Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

Нарийн бичгийн дарга: О.Болормаа,

Шүүгдэгч Г.Золбоо, түүний өмгөөлөгч Б.Орхон,

            Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шагал овогт Гал-Эрдэнийн Золбоо, Шатарчин михам овогт Дагвын Болд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201625021433 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн, 16 дугаар хороо, 24-р байрны 109 тоотод оршин суух, регистрийн дугаар УИ90121735, Шагал овогт Гал-Эрдэнийн Золбоо,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн, 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/3 байрны 46 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ91061093, Шатарчин михам овогт Дагвын Болд-Эрдэнэ.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Д.Болд-Эрдэнэ, Г.Золбоо нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016.05.07-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Н.Сүхбаатарыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу муухай харлаа гэж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Золбоо мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүх хуралдаан шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийж, амьдралдаа түүнийг баримтлал болгоно. Болчимгүй үйлдлээсээ болж хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Сүхбаатар /хх-ийн 11/, гэрч Ш.Гантөмөр /хх-ийн 15/, гэрч Э.Мөнхбат /хх-ийн 17/, яллагдагч Г.Золбоо /хх-ийн 33-34/, Д.Болд-Эрдэнэ /хх-ийн 36-37/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэгийн шүүх эмнэлэгийн шинжээчийн 6423 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, шүүгдэгч Г.Золбоо /хх-ийн 39/, Д.Болд-Эрдэнэ /хх-ийн 48/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ, Г.Золбоо нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар 07-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Н.Сүхбаатарыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу “муухай харлаа” гэж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Сүхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Туушин зочид буудлын урдаас 3 залууг авч яваад Замын цагдаагийн ар талд байрлах 59 дүгээр байрны үүдэнд ирээд зогссон. Тэгтэл тэр 3 залуугийн нэг нь машинаас буугаад машины цонхоор машины ард сууж явсан залуутайгаа хэрэлдээд муудалцаад байсан. Тэгээд бараг 20-30 минут орчим болсон байх. Тэгэхээр нь “би явмаар байна тооцоогоо хийгээч” гээд тэр 3 залууд хандаж хэлтэл тоогоогүй. Тэгэхээр нь би жоохон хүлээж байгаад хойшоогоо эргээд ард сууж байсан залуу руу хартал машины гадна зогсож байсан өндөр залуу намайг “та яагаад муухай хараад байгаа юм бэ” гэснээ машинд орж ирж суугаад дээд урд шүд рүү цохисон. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд нөгөө намайг цохидог залуутай машин дотроо ноцолдсон. Тэгтэл машины ард сууж байсан нэг нь хоёр сандлын голоор орж ирээд миний баруун дээд завж руу цохиод сэтэлчихсэн. Тэгээд би бас ноцолдоод би машинаасаа гаръя гэж бодоод хаалгаар гартал амаар дүүрэн цус болчихоор нь нулимаад хаясан. Тэр гурван залуугийн махлаг залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй…” /хх-ийн 11/,

 

Гэрч Э.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Болд-Эрдэнэ таксины жолоочийг алгадчихсан. Тэгтэл Золбоо таксины жолоочийн шууд араас нь нүүр хавь руу нь гараараа нэг удаа цохисон…” /хх-ийн 17/,

 

Шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Сүхбаатарын биед “…тархи доргилт, баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйлны хонхорт цус хуралт бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6423 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэн бусдын биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Харин тэднийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

 

Хохирогч Н.Сүхбаатар нь шүүгдэгч нараас эрүүл мэндэд учирсан хохиролдоо нийт 1.295.000 төгрөг хүлээн авсан гэх бөгөөд цаашид шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдвал зохино.

 

Шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гмэт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шагал овогт Гал-Эрдэнийн Золбоо, Шатарчин михам овогт Дагвын Болд-Эрдэнэ нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбоог 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болд-Эрдэнийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР