Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/400

 

 

 

 

 

 

   2018          05             08                                       400

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Л.Д..............уу, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Л...............вын Д..............ууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0114 50363 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Л...............вын Д..............уу, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1996 оны 03 дугаар сарын 17-ны төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Л.Д..............уу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойрогт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын хажууд иргэн А.Б..................нтай машины хаалга чанга хаалаа гэх асуудлаас үүдэн маргалдаж архины шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д..............уу мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч А.Б..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны орой би хүн зөөгөөд Баянхошууны тойрог буюу Шунхлай шатахуун түгээх газрын баруун хойно зогсож байтал хоёр эрэгтэй хүн ирээд нэг нь миний машины урд суусан. Нэг нь нөгөө хүнийхээ хажууд нь оччихсон хаалга онгойлгоод юм яриад зогсож байсан. Хүн дүүрээд гарах гэтэл...урд суудалд сууж байсан хүнтэй юм ярьж байсан залуу нь “зайл” гэж хэлээд машины хаалга чанга хаахаар нь машинаасаа бууж очоод “чи яаж байгаан, наадах чинь чиний юм биш миний юм” гэж хэлээд маргалдсан. Маргалдаж байхад тэр залуу шилтэй архи барьчихсан над руу далайж байсан. Тэгээд би машинлуугаа яваад очтол машины урд суусан залуу машинаас бууж ирээд “ямбий сэг” гэхээр нь би тэр залуутай нь бас маргалдаад...байж байтал миний араас шилээр цохисон. Тэгээд эргээд хартал миний машины хаалгыг чанга хаасан залуу ...байсан бөгөөд архины шил нь хагарсан байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр рүү гараараа ганц хоёр удаа цохиход тэр залуу архины шилний хагархайгаар миний нүүр рүү нэг удаа хатгачихаад ...зугтаачихсан юм...” (хавтаст хэргийн 6-8),

2. Гэрч А.П..................вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим би гэртээ байхад манай найз Л.Д..............уу манай гэрт хүрч ирээд бид хоёр...Баянхошууны тойрог дээр...байдаг Өндөр-Од нэртэй караокед хоёр цаг орчим сууж...хоёр шил архи хувааж уусан юм. Тэгээд тэндээсээ гараад Баянхошууны тойрог орчим байдаг Шунхлай шатахуун түгээгүүрийн баруун талаас баруун салаа руу явдаг таксинд суусан. Тэгтэл Д..............уу машинд суухгүй би одоо харьлаа гэж  хэлэхээр нь чи одоо согтуу байж харьж яах гээд байгаан манайд хончихоод яв гэж хэлсэн. Тэгтэл Д..............уу уурлаад машины хаалгыг чанга хаасан чинь тус машины жолооч уурласан бөгөөд Д..............уу таксины жолоочтой маргалдсан. ...тэгээд эргээд харсан чинь Д..............уу нөгөө таксины жолооч ахын толгой руу архиараа цохичихсон байсан...мөн жолоочийн баруун шанаа нь зүсэгдсэн толгойн ар хэсэг нь норсон байсан...Таксины жолоочийн толгой руу Д..............уу архины шилээр нэг удаа цохисон, архины шил нь хагарсан байсан бөгөөд архины шилний хүзүү нь харагдахгүй...газраар архины шилний хагархай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3145 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зулайн зүүн ар хэсэгт 4х4см талбайд овойж хавдсан эмзэглэлтэй, хуйханд цус хуралттай, баруун хацарт зураасан зулгаралтаар эхэлж доош 3см, гадагш доош эргэж 1.5см үргэлжилсэн оёдол бүхий шархтай, зүүн чихний дотор доод хэсэгт 1ш, баруун сарвууны ард 4см оёдол бүхий шархтай. Зүүн доод 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй, тогшиж үзэхэд эмзэглэлтэй, дээд уруул дотор салстад цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай.

2018.03.01-ний ГССҮТ-н бичигт онош: Нүүр, баруун сарвууны зүсэгдсэн гүн шарх гэжээ.

2018.03.01-ний Натур эмнэлгийн толгойн КТГ-д: Тархины эдэд голомтот болон бүтцийн эмгэг өөрчлөлгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. 2 талын хажуу ховдлууд болон 3, 4-р ховдлууд байрлал, хэлбэр хэмжээ хэвийн...баруун хацар орчмын зөөлөн дэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. А.Б..................н-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт баруун хацар, зүүн чих, баруун сарвуунд шарх, зүүн доод 1-р шүдний сулрал, дээд уруул дотор салстын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22)

 

4. Шүүгдэгч Л.Д..............уугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр П..................в бид хоёр...Баянхошууны тойрог орчим караокед сууж 2 цаг орчим сууж 2 шил архи хувааж уусан. Тэгээд 21 цагийн орчим П..................в бид хоёр караокеноос гарч хажуугийн дэлгүүрээс нь нэг шил архи авсан. ...П..................в бид хоёр таксинд суухаар “Шунхлай” шатахуун түгээх газрын орчим очсон бөгөөд тус шатахуун түгээх газрын архан талд таксинууд нь зогсож байсан. П..................в нэг машины жолоочийн хажуугийн сандалд суусан бөгөөд би П..................вт харьлаа гэж хэлээд машиных нь хаалгыг хаачихаад явтал араас нэг хүн хөөе пиздаа минь гээд дуудсан. Тэгэхээр нь би яасан ах гээд эргээд харсан чинь чи муу машины хаалга яасан чанга хаадаг юм бэ гэхээр нь би яаж хаасан юм бэ гэж хэлтэл...миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хүн цаашаа явахаар нь би өмднийхөө арын халаасанд хийсэн байсан 0.5 литрийн нэг шил архи аваад тэр хүний толгойн ар тал руу нэг удаа цохисон чинь архи хагарсан. Тэгээд тэр хүн эргэж харахаар нь би гартаа байсан архины шилний хагархайгаар нүүр рүү нь хатгачихаад зугтаачихсан. ...Тухайн үед би нилээн согтолттой байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83),

- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 26-33),

-хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-38)

-шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 46), хувийн байдлын тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 62-75), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 61) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Д..............ууд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Д..............уу нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойрогт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын хажууд, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа иргэн А.Б..................нтай маргалдаж, түүний толгойд архины шилээр цохиж, баруун хацрыг зүссэн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч А.Б..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны орой би хүн зөөгөөд Баянхошууны тойрог буюу Шунхлай шатахуун түгээх газрын баруун хойно зогсож байтал хоёр эрэгтэй хүн ирээд нэг нь миний машины урд суусан. Нөгөө машинд суусан хүнтэй юм яриад зогсож байсан. Хүн дүүрээд гарах гэтэл...урд суудалд сууж байсан хүнтэй юм ярьж байсан залуу нь “зайл” гэж хэлээд машины хаалга чанга хаахаар нь машинаасаа бууж очоод “чи яаж байгаан, наадах чинь чиний юм биш миний юм” гэж хэлээд маргалдсан. Маргалдаж байхад тэр залуу шилтэй архи барьчихсан над руу далайж байсан. Тэгээд би машинлуугаа яваад очтол машины урд суусан залуу машинаас бууж ирээд “ямбий сэг” гэхээр нь би тэр залуутай нь бас маргалдаад...байж байтал миний араас шилээр цохисон. Тэгээд эргээд хартал миний машины хаалгыг чанга хаасан залуу ...байсан бөгөөд архины шил нь хагарсан байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр рүү гараараа ганц хоёр удаа цохиход тэр залуу архины шилний хагархайгаар миний нүүр рүү нэг удаа хатгачихаад ...зугтаачихсан юм...” (хавтаст хэргийн 6-8),

- Гэрч А.П..................вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д..............уу уурлаад машины хаалгыг чанга хаасан чинь тус машины жолооч уурласан бөгөөд Д..............уу таксины жолоочтой маргалдсан. ...тэгээд эргээд харсан чинь Д..............уу нөгөө таксины жолооч ахын толгой руу архиараа цохичихсон байсан...мөн жолоочийн баруун шанаа нь зүсэгдсэн толгойн ар хэсэг нь норсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3145 дугаар дүгнэлт “...1. А.Б..................ны биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт баруун хацар, зүүн чих, баруун сарвуунд шарх, зүүн доод 1-р шүдний сулрал, дээд уруул дотор салстын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22)

-Шүүгдэгч Л.Д..............уугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П..................в нэг машины жолоочийн хажуугийн сандалд суусан бөгөөд би П..................вт харьлаа гэж хэлээд машиных нь хаалгыг хаачихаад явтал араас нэг хүн хөөе пиздаа минь гээд дуудсан. Тэгэхээр нь би яасан ах гээд эргээд харсан чинь чи муу машины хаалга яасан чанга хаадаг юм бэ гэхээр нь би яаж хаасан юм бэ гэж хэлтэл...миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хүн цаашаа явахаар нь би өмднийхөө арын халаасанд хийсэн байсан 0.5 литрийн нэг шил архи аваад тэр хүний толгойны ар тал руу нэг удаа цохисон чинь архи хагарсан. Тэгээд тэр хүн эргэж харахаар нь би гартаа байсан архины шилний хагархайгаар нүүр рүү нь хатгачихаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.Д..............уу нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “өөрийг нь цохилоо” гэх сэдэлтээр, хохирогч А.Б..................ны толгойд архины шилээр цохиж,  баруун хацрыг нь зүсэж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Д..............уу нь хохирогч А.Б..................ныг архины шилээр цохиж, нүүрийг нь зүссэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Л.Д..............ууг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б..................нд 1.151.000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож 1.100.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Л.Д..............уу төлж барагдуулах баталгаа гаргасан байна.

Иймд Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Л.Д..............уугаас 1.100.000 төгрөгийг 6 сарын дотор гаргуулж хохирогч А.Б..................нд олгох үндэстэй байна.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Д..............ууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг эх нь өнгөрсөн, “Шинэ Топ Хүнс” ХХК тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Д..............уу нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.Д..............ууд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “Шинэ топ хүнс” ХХК-нд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж түүнд 600 (зургаан зуу) нэгж буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр  торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Л.Д..............уу нь  оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл...оногдуулсан ял дээр нэмж...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж хуульчилсан тул мөн хэсгийн 1.1 дэх заалтад заасан “үүрэг хүлээлгэх...” албадлагын арга хэмжээг шүүгдэгч Л.Д..............ууд авах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Д..............ууг шүүхээс гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй холбогдуулан хохирогчид хохирол, хор уршгийг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлүүлэх үүднээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн 1808 0114 50363  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Л...............вын Д..............ууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д..............ууг 600 (зургаан зуу) нэгж буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д..............ууд оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Д..............уу нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д..............уугаас 6 (зургаа) сарын дотор 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч А.Б..................нд олгосугай.

6. Шүүгдэгч Л.Д..............ууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ