Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/675

 

                                                                                                                      

 

 

 

 

 

                                                                                        

   2022           5            10                                        2022/ШЦТ/675

                                                                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Өнөрбаяр,   

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д д холбогдох эрүүгийн 2206 00808 1323 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.    

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М.Д , Монгол Улсын иргэн,

                        

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 0  тоотод оршин суух иргэн Н-ийн гэрт хохирогч У-ийн гээгдүүлсэн 843.148 төгрөгийн үнэлгээ бүхий хөх өнгийн Оппо брендийн А93 эс маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед өөрийн танил найз Нараагийн хамт Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо байрлалтай үйл ажиллагаа явуулдаг Ауроро гэх нэртэй пабд сууж нийт 12 шил пиво ууж, 1 хоол захиалж идсэн... Таксинд суух үедээ би жолоочид нь “Амгалан” гэж хэлээд сууснаа санаж байна. Замдаа явж байхдаа таксины жолооч надад “Амгалан чинь хүрээгүй байна, Амгалангаас хэдэн буудлын наана байна. Найзындаа орчхоод явъя” гэж хэлж байх шиг санагдаж байна. Нэг ухаан орох үед би тэр найзынд гэрт куртикээ тайлсан байдалтай сууж байсан бөгөөд тэр айлын ширээ нь дээр Хараа гэх нэртэй архи байсан. Тэгээд мах чаначихсан байсан. Надад бас тэр Хараа нэртэй архинаасаа өгч байсан юм шиг санагдаж байна... Оппо брендийн А93 эс маркийн хөх солонгон өнгөтэй гар утас... алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

 

Гэрч Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр эмэгтэй мөн гарч явахдаа манай гэрт өөрийн хар өнгийн цүнхтэй эд зүйлсийг гал тогооны диван хэсэгт мартаад явчихсан байсан... Тэгээд би манайд үлдээсэн байсан нөгөө эмэгтэйн хар өнгийн цүнхийг Д-д  өөрт нь өгөөд явуулсан. Би Д-д  цүнхийг өгөхөөс өмнө тус дотор хэсгийг нээж үзэхэд цэнхэр өнгийн гар утас, гадаад паспорт болон бусад эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... бид хоёр юм ярьж сууж байгаад би явахдаа нөгөө эмэгтэйн орхисон цүнхийг аваад явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний адар мөнгөний хэрэг гарсан тул тухайн эмэгтэйн цүнхэнд байсан цэнхэр өнгийн утсыг Бум нэртэй ломбардад өөрийн эхнэр 0-ийн бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавьчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас)

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35-р хуудас),

“Юнител” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05- 01/2154 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ж.Октябрьтуяа нь барьцаалан зээлдүүлэн газарт барьцаанд тавьсан бүртгэл (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

                                                    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “... Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 0  тоотод оршин суух иргэн Н-ийн гэрт хохирогч У нь хар өнгийн цүнхээ орхисон байсныг шүүгдэгч М.Д нь авсан байна.

                  

Улмаар хохирогч У-ийн цүнхэнд байсан хөх өнгийн Oppo a93s маркийн гар утсыг авч, эхнэр 0-ийн нэр дээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна.

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч У-ийн эзэмшлийн “Oppo a93s маркийн гар утсыг 843.148 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.

                             

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

 

“Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч У-ийн Oppa a93s маркийн гар утсыг 843.148 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч У-ийн өмчлөлийн Oppa a93s маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч М.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч У нь “Oppa a9s маркийн утасны хохирол барагдуулсан. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 09 цагийн үед Сансар салбарын ХААН банкны АТМ-аас өөрийн данс руугаа 500.000 төгрөгийг шилжүүлэн хохирлоо хоёр тал харилцан тохиролцон барагдуулж дууссан...” гэх гар бичмэлийг шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан шүүгдэгч Б.Д хэлэх зүйлгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

                             

Шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Б.Д-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

                                                                                                            

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

                                                                                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ