| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0348/И |
| Дугаар | 131/ШШ2018/00211 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2018/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б,
Хариуцагч: Д.Д нарт холбогдох өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч О.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.А миний бие 2016 оны 02 сарын 29-ний өдөр хариуцагч О.Б, Д.Д нарын хүсэлтээр өмгөөллийн гэрээ байгуулсан.
Тус гэрээний дагуу хариуцагч Л.Г, П.М нарт холбогдох 41.000.450 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч О.Бын өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Ингээд шүүхийн ажиллагаа явагдаж 2016 оны 11 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гарч тус хэрэг нь дуусгавар болсон.
О.Б, Д.Д нар нь 2016 оны 02 сарын 29-ний өдөр байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг төлөх байснаас 1.000.000 төгрөгийг 2016 оны 03 сарын 21-нд бэлнээр төлсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байх тул Хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний үлдэгдэл үнэ 5.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч Ц.А нь үйлчлүүлэгч О.Б, Д.Д нартай өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан байдаг юм. Ингээд 2016.02.29-нд гэрээ байгуулж өмгөөллийн хөлсийг 6 сая төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч талаас энэ гэрээг өмнө 2013 оны хэрэг маргааны үргэлжлэл буюу нөхөн байгуулсан гэрээ гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаагаар бол Л.Г нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож байгаад энэ асуудал УДШ-ийн хуралдаанд орсноор дуусгавар болсон. Гэтэл О.Б нар тодорхой хугацааны дараа хүсэлт тавиад ахин гэрээ байгуулж анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлүүлье энэ гэрээгээ 6 сая төгрөгөөр тохиролцое гэснээр гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Энэ гэрээ байгуулагдсанаар талууд анхан шатны шүүх хуралдаанд оролцож өмгөөлөгчийн тусламжтайгаар эвлэрснээр энэ ажиллагаа дуусгавар болсон байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо бол байсан. Өмгөөлөгчийн тусламжтай энэ хэрэг дуусгавар болсон юм. Гэтэл үйлчлүүлэгч нар нь урьдчилгаа болох 1 сая төгрөгөөс өөр төлбөр өгөөгүй юм. Иймд гэрээний үлдэгдэлийг алдангийн хамт нэхэмжилсэн. Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх үед өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ урьдчилан амлалт өгөх үүрэггүй байдаг. Л.Г нарын нэхэмжлэлтэй хэргийн хувьд Ц.А нь өмгөөлөх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн байдаг юм. 2016 онд байгуулсан гэрээний дүн 6 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг гэрээ байгуулах үедээ авсан байдаг юм. Дансаар авсан гэдэг юм. Ингээд 5 сая төгрөгөө аваагүй гэж нэхэмжилж байгаа. Л.Г нарын нэхэмжлэлтэй хэргийн хувьд 2013 онд УДШ дээр өмгөөлсөн асуудал бол тусдаа тэр үедээ мөнгөө өгч аваад дуусгавар болсон. Гэрээ байгуулаагүй харилцан тохиролцоод явсан юм билээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгч нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийхдээ шүүхийн шат шатанд гэрээ байгуулна гэсэн зүйл байхгүй боловч талууд тохиролцоод шийдээд явдаг жишиг байгаа. Энэ хэргийн хувьд үйлчлүүлэгч нар нь УДШ-дээр өмгөөлөөд өгөөч гэж анх тохиролцоод энэ асуудал тэр үедээ дуусгавар болсон юм. Тэгээд 2016 онд дахин гэрээ хийж өмгөөлсөн гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн О.Б миний бие иргэн Л.Г, П.М нартай холбоотой иргэний хэрэгт УБ хотоос өмгөөлөгчдийн холбооны жагсаалтаас Ц.Аг өмгөөлөгчөөр сонгон ажиллуулсан. Энэ хэрэг 4 жил үргэлжилж 2016 оны 12 сард эвлэрлээр дууссан билээ. Өмгөөлөгч Ц.Аг өмгөөлөгчөөр анх авахдаа хэргийг манай талд өмгөөлж чадвал найман сая төгрөгөөр өмгөөлүүлэхээр тохиролцож урьдчилгаанд дөрвөн сая төгрөгийг нь өгөөд тухайн үедээ 1 удаа л шүүх хуралдаанд оролцуулсан.
2013, 2014, 2015 онуудад тус хэрэг нь таг чиг байсан. 2016 оны дунд үеэс бид УБ хотод биечлэн очиж хөөцөлдөж Ц.Атай уулзан түүнд өмгөөллийн хөлсөнд нэг сая төгрөгийг нэмж нийтдээ таван сая төгрөг төлж 2 удаа шүүх хуралд оруулсан. Бид Ц.Агаас өмгөөлөл хууль зүйн тусламж зөвлөгөө хангалттай авч чадалгүй явсны эцэст аргаа барахдаа уг хэргийг эсрэг талын нэхсэн эвлэрлээр буюу таван сая төгрөг Л.Г, П.М нарт төлөхөөр эвлэрснийг Ц.А өөрөө мэдэж байгаа. Дээрх хэргийн нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр манай талд шийдэгдэх бүрэн боломжтой байсан гэж бид үзэж байгаа. Өөр хуулийнхан ч бас тийм гэж үзэж байгаа. Ц.А өмгөөлөгчид өгсөн 5 сая төгрөг нь дээрх хэрэгт хийсэн ажилбаруудад хангалттай төлбөр гэж үзэж байна. Гэрээний тухайд энэ гэрээний үүрэг биелэгдээгүй, хэрэг манай талд шийдэгдээгүй учраас үйлчилгээний хөлсөнд 1 сая төгрөг илүү төлсөн. Ц.А өмгөөлөгчийн санхүүгийн мэдлэг муу, ажлын туршлага дутмаг, өмгөөлж байгаа хүнийхээ материалтай танилцдаггүй, хөдөөний биднийг үл тоосон байдал нь энэ хэрэгт байгаа материалын бүх тооцооноос нь бүх зүйл нь тодорхой илт илэрхий харагдаж байгаа нь уг хэргийг өмгөөлөхдөө хайнга хандсан, сэтгэлээсээ ажиллаагүйд нь гомдолтой байна..гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгч Ц.А нь өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохирсон үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, үүргээ дутуу биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр манай тал 20 сая гаран төгрөг авахаар байхад эсрэгээрээ 5 сая төгрөг эсрэг талдаа өгөхөөр шийдвэрлүүлсэн. Тэгээд үүнийгээ мэдээд тэр үедээ танайхаас дахин мөнгө авахгүй 4-5 сая төгрөг авчихлаа гэж байсан юм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна..гэв.
Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 онд Л.Г, П.М нар нь бидэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу өмгөөлөгч Ц.Атай анх ярьж тохиролцон өмгөөлөгчөөр авч байсан. Энэ үед хэрэг УДШ-дээр хянагдаж байсан. Тэр үед өмгөөлөгч УБ хотод байсан учир гэрээ байгуулж амжаагүй. Ингээд хэрэг анхан шатны шүүхэд буцахад өмгөөлөгч энэ хэрэгт анхан шатанд оролцож байсан. Тэгээд энэ хэрэг түдгэлзээд 2 жил гаран сураггүй байсан. Тэгээд 2016 онд дахин сэргээгдээд дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдэх үед гэрээ байхгүй байна гээд шүүгчийн туслах нь ярьсан тул 2016 онд нөхөж өмнө нь тохирсон хэмжээгээр буюу 6 сая төгрөгөөр гэрээ байгуулсан юм. Энэ 6 сая төгрөгийн 1200.000 төгрөгийг 2013 оны 03 сарын 15-нд Ц.Агийн дансанд ажлын хөлс гэж хийсэн бол Дашбат гэж найзаасаа өмнө нь зээлж аваад дүү Отгонсүрэнгээр дамжуулан өгсөн байсан 2800.000 төгрөгөө 2013 оны 03 сарын 15-ны өдөр Дашбатад буцаан шилжүүлсэн юм. 2016 оны 03 сарын 21-ний өдөр 1.000.000 сая төгрөгийг Ц.Ад бэлнээр өгсөн. Ингээд 1 сая төгрөгийн үлдэгдэл байсан боловч Ц.А нь өөрөө энэ мөнгөө авахгүй гэсэн тул өгөөгүй. Одоо 1.000.000 төгрөгөө өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ хэмжээнд эвлэрч болно.2013 онд бид Ц.Атай гэрээ байгуулж байсан боловч 2016 онд дүүргийн шүүхийн туслахаас утсаар яриад гэрээ байхгүй байна гэхээр нь 2016 оны 02 сард нөхөж гэрээ байгуулсан юм.. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчийн тайлбарууд, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч О.Б, Д.Д нарт холбогдуулан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Нэхэмжлэгч Ц.А нь О.Б, Д.Д нартай 2016 оны 02 сарын 29-ний өдөр өмгөөллийн гэрээ байгуулж иргэн Л.Г, П.М нарын нэхэмжлэлтэй О.Б нарт холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж шүүхээр уг хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл өмгөөлөгчөөр оролцож өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 6.000.000 төгрөг өгч, авахаар тохиролцон гэрээг бичгээр байгуулжээ.
Үйл баримтаар зохигчид нь өмгөөллийн гэрээг бичгээр байгуулж, хөлс төлөхөөр тохиролцон, Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 183/ШШ/2016/01154 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Л.Одончимэг, Л.Г, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагын 36.450.000 төгрөгөөс татгалзаж, 5.000.000 төгрөг авахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг авч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг аваагүй тул алдангийн хамт нэхэмжилнэ гэсэн бол хариуцагч нар нь гэрээ байгуулахаас өмнө 4 сая, ажиллагааны явцад 1 сая нийт 5 сая төгрөг өгсөн, 2013 онд үүссэн иргэний хэрэг маргаанд өмгөөлж байсан өмгөөлөгч Ц.А нь 2016 онд нөхөж гэрээ байгуулсан гэж маргажээ
Эндээс үзвэл зохигчдын дунд Иргэний хуулийн 359 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагчид гэрээний хүчин төгөлдөр эсэхэд тайлбар, шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 360 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.., 359.2-д Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно..гэснээс үзвэл хариуцагч нар нь өмгөөлөл, хууль зүйл туслалцаа авахаар, нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үзүүлэх үүрэг хүлээн хөлсөөр ажиллахаар тохиролцон, өмгөөллийн гэрээ байгуулж, зохигчид хүсэл зоригоо харилцан илэрхийлжээ.
Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно..гэснээс харвал гэрээгээр тохиролцож хөлсийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлагадаа хариуцагч нар нь өмгөөлөгч Ц.Атай өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлцэл тохиролцоог 2013 оны 05 сарын 16-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлүүлэхээр тохиролцож өмгөөллийн хөлсөө тухайн үед төлсөн тул энэ харилцаа дуусгавар болсон, 2016 оны 02 сарын 29-ний өдөр дахин шинэ гэрээ хийснээр шаардах эрх үүссэн.. гэх шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар хариуцагч О.Б, Д.Д нар нь 2013 оны 03 сарын 15-ны өдөр ХААН банкин дахь О.Бын ******* дугаар данснаас Ц.Агийн ******* дугаар дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн байна.
Мөн 2013 онд хариуцагч нар нь өөрийн дүү болох Д.Отгонсүрэнгээр дамжуулан найз гэх Б.Дашбатаас бэлнээр 2800.000 төгрөг авахуулж Ц.Ад шилжүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, ХААН банкин дахь О.Бын ******* дугаар дансны мэдээлэл зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ц.А нь хариуцагч нартай 2016 оны 03 сарын 21-ний өдөр гэрээ хийхдээ 1.000.000 төгрөгийг авсан гэсэн бол хариуцагч нар нь мөн өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн тухай тайлбарлажээ.
Эндээс үзвэл хариуцагч О.Б, Д.Д нар нь 2013 онд Ц.Ад өмгөөллийн хөлс 5 сая төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч нь 2013 онд хариуцагч нараас авсан 5 сая төгрөгийг зөвхөн Улсын дээд шүүхийн хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсоны хөлс гэж авсан гэх боловч энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Учир нь зохигчдын хооронд 2013 оны 05 сарын 16-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлүүлэхээр 4 сая төгрөгийн гэрээ хийсэн гэх зүйл байхгүй, Улсын дээд шүүхийн дээрх хуралдаанаас Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 сарын 11-ний өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж буюу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн нь Улсын дээд шүүх энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй буюу зохигчдын гэрээгээр тохиролцсон зүйл болох Л.Г, П.М нараас нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэл өмгөөлөгчөөр оролцох гэрээний зорилт биелэгдээгүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө..гэснээс үзвэл өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гэрээний харилцаа дуусгавар болох үед нөхөн хийж үнийг төлж болохоор байна.
Иймд шүүх хариуцагч нарын тайлбар, татгалзал болох 2013 онд өмгөөлөгч Ц.А, хариуцагч О.Б, Д.Д нарын дундах өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх харилцаа нь 2016 оны 02 сарын 29-нд нөхөн гэрээ хийснээр үргэлжилсэн байна гэж дүгнэсэн тул гэрээний үнийн 6.000.000 сая төгрөгөөс 5.000.000 сая төгрөг төлөгдсөн гэж үзэн төлбөрийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг алданги 100.000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 30950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б, Д.Д нараас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 1.100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 30950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан тус шүүхийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 131/ШЗ2017/01393 дугаар захирамжийн үйлчлэл энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хүчинтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ