Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/092

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа

Шүүгдэгч: Б.Түмэн-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000107 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зана овогт Батбаярын Түмэн-Өлзий, регистрийн дугаар: *************

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь 2022 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг 70-28 тоотод иргэн Э.Мөнхбаатартай маргалдсаны улмаас цээжин тус газар хутгаар зүсэж, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой би гэртээ байж байсан чинь манай хаалгыг хүн тогшихоор нь би хаалгаа онгойлгосон чинь манай хажуу талын Э.Мөнхбаатар 0.5 граммын шилтэй экс гэсэн нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд Э.Мөнхбаатар ах бид хоёр манай гэрт тэр архийг хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад бид хоёр хоол хийж идье гэж байж байгаад би дэлгүүр лүү яваад 0.33 граммын “Соёрхол” нэртэй нэг шил архи авчраад тэрийг бид хоёр хувааж уусан. Тэгээд сүүлийн 0.33 граммын архийг хувааж ууж байхад манай гэрт байсан эвхдэг цагаан иртэй хутгыг Э.Мөнхбаатар ямар гоё хутга вэ гээд гар дээрээ эргүүлээд тоглоод байсан. Тэгж байж байгаад манай бурхны хажууд байсан 23,000 төгрөг алга байхаар нь би мөнгө хаачив гэхэд Э.Мөнхбаатар би мөнгө аваагүй гээд бид хоёр маргалдсан. Би мөнгө байсан газраа үзсэн чинь тэр алга болсон мөнгө бурхны хажууд уначихсан байсан. Би мөнгө байна гэсэн чинь Э.Мөнхбаатар надаар тоглолоо гээд уурлаад Э.Мөнхбаатар хутгаа бариад босоод ирсэн. Бид хоёр хутга булаалцалдаж байгаад бид хоёр буйдан дээр унасан, босож ирээд хутгыг аваад ширээн дээр тавьсан, босчихсон байхад Э.Мөнхбаатар чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь би харсан чинь цээжнээс нь цус гарч байсан. Би гарч гүйгээд түргэн тусламж дуудсан... тэр үед манай гэрт Э.Мөнхбаатар бид хоёр байсан... Би Мөнхбаатарт 500,000 төгрөг өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Хохирогч  Э.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр орой 19 цагийн үед нэг шил архи авч хажуу айл болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг 70 байрны 28 тоот айлын хаалгыг цохисон. Хаалга Б.Түмэн-Өлзий онгойлгож өгсөн. Би уг нь аав, ээж хоёртой уулзах гэж орсон юм. Б.Түмэн-Өлзийгийн аав, ээж хоёр нь Улаанбаатар явсан байсан. Б.Түмэн-Өлзий бид хоёр нэг шил архи ууж дуусаад байхад Б.Түмэн-Өлзий гарч явснаа дахин нэг шил 0.33-тай архи авч өгч хувааж уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байтал нэг мэдсэн шатан дээр цээжнээс цус гарч гараараа дараад сууж байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирж би эмнэлэг дээр ирж цээжиндээ нэг оёдол тавиулсан... Миний биеийн зүүн хөхний суга орчим хутгаар хутгалж би нилээд цус алдсан байсан. Хоол хийнэ гэж Б.Түмэн-Өлзий яриад, хутга гаргаж тавьсан хутгаар хутгалсан байх. Б.Түмэн-Өлзий бид хоёр хоёулаа байсан өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Толгой эргээд босож чадахгүй байна. Цус нилээд алдсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 /,

Гэрч Б.Тэнгисболдын мөрдөн байцаалтад өгсөн

Би тэр үед гэртээ орж ирээд амарч байхад манай гэрийн хаалга нүдэж би онгойлгож өгөхөд Б.Түмэн-Өлзий ах орж ирээд ах нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Би юу болов гэж асуухад намайг дагуулж гэртээ болох 28 тоот хаалга онгойлгож тэдний гэрт ороход үүдэн дээр цээжнээс цус гарчихсан хүн байсан. Би алчуур авч цээж дээр тавьж, эмч дуудаж оёх хэрэгтэй байх гэхэд цагдаа ирнэ шүү дээ цагдаа дуудах  гэлээ гэж хэлээд намайг барьж авсан. Тэгж байхад эхнэр н.Сувдмаа ирж би “цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаа болон түргэн ирж үзэж нөгөө манай давхарт байх Э.Мөнхбаатар ахыг авч явсан... Цээжнээс нь цус гарч байсан. Шар бариултай хутгаар хутгалсан гэж зааж байсан. Тэр хутга нь хүрэн ширээн дээр байсан санагдаж байна. Э.Мөнхбаатар, Түмэн-Өлзий хоёр ухаантай байх шиг санагдсан. Надад ямар юмнаас болж маргалдсан талаар бол хэлж яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 /,

 Гэрч Н.Сувдмаагийн мөрдөн байцаалтад өгсөн

Би нөхрийн хамт унтаж байхад хаалга нүдэж манай нөхөр болох Б.Тэнгисболд хаалга онгойлгож өгөхөд манай нөхрийн хамаатан ах болох Б.Түмэн-Өлзий хаалга цохисон байсан. Тэгээд манай нөхрийг хамт дагуулж гарсан. Б.Түмэн-Өлзий ахын гэр нь манай нэг орц нэг давхарт хажуу талын 28 тоотод байдаг юм. Би нөхрийнхөө араас Б.Түмэн-Өлзий ахын гэрт ороход нэг хүн цус алдсан, манай нөхөртэй Б.Түмэн-Өлзий ах барилцаж аваад зогсож байсан. Нөхөр Б.Тэнгисболд “цагдаа дууд” гэж хэлэхэд цагдаад дуудлага өгсөн. Манай хажуу хөрш айл болох Э.Мөнхбаатар гэх хүний цээж хэсгээс цус гарч байсан... Б.Түмэн-Өлзий ах “би хутгалсан юм” гэж хэлээд байсан. Б.Түмэн-Өлзий ахын гэрт намайг ороход манай нөхөр Б.Тэнгисболд, Э.Мөнхбаатар, Б.Түмэн-Өлзий нар байсан өөр хүн тэнд байгаагүй. Б.Түмэн- Өлзий ах хэлэхдээ намайг унтаж байхад Э.Мөнхбаатар гэх хүнийг архи барьж ирээд маргаад ийм зүйл боллоо гэж хэлээд байсан өөр зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шинжээчийн

1. Э.Мөнхбаатарын биед цээжний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно ... гэх дүгнэлт /хх-ийн 24-30/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шинжээчийн ... хохирогч Э.Мөнхбаатарын цамц 50,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 60,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 119/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжлэгдэж буй хутга дээрээс гарын мөр илрэхгүй байна.
  3. Гарын мөр илрэхгүй байх тул 3-р асуултад хариулах боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 124-126/

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01-02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 35-36/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 140/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, Хаан банкны 5249127144 дугаар дансны хуулга /хх-ийн 49-62/, шүүгдэгчийн депозит дансны хуулганууд /хх-ийн 64-68/, оршин суугаа хаягийн тодорхойлол /хх-ийн 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол /хх-ийн 72-74/, Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ий 79-83/,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 745 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-91/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 97-100/,  эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 102/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 104-105/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 108/, Хас банкны 5000150834 тоот дансны хуулга /хх-ийн 129/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг 70-28 тоотод иргэн Э.Мөнхбаатартай маргалдсаны улмаас цээжин тус газар хутгаар зүсэж, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатан хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хохирогч Э.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 13-15 /, гэрч Б.Тэнгисболдын мэдүүлэг /хх-ийн 16 /, гэрч Н.Сувдмаагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 /,        Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шинжээчийн .... Э.Мөнхбаатарын биед цээжний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 24-30/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шинжээчийн ... хохирогч Э.Мөнхбаатарын цамц 50,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 60,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 119/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар шинжээчийн .... шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 124-126/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Түмэн-Өлзийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь хохирогч Э.Мөнхбаатарын биед цээжний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 24-30/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Э.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаар шүүгдэгч  нь хохирогчийн биед Э.Мөнхбаатарын биед цээжний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Э.Мөнхбаатарт нь Б.Түмэн-Өлзийгийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Түмэн-Өлзий нь хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Хас банкны 5004845976 тоот дансанд 602,860,00 төгрөг үлдэгдэлтэй зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналын хүрээнд,  шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан шүүгдэгч Б.Түмэн-Өлзийг  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ажлын хэсгийн урт нь 9,7 см, нийт 22 сам урттай хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг .... зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж,

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Түмэн-Өлзийгийн эзэмшлийн “ ...72 инчийн самсунг нэртэй LCD  зурагт 1 ширхэг..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд буцаан олгож,

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч ******************************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Түмэн-Өлзийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.Түмэн-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ...ажлын хэсгийн урт нь 9,7 см, нийт 22 см урттай хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг ... зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Түмэн-Өлзийгийн эзэмшлийн “ ...72 инчийн самсунг нэртэй LCD  зурагт 1 ширхэг..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд буцаан олгосугай.

9.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түмэн-Өлзийд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА