Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2027

 

 

“Мияко” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мияко” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Түвшинтөрд холбогдох

 

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Төгсбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Төгсбилэг миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгат 10 байр 14 тоот 28 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болно. Гэрээ хийх үед төлбөрийг 100 хувь төлснөөр өмчлөгчийн нэрийг хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. Тухайн үед худалдан авагчийн хүсэлтийн дагуу түрээслэгчийн түрээсийн хугацааг дуустал төлбөр тооцоог хийж байрыг хүлээлцэхээр аман тохиролцоо хийсэн бөгөөд 12, 1, 2, 3 сарыг дуусталх төлбөр тооцоог дуусгаж байраа хүлээлцэхээр тохиролцсон. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тохиролцсон хугацаа дуусгавар болсон тул байраа чөлөөлүүлэхийг хүссэн хэдий ч гэрээний хугацаа 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл байгаа тул дахин сунгаж өгөхийг хүссэний дагуу хугацааг сунгасан. Гэвч 4 дүгээр сарын 17-ны хугацаа дууссан хэдий ч байрыг чөлөөлөөгүй бөгөөд өмнөх худалдагч болон түрээслэгчийн хооронд мөнгөний маргаан байсан нь тогтоогдсон бөгөөд энэ асуудлаа шийдвэрлэж бидний өмчийг чөлөөлөх 1 сарын хугацаа өгсөн хэдий ч шийдэгдээгүй тул байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В.Оюунчимэгтэй харилцан тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай "Зээлийн гэрээ" байгуулан 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний нэг жилийн хугацааны хүүд "Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 10 байр, 14 тоот" орон сууц хөлсөлж суухаар тохиролцсон бөгөөд зээлийн гэрээ нь сунгагдах боломжтойгоор хийгдсэн. Гэвч В.Оюунчимэг нь зээлдэгч надад мэдэгдэлгүйгээр тус маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан байсан бөгөөд "Зээлийн гэрээ"-ний хугацаа дуусаагүй байхад худалдан авсан тал нь гарахыг шаардаж эхэлсэн. В.Оюунчимэг нь нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд одоо хүртэл холбоо барихгүй байгаа бөгөөд зээлсэн мөнгөө авч чадаагүй, тус мөнгөөр дараагийн байрлах байраа олох учраас уг байрыг зээлээ эгүүлэн авах хүртэлх хугацаанд чөлөөлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 10 дугаар байрны 14 тоот орон сууцыг хариуцагч Э.Түвшинтөрийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвзр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү орон сууцны өмнөх өмчлөгч болох В.Оюунчимэг болон Э.Түвшинтөр нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ" байх бөгөөд гэрээний заалтаар 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно" гэж заасан заалт байгаа нь тухайн гэрээний хугацаа дуусаагүй байхад өмчлөлөө шилжүүлснийг нотолж байна. Гэвч шүүх тус заалтыг нягтлан үзэлгүй, нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, үнэн зөв үнэлэлгүй хэргийг хариуцагчид хохиролтойгоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан "Орон сууц хөлслөх гэрээ"-ний 1.2-т "Орон сууц нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-40 мянгат 10-14 тоот хаягт байрладаг, 28 м.кв талбайтай, 2 өрөө бөгөөд хөлслүүлэгчийн өмч болох нь Y-2202005526 улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдлоо" гэж заасан нь тухайн үл хөдлөх хөрөнгө зөвхөн В.Оюунчимэгийн өмч ба хэлцэл, гэрээ байгуулах үед цаашид ч үүргээ бүрэн биелүүлж дуустал хэн нэгний өмчлөлд шилжүүлсэн ч хөлслөх гэрээ хүчин төгөлдөр байхыг Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт заасан байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хариуцагчийг хохироож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

В.Оюунчимэгийн хууль бус үйлдэл нь хариуцагч Э.Түвшинтөр түүний гэр бүлд их хэмжээний хохирол учруулсан бөгөөд тус байрны хуучин өмчлөгч болох В.Оюунчимэг болон хариуцагч Э.Түвшинтөр нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй байхад өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Э.Түвшинтөрийн эрх зөрчигдсөн байхад шүүх түүнийг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Мияко” ХХК нь хариуцагч Э.Түвшинтөрд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 10 дугаар байрны 14 тоот 28 м.кв орон сууцыг хууль ёсны эзэмшилдээ шилжүүлэн авч, албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 10 дугаар байр, 14 тоот, 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч “Мияко” ХХК нь иргэн В.Оюунчимэгээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч, өмчлөх эрхээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн Ү-2202005526 дугаарт бүртгэж гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Э.Түвшинтөр, иргэн В.Оюунчимэг нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 10 000 00 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, зээлийн хүүд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 10 дугаар байр, 14 тоот орон сууцанд түрээсийн төлбөр төлөхгүй хөлслөхөөр тохиролцсон болох нь уг гэрээнд хариуцагч өөрөө биечлэн гарын үсэг зурж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийсэн нь баримтаар нотлогджээ.      

     /хх 26 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Түвшинтөрийн хууль бус эзэмшлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн гэрээний эрх зүйн болон өмчлөх эрхийн талаар зохицуулсан хуулийн зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий орон сууцны хуучин өмчлөгч болох В.Оюунчимэг болон хариуцагч Э.Түвшинтөр нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй байхад өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ