Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0062 |
Огноо | 2014-02-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2014/0062
2014 оны 02 сарын 05 өдөр Дугаар 62 Улаанбаатар хот
Иргэн Н.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.Ц-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Ц нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт заасан болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод заасан Төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тус тус хангахгүй байна
Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 16 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Ц-ийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 4 сар 21 хоногийн хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсон Н.Ц-ийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт (10.11. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно) заасан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргад тавигдах шаардлагыг хангахгүй байгааг шалган тогтоож, улмаар 2012 оны 349, 734 дугаар бичгээр Н.Ц-ийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилсон тушаалыг хүчингүй болгохыг манай газарт удаа дараа үүрэг болгосон.
Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 16 дугаар тушаалаар хууль зөрчиж Н.Ц-ийг томилсон өмнөх тушаалыг хүчингүй болгож хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болно.
Ийнхүү Н.Ц-ийг албан үүргээс нь чөлөөлөх үүргийг Төрийн албаны зөвлөлөөс албан бичгээр удаа дараа өгсөн тул уг хэрэгт Төрийн албаны зөвлөлийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлттэй байна.
2. Иргэн Н.Ц-ийн 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сар хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласныг төрийн хяналт шалгалтын байгууллагад ажилласан гэж үзэх үндэсгүй юм. Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт (33.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ) зааснаар аймгийн Засаг даргын ажлын алба бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт (3.1. Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ) заасан Төрийн хяналт шалгалтын байгууллагын тогтолцоонд хамаарахгүй юм. Иймд Н.Ц нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт заасан болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод заасан Төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тус тус хангахгүй байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Ц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 16 дугаар “хуулийн хэрэгжилтийг хангах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар Н.Ц-ийг томилсон тушаалыг хүчингүй болгохыг удаа дараа үүрэг болгосны дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, хуулийн хэрэгжилтийг хангасан” гэж тодорхойлж, маргажээ.
Н.Ц-ийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар тушаалаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд ингэж томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, 1 дүгээр байр эзэлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын дагуу томилж байжээ.
Эндээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд анх томилох үедээ захиргааны байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11-д заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаж, шийдвэр гаргах ёстой ба нэгэнт тухайн үед “хуулийн шаардлагыг хангасан” хэмээн бүртгэж, төрийн албаны шалгалтад оруулж, улмаар ажилд томилсныхоо дараа өмнөх шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь төрийн алба тогтвортой байх зарчимд нийцэхгүй.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийг ажилд томилох үндэслэл болсон Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн” гэх гомдлын тухайд: Маргаан бүхий “хуулийн хэрэгжилтийг хангах” тухай тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 349 тоот албан бичиг, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 тоот албан бичгийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 39.6-д заасан Төрийн албаны төв байгууллагын шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тогтоол гараагүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй ба энэ хүрээнд хуулийн шаардлага хангаагүй Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн гарсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 16 дугаар “хуулийн хэрэгжилтийг хангах” тухай тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Иймээс захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн албан бичиг хуулийн шаардлага хангаагүй тул “төрийн хяналт шалгалтын байгууллагад 3 жил ажилласан” эсэх тухай талуудын маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Хариуцагчаас “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдааны товыг хариуцагч талд 2014 оны 01 дүгээр сарын 28-нд мэдэгдсэн ба 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольж, И.М-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон атлаа, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд төлөөлж оролцох ажилтандаа чөлөө олгосон байгаа нь шүүх хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны бэлтгэл хангаж оролцох нь хариуцагчийн үүрэг болно.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.