Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0036

 

2014 оны 02 сарын 05 өдөр                    Дугаар 36                     Улаанбаатар хот

 

 “Я” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Я” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Анх нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 346 дугаар захирамжаар “М” ХХК-д олон улсын харилцааны сургуулийн барилгын зориулалтаар 1.0 га газрыг олгосон.

“Я” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 04-ны 11 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 тоот шийдвэрээр “М”-д олгосон газраас 3394.6 м2 газрыг шилжүүлэн авах тухай хүсэлт, “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ” болон холбогдох материалыг бүрдүүлэн өгсний дагуу техникийн зөвлөлийн хурлаар орж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот захирамжаар тус компанид 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны А/777 тоот захирамжаар “М” ХХК нь Баянзүрх дүүргийн 1-р хороо, “Р” хорооллын хойд талд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2001 онд авсан газраа 9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2011 онд “Я” ХХК-д газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин шилжүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжийн “Я” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Иймд нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны N111 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Я” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т давж заалдах гомдолдоо: "... “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаар “М” ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу 9 жил дараалан ашиглаагүй байхад нь “Я” ХХК-нд газар эзэмших эрхийг шилжүүлснээрээ Нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамжаар шилжүүлэн авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй гэж тайлбарласан ба анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч “Я” ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш 2 жилийн хугацаагаар ашиглаагүй байхад нь ...газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус болжээ” гэж дүгнэжээ.

Шүүх болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий захирамжийн 1 дэх хэсэгт заасан “9 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй байхад” Нийслэлийн Засаг дарга газрын эрхийг шилжүүлсэн акт нь хууль тогтоомж зөрчсөн гэсэн маргаан бүхий актын үндэслэлийг “газар эзэмших эрх шилжүүлэн авсан “Я” ХХК нь газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан” гэж үзсэн гэж ойлгон илт андуурч шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгосон.

2. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж заасан байна.

“М” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 346 дугаар захирамжаар олон улсын харилцааны сургууль барих зориулалтаар 1.0 га газрыг эзэмшүүлж гэрчилгээ олгосон, олон улсын харилцааны сургуулийн зориулалтаар газрыг ашиглахаар “Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд “М " ХХК нь уг газартаа үйлчилгээний барилга барьж газраа үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх үндэслэлийг /газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн/ шийдвэртээ заагаагүй, газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөн шилжүүлсэн нь Газрын тухай хууль, тогтоомжийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо ... газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа “М” XXК нь газраа 9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэсэн ганц үндэслэлийг дурдсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

  1. Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр газрыг зориулалтын дагуу 9 жил дараалан ашиглаагүй болохыг нотлохоор мэтгэлцэн, нотлох баримт судлуулсан байхад газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийг өөр ямар нэг үндэслэлийг давхар нотлохоор мэтгэлцсэн мэт тайлбарлаж байгаа нь мөн ойлгомжгүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Сургууль барих зориулалтын газрыг хэсэгчлэн шилжүүлэхдээ орон сууцны зориулалтаар шилжүүлсэн нь маргаан бүхий актад тусгагдаагүй ч гэсэн эдгээрийг нотолсноор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамж хууль зөрчсөн гэдгийг нотолж байгаа юм” гэж тайлбарласан гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан огт ашиглаагүй байх, 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөлүүд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохоор зааснаас маргаан бүхий акт нь 9 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөлийг үндэслэл болгосон гэж маргасан байхад дээр дурдсанаас өөр үндэслэлээр маргасан мэт, түүнийг давхар нотлохоор зориулалтын дагуу газрыг ашиглаагүй үндэслэлийг нотлохыг оролдсон мэт тайлбарласныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. /шүүх хуралдааны тэмдэглэл үзнэ үү/

  1. Хавтаст хэрэгт “М” ХХК-д олон улсын харилцааны сургуулийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2001 оны 356 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М” ХХК нь орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2001 онд газар авсан газраа ... “Я” ХХК-нд хууль тогтоомж зөрчин шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болсон гэж дүгнэснээрээ маргаан бүхий актын үндэслэл болсон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байхад эрх шилжүүлсэн гэсэн үндэслэлийг үгүйсгэх гэж оролдсон оролдлого гэж үзэхээр байна.
  2. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг зааж гаргасан байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/777 дугаар захирамжаар “Я” ХХК   , “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40,1-д заасан тохиолдолд л газар эзэмших эрх дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 85 дугаар зүйлийн 85.3- т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаар “9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй газрыг хууль зөрчин шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч "Я” ХХК-д болон “М” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчаас “газрын зориулалтыг өөрчлөх талаар шилжүүлэн авч байгаа болон шилжүүлэн өгч байгаа этгээд хүсэлт гаргаагүй байхад өөрчилсөн, мөн газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байхад түүнийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн“ гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр Монгол Улсын аж ахуйн нэгжүүд болох “Я” ХХК болон “М” ХХК-иуд хоорондоо шилжүүлэх боломжтой бөгөөд харин эрхийн гэрчилгээг шилжүүлэх “Я” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг дарга нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 37 дугаар захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэхдээ мөн зүйлийн 38.3-т заасныг шалгаж тогтоосны үндсэн дээр гэрчилгээг шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх журмын дагуу шалгаж тогтоолгүйгээр 2013 оны 37 дугаар захирамжаараа “Я” ХХК-д Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороонд 3394 м.кв газрыг “М” ХХК-иас зориулалтыг нь өөрчлөн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар шилжүүлэн өгч шийдвэрлэсэн атлаа 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаараа “Я” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн нь тухайн үед хуулийн дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн хүсэлтээ шийдвэрлүүлсэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Я” ХХК-ийн гаргасан хүсэлтийг 2011 онд шийдвэрлэх үед газар эзэмших эрхээ шилжүүлэгч “М” ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 10000 м.кв газрыг эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байснаас гадна эрхээ шилжүүлэгч “М” ХХК нь “газраа 9 жил зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлийг Нийслэлийн Засаг дарга тухайн үед шалгаж тогтоогоогүй нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалснаас бус үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагч газар эзэмших эрхийн зориулалтыг нь өөрчлөн бусдад шилжүүлсэн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан нь буруу бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 буюу “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” газар эзэмшигчийн үүргийг зохицуулсан заалтыг баримтлан, өмнөх эзэмшигч болох “М” ХХК нь 9 жил газраа ашиглаагүй байхад газар эзэмших эрхийг нь шилжүүлсэн гэсэн үндэслэлээр “Я” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд “Я” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлын аль нь ч бий болоогүй байх тул хариуцагч нь эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г баримтлаагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж буй хариуцагчийн тус үндэслэл нь газар эзэмших эрхээ шилжүүлсэн “М” ХХК-д хамааралтай болохоос “Я” ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлэн аваад 2 жил болоогүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 39 дүгээр зүйлд заасныг удирдлага болгож газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, ... газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрх нь хүчингүй болсон”[1] гэж тайлбарлаж байсан атлаа давж заалдах гомдолдоо “маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг зааж гаргасан” гэж байгаа нь ойлгомжгүй байна.

 

“Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М" ХХК нь орон сууц үйлчилгээний зориулалтаар 2001 онд авсан газраа ... гэж дүгнэсэн нь маргаан бүхий актын үндэслэлийг үгүйсгэх гэж оролдсон оролдлого” гэх гомдлын тухайд маргаан бүхий А/777 дугаар захирамжийн нэг дэх хэсэгт “М” ХХК Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Р” хорооллын хойд талд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2001 онд авсан газраа” гэж бичсэнтэй адилаар шүүхийн шийдвэрт мөн буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар захирамжаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр шүүх “нэхэмжлэгч газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш 2 жилийн хугацаагаар ашиглаагүй байхад нь газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн” гэж маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах үндэслэл болгоогүй нөхцөл байдлыг дүгнэсэн нь буруу байх боловч нэхэмжлэгч “Я” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/777 дугаар акт хууль бус болох нь тогтоогдож байхаас гадна шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэж шийдвэрлэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

                            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,

87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн

519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.