Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/395

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-т холбогдох эрүүгийн 2121000000476 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум ...тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х овогт ... С /РД: .../

 Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэмээтийн давст” гэх газарт байх Ө-ийнг эрт өөрийн төрсөн охин 1 нас 1 сартай Ө-ийн хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч Сшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр харамсаж байна. Энэ талаар дахин ярьмааргүй байна...гэв.        

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газарт эхнэр С болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувийн ажлаар Дорнод аймгийн төвд том охин 3 настай А-ийн хамтаар ирсэн... хөдөө гэрт эхнэр С 1 нас 1 сартай талийгаач охин А болон манай гэрт туслах малчин хийж байсан хамаатны ах Т түүний эхнэр У нар үлдсэн. ... Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионер хорооллын 1-18 тоот гэртээ унтаж байхад шөнийн 03 цагийн үед ...ээж М-ийн гар утас руу хөдөө гэрээс хүн залгаад ... С эгч хөхөөрөө охиноо дараад охин амьгүй болсон талаар хэлсэн. Мөн миний хувьд өөрөө яг хажууд нь байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. ... миний эхнэр Сархи их хэмжээгээр хэрэглэж талийгаач охиноо хөхүүлж байхдаа хөхөөрөө дарсны улмаас нас барсан гэж бодож байна. ... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 19-20 тал/

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 03 цагийн орчимд байх гэртээ орж ирэхэд С эгч ор засаагүй гэрийн баруун талаар газраар гадуур хувцастайгаа мөн талийгаач охиноо хөхөөрөө дарсан байдалтай байсан. ...Энэ үед би цамцнаас нь гарсан хөхийг нь дотогш хийж талийгаач охиныг харахад ямар нэгэн үйлдэл хийхгүй амьсгалгүй байхаар нь шууд аймгийн төв рүү ээж Мөнхтөр рүү залгаж болсон ядлын талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

              Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаартай дүгнэлтэд:

  1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүү хоолойн дарагдлын  ором, зулайн хуйх, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар зулайн хуйх, эрүүний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Талийгаач нь хүзүү хоолой дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 58-61/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-57/

- С-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 68-70 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Х овогт ... С нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэмээтийн давст” гэх газарт оршин суух Ө-ийн гэрт өөрийн төрсөн охин 1 нас 1 сартай А-г хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А, гэрч А нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч С-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бага насны хохирогч А-ийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт .... С-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ