Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2020/0013

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 05 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК,

Хариуцагч: Төв аймгийн А сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанид Төв аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 дугаартай захирамжаар Төв аймгийн А сумын 2-р баг Бөхөгт байрлах 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглуулсан болно. Энэхүү газраа манай компани нь өдий хүртэл зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн Б/45 дугаартай захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 61.1 дахь заалт болон Төв аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.07.09-ны өдрийн 19-04-031/218 тоот албан шаардлагыг үндэслэсэн байх бөгөөд Төв аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.07.09-ны өдрийн 19-04-031/218 тоот албан шаардлага нь манай компанийг Газрын тухай хуулийн 38.1-ийг зөрчсөн, мөн Төв аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн А/90 тоот захирамж нь дээрх 5 га газрын зориулалтыг өөрчлөн захирамж гаргасан нь

h:\у.золчимэг\захиргааны шүүх\шийдвэр\Н ххк шийдвэр.docx

 

хууль зөрчсөн гэсэн үндэслэл заасан байдаг. Гэтэл манай компанийн зүгээс

Газрын тухай хуулийн 38.1-д заасанчлан Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, барьцаалсан асуудал байхгүй бөгөөд газрын зориулалтыг өөрчлөөгүй анх Төв аймгийн А сумын Засаг даргын захирамжаар олгосон зориулалтын дагуу ашиглаж байгаа болно.

Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг эс зөвшөөрч манай компаниас Төв аймгийн

засаг даргад гомдол гаргасан бөгөөд гомдлыг хүлээн авах боломжгүй талаар Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 03-р сарын 11-ний өдрийн 07/156 дугаартай албан бичгээр хариу өгсөн болно.

Иймээс дээрх үндэслэлээр Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн Б/45 дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-д 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 180 дугаар зөрчил арилгах албан шаардлага, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 19-04-031/218 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага ирсэн. 2 дахь албан шаардлага Н ХХК-д ирээгүй, А сумын Засаг даргад хандсан албан шаардлага байсан. А сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Б/172 дугаар захирамжаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Үүний дараа манай талаас тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба холбогдох ажиллагааг явуулж 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар А сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. А сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 208 дугаар захирамжаар манай компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн. А сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан тоот манайд ирээгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг манай талаас биелүүлсэн талаар 2019.12.02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр улсын байцаагч Х.Нарангэрэлийн майл хаяг руу хариу илгээсэн. Маргаан бүхий захирамж нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 19-04-031/218 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг үндэслэсэн. А сумын Засаг дарга нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад шүүхийн шийдвэрээс өмнө гарсан албан шаардлагыг үндэслэл болгож маргаан бүхий захирамжийг гаргасан. Уг захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүчингүй болгох үндэслэлийг заагаагүй тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Тус сумын 2-р багийн нутаг Бөхөгт 10 га газар ашиглагч Н /5978009/ ХХК-ыг Төв аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.07.09-ны өдрийн 19-04-031/218 тоот газар ашиглах эрхийг цуцлах тухай албан шаардлага ирүүлснээр сумын Засаг даргын 2019.08.13-ны Б/172 тоот захирамжаар тус газрын газар ашиглах эрхийг цуцалсан боловч уг компани Төв аймгийн Засаг даргад гомдол мэдүүлсний дагуу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019.09.19-ний 07/657 тоот албан бичгээр сумын Засаг даргын 2019.08.13-ны өдрийн Б/172 тоот захирамжийг хүчингүй болгох тухай чиглэл ирүүлсэн.

Уг чиглэлийн дагуу сумын Засаг даргын 2019.10.04-ний Б/208 тоот захирамжаар 2019.08.13-ны Б/172 тоот захирамжийг хүчингүй болгосон Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын өгсөн чиглэлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйл, 27-р зүйлийн 4.2-т заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж 2019.10.04-ний 05/287 тоот албан бичгээр хугацаатай мэдэгдлийг Н ХХК-ийн /[email protected] /нягтлангийн хаяг/ хаяг руу и-мэйл явуулж, Баянгол дүүрэг 20-р хороо, 51-р байр, 54 тоот захирал Наранговагийн хаяг руу шуудангаар тус тус хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүйгээс 2020.02.17-ны өдрийн Б/45 тоот захирамжаар цуцлах шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н ХХК-иас А сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Б/172 дугаар Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өгсөн чиглэлийн дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийж Н ХХК-ийн нягтлан, захирал нарын хаяг руу 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 05/287 тоот мэдэгдлийг шуудангаар тус тус илгээсэн. Маргаан бүхий захирамжийг албан тоотын хамт явуулсан бөгөөд захирамжийг аваад албан тоотыг аваагүй байх үндэслэл байхгүй. Мөн захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 33.1.2, 34.2, 38.1-д заасан үндэслэл бүрдсэн учир цуцалсан. Уг компани сүүлийн 2 жил газрын төлбөрөө төлөөгүй гэжээ.

Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил болгон батлуулна гэж хуульд заасныг зөрчсөн. Ганцхан 2019 оны төлөвлөгөө боловсруулсан, аж ахуй нэгжүүд сумын Засаг даргатай зөвшилцөж төлөвлөгөөг батлуулах ёстой. Нэхэмжлэгч талаас төлөвлөгөөтэй холбоотой ямар ч санал хүсэлт ирж байгаагүй. 2016-2019 оны хооронд Н ХХК нь үйл ажиллагаа явуулсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх ёстой байдаг боловч Н ХХК хэлэлцүүлээгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н ХХК Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 19-04-031/218 тоот албан шаардлагад зааснаар 2-р багийн нутаг Бөхөгт байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай 5 га, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 5 га газар ашиглагч Н ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, А сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 тоот захирамж болон газар ашиглах эрхийн 340832, 341766 дугаар гэрчилгээнүүд, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг тус тус хүчингүйд тооцжээ[1].

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19-04-031/218 дугаар улсын байцаагчийн албан шаардлагад сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжаар А сумын 2 дугаар баг Бөхөг гэх газар төмс хүнсний ногооны зориулалтаар 10 га газар эзэмшигч Хүрээ цамхаг ХХК-ийн газар эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай Н ХХК-нд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалт, сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 тоот газар ашиглуулах захирамжаар Н ХХК-ийн 5 га газрын зориулалтыг өөрчлөн захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь заалтыг зөрчиж байгаа учир сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/50, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 тоот захирамжуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.[2]

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах 3 үндэслэлээр захиргааны актыг гаргасан тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

1.    Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл уг хуулийн этгээд нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгджээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэж зааснаар, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Н ХХК Монгол улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна.

Иймд Х ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай Н ХХК-нд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл Н ХХК нь хэдийгээр 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани хэдий ч Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Монгол улсын аж ахуйн нэгж байна.

2.    Дуудлага худалдаа явуулахгүйгээр газар эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Улсын байцаагчийн албан шаардлагад Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байх бөгөөд уг заалт нь Газрын тухай хуулийн олон заалтыг иш татсан байна.

Эдгээр заалтаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасан энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Маргаан бүхий 10 га газрыг анх Төв аймгийн А сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 86 тоот захирамжаар 5 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар иргэн М.Доржпүрэвт, 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 тоот захирамжаар 5 га газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар Д.Н- д эзэмшүүлсэн[3]. М.Д, Д.Н нараас 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/150 дугаар захирамжаар маргаан бүхий 10 га газрыг Н.Н[4], иргэн Н.Н-с Х ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/04 дугаар захирамжаар тус тус шилжүүлэн эзэмшүүлжээ[5]. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжаар Х ХХК-иас Н ХХК-д 10 га газрыг төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.[6]

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь уг 10 га газрыг анх иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхэд тавигдах шаардлага байх тул Хүрээ цамхаг ХХК-иас Н ХХК-д уг газрыг шилжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.    Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй үндэслэлийн тухайд:

Н ХХК-иас Төв аймгийн А сумын Засаг даргад хандан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар албан бичгээр нийт эзэмшүүлсэн газраас 5 га газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Уг хүсэлтийг хүлээн авч, Төв аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н ХХК-д төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын 5 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт болгон өөрчилж, 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байна.[7]

Улмаар уг компанид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 000000 дугаар гэрчилгээгээр 5 га газрыг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0000000 дугаар гэрчилгээгээр 5 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг шинээр дахин олгожээ[8].

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н ХХК нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2016/Р40 дугаар ерөнхий үнэлгээний гүйцэтгэх хуудсын дагуу 2016 онд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ[9] хийлгэж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулсан байна. Улмаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг түүнтэй байгуулжээ[10].

Мөн Н ХХК-иас Төв аймгийн А сумын Засаг даргад хандан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч албан бичиг явуулж байсан нь тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/1 дугаар албан тоот, 2020 оны 02 дугаар сарын 13-ны 02/2 албан тоот бичгээс харагдаж байна.

Иймд Н ХХК нь 2016 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, гэрээ байгуулж, гэрчилгээг хариуцагчаас олгосон байх тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч газрын гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлөөгүй гэх асуудлыг шүүх хуралдаанд хөндсөн боловч уг үндэслэлээр Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамж гараагүй байна. Иймд захиргааны актад үндэслээгүй асуудлаар шүүх нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэх боловч хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/287 дугаар албан бичгээр[11] Төв аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19-04-031/218 тоот албан шаардлагаар газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдэж, сонсох ажиллагаа зохион байгуулах талаар мэдэгдсэн байна. Үүнээс хойш 4 сар гаруй хугацааны дараа хариуцагч захиргааны актыг гаргасан байх тул түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйд заасан сонсох ажиллагааг явуулж, нэхэмжлэгчид тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацааг олгосон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчээс өмнө нь Төв аймгийн А сумын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. Уг захиргааны актад улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19-04-031/218 тоот албан шаардлагыг үндэслэсэн. Улмаар хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2019/0033 дугаар шүүгчийн захирамжаар[12] хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн нөхцөл бүрдсэн гэж тайлбар гаргаж байна.

Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2019/0033 дугаар шүүгчийн захирамжаас үзвэл хариуцагч нь сонсох ажиллагаа явуулаагүй захиргааны акт гаргасныг хүлээн зөвшөөрч, сонсох ажиллагаа явуулж дараагийн захиргааны актыг гаргана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл захиргааны актын хууль зүйн үндэслэл болон үйл баримтыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад зааснаар хариуцагч захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч А сумын Засаг дарга улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан ямар хууль зүйн үндэслэлийг үндэстэй гэж үзэн хүлээн авсан нь тодорхойгүй, тодруулбал, нэхэмжлэгч Газрын тухай хуулийн аль заалтыг зөрчсөнийг захирамждаа тодорхой тусгаж өгөөгүй байна. Иймд Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэл бүрдсэн гэж үзэн А сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/90 тоот захирамж болон газар ашиглах эрхийн 340832, 341766 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн А сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 49, 50 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 9 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 71

[4] 1-р хавтаст хэргийн 72

[5] 1-р хавтаст хэргийн 73

[6] 1-р хавтаст хэргийн 41

[7] 1-р хавтаст хэргийн 48 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 49, 50 хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 89-152 хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 51 хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 20 хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 14-15 хуудас