинхорлоогийн гэрээс гараад харих гэж явж байсан. тэгэхэд намайг араас Эрхэмбаяр хөөе байж бай гэсэн. Тэгээд Эрхэмбаяр над дээр ирээд мөнгө өгөөдөх гэхэд нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгэхэд архи аваад өг гөлөг минь гэхээр нь чадахгүй гэхэд миний хоолой боосон. Ноцолдож байгаад намайг тавихаар нь гэр лүүгээ гүйсэн. Тэгээд гэрийн хашааны гадна очоод ахиж ирээд бариад авахаар нь эргэж харахад гараараа зүүн нүдний хөмсөг хэсэгт цохисон. Тэгээд би муухай орилоход гэрээс эхнэр Оюунсүрэн, хүү Гүндалай нар гарч ирээд салгасан. Эрхэмээг Мягмарсүрэн гэх залуу ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч ******* “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цагийн орчим манай хашааны гадна хүмүүс маргалдаад байхаар гэрээс гартал 2 хүн гудамж уруудаад явчхаж байгаа бололтой байсан. Манай нөхөр Лхагвасүрэнгийн толгой хэсгээс нь цус гарчихсан хашааны үүдээр ороод ирэхэд хүү Гүндалай аавыгаа авч яваад эмнэлэгт цэвэрлэгээ хийлгээд оёдол тавиулчихаад манай хадам ээжийнд очиж хоносон гэсэн. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад 2 залуу таараад нэг залуу нь намайг зодчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч О.Гүндалайгийн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө би гэртээ унтах гээд хэвтэж байтал Мөөжгөө гээд хашааны гаднаас хүн орилсон. Гараад очтол хашаан дотор нэг хүнийг Эрхэмбаяр араас нь тэврээд газар унагаад дарчихсан байсан. Тэгэхээр нь салгатал манай аав байсан. Эрхэмбаярыг настай хүн яаж байгаа юм бэ гэхэд над руу бас дайраад зодох гээд байсан.  Тэгээд би аавыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмч толгойг нь цэвэрлээд 4-5 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/,  хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №249 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дугаартай дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд “... Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаяр нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-2 хорооллын 5 дугаар гудамжны орчим *******г зодож зүүн хөмсөг хэсэгт шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний зөрчигдсөн эрх нь эрүүл мэндийн халдашгүй байдал, гэмт хэргийн объектив  тал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохих этгээд нь 16 насанд хүрсэн Монгол улсын иргэн байхыг шаарддаг бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “... Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******, гэрч Д.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Сэнгэ овогт Цэндмаагийн Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө боон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР