Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 347

 

    

 

 

 

 

 

 

 2019           4             18                                              ДШМ/2019/347

 

 

                                       Г.Ц-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ундрах,

хохирогч Б.Ц-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлээр Г.Ц-д холбогдох эрүүгийн 1708012030128 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Г.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, “Натур” төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Т-гийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий .....УБЧ улсын дугаартай “Toyota Coralla” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг “7 хоногийн хугацаатай унаад өгье” гэж хуурч шилжүүлэн авсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах, “Орчлон” хорооллын 45 дугаар байрны орчимд 35-10 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Ц-ад “улаан мөнгөн ус олж өгнө” гэж хуурч 45.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2017 оны 12 дугаар сарын 17-наас 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, “Нарантуул” зах дотор хохирогч Т.Ж-д “цэнхэр оюу чулуу Казакстан улсаас оруулж ирнэ” гэж хуурч 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Хохирогч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Г.Ц- нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.Ц-аас 45.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйлдэлд энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Х- ямар холбоотой эсэхийг хуульд заасан арга хэрэгслээр мөрдөн шалгах;

2. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О-болон хохирогч Б.Ц-, гэрч Н.О-, шүүгдэгч Г.Ц- нарын мэдүүлэгт дурдагдсан Б- нар нь хохирогч Б.Ц-ын 45.000.000 төгрөгөөс мэдсээр байж шилжүүлэн авсан гэх нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр мөрдөн шалгаж, тэд энэ хэрэгт холбоотой эсэх, эсхүл тэдний үйлдэл “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл тэд энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдох эсэхийг нэг мөр шалгаж тогтоох;

3. Хохирогч Т.Ж- энэ хэргийн улмаас 14.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн гэх боловч 9.900.000 төгрөгийн баримтаас өөр хэрэгт авагдсан нотпох баримт байхгүй, мобайл банкаар шилжүүлсэн 1.200.000 төгрөгийн асуудлыг баримтаар тодруулаагүй, үлдсэн 3.900.000 төгрөгийн хохирлын эх сурвалжийг хохирогч заагаагүй байна. Иймд хохирогч Т.Ж-д учирсан хохирлын хэр хэмжээг хуульд заасан арга хэрэгслээр тогтоох;

4. Мөн хохирогч Т.Ж-аас шилжүүлсэн 9.900.000 төгрөгөөс энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.О-ад үлдсэн хэсэг нь ямар учиртай, мөн гэрч Н.О- нь энэ хэрэгт холбоотой эсэх, хэрэв холбоогүй бол иргэний хариуцагчаар татагдах эсэхийг хуульд заасан арга хэрэгслээр шалгах;

5. Хохирогч Б.Ц- нь шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц-гийн илгээсэн, гэрч Г.Х-тай хамт үзсэн гэх дүрс бичлэг бүхий компакт дискийг шинжлэн судлах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаагүй эд мөрийн баримтыг шинжлэн судлах боломжгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд зааснаар шүүх зөвхөн хэрэг гарсан газар, орон байранд үзлэг хийж болохоор хуульчлагдсан байна. Иймд хохирогч Б.Ц-ад компакт дискт байгаа гэх дүрс бичлэг нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг шалгаж, хэрэв дүрс бичлэгтэй байгаад тэр нь хэрэгт хамааралтай бол түүний дагуу мөрдөн шалгах, хуулийн дагуу бэхжүүлж хэрэгт хавсаргах;

6. Шүүгдэгч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Б.Ц-ын мөнгөөр ...... УНЯ улсын дугаартай “Range rover” загварын автомашин худалдаж авсан, дараа нь ломбардад барьцаанд тавьсан...” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Ц- түүний мэдүүлгийг баталж байна. Иймд уг тээврийн хэрэгслийг олж тогтоох, иргэний нэхэмжлэлийг хангуулах зорилгоор битүүмжлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй эсэхийг шалгаж тодруулах.

Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж  мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

 Яллагдагч Г.Ц- нь Б.Ц-аас 45.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн бөгөөд хэрэгт Г.Х- нь хамтран оролцоогүй болох нь хохирогч Б.Ц-ын “Манай найз Х- надаас 2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэр “мөнгө байна уу” гэж асуусан. “Мөнгө байж болно, яах гэж байгаа юм” гэж асуухад “бид хоёрын уулзсан Ц- гэх хүнд улаан мөнгөн ус байна. Чи мөнгө олчихвол хоёулаа тэрийг нь худалдаж аваад цаашаа үнэ хүргэж мөнгө олох ажил байна. Дор хаяж нэг хүний 100.000.000 төгрөг олох боломжтой” гэхээр нь “найдвартай бол хамаагүй. Би мөнгө зохицуулж болно. Тэгэхдээ би чамд мөнгөө өгч явуулахгүй” гэхэд “чи өөрөө мөнгөө аваад цуг явж болно” гэхээр нь би “за тэгвэл асуудалгүй” гэж хэлээд салсан. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өглөө найз Х- залгаад Ц-той өдөр уулзаад “нөгөө улаан мөнгөн усаа авах боллоо” гэж хэлээд утсаа салгасан. Би өөрийнхөө ажилтан Нямбаяр, найз Ганболд нарыг дагуулаад 11 цагийн үед хорооллын “Өргөө” кинотеатрын урд байдаг “Хаан” банкны салбар дээр очиход Х- байсан. Дөрвүүлээ банк руу ороод би өөрийн “Хаан” банкны 5021254218 дугаарын данснаас бэлэн 44.980.000 төгрөг авч, өөрөөсөө 20.000 төгрөг нэмж 45.000.000 төгрөг болгоод машинтайгаа Нямбаяраар “барагшун” гэх эмийн ургамлын хайрцган дотор мөнгөө хийлгэсэн. Тэндээсээ хөдлөөд “Драгон” дээр ирэхэд Х- надад “Ц- ирсэн байна. Наад хоёр хүнээ явуулчих” гэхээр нь тэр хоёрыг явуулсан. Энэ үед би дэлгүүр ороод ирэх хооронд Ц- миний машины хойд талд суусан байсан. Машинд байсан бэлэн мөнгийг хажуудаа тавьсан байсан. Ц- 21 дүгээр хороолол оръё гээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хороолол 45 дугаар байрны ур талд зогссон, энд мөнгө бэлэн байна гээд хүнтэй утсаар яриад, дахиад би орж байна шүү гэж утсаар яриад 45.000.000 төгрөг аваад буугаад, 45 дугаар байрны орц руу орсон, бид 2 хүлээгээд гарч ирэхгүй болохоор тэр хавиар нь хайсан. Х- бууж үзээд “энэ орц чинь цаашаа дэлгүүрээр дамжаад гарчихдаг юм байна” гэж ирсэн. Ингээд залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-7-10/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц-ын “Г.Х- ч гэсэн надтай адилхан хууртагдаад миний мөнгийг залилуулсан” гэх мэдүүлэг. Гэрч Г.Х-ын “Ц- надад улаан мөнгөн усны талаар яриад байхаар би итгээд өөрийн найз Ц-ыг Ц-той танилцуулж мөнгийг нь залилуулчихсан. Ц- надад “улаан мөнгөн усыг хятадууд сонирхдог юм, та Ц-аар худалдан авах хүн олуулаадах, надад тэр бараа нь байна, хамгийн гол нь худалдан авагч хэрэгтэй байна” гэхээр нь би Ц-ыг хятад хэлтэй болохоор нь хятадуудаас асуулгасан чинь Ц- “үнэхээр тэр бараа чинь байдаг бол хятадууд авья гэж байна” гэхээр нь Ц-д “наад бараа чинь байдаг юм бол авъя гэж байна” гэтэл “бараагаа аваад ирье” гэсэн. Хэд хоногийн дараа Ц- таараад “ямар ч мөнгөгүй бол авч болохгүй байна, та хэдэн төгрөг олоодох” гэхээр нь Ц- дээр очоод “Ц-д бараа байгаа юм байна, хоёулаа 100, 100 сая төгрөг олоод барааг нь авъя” гэтэл Ц- “100.000. 000 төгрөг олдохгүй” гэхээр нь Ц-д хэлтэл “тэгвэл ядаж 50.000.000 төгрөг олчих” гэхээр нь Ц-ад хэлэхэд “хүмүүсээс мөнгө цуглуулж 45.000.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-17-18/, 1 дүгээр хавтас хэргийн 7 дугаар талд Г.Х-, Б.Ц- нараас бусдад мөнгөө алдсан талаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэргээр тогтоогдсон. Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч, мэхлэх зэрэг аргаар шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгсөнө.

Яллагдагч Г.Ц- нь Б.О-гэгчтэй мөнгийг хамт үрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлдэг бөгөөд Б.Оргилийн “Би Г.Ц-гийн мөнгийг гэмт хэргийн замаар олсон мөнгө гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-134/, хохирогч Ж-ы “Б- гэх хүний “Хаан” банкны 5065222831 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Дараа Казакстан явах гэж байна дахиад 1.000.0000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Би нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Ц- хамгийн гол нь өөрөө мөнгө авахгүй хүнээр дамжуулж мөнгө аваад өөрөө аваагүй юм шиг харагдаж байгаа юм” гэх мэдүүлэг /2хх-126/, Найдангийн О- гэх хүний 5855027503 дугаарын данс руу 9.900.000 шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба “Хаан” банкны 5065222831 дугаартай Б-ын данс руу данснаас 2.000.000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогддог.

Иймд хохирогч Т.Ж-д мөнгө байсан, мөнгийг шилжүүлсэн талаар мэдүүлсэн, хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлох баримтын эх сурвалж тогтоогдож байна. Шүүх хохирогч Т.Ж-ыг шүүх хуралдаанд оролцуулан эх сурвалжийг тодруулах хууль зүйн боломжтой. Хохирогч Т.Ж-аас Н.О-ад шилжүүлсэн мөнгөнөөс яллагдагч Г.Ц-д түүний аав Б.Г-ийн 5855055202 данс руу шилжүүлэн өгч үлдсэн мөнгө нь өрөндөө авсан гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралд мэдүүлсэн /хх-191-93/ тул түүнийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр Б.Г-ийн данс бүхий карт нь яллагдагч Г.Ц-д байсан талаар шүүх хуралдаанд хэлсэн. Хохирогч Т.Ж- нь Н.О-, Б- нар энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамтран оролцсон зүйл байхгүй гэж мэдүүлсэн. /2хх-126/

Хохирогч Б.Ц-аас гаргасан шүүгдэгч Г.Ц-гийн илгээсэн гэх дүрс бичлэгийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж, шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, ...хэргийн бодит байдлыг тогтоох, ...шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан байх тул шүүхээс эд мөрийн баримтаар тооцож, нотлох баримтаар гаргасан бичлэгийг шүүх үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Ц-ын мөнгөөр 50-01 УНЯ улсын дугаартай “Range rover” загварын машиныг Мөнхбаяр гэх хүний нэрээр авсан. Дараа нь ломбардад тавьсан” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ц-гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагааг авахад тээврийн хэрэгсэлгүй гэсэн лавлагаа гарсан. Уг 50-01 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Ц-гийн эд хөрөнгө биш болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэнэ” гэсэн байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх хууль зүйн үндэслэлгүй, Г.Ц-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Манай байгууллагад ирсэн эрхийн акт нь шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн байсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ц-гийн араас 2 жил хөөцөлдөж байж олсон. Хэргийг буцаах шаардлагагүй байх гэж үзэж байна. Ц- намайг залилсан. Энэ хэрэгт Х-ыг оролцоогүй гэж үзэж байна. Ц-  анхан шатны шүүх хурал дээр  хэд хэдэн хүнийг хэрэгт татаж оруулах саналтай гэсэн. Гэхдээ Ц- их худлаа ярьдаг, итгэхэд хэцүү хүн. Юу ч ярьж болно. Хэргийг шийдүүлмээр байна” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна. Учир нь:

 

Г.Х-, Б-, Н.О- нар энэ хэргийг үйлдэхэд оролцсон талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн алинаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байгаагүй бөгөөд тэднийг гэрчээр асуусан, мөн бусад гэрч, холбогдогчийн мэдүүлгийг шинжлэн судлаж хэргийг шийдэх боломжтой байна.

 

Хохирогч Т.Ж-д учирсан хохирлын 9.900.000 төгрөгийн баримтууд хэрэгт байх бөгөөд нотлох баримтын эх сурвалжгүй гэх хохирлын талаар хохирогч, шүүгдэгчээс тодруулах боломжтой, түүнчлэн хохирогч нь мөнгө шилжүүлсэн баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх эрх нь нээлттэй.

 

Хохирогч Н.Ц-ын хохирлын талаарх нотлох баримт хэрэгт хангалттай шалгагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Ц-гоос илгээсэн гэх дүрс бичлэгийг хуулийн дагуу бэхжүүлэх, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Ц-гийн мэдүүлсэн Н.Ц-ын мөнгөөр автомашин худалдаж аваад ломбардад тавиад алдсан гэх мэдүүлгийг шалгах нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг дуудан оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай “шүүгчийн захирамж” байх боловч прокурор давж заалдах шатны шүүх хуралд “хэргийг прокурорт буцаах тухай” гэсэн агуулга бүхий “шийтгэх тогтоол”-ыг гардаж авснаа танилцуулсан болно.

 

Нэгэнт шүүгчийн захирамж прокурорын эсэргүүцлийн хүрээнд хүчингүй болсон бөгөөд анхан шатны шүүх энэ алдааг дахин гаргахгүй байх талаар цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Г.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ