Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2018/00098/И |
Дугаар | 00456 |
Огноо | 2018-02-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 00456
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ба ХХК-д холбогдох
2,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, хариуцагчийн төлөөлөгч Б.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ХХК нь Ба ХХК-тай 2015 оны 5 сарын 14-ний өдөр БК-021/0-182-15 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлүүдийг үндэслэн байгуулсан. Ба ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр 3,546,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал зээлээр худалдан авч сар бүрийн 30-ны дотор төлбөр тооцоог хийхээр тохиролцсон. Гэвч Ба ХХК нь гэрээний үүргийн төлбөр болох 3,546,000 төгрөгөөс 2,178,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 1,368,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Мөн 2015 оны 5 сарын 14-ний худалдах, худалдан авах гэрээний 6.1 дэх хэсэгт “худалдан авагч нь захиалсан барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй, барааг хугацаанд нь хүлээж аваагүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан. Иймд гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,368,000 төгрөг, алданги 684,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөгийг хариуцагч Ба ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Б ХХК-ийн гарсан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Учир нь Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 5 сарын 14-ний өдөр байгуулж гэрээний үүргийн дагуу 2,178,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 1,368,000 төгрөг байгаа. Гэтэл Б ХХК нь 2,052,000 төгрөг алдангид нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Компани алданги төлөх санхүүгийн боломжгүй байгаа” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ба ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,368,000 төгрөг, алдангид 684,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 1,368,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө, алдангийг төлөх санхүүгийн боломж байхгүй тул алдангид 684,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Б ХХК болон Ба ХХК нарын хооронд 2015 оны 5 сарын 14-ний өдөр БК-021/0-182-15 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хх-9,10 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК нь барилга угсралтын материалыг Ба ХХК-ийн захиалгын дагуу нийлүүлэх, Ба ХХК нь захиалсан барааны төлбөрийг сар бүрийн 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 5 сарын 14-ний өдрөөс 2015 оны 6 сарын 13-ны өдрийн хооронд нийт 3,546,000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зарлагын баримтууд /хх-45-48 тал/-аар тогтоогдож байх ба хариуцагч нь төлбөрөөс 2,178,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 1,368,000 төгрөг гэдэгт маргаагүй, хариуцагч уг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан, талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад “Худалдан авагч захиалсан барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй ... бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан байгаа нь дээр дурдсан анзын гэрээг бичгээр байгуулах, тогтоосон анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байх хуульд заасан шаардлагуудыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч 2015 оны 6 сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагчид 3,546,000 төгрөгийг барааг нийлүүлсэн, уг барааны үнийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 2015 оны 6 сарын 30-ны дотор хариуцагч нэхэмжлэгчид бүрэн төлөх үүрэгтэй байсан, төлбөрөөс 1,368,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй, 1,368,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.5 хувиар алданги тооцоход хоногт 6,840 төгрөгийн алданги, 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 сарын 27-ний өдрийг хүртэлх 911 хоногт 6,231,240 төгрөгийн алданги тооцогдож байх боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 1,368,000 төгрөгийн 50 хувь болох 684,000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн гаргасан санхүүгийн байдлаас шалтгаалан алдангийг төлөх боломжгүй гэх тайлбар нь хариуцагчийг гэрээнд заасан алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ба ХХК-аас 2,052,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэнйи хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Ба ХХК-аас 2,052,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас 2017 оны 12 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ба ХХК-аас 47,782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР