Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/417

 

 

 

 

 

 

     2018           05           15                                         417

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1866)

иргэний нэхэмжлэгч Ц.Х..............ай

шүүгдэгч Б.З...............р, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1420) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Б...............хын З...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0000 10092 дугаартай,  2 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б...............хын З...............р, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Сайхан суманд 1973 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ........................ оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...................

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)

Б.З...............р нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 16 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын замд “Хатан Суудал” ББСБ-ын эзэмшлийн “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” гэсний а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Х..............айгийн жолоодож явсан “Toyota Platz” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс явган зорчигч С.Г............гын амь нас хохиросон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч Б.З...............р мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээрээ тайлан мэдээ гаргаад нойргүй хоносон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим ажлаасаа гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн орчимд хэсэг хугацаанд зүүрмэглэсэн байсан. Тухайн үед би өөрөө урсгал сөрж орсон гэдгээ мэдээгүй. Нэг мэдсэн чинь машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд машинаас буугаад очиход иргэний нэхэмжлэгч Х..............ай нь надад хэлэхдээ “би таныг урсгал сөрөөд ороод ирэхээр чинь гэрэл болон дуут дохио өгөөд байхад чинь урсгал сөрж ирээд мөргөчихлөө” гэж хэлсэн. Мөн иргэний нэхэмжлэгчийн машины хойд талд амь хохирогч нь мөргүүлсэн байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................г мэдүүлэхдээ: “...Манай ээж С.Г............га нь 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь байсан. Би эхээс хоёулаа доороо нэг эмэгтэй дүүтэй, дүү бид хоёрт байсан бүх зүйл минь ээж байсан. Манай ээж эрүүл саруул ямар нэгэн өвчин байхгүй, залуу хүн байсан. Манай ээж нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 49 нас хүрэх байсан. Мөн ээж маань эмнэлгийн байгууллагад тасралтгүй 33 жил ажилласан. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 29 жил тасралгүй ажиллаж байсан. Тухайн осол гарах үед нь би байгаагүй, манай ээж нь тустай амьдардаг байсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт би ээжийнхээ осолд орсон талаар мэдээллийг ахаасаа авсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиход ээж маань ухаангүй байсан. Тэгээд 18 хоногийн турш ямар ч ухаан орохгүй байсан. Мөн энэ 18 хоногийн дурш манай гэрийнх нь өдөр шөнөгүй, 2-3 хүнд сахиж хоносон. Мөн хамгийн үнэтэй гэх бүхий л эмчилгээг хийлгэсэн. Шүүгдэгч Б.З...............р нь байсан бид нарт эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг бодитой гэж бодохгүй байна. Тухайн үед 100.000 төгрөгөөр имрад харуулсан, хэдэн ширхэг дусал авч өгсөн. Тэгээд сүүлдээ бид нар мөнгөгүй болоод Б.З...............рыг эм тарианы мөнгө өг гэж хэлэхэд З...............р нь би төрийн албан хаагч мөнгө байхгүй, та нар ямар сүртэй юм бэ гэж хэлж байсан. Бид нарын зүгээс өөрсдийн чадлаараа өдөрт 500.000-600.000 төгрөгийг эмчилгээг ээждээ хийлгэж байсан. Мөн бид нарын зүгээс З...............рт уурлаж, дарамталсан зүйл байхгүй. Харин зүгээр ээжийг минь босгоод өгөөч гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай ээжийг нас барах үед З...............р нь байж байгаад яваад өгсөн. Тэрнээс хойш З...............рыг нэг ч удаа хараагүй. Тэгээд ажил явдлын үеэр манай эгч З...............р руу ярихад З...............р нь 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш өмнөх шүүх хуралдаан хойшлох үеэр З...............рыг би харсан. Манай ээжийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд З...............рын ар гэрээс ямар ч хүн ирээгүй. Бид нараас ямар ч хүн гуйгаагүй. З...............р нь гэр бүлтэй эсэх асуудлыг нь мэдэхгүй байна. З...............рыг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж бодохгүй байна. Манай ээжийг осолд орсон байхад анхны тусламж огт үзүүлээгүй, түргэн тусламж дуудаагүй. Түргэн тусламж ирэхийг хүлээгээд өвлийн хүйтэнд 58 минут орчимд гадна хэвтсэн. Эмнэлэгт ирэхэд нь гар, хөл, чих нь хайрагдсан ирсэн. Тэгээд хоёр хоноод уушигний хатгаа туссан, энэ нь эмчилгээ хийлгэхэд маш хүндрэлтэй байсан. Манай ээж нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан учраас ээжийг гаргах өдөр хүртэл манай гэрээс хөл хөдөлгөөн тасраагүй. Манай ээжтэй хамт ажиллаж байсан хүмүүс нь маш их тус болсон учраас 1 дүгээр хорооллын рестораныг сонсгосон. Гэтэл шүүгдэгч З...............р нь буяны ажил хийсэн газар руу хүмүүс явуулж тухайн байгууллагын данс тооцог шалгуулах үйлдэлд гаргасанд бид нарын зүгээс маш их гомдолтой байна. Бид нар ээжийгээ сайн эмчлүүлэхийн тулд жижүүртэй хонож байгаа эмч нарт өдөр болгон хоол авч өгдөг байсан. Тэгэхэд шүүгдэгч Б.З...............р бас хоолны хэрүүл хийгээд, яагаад эд нар хоол авч өгсөн баримтаа оруулсан юм бэ гэсэн. Бид нар харин тэрэнд тал баримтаа л оруулсан. Зөвхөн НӨАТ гаргаж өгдөг байгууллагуудын баримтыг л оруулсан. Бид нар тэнд ээжийгээ асруулж байгаа хүндээ арай илүү асраад өгөөсэй босгоод ирээсэй гэсэн үүднээс эмчид нь өдөр болгон хоол авч өгч байсан. Гэтэл З...............р нь өөрөө нэг удаа аяга цай бариад ирээгүй байж ийм юм шалгуулъя гээд хоолны хэрүүл хийгээд явж байгаад нь бас үнэхээр харамсалтай байна. Бид нарт нэхэмжлээгүй зардлууд үнэхээр их байгаа, одоо жишээ нь манай дүү шанхайд сурдаг яаралтайгаар нисэж ирсэн буцаж явсан зардлуудынх нь зөвхөн талыг нь нэхэмжилсэн. Тал нь дандаа хятадын тасалбарууд болохоор надад тэрийг орчуулуулах  зав зай байхгүй. Би өөрөө нялх хүүхэдтэй. Ээжийгээ өнгөрдөг үед нь миний хүүхэд дөнгөж 3 хан сартай нялх байсан. Одоо би ингээд 8 сартай нялх хүүхэдтэй, тэгэхээр дүүгийнхээ зардлын талын нэхэмжилсэн. Ээж маань төрийн байгууллагад удаан жил ажилласан болохоор төрийн албан хаагчдыг байранд оруулах хүмүүсийн нэр нь орсон байсан. Хэрвээ амьд сэрүүн байсан бол одоо манай ээж байрандаа орчихсон байх ёстой байсан. Бид нар тийм юмыг нэхэмжлээгүй. Миний ээж эрүүл саруул ямар нэг хууч өвчтэй байгаагүй учраас удахгүй тэтгэвэртэй гарах байсан. Ийм золгүй явдал тохиолдоогүй байсан бол тэтгэвэртэй гараад жар, дал наслах байсан. Бид нар тэр тэтгэврийн мөнгийг ч нэхэмжлээгүй. Одоо ээж минь амьд байсан бол бүхий л юм яг л хэвийн явах байсан. Би ээжийнхээ төрсөн өдрөөр хүртэл зөндөө олон хүүхэд баярлуулсан. Би тэр мөнгөө нэхэмжлээгүй байгаа. Ажил дээр нь хүртэл очсон. Эмнэлгийнх нь мэдэж байгаа. Ажлынхныг нь хүртэл цайлсан би тэр бүх мөнгөө ч гэсэн нэхэмжлээгүй байгаа. Зүгээр л яг бодит энэ оршуулгын зардал, эмчилгээний зардлыг л нэхэмжилсэн. Тэгээд ээжийн минь аав ээж хоёр өндөр настай хүмүүс байгаа 80 гарсан би ингээд хэдийгээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа болов эмээ өвөөгийн хөө заавал хэлээрэй гэсэн үгийг бас төлөөлөөд хэлчий. Өвөө эмээ 2 маань 2017 оны 4 сард том хүүгээ алдаад удаагүй сэтгэл санааны хүнд байдалтай байсан. Тэгээд ээж маань 12 сард нь ийм юм болоод дахиад  нэг хүүхдээ алдаад тэр 2 үнэхээр бүр үнэхээр хэцүү байгаа. Тэрнээс хойш бие нь үнэхээр муудсан. Тэгээд өвөө минь саяхан 4 сард цус харваад хэрвээ ээж минь эмнэлэгт ажиллаж байсан бол өвөөг маань үзүүлж байгаа. Бид нар 103-ыг өчнөөн дуудаад тэр хүнийг авах эмнэлэг байгаагүй. Тэгээд бид нар аргаа ядаад шүүгдэгч Б.З...............р руу утастсан. З-р эмнэлэгт ажилладаг юм чинь өвөөг минь хэвтүүлээд өгөө ч гээд гуйсан. Тэгсэн чинь надад машин байхгүй. Намайг ирээд авуул би яахав хэлээд өгье гэсэн. Ухаан алдаад унасан өвөөгөө даа гэж байхад шүүгдэгч Б.З...............рыг гэрээс нь авах бид нарт тийм боломж байгаагүй. Тэгээд энэ хүн үнэхээр гэмшиж байсан бол бид нар заавал энэ хүнээс би ээжийнхээ амыг угаасаа мөнгөөр үнэлэх боломжгүй. Миний ээжийн амыг энэ хүний амиар солиод ч хүрэхгүй дээ. Тэгэхэд би заавал мөнгө төгрөг гээгүй энэ хүн өнөөдөр гэмшээд үнэхээр сэтгэлээсээ байсан бол би миний ээжтэй адилхан ядарсан төрийн л ажилтан тийм учраас энэ хүнийг уучлах тийм сэтгэлийн тэнхээ...манай гэрийнхэнд байсан. Тэгэхдээ энэ хүн нэг удаа уулзаагүй. Гэрийнх нь нэг ч удаа ирээгүй. Өөрөө сэтгэлээрээ нэг ч удаа яриагүй. ...тул би үнэхээр гомдолтой байна. Энэ бодит бүх зардлуудаа энэ хүнээр төлүүлмээр байна. Одоо би дикридтэй хүүхэдтэй байдаг. Надад цалинтай ээжийн 50.000 төгрөгөөс өөр орлого байхгүй. Дүү минь оюутан, дүүгийн минь бүх амьжиргааг ээж минь зохицуулдаг байсан. Одоо ингээд дүү минь хүний нутагт ямар нэг зардал мөнгө би бол явуулж чадахгүй. Эмээ өвөө хоёр минь тэтгэврийнхээ мөнгийг аваад явуулдаг. Ингээд сэтгэл санааны хохирол бол үнэхээр их ...ямар сэтгэл гаргаагүй. Одоо ингээд өвөө эмээ хоёрын минь бие муу өвөө минь одоо болтол босож чадахгүй байгаа...намайг нялх хүүхэдтэй байсныг шүүгдэгч Б.З...............р хүртэл харсан. Би яг өнгөрдөг өдөр нь нялх хүүхдээ тэврээд ээж дээрээ орсон. Би ингээд сэтгэл санааны маш их хохиролтой учраас миний хөхний сүү ширгэсэн. ...Сэтгэл санаагаар маш их хохирсон. Тэгээд ээжийн минь амь насыг хохироосон энэ хүнийг учруулсан хохирлын төлүүлж, энэ хүнд тохирсон ял шийтгэлийн өгнө гэдэгт итгэлтэй байна. Шүүгдэгч З...............роос 71,470,436 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 18 хоногийн эмчилгээний зардал 11,379,378 төгрөг, оршуулгын зардал 28,390,681 төгрөг, талийгаач 49 настай байсан 6 жилийн цалин нэхэмжилсэн 31,075,200 төгрөг, хаан банкны зээлтэй байсан 9,633,022 төгрөг, олох байсан орлого гэдэг дээр 21,347,365 төгрөг, үүнээс 7,300,000 төгрөгийг З...............р өгсөн учир хасаад 64,170,446 төгрөгийг нэхэмжилж байна. Үүн дээр өмгөөлөгчийн зардалд 1,800,000 нэхэмжил байна гэв. 

3. Иргэний нэхэмжлэгч Ц.Х..............ай мэдүүлэхдээ: “...Хэрэг болсон өдөр би ямар нэгэн замын дүрэм зөрчөөгүй явж байгаад осолд орсон байгаа. Иймд шүүгдэгч Б.З...............роос үнэлгээгээр гаргасан 1,350,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаачийн том охин нь, доороо нэг эмэгтэй дүүтэй. Манай дүү БНХАУ-ын Шанхай хотод суралцдаг. Манай ээж С.Г............га нь ааваас салаад Г.Г............га гэдэг хүнтэй хамт амьдраад 15 жил болж байна. Тэр хоёр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 13 дугаар гудамжны 167 тоотод оршин сууж байсан. Би болон манай дүү тусдаа амьдардаг. Манай ээж сувилагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 33 жил эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан. Осолд орох үедээ Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 27 дахь жилдээ ажиллаж байсан. Осол болсон талаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очиход ээж маань гэрийнхээ ойролцоо машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад ухаан орохгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Талийгаачийн буяны ажлыг “Улаанбаатар буян” ХХК-р гүйцэтгүүлсэн уг байгууллагад 7.054.000 төгрөг, буяны ажлын үед 250 хүнд зан үйл болох зэдний зүйл 4.312.500 төгрөг,...цайллага хийхэд 250 хүнээр тооцож 7.000.000 төгрөг, 21 хоногийн цайллага 60 хүнээр тооцож 1.140.000 төгрөг төлсөн нийт буяны ажилд 22.648.279 төгрөг зарцуулсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт ээжийг эмчлүүлэх хугацаанд 5.201.779 төгрөг зарцуулсан. ...Буяны ажилд ирж оролцсон дүүгийнхээ замын зардал болон 49 хоногийн буяны ажилд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ. Манай ээж “ХААН” банкнаас 10.000.000 төгрөг, “Мобиком” ХХК-с 1.800.000 төгрөгөөр гар утас зээлээр авсан байсныг мөн нэхэмжилж байна...жолооч З...............р буяны ажил болоход 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 40-41),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 80 дугаар дүгнэлт

“...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх 14110-д: Өвчний түүх нээсэн: 2017.12.01-ны өдөр 20:10 минут. Үндсэн онош: Гавал тархины гэмтэл, дух чамархайн хэсгийн цусархаг няцрал, аалзан бүрхүүл доор цус харвалт, дагз ясны суурь хүрсэн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, амьсгал, зүрх судасны дутагдал. Хэвтэх үеийн зовиур: Ухаангүй гэсэн. Өвчний түүхэнд: 2017.12.01-ний өдөр авто осолд орсон гэх. Биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаан санаа кома, орчиндоо харьцаагүй...Хэсэг газрын үзлэгт: Толгой баруун дагз орчимд зөөлөн эдийн хаван хавдартай, хамраас цус гарсан, ...хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, хурхирсан байдалтай. Гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн байдал маш хүнд, кома, харьцаагүй...Мэс заслын тэмдэглэлд: Хагалгаа эхэлсэн 2017.12.02, Хагалгааны явц: Ерөнхий унтуулга дор...Хуйх их хэмжээний хаван хавдартай ихтэй, хуйханд их хэмжээний цус хурсан байлаа. Зүүн чамархай зулай хамарсан том хэмжээний зүслэг хийж хуйхны зөөлөн эдэд цус тогтооолт хийв....Хатуу хальс чинэрэлт ихтэй хөх хүрэн өнгийн харагдана...хатуу хальсны доор их хэмжээний бүлэн байлаа. Бүлэнг соруулан авч тархи дарагдлыг чөлөөлөв. Тархи их хэмжээний дарагдал, няцрал ихтэй...2017.12.01-ний Толгой КТГ-д: Баруун талын суурь яснаас лямбда заадасруу үргэлжилсэн диастаз хугаралтай. Хугарлын улмаас 2 талын суурийн хөндийд цус тодорхойлогдоно. Мөн зүүн зулай ясны орой хэсэгт титэм заадаснаас суман заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугаралтай. Зүүн тал бөмбөлгийндух, зулай хэсэгт 0.6см зузаантай холимог нягтралтай субдураль цус хуралттай. 2 тал бөмбөлгийндух ба чамархайн дэлбэнгийн атираа хооронд болон тал бөмбөлгүүдийн таславч хооронд их хэмжээний цус харвалттай. Бор ба цагаан эдийн ялгарал буурсан, их хэмжээний хавантай...Баруун дагз, зулайн ар хэсгийн зөөлөн эдэд хавантай, цус хуралттай...Өвчтөн 2017.12.18-ны 18 цаг 27 минутад нас барсан гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц

Цогцосны гадна үзлэг:...Толгойн зүүн чамархай, зулайд тах хэлбэрийн мэс заслын шархтай, цээжний баруун дээд хэсэг хүзүүний урд доод хэсэгт 4см, 6.5см мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн шилбэний урд дунд хэсэгт 3х5см хар хөх цус хуралттай, баруун, зүүн тохойн хонхор, эгэм, баруун, зүүн сарвууны ар дээд хэсэгт зүүн тариурын ором бүхий цус хуралтуудтай.

Гавал тархины шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргууд нэлэнхүйдээ улаан хүрэн цус хуралттай. Зүүн зулай, чамархай хэсэг дэх мэс заслын шархыг дагаж болон дагзны ар хэсэг, зүүн чамархай хэсэгт хуйханд тархмал хар хүрэн цус хурсан. Зүүн чамархайн булчинд цус хурсан. Зүүн зулай чамархай хэсэгт гавлын ясанд 15х13см хэмжээтэй том мэс заслын цооног гаргасан. Гавлын орой ба суурь яс: ...Суурь ясны дунд хонхрын баруун дунд хэсгээс чулуулаг яс даган дагз ясны баруун хэсэг зулайруу үргэлжилсэн 12см орчим шугаман хугаралтай, уг хугарлаас баруун зулайн ар хэсгээс суман заадас дагсан 4см заадас дагасан хугаралтай, хатуу хальс зүслэг хийсэн...тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдэд 2х1.5см хэмжээтэй, зүүн тал бөмбөлгийн  духны дэлбэнгийн доод гадаргууд 2.3х3.5см хэмжээтэй хар хүрэн цусан хураатай, тэр хэсгийн тархины эдийн зүсэхэд хар өнгийн цэгчилсэн няцралтай, 2 тал бөмбөлөгт тархмал аалзан бүрхүүл доор цус харвалттай...аалзан бүрхүүл доод ёроолоор голомтлог цус харвалттай.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: Гавлын зулай, дагз, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины дух, зулайн дэлбэнгийн тархины эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус хуралт, дух, зулай, чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт. Гавлын хөндийг нээж тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал.

2. Тархи дарагдал, тархи уушигны хаван.

3. Цээжинд шарх, цус хуралт, шилбэнд цус хуралт.

ДҮГНЭЛТ

1. Талийгаач С.Г............гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай шинэ гэмтэл болно....

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 191-199)

 

3. Гэрч Д.Чингисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр...гэрээсээ гараад Нарангийн голын зам дагуу байдаг хүнсний дэлгүүр рүү ундаа авах гээд явж байтал зам дээр хар бараан өнгийн Prius-10 маркийн машин урсгал сөрж орж ирээд маркийг нь сайн мэдэхгүй саарал суудлын автомашиныг мөргөж, нөгөө саарал автомашин нь замын хажууд явж байсан эмэгтэйг мөргөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

4. Гэрч Ц.Х..............айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед 2 хүүхдээ дагуулаад өөрийн эзэмшлийн “Toyota Platz” маркийн машинтай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар сургуулийн баруун хойд талд хөдөлгөөнд оролцоод явж байтал эсрэг урсгалаас миний явж байсан урсгал руу гэнэт машин орж ирээд мөргөсөн. Би тэр машин руу гэрлээрээ дохиод зогстол ирээд мөргөсөн...тэгээд машинаасаа буугаад тойртол миний машины ард хар бараан хувцастай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн дуугарахгүй байсан...харин хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),

- “Вендо” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09264060 дугаар тайланд

“...Ц.Х..............ай эзэмшигчтэй, “Toyota Platz” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал ...735.000 төгрөг, шууд бус зардал ...350.400 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.350.400 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 211-213),

 

5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Сонгинохайрхайн дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 42 дугаар сургуулийн баруун талын зам харагдах ба замаар автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Бичлэгийн 1 минут 21 секундэд явган зорчигч замын баруун талаас гарч ирэн зорчих хэсгийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн тийш хараад зогсож байна. Бичлэгийн 1 минут 58 секундэд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй “Тоyota Prius” маркийн автомашин урсгал сөрж хойноос урагшаа чиглэлтэй явсан байсан суудлын автомашинтай мөргөлдөн замын баруун талд зогсож байсан явган зорчигчийг мөргөөд зогсож байна...” гэх баримт (хавтаст хэргийн 31),

6. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт:

“...1. “Toyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б...............х овогтой З...............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглон,

- 9.1. Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

- 2.7. а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 217),

7. Шүүгдэгч Б.З...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр... ажлаа тараад 20 цагийн үед би ............... улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын 42 дугаар сургуулийн хажуу талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байгаад хэсэгхэн зуур зүүрмэглээд тас хийгээд явсан. Сэрээд хартал би эсрэг урсгал руу ороод машинтай мөргөлдсөн байсан. Би машинаас буугаад хартал нөгөө машины жолооч “би таныг гэрлээрээ дохиод, дуут дохио өгсөн чинь та зогсохгүй орж ирээд мөргөчихлөө, тантай мөргөлдсөнөөс замын хажууд зогсож байсан нэг хүнийг мөргөчихлөө” гэж хэлсэн. Би тойроод хартал надтай мөргөлдсөн машины цаад талд нэг эмэгтэй хүн ухаангүй, хамраас нь цус гарсан хэвтэж байсан. ...Би осол гарахын өмнөх өдөр...ажил дээрээ тайлан нэгтгээд нойргүй хоноод...маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр...ажлаа хийж байгаад 17 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэрлүүгээ харих санаатай түгжрээд явж байгаад Толгойтын замд зүүрмэглэж осол гаргасан. Би осол гарахаас өмнө замын түгжрээнд бага зэрэг зүүрмэглээд явж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 242),

8. Гэрч Н.Уртнасан, М.Өлзийдэлгэр, М.Долгоржав нарын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 117, 126, 127-128), хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэх баримтууд (2 хавтаст хэргийн 20-22)   

9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-9), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, ...хэмжилтийн бүдүүвч (1 хавтаст хэргийн 10-11), Бичиг баримт түр хураан авсан болон тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 14-15), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 17), цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 21-24), Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 хавтаст хэргийн 33), “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 208-209),  эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 29-30), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 588 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 222-232),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ (1 хавтаст хэргийн 50-51), хохирлын баримтууд (1хавтаст хэргийн 57-75, 78-90, 92-95, 97, 2 хавтаст хэргийн 106)

- Иргэний нэхэмжлэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, (1 хавтаст хэргийн 103), иргэний нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүд (2 хавтаст хэргийн 64, 65, 67),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 110, 1 хавтаст хэргийн 245), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 244), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 243), ажлын газрын тодорхойлолт (2 хавтаст хэргийн 1), хөдөлмөрийн гэрээний хуулбар (2 хавтаст хэргийн 2-4), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 26-30) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.З...............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Б.З...............р нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт мэс заслын тасгийн ахлах сувилагчаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амралтгүй ажиллан улмаар, 17 цагт ажлаа таран өөрийн эзэмшлийн “Хатан Суудал” ББСБ-ын нэр дээр байх “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Толгойтын 42 дугаар сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхдаа зүүрмэглэн унтаж тус замын эсрэг урсгал руу орж Ц.Х..............айгийн жолоодон явсан “Toyota Platz” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөсөн байна. Уг мөргөгдсөн “Toyota Platz” загварын тээврийн хэрэгсэл нь мөргүүлсэн хүчиндээ замын хөдөлгөөнд оролцон гарцаар гарахаар зогсож байсан явган зорчигч С.Г............гыг тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгээр мөргөн улмаар С.Г............га нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан боловч ухаан оролгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь

1. Шүүгдэгч Б.З...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “......Би осол гарахын өмнөх өдөр...ажил дээрээ тайлан нэгтгээд нойргүй хоноод...маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр...ажлаа хийж байгаад 17 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад 20 цагийн үед ............... улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын 42 дугаар сургуулийн хажуу талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байгаад хэсэгхэн зуур зүүрмэглээд тас хийгээд явсан. Сэрээд хартал би эсрэг урсгал руу ороод машинтай мөргөлдсөн байсан. Би машинаас буугаад хартал нөгөө машины жолооч “би таныг гэрлээрээ дохиод, дуут дохио өгсөн чинь та зогсохгүй орж ирээд мөргөчихлөө, тантай мөргөлдсөнөөс замын хажууд зогсож байсан нэг хүнийг мөргөчихлөө” гэж хэлсэн. Би тойроод хартал надтай мөргөлдсөн машины цаад талд нэг эмэгтэй хүн ухаангүй, хамраас нь цус гарсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 242),

2. Гэрч Д.Чингисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нарангийн голын зам дагуу байдаг хүнсний дэлгүүр рүү ундаа авах гээд явж байтал зам дээр хар бараан өнгийн Prius-10 маркийн машин урсгал сөрж орж ирээд маркийг нь сайн мэдэхгүй саарал суудлын автомашиныг мөргөж, нөгөө саарал автомашин нь замын хажууд явж байсан эмэгтэйг мөргөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

3. Гэрч Ц.Х..............айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн “Toyota Platz” маркийн машинтай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар сургуулийн баруун хойд талд хөдөлгөөнд оролцоод явж байтал эсрэг урсгалаас миний явж байсан урсгал руу гэнэт машин орж ирээд мөргөсөн...тэгээд машинаасаа буугаад тойртол миний машины ард хар бараан хувцастай эмэгтэй хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),

4. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Бичлэгийн 1 минут 21 секундэд явган зорчигч замын баруун талаас гарч ирэн зорчих хэсгийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн тийш хараад зогсож байна. Бичлэгийн 1 минут 58 секундэд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй “Тоyota Prius” маркийн автомашин урсгал сөрж хойноос урагшаа чиглэлтэй явсан байсан суудлын автомашинтай мөргөлдөн замын баруун талд зогсож байсан явган зорчигчийг мөргөөд зогсож байна...” гэх баримт (хавтаст хэргийн 31),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж С.Г............га...осолд орсон талаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очиход ээж маань гэрийнхээ ойролцоо машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад ухаан орохгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 40-41),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 80 дугаар дүгнэлт

“...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх 14110-д:...Өвчтөн 2017.12.18-ны 18 цаг 27 минутад нас барсан гэжээ.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: Гавлын зулай, дагз, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины дух, зулайн дэлбэнгийн тархины эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус хуралт, дух, зулай, чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт. Гавлын хөндийг нээж тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал.

2. Тархи дарагдал, тархи уушигны хаван.

3. Цээжинд шарх, цус хуралт, шилбэнд цус хуралт.

ДҮГНЭЛТ

1. Талийгаач С.Г............гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай шинэ гэмтэл болно....

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 191-199) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.З...............р нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

2 дугаар зүйл “Жолоочийн үүрэг”-ийн 2.7 дахь хэсэг “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:”-ийн а/-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”,

8 дугаар зүйл “Тээврийн хэрэгсэл байрлан явах”-ийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон болох нь Замын цагдаагийн албаны техиникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт (1 хавтаст хэргийн 217)-ээр тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин шүүгдэгч Б.З...............рыг Замын цагдаагийн албаны техиникийн шинжээчийн 2018 оны 88 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...9.1. Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэснийг зөрчсөн гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх хэсэг нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээд нь өөрийн ухамсарт үйлдлийг удирдан жолоодож явсан байхыг ойлгох ба оюун санааны хувьд ухамсарт үйлдэлгүй унтаж байсан хүнийг дээрх заалтаар буруутгах үндэслэлгүй. Тиймээс Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хэсэгт зааснаар буруутгасныг зөвтгөж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байгаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан гэж ойлгох ба нөгөө талаар тэрээр тухайн зам тээврийн осол гарч болзошгүй гэдгийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байгаа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарагдаж байна. Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг тул хуульд заасан зорилго, сэдэлт зэргийг зайлшгүй тогтоох шаардлагагүй болно. 

 Иймд шүүгдэгч Б.З...............рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ц.Б................гээс амь хохирогчийн

1. Эмчилгээ, асаргаа сувилгаа зардалд 1 дүгээр хавтаст хэргийн 57-64, 78 дахь талд авагдсан нийт 4.465.423 төгрөг,

2. Оршуулагын зан үйлийн зардалд 1 дүгээр хавтаст хэргийн 65-66, 68-75, 79-82 дахь талд авагдсан 39.553.582 төгрөг,

3. Дүү Ц.Хосбаярын БНХАУ-аас ирсэн замын зардалд 1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь талд авагдсан 446.910 төгрөг,

4. Цалингийн зээлийн үлдэгдэл 9.633.022 төгрөг

5. Гар утасны төлбөрийн үлдэгдэл 720.000 төгрөг

6. Олох ёстой байсан орлогын 6 жилийн дундаж төлбөр (1 хавтаст хэргийн 77) 31.075.200 төгрөг буюу нийт 85.894.137 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой шаардлагын үндэслэлээ нотолж хэрэгт гаргасан дээрх баримтыг шүүх нэг бүрчлэн судлахад:

- амь хохирогчийн асаргаа сувилгаанд зарцуулсан 1 хавтаст хэргийн 61 дэх талд авагдсан 78 гэж дугаарлагдсан үнийн дүн 52.500 төгрөг, 1 хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан 100, 101, 99, 104, 103, 102, 98 гэж тус тус дугаарлагдсан үнийн дүн 153.800 төгрөг буюу нийт хоол авсан гэх 206.300 төгрөг,

- шатахуунд зарцуулсан 1 хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан 80, 1 гэж тус тус дугаарлагдсан үнийн дүн 20.500 төгрөг, 1 хавтаст хэргийн 78 дахь талд авагдсан 5, 6, 7, 8, 1, 2, 3  гэж тус тус дугаарлагдсан үнийн дүн 93.000 төгрөг, нийт баримт бүхий 113.500 төгрөгийг шатахуунд зарцуулсан гэх,

- мөн хэргийн 1 дүгээр хавтасны 61 дэх талд авагдсан 92 гэж дугаарласан 1500 төгрөг,  Голомт, Худалдаа хөгжлийн пост машинаар уншуулсан гэх  хэргийн 1 дүгээр хавтас 63 дахь талд авагдсан 43, 49 гэж тус тус дугаарлагдсан 223.250 төгрөгийн зардал,

такси үйлчилгээгээр зорчсон гэх хэргийн 1 дүгээр хавтаст 64 дэх талын ар хэсэгт авагдсан 4, 5, 6 гэж тус тус дугаарлагдсан дугаар бүхий 60.000 төгрөг зэрэг нь хэрхэн юунд зарцуулагдсан гэх байдал тодорхойгүй байхаас гадна хагалгаа, эмчилгээ хийсэн эмч нарын хоол хүнсэнд зарцуулсан хэмээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж буйгаас дээрх хоол, такси үйлчилгээ, шатахуун зэрэг нийт 604.550 төгрөгийн шаардлага нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй тул шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

Түүнчлэн он, сар өдөр тодорхойгүй, хэн хаанаас юунд зориулж худалдан авалт хийсэн нь ойлгомжгүй хэргийн 1 дүгээр хавтас 79-82 дахь талд авагдсан  9, 11, 12, 13, 15 гэж дугаарлагдсан 5.821.000 төгрөгийн шаардлагад хамаарах хохирогчийн гаргасан баримтууд, гандан хийдэд ном уншуулсан гэх 45.500 төгрөг хэргийн (1 хавтас хэргийн 66) зэрэг нийт 5.866.500 төгрөгийн худалдан авалтын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, мөн амь хохирогчийн ажил үргээ гүйцэтгэж байхдаа зээлээр худалдан авсан гэх гар утасны үнэ 720.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл гэх 9.633.022 төгрөгийн шаардлагын тухайд амь хохирогчтой гэрээ байгуулсан үүрэг гүйцэтгүүлэгчээс уг төлбөрийг шаардан нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй, аль эсхүл гэрээний тал болох амь хохирогч нас барснаар тэдгээр гэрээнүүдийн (худалдах худалдан авах болон зээлийн) үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгосон эсэх нь тодорхойгүй, хохирогчийн төлөөлөгчөөс хэрэгт энэ талаар баримт гаргаагүй тул дээрх шаардлагад хамаарах 10.353.022 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.  

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогч нь 49 настайдаа ослоор нас барсан, ажиллаж байх хугацаандаа сард дунджаар 431.600 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс авдаг байсан, 55 нас хүртлээ буюу тэтгэвэрт тогтоолгох насанд хүртлээ ажил үүргээ гүйцэтгэсэн бол нийт 6 жилийн хугацаанд 31.075.200 төгрөгийн орлого олох байсан хэмээн тайлбарлаж, уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь уг амь хохирогчийн авдаг байсан цалин хөдөлмөрийн хөлс нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үндсэн эрх бөгөөд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан өв залгамжлагчийн шаардах эрхэд хамаарахгүй юм.

Дээр дурьдсан үндэслэлээр хохирогчийн төлөөлөгчийн гаргасан 85.894.137 төгрөгийн шаардлагаас хоол, такси үйлчилгээ, шатахууны зардал гэх 604.550 төгрөг, эд зүйлс худалдан авахад зарцуулсан гэх 5.866.500 төгрөг, цалингийн зээлийн болон худалдан авсан гар утасны үнийн үлдэгдэл гэх нийт 10.353.022 төгрөг, олох байсан орлого гэх 31.075.200 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж, шүүгдэгчийн амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардалд нөхөн төлсөн 7.301.300 (2 хавтаст хэргийн 21-22, 46) төгрөгийг хасаж тооцсоноос үлдсэн 30.693.565 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид,

Иргэний нэхэмжлэгч Ц.Х..............ай нь тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 1.350.400 төгрөг (1 хавтаст хэргийн 211), хор уршиг буюу тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр болох 310.000 төгрөг  (1 хавтаст хэргийн 103)  нийт 1.660.400 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна. Тодруулбал шүүгдэгч Б.З...............роос 1 жилийн хугацаанд нийт 32.353.965 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30.693.565 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид 1.660.400 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.З...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD хэрэгт хавсаргаж үлдээх, хураагдсан бичиг баримтыг холбогдох байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулах дүгнэлтийг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс “гомдолтой хуулийн дагуу хорих ялын дээд хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санамсар болгоомжгүй үйлдэгддэг. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.З...............рт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.З...............рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.З...............р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлснийг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болох П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажилладаг, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Б.З...............рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хорих ялыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хас ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.З...............рт дээрх заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Тиймээс шүүгдэгч Б.З...............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт” тогтоохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.З...............р нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тав жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт шүүгдэгч Б.З...............рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 586297 дугаартай жолоочийн үнэмлэх, “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01607740 дугаар гэрчилгээ, “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн тогтоолоор тус тус битүүмжилсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгчийн эзэмшлийн “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “SOMEI CD-R 730MB 80MIN 52Х” бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01607740 дугаар бүхий гэрчилгээг Б.З...............рт буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б...............хын З...............рыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З...............рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасч, 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.З...............рт оногдуулсан 5 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З...............рт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

5. Шүүгдэгч Б.З...............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоогсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З...............роос 1 (нэг) жилийн хугацаанд 32.353.965  (гучин хоёр сая гурван зуун тавин гурван мянга гурван есөн зуун жаран тав) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................гт 30.693.565 (гучин сая зургаан зуун ерөн гурван мянга таван зуун жаран тав) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Х..............айд 1.660.400 (нэг сая зургаан зуун жаран мянга дөрвөн зуу) төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б................г нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.З...............рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 586297 дугаартай жолоочийн үнэмлэх болон мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн түүний эзэмшлийн “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “SOMEI CD-R 730MB 80MIN 52Х” бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, “Тoyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01607740 дугаар бүхий гэрчилгээг Б.З...............рт буцаан олгосугай.

8. Эрүүгийн 1803 0000 10092 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З...............рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ