Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/399

 

 

 



 

     2018          05            08                                        399

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч А.Мөнхзул (томилолтоор)

хохирогч Э.Х...........н,

шүүгдэгч Ц.Н...............үй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Аатынхан овогт Ц...........лийн Н...............үйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0170 20387 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Аатынхан овогт Ц...........лийн Н...............үй, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн ............................. оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ...........................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Ц.Н...............үй нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 19 цаг 30 минутын үед такси үйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн ...........................н байрны гадна хүргүүлсэн иргэн Э.Х...........нг “таны машинд цүнхээ орхиж буугаад, гэрийнхээ түлхүүрийг ахдаа өгчихөөд гараад ирье” гэж хэлэн автомашинд цүнхтэй эд зүйлсээ орхиж буусныг мэдсээр байж түүний цүнхэнд байсан биет 360.000 төгрөг, цүнхтэй эд зүйлс болох хувцас, гоо сайханы хэрэгсэл, бичиг баримт зэргийг авч завшсаны улмаас бусдад нийт 534.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг

  1. Шүүгдэгч Ц.Н...............үй шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хэрэг гардаг өдөр би таксинд явж байгаад хохирогчийг Депогийн автобусны буудлын хажуугаас гар өргөхөөр нь авсан. Тэгээд Залуус хороолол ороод...цаашаа толгойт яван гэж хэлсэн. Тэгээд хохирогч нь залуус хорооллын гадна очоод түлхүүрээ ахдаа өгчихөөд ирье гээд орсон. Тэгээд гадна машины зогсоол дүүрсэн байсан учраас намайг хөөгөөд байсан. Тэгээд би залуус хорооллын хашааны гадна гараад хохирогчийг 4-5 минут орчим хүлээсэн. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би яваад өгсөн явахдаа би цүнх байгаа гэдгийг мэдээгүй. Тэгээд шөнийн 22 цагийн үед машинаа арчиж байгаад цүнх байхыг нь хараад мэдсэн. Хар цүнхтэй зүйл байсан. Харин тортой хувцас байхгүй байсан...” гэв.
  2. Хохирогч Э.Х...........н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...: 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Содон хорооллын дэлгүүрээс хүүхэдтэй хувцас аваад толгойт руу гэр рүүгээ явж байсан. Тэгээд манай ах над руу утсаар яриад түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд такси барих гээд зогсож байхад шүүгдэгч Н...............үй нь такси авах уу гэж хэлэхээр нь би түүний машинд суугаад явсан. Тэгээд залуус хорооллын гадна очоод би түлхүүр оруулж өгчихөөд ирье гэж хэлээд машинаас буусан. Тэгээд би түлхүүрээ оруулж өгчихөөд гараад ирсэн чинь Н...............үй нь байхгүй байсан. Би Залуус хороолол руу ороод 4-5 минут болсон байгаа. Тухайн үед Н...............үйд цүнхтэй эд зүйлээ үлдээлээ гэж хэлсэн байгаа. Хэрэг болсноос хойш 1 сар гарна хугацаа өнгөрч байхад миний хохирлыг барагдуулахгүй байгаа тул хохирлыг бүрэн гаргуулж авах хүсэлттэй байна...” гэв.

  Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Х...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Депогийн автобусны буудлын урдаас хар хөх өнгийн “Prius 20” маркийн машинд гар өргөж суугаад...Залуус-1 хороолол орохоор машины арын суудал дээр суугаад явсан. Замд явж байхдаа би Залуус-1 хороололд орчихоод цаашаа Толгойт хүргүүлнэ гэж хэлээд нэг км-г нь 800 төгрөгөөр тохиролцсон. Залуус хороололд очоод жолоочид нь хандаж би цүнхтэй юмаа үлдээгээд гэрийнхээ түлхүүрийг ахдаа өгчихөөд гараад ирнэ, ...эргээд зогсож байгаарай гэж хэлтэл жолооч за гээд үлдсэн. Тэгээд би машинаас буугаад Залуус хорооллын 6 дугаар орцны 1003 тоотод байдаг ах П...........ууд түлхүүр өгчихөөд гараад иртэл нөгөө “Prius 20” маркийн машин явчихсан байсан. ...би тухайн өдөр 17 цагийн орчим Сансар худалдаа үйлчилгээний төвөөс онлайнаар захиалж авсан 44.900  төгрөгийн үнэтэй гар цүнхээ аваад, Содон хорооллын хүүхдийн хувцасны тасгаас хүүхдийн саарал өнгийн хавар намрын куртекийг 33.000 төгрөгөөр худалдаж аваад, мөн хүүхдийн биеийн тамирын өмдийг дээр давхраас 20.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан байсан. Мөн би тэр өдөр хар өнгийн нэг мөрний оосортой арьсан цүнхтэй явсан ба уг цүнхэн дотор миний иргэний үнэмлэх, эмээ П.Сэлэнгийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хадгаламжийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрийн түлхүүр, уруулын будаг, үнэртэй ус, пүдэр, хөмсгөний харандаа, утасны дугаартай үүр, эмээгийн тэтгэврийн мөнгө болох 360.000 төгрөг байсан. Тэр өдөр би эмээгийн тэтгэврийн мөнгө болох 460.000 төгрөгтэй байснаас 100.000 төгрөгөөр нь хүүхэддээ дээрх эд зүйлийг худалдаж авсан байсан....”

“...миний гар цүнхэн дотор байсан миний иргэний үнэмлэх, эмээ П.Сэлэнгийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хадгаламжийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гэрийн түлхүүр, уруулын будаг, үнэртэй ус, пүдэр, хөмсгөний харандаа, утасны дугаартай үүрийг хүлээж авсан. Одоо...би онлайнаар ...худалдаж авсан гар цүнх, хүүхдийн саарал өнгийн хавар намрын куртек, хүүхдийн биеийн тамирын өмд, бэлэн 360.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19),

2.Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 24-26),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5),

4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 30),

5.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 31)

6. Шүүгдэгч Ц.Н...............үйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 19 цаг 30 минутын үед халтуур буюу таксинд хүн зөөж байсан ба Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Депогийн автобусны буудал дээр нэг эмэгтэй гар өргөхөөр нь зогсож тэр хүнийг авсан. Тэгээд хашаа явах юм бэ гэхэд залуус хороолол орчихоод цаашаа Толгойт явна, 1 км-г нь 800 төгрөгөөр явж байгаа биздээ гэж хэлэхээр нь тийм гэж хэлээд...залуус хороолол очсон. Тэгээд байрны гадна ирэхэд тэр эмэгтэй би түлхүүрээ өгчихөөд гараад ирье тэгээд толгойт явья гэхээр нь за гэж хэлээд би машиндаа суугаад хүлээж байсан. Тэгээд хүлээж байтал араас машин ирээд байхаар нь би зогсоолын тойроод эргээд гарсан ба тэгээд баруун талд нь гараад зогссон. Тэгээд бараг 10 гаран минут зогсоод гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Тэгээд явж байгаад Цамбын автобусны буудал дээр очиж зогсоход нэг эгч гар өргөж суугаад Цамбын хойд талын дэнж орно гэж суугаад буцаад явж байгаад Хархорингийн уулзвар дээрээс 3 хүн аваад хорооллын эцэст хүргэж өгсөн. Тэгээд хорооллоос бас 2 эмэгтэй аваад 5 шар дээр буулгаад машинаа арчаад зогсож байгаад хойд суудал дээр жижиг гар цүнхтэй эд зүйл байхаар нь харахад Залуус хороололд буусан охины цүнх байсан. Тэгээд доторхийг нь үзэхэд нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр, 2 иргэний үнэмлэх, үнэртэй ус, нүүрний маск 2 ширхэг, хуурай сальфетка, хаалганы түлхүүр, утасны гэр тэгээд дандаа 10000 төгрөгийн дэвсгэртээр нийт 320.000 төгрөг байсан. Тэгэхээр нь мөнгийг нь аваад бусад эд зүйлсийг нь цүнхтэй нь хамт машиныхаа тээшинд хийгээд мөнгөөр нь машиныхаа банкыг нь дүүргэж бензин хийгээд, үлдсэнээр нь найзуудтайгаа уулзаж гадуур явж өөртөө зарцуулаад дууссан. Ингээд 4 хоногийн дараа цагдаагаас над руу залгаад ирж уулз гэхээр нь уулзахад тэр охины юм гэдгийг хэлээд хурааж авсан...Тухайн үед тэр эмэгтэй машинд үлдээгээд буусан байсан. Гэхдээ би тухайн үедээ бол машинд үлдээснийг нь мэдээгүй хараагүй л сүүлд нь мэдсэн боловч мэдэхгүй байх гэж бодоод авчихсан юм...Надад...түлхүүрээ өгчихөөд гараад ирье гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байгаад ирэхгүй болохоор худлаа хэлчихлээ гэж бодоод яваад өгсөн...Мөнгийг нь үрчихсэн болохоор л тэгээд мөн “шунал хөдлөөд авчихсан” юм...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 47), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 48, 49) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Н...............үйд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Н...............үй нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 19 цаг 30 минутын үед такси үйлчилгээнд явж байхдаа, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Депогийн автобусны буудал орчмоос Залуус-1 хорооллын байрны гадна хүргүүлсэн иргэн Э.Х...........нгийн түүнд хандаж үлдээсэн эд зүйлийг дур мэдэн авч явж бусдад 534.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Э.Х...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Депогийн автобусны буудлын урдаас хар хөх өнгийн “Prius 20” маркийн машинд гар өргөж суугаад...Залуус-1 хороолол орохоор машины арын суудал дээр суугаад явсан. Замд явж байхдаа би Залуус-1 хороололд орчихоод цаашаа Толгойт хүргүүлнэ гэж хэлээд нэг км-г нь 800 төгрөгөөр тохиролцсон. Залуус хороололд очоод жолоочид нь хандаж би цүнхтэй юмаа үлдээгээд гэрийнхээ түлхүүрийг ахдаа өгчихөөд гараад ирнэ, ...эргээд зогсож байгаарай гэж хэлтэл жолооч за гээд үлдсэн. Тэгээд би машинаас буугаад Залуус хорооллын 6 дугаар орцны 1003 тоотод байдаг ах П...........ууд түлхүүр өгчихөөд гараад иртэл нөгөө “Prius 20” маркийн машин явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 24-26),

- Шүүгдэгч Ц.Н...............үйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 19 цаг 30 минутын үед халтуур буюу таксинд хүн зөөж байсан ба Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Депогийн автобусны буудал дээр нэг эмэгтэй гар өргөхөөр нь зогсож тэр хүнийг авсан. Тэгээд хашаа явах юм бэ гэхэд залуус хороолол орчихоод цаашаа Толгойт явна аа, 1 км-г нь 800 төгрөгөөр явж байгаа биздээ гэж хэлэхээр нь тийм гэж хэлээд...залуус хороолол очсон. Тэгээд байрны гадна ирэхэд тэр эмэгтэй би түлхүүрээ өгчихөөд гараад ирье тэгээд толгойт явья гэхээр нь за гэж хэлээд би машиндаа суугаад хүлээж байсан. ... 10 гаран минут зогсоод гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн. ...5 шарын буудал дээр...машинаа арчаад зогсож байхад хойд суудал дээр жижиг гар цүнхтэй эд зүйл байхаар нь харахад Залуус хороололд буусан охины цүнх байсан. Тэгээд доторхийг нь үзэхэд нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр, 2 иргэний үнэмлэх, үнэртэй ус, нүүрний маск 2 ширхэг, хуурай сальфетка, хаалганы түлхүүр, утасны гэр тэгээд дандаа 10000 төгрөгийн дэвсгэртээр нийт 320.000 төгрөг байсан. Тэгэхээр нь мөнгийг нь аваад бусад эд зүйлсийг нь цүнхтэй нь хамт машиныхаа тээшинд хийгээд мөнгөөр нь машиныхаа банкыг нь дүүргэж бензин хийгээд, үлдсэнээр нь найзуудтайгаа уулзаж гадуур явж өөртөө зарцуулаад дууссан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Н...............үй нь хууль зүйн хувьд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хохирогчийн эд зүйлсийг, 10 гаран минут хүлээгээд гарч ирээгүй гэдгээр шалтаглан, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр авч явж хохирогчид 534.300 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан итгэмжлэн хариуцуулах гэдэг нь хэн нэгэн этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг өөр бусад хүнд албан ёсоор хэлж, захиж үлдээснийг ойлгох ба завших гэдэг нь тухайн буюу бусдын хөрөнгийг хувьдаа ашигласан ойлгоно.

Тиймээс шүүгдэгч Ц.Н...............үйг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Н...............үй нь хэдийгээр надад үлдээгээгүй, би мэдээгүй, машинаа арчаад зогсож байхдаа машинд орхисон эд зүйлсийг мэдсэн гэх боловч энэ нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр эмэгтэй би түлхүүрээ өгчихөөд гараад ирье тэгээд толгойт явья гэхээр нь за гэж хэлээд би машиндаа суугаад хүлээж байсан. ...цүнхэн доторхийг нь үзэхэд нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр, 2 иргэний үнэмлэх, үнэртэй ус, нүүрний маск 2 ширхэг, хуурай сальфетка, хаалганы түлхүүр, утасны гэр тэгээд дандаа 10000 төгрөгийн дэвсгэртээр нийт 320.000 төгрөг байсан. Тэгэхээр нь мөнгийг нь аваад бусад эд зүйлсийг нь цүнхтэй нь хамт машиныхаа тээшинд хийгээд мөнгөөр нь машиныхаа банкыг нь дүүргэж бензин хийгээд, үлдсэнээр нь найзуудтайгаа уулзаж гадуур явж өөртөө зарцуулаад дууссан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Х...........нд 534.300 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ц.Н...............үй нь хохирогчид эд зүйлийн үнэлгээний 4, 5, 7-9 дэх дэс дугаарт дугаарлагдсан нийт 68.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч, бэлэн 310.000 төгрөг буюу нийт 378.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул үлдэх хохирол болох 156.000 шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Н...............үйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Н...............үйд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ц.Н...............үйд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус ялын хэмжээг 240 цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлд зааснаар Ц.Н...............үй нь  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0170 20387 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Аатынхан овогт Ц...........лийн Н...............үйг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Н...............үйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н...............үй нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н...............үйгээс 156.000 (нэг зуун тавин зургаан мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 (нэг) сарын дотор гаргуулж хохирогч Э.Х...........нд олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ