Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/367

 

 

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогч ...Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангинй 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-д холбогдох эрүүгийн 2121002430347 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ...тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж байсан, О овогт ... Б/РД: .../

 

Шүүгдэгч ... Б нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Захиргааны байрны хойд талд байрлах иргэн ...Б эзэмшлийн байрны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, монетон ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5.682000 (таван сая зургаан зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан, мөн байшингаас 1.200000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан,

-2021 оны 08 сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах авто машины дугуйн худалдааны газраас хохирогч ...Г “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж бусдад 900.000 (есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ...Б гэрийн хаалганы цоожийг эвдэж дотогш орж эд зүйл авсан. Захаас машин хөлсөлж очоод хөргөгчийг нь ачих гэж байгаад хохирогчид баригдаад зугтсан. Мөн хохирогч ...Г гар утсыг хулгайлж авсан...гэв.

1. Хохирогч ...Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулмаар байна...гэв.

 

Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэн сум 6 дугаар багт байрлах ... Шүр захын баруун талын такси зогсоол дээр өөрийн Приус-20 маркийн цагаан өнгөтэй 00-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд зогсож байтал шар царайтай, туранхай 170 см өндөртэй хөх өнгийн цамцтай, хөх өнгийн өмдтэй, өнгийг нь санахгүй байна саравчтай малгайтай 40 орчим насны залуу миний машины жолоочийн хажуу талын суудал дээр суугаад "Ойрхон гэр рүүгээ хөргөгч ачаад буцаж ирэх юмаа" гэж хэлээд бид 2 хөдөлсөн улмаар Шүр захын зүүн талд байх улаан тоосгон байшингийн зүүн талд нь хашаагүй ногоон алаг модон жижиг байшинд очсон бөгөөд тэр байшингийн хаалга онгорхой байсан ба нөгөө залуу ороод саарал өнгийн 1.5 метр өндөртэй 2 хаалгатай хөргөгчийг миний машины арын хаалганд хийж байтал 50 орчим насны эмэгтэй иртэл нөгөө залуу "Манай эгч ирж байна" гээд гүйсэн нөгөө ирж байсан эмэгтэй бас араас нь гүйгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

 Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим ...би дугуйн худалдааны төв дээрээ ганцаараа сууж байхад манай дэлгүүрт гаднаас саравчтай малгайтай саарал өнгийн цамцтай бөлтгөр нүдтэй намхан бор залуугаас өөр хүн гаднаас орж ирээгүй. Би тухайн залууг дэлгүүрт орж ирэхээс өмнө хүн рүү мөнгө шилжүүлж байгаад цонхны тавцан дээр тавьсан гэдгээ сайн санаж байна. ...надаас дугуй асууж байгаад гараад явахдаа миний цонхны тавцан дээр үлдээсэн гар утсыг аваад явчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 100-101 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08, 91 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 95-97 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46-47 тал/

            - Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-29, 42-43, 108-109, 114 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар:  “CD” 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О овогт ... Бнь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Захиргааны байрны хойд талд байрлах хохирогч ...Бэзэмшлийн байрны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, монетон ээмэг, хар өнгөтэй индукцэн плитка, хөөрөг, виза карт зэрэг эд зүйлс хулгайлж 5682.000 /таван сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн байшингаас 1200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн 2 хаалгатай, 160 см өндөртэй хөргөгчийг хулгайлахыг завдсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвийн хойно үйл ажиллагаа явуулах авто машины дугуйн худалдааны газраас хохирогч ...Г “Huawei P-40” маркийн гар утсыг хулгайлж бусдад 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б, Г, гэрч Э, Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г-ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд болоод шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч  Г-ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б-д гэмт хэргийн улмаас нийт 5682.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүдэгч нь хохирогчид 620.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б-оос 5062.000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ... тоотод оршин суух, хохирогч Б /.../-д олгуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О овогт ... Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-оос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 5062.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын .... тоотод оршин суух, хохирогч Б овогт Б /...../-д олгосугай.

 

  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гуатуяад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ