Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2018/00263/И |
Дугаар | 00467 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 00467
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох
9,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М , хариуцагчийн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.М 2017 оны 4 сараас М ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ авахаар 1600014232 дугаар бүхий гэрээ байгуулсан. 2017 оны 9 сарын 26-ны өдөр 04:00 цагийн орчимд миний 17-75 УБК дугаартай Соната-7 маркийн автомашин бүрэн шатаж надад 9,700,000 төгрөгийн хохирол учирсан. Иймээс би гэрээний дагуу даатгалын үйлчилгээ үзүүлж буй М ХХК-д 2017 оны 10 дугаар 13-ны өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан. Гэвч М ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, 9,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.М аас М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тээврийн хэрэгслийн даатгалын №1600014232 тоот гэрээний даатгуулагч Н.М аас 2017 оны 10 сарын 13-ны өдөр ирүүлсэн нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад дараах шийдвэрийг гаргасан байна. Даатгуулагч Н.М ын 1775УБК улсын дугаартай Хьюндай Соната 7 маркийн автомашиныг 2017 оны 9 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот 8 дугаар байрны гадна зогсоолд байх үед тээврийн хэрэгсэл бүрэн шатсанд нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан. Тээврийн хэрэгсэл бүрэн шатсан шалтгаан нөхцлийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч дүгнэж, 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 364/1970 тоот шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн байх ба “Гал түймэр нь автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэн гал түймэр гарсан байх магадлалтай байна.” гэж дүгнэсэн байна. Энэ тохиолдол нь №1600014232 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан аль эрсдэлийн улмаас үүссэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр 2.1.2.а.”ахуйн гал түймэр” болон 2.1.2.b “дэлбэрэлт, тэсрэлт”-ийн улмаас үүссэн галын эрсдэлд нөхөн төлбөр олгохоор заасан боловч 2017 оны 9 сарын 26-ны өдөр даатгуулагч Н.М ын 1775УБК улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь гэрээний 2.1.2.а, 2.1.2.b-д заасан эрсдэлийн улмаас үүсээгүй байсан. Бидний зүгээс №1600014232 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.2. “Дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” гэх заалт, 2.2.3 “Хохирлыг нотлох бололцоогүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй дор дурдсан аливаа тохиолдол” Үүнд: 2.2.3а “Даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдлийн улмаас учирсныг нотлох бололцоогүй тохиолдолд” нөхөн төлбөр олгохгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 9,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Н.М болон М ХХК нарын хооронд 2017 оны 4 сарын 7-ны өдөр 1600014232 дугаартай “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” нэртэй гэрээ /хх-35 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь 1775УБК улсын дугаартай Хьюндай Соната 7 маркын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдлээс даатгах, даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг хэлэлцэн тохиролцсоны дагуу даатгуулагчид төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хэрэгт мөн 2017 оны 12 сарын 1-ний өдрийн огноо бүхий 1600014232 дугаартай “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” нэртэй гэрээ /хх-5 тал/ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч өөрт байсан 2017 оны 4 сарын 7-ны өдрийн даатгалын гэрээ галд шатан устсан гэх үндэслэлээр М ХХК-ийн үйлчилгээний ажилтнаас нөхөж авсан гэж тайлбарласан ба уг гэрээнд даатгагч талыг төлөөлж гэрээ байгуулсан хэсэгт зурагдсан Осоргаравын Золзаяа гэх гарын үсгийг уг этгээд нь зураагүй харин даатгалын гэрээг нөхөж олгосон гэх Б.Эрхэмжаргал гэх үйлчилгээний ажилтан зурсан гэж тайлбарласан, гэрээнд “нөхөж олгов” гэсэн тэмдэглэгээг гараар бичсэн байх тул уг гэрээг талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ гэж үзэхгүй.
2017 оны 4 сарын 7-ны өдрийн 1600014232 дугаартай гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүсэн харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад заасан даатгалын гэрээний харилцаа байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
1775УБК улсын дугаартай Хьюндай Соната 7 маркын тээврийн хэрэгсэл нь 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо СОТ-8 байрны автомашины зогсоолд байх үедээ галд шатсан бөгөөд галын шалтгаан нь автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүсэн гал гарсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 364/1970 дугаартай дүгнэлт /хх-23тал/-ээр тогтоогдож байх ба автомашины үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Лэндс ХХК-ийн 2017 оны 10 сарын 19-ний байдлаар хийсэн үнэлгээний тайлан /хх-24-33 тал/-д 9,650,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Нэхэмжлэгч нь уг үнэлгээний тайланд үндэслэн 9,650,000 төгрөгийг, мөн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар хохирол үнэлгээний зардал даатгалын нөхөн төлбөрт багтсан тул үнэлгээ хийхэд гарсан зардал болох 50,000 төгрөгийг, нийт 9,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж тайлбарласан боловч үнэлгээний төлбөр төлсөн баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй болно.
2017 оны 4 сарын 7-ны өдөр 1600014232 дугаартай “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтад ахуйн гал түймэр болон дэлбэрэлт, тэсрэлтийг галын эрсдэлд тооцохоор заасан байх ба 1775УБК улсын дугаартай Хьюндай Соната 7 маркын тээврийн хэрэгсэл нь ахуйн гал түймэр болон тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бус автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэний улмаас галд шатсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.М ын хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэгт 9,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР