Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2021/0003

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би М.Б.О.Т.Х.Х НҮТББ-аас Төв аймгийн Б  сумын З.Дд холбогдуулан  гаргасан “Төв аймгийн Б сумын З.Д-н 2011 оны А/66 дугаар захирамжийн Ц.Ө /РД:ЧИ58020801/, Б.Эн /РД:ШЕ63091000/, нарт холбогдох хэсэг, 2014 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дугаар захирамжийн Ж.М /РД:ФБ98111835/-д холбогдох хэсэг, 2016 оны А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

М.Б.О.Т.Х.Х НҮТББ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Манай байгууллага 2009 оноос байгаль орчин, уул уурхай, хүний эрхийн эрх зүйн орчны хэрэгжилтэд судалгаа, мониторинг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн өмгөөлөл хийх зэргээр ажиллаж байна.

Төв аймгийн Б сумын зарим иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгож байгаа, Ойн тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль зөрчиж байгаа эсэхэд судалгаа хийн, стратегийн өмгөөлөл хийхээр ажиллаж байна.

Төв аймгийн Б сумын Баянгол Түшээ гүний Кино ам хэмээх ойн сан бүхий газар, Газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр 2011 онд А/66, 2014 онд А/404, 2014 онд А/240, 2016 онд А/847, А/848, А/849 дугаар захирамжуудаар арван нэгэн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” газар өмчлүүлнэ гэж тус тус заасан байхад хуулийг зөрчин ойн сан бүхий газарт дээр дурдсан захирамжуудаар 11 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна. Мөн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх” гэж заасан байхад тус хуулийг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газрыг олгосон байна.

Иймд хууль зөрчсөн хууль бус захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй юм. Тус хууль бус захирамжаас болж байгаль орчинд хохирол учирч, хүрээлэн байгаа орчин, нийтийн өмч, нийтийн ашиг сонирхол ихээр хөндөгдөж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж заасан. Тиймээс хүрээлэн байгаа орчин, нийтийн өмч, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэл гаргасан болно. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан. Тус маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Б сумын З.Дд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй болно. Түүнчлэн Төв аймгийн З.Дд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 тоот гомдол гаргасан боловч Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07/697 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр маргаан бүхий захирамжийг сумын З.Д өөрөө хүчингүй болгох эрхтэй, гомдлоо Захиргааны хэргийн шүүхэд хандан гарга гэсэн хариу ирүүлсэн. Тиймээс хуулийн хугацаанд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно.

Иймд дээрх тайлбар, үндэслэлийг дүгнэж Төв аймгийн Б сумын З.Д-н 2011 оны А/66 дугаар захирамжийн Ц.Ө/РД:ЧИ58020801/, Б.Э /РД:ШЕ63091000/, нарт холбогдох хэсэг, 2014 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дугаар захирамжийн Ж.М /РД:ФБ98111835/-д холбогдох хэсэг, 2016 оны А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын З.Д Д.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Б.О.Т.Х.Х НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын З.Дд холбогдуулан гаргасан “Б сумын З.Д-н 2011 оны А/66, 2014 оны А/240, А/404, 2016 оны А/847, А/848, А/849 тоот захирамжуудаар заасан Кино ам хэмээх газарт олгогдсон 11 иргэнд холбогдох заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Хариуцагч Б сумын З.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг батлахад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ямар нэгэн баримт үндэслэл тогтоогдохгүй, мөн энэ хэрэгт гуравдагч этгээд татан оролцоогүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогчид тайлбарлахад, хариуцагч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б.О.Т.Х.Х НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын З.Д-д холбогдох Төв аймгийн Б сумын З.Д-н 2011 оны А/66 дугаар захирамжийн Ц.Ө /РД:ЧИ58020801/, Б.Э /РД:ШЕ63091000/, нарт холбогдох хэсэг, 2014 оны А/240 дугаар захирамж, 2014 оны А/404 дугаар захирамжийн Ж.М /РД:ФБ98111835/-д холбогдох хэсэг, 2016 оны А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б сумын З.Д хүлээн зөвшөөрснийг баталж, М.Б.О.Т.Х.Х НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Б сумын З.Дд холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

    

 

              

ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР