Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/424

 

                          

 

 

 

 

    2018           05           17                                        424

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ч.А..............л, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бөх овогт Ч..............мын А..............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0284 40306 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөх овогт Ч..............мын А..............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй........................ ажилтай,  ам бүл 4, эх, 2 хүүхэд дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 ..................................................  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.А..............л нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашигт пит” ХХК-ны хашаанд Г.Э...............гтэй маргалдаж, нүүрэн тус газарт гараараа маажиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А..............л мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-нд өглөө 7 цаг өнгөрч байхад хохирогч Э...............гийн гэр рүү өөрийн хүү 10 настай Т..............рыг Э...............гийн хүүхэдтэй хамт хичээлдээ явдаг байсан учраас хүүгээ гэр рүү нь оруулж өгсөн. Тэгээд 8 цагийн үед Э...............гийн утас руу залгаад манай хүү танайд байна уу, хичээлдээ явцан уу гэж асуутал Э...............г одоо явуулах гэж байна чи ер нь хүүхдээ өөрөө хүргэж өгч бай, шинэ ажилд оруулж өгсөн биш давраад байгаарай гээд намайг загнасан. Тэгээд би Э...............г рүү дахин залгаад ямар сонин юм бэ, энэ газарт чамайг бодож ирсэн, нөхөр сүүдэргүй ганцаараа үлдэх гэж байна гээд чи намайг даллаж байгаад авч ирсэн биз дээ гэж хэлсэн. Гэтэл Э...............г би танай гэр рүү орлоо гэж хэлээд 8 цаг өнгөрч байхад манай гэр орж ирээд намайг түлхээд, мөргөж сөгдөөд, дэгээ төмөр, галын хайч хоёроор нүүр амаа цохиод би чамаас ингэж уучлалт гуйх уу, гээд над руу салаавч гаргаад манай унтаж байсан хүүхэд, ээж хоёр маш их айсан байдалтай байсан. Э...............г нь манай гэрт орж ирээд маш их галзуу хүн шиг ааш авир гаргасан. Тэгээд би Э...............гийг гараад уулзая гээд түүнийг дагуулж  гараад түүнийг амбаараас гарч бай гээд гарахаар нь амбаарын хаалгаа дотор талаас нь түгжээд гэртээ орсон бөгөөд амбаарын гадна талаас харааж, орилж байгаад л яваад өгсөн. Тэгээд өдөр 11 цагийн үед ажилчдын хоол бэлдээд ажилчдын гэрт байхад Э...............г гаднаас орж ирээд би чамайг ажилд оруулсан чи зүгээр мөрөөрөө ажиллаж чадахгүй бол эндээс зайлаад өг, явж үз гээд хэл амаар доромжилж байгаад, гүйж ирээд миний толгой руу цохиод үснээс зулгаагаад доош дараад байсан бөгөөд би өөрийгөө салгах гээд нүүрийг нь гараараа маажсан бөгөөд энэ үед манай ээж гаднаас орж ирээд яаж байна боль гэхэд тоохгүй байсан ба гэрээс намайг үсдээд гарах гэхэд нь би ээж рүүгээ гадаа ажилчид байгаа дуудаарай гэхэд ээж маань ажилчид дуудахаар эргэж гэрээс гарах үед намайг үсдэж байснаа тавиад ээжийн араас хөөж гарсан, би араас нь гараад хартал ээж гэр рүүгээ орж байгаа харагдсан тэр араас нь хөөж байсан би ч араас хөөгөөд гэрийн үүдний таамбар руу орох гэхэд нь өмсөж байсан цамцнаас нь татсан эргэж хараад надтай барцилдаж авахдаа бид манай гэрийн үүдний амбаарт давхаралдаж унасан бөгөөд энэ үед бид хоёр амбаарт давхаралдаж унасан бөгөөд энэ үед хоёр амбаарт ноцолдож байхад ээж орилоод болиоч ээ гээд дахин дахин орилж байхад Э...............г нь миний үснээс зулгааж байгаад тавиад босож явахдаа янз бүрийн муухай хараал дахин дахин хэлээд яваад өгсөн...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баруун турууны 8 дугаар гудамжны 4 тоот гэртээ байж байсан. Тухайн өглөө 8 цагийн орчим манай хажуугийн айлын Ч.А..............лийн хүүхэд нь манай хүүгийн хамт сургуульдаа явахаар манай гэрт орж ирсэн...би өөрийн цэцэрлэгийнхээ хүүхдийг хувцаслаж дуусаагүй байсан ба хэсэг хугацааны дараа манай хажуугийн айлын хүн болох Ч.А..............л утсаар над руу яриад наад хоёр чинь яваа юу гэж асуухаар нь арай гараагүй байна гэж хэлсэн ба одоо гарах гэж байна гэж хэлээд гар утсаа салгасан чинь удалгүй жоохон байж байгаад дахиад л над руу залгаад чи ямар сонин юм бэ хүүхэд дарамтлаад байгаа юм уу цай хоолыг нь ч идүүлэхгүй гэрээс эрт гаргалаа гэж хэлэхээр нь би энэ хоёрт 3000 төгрөг өгөөд явуулчихлаа бууз аваад идээрэй гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд хичээлдээ манай гэрээс гараад явсан ба би үхэртээ өвс тавьж өгөх гээд хувцсаа өмсөж байсан чинь над руу дахин яриад хэрүүл өдөөд дахин дарамтлаад нийт 16 удаа над руу яриад мөн мессеж бичээд элдэв янзаар доромжлоод байсан. Тэгээд ...ажилчдын гэр рүү орсон чинь Ч.А..............л хоол хийх гээд төмс хөшиглөж байсан...хутгаа бариад над руу дайраад байсан ба миний цээж...рүү хутгаараа хатгаад байсан ба гадаа гараад усаа авах гээд нөгөө гэр рүү нь орсон чинь миний араас орж ирээд намайг түлхэж унагаагаад миний нүүрийг гараараа маажаад намайг зодсон. Би тухайн үед хоолой боочихсон болохоор нь үснээс нь татсан Ч.А..............лийн гарт байсан хутгыг ээж нь гараас нь авсан...Би гомдолтой байна миний нүүрэнд маш их том том сорви үүссэн байгаа нүүрний сорви эмчлүүлэх зардлаа нэхэмжилж байна...”

“...Намайг айлган сүрдүүлж хутга далайж дайрсан боловч гэмтэл үүсгээгүй...Миний нүүрэнд 2-3 хумсны сорви үүссэн. Сэтгэл санааны хувьд дарамттай байна. Эргэн тойрны хүмүүст буруу хандлага төрүүлж нэр төрд халдаж байна...”

“...Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй одоо хохирол болон нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 20-21, 22-23),

2. Гэрч Б.Ч..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөө...Г.Э...............г нь гаднаас орж ирээд...манай гэрийн галын хутгуур авч нүүр амаа самардаад янз бүр болоод байсан...тэр эмэгтэйг гараад явсны дараа охин Ч.А..............лд эндээс явья гэж гэхэд “А..............л нэгэнт ирсэн юм чинь ажиллаж байгаад цалингаа аваад явья” гэж хэлж байсан. Өдөр нь охин маань ажилчдын хоол хийхээр хүүхдээ дагуулаад гэрээсээ гарч явсан бөгөөд удалгүй хүн орилох чимээ гарахаар гэрээсээ гараад ирэхэд өглөө манай гэрт орж ирээд янз бүр болоод байсан Г.Э...............г нь манай охины маань толгойтой үснээс нь зулгаагаад гэрээс чирээд гарч ирж байгаа харагдсан ба охин маань тавиулах гээд орилоод зууралдаж байгаа харагдсан хажуугийн жижиг 4 ханатай гэрийн үүдний амбаар руу чирээд орсон тэнд ороод тэр хоёр ноцолдоод байсан бөгөөд би хөөе болиоч гээд орилоод тэр хоёрыг салгах оролдлого бол хийгээгүй орилоод л байсан, тэр хоёр ноцолдож байгаад л хоёр тийшээ болсон юм тэр хоёрыг хүн ирж салгаагүй. ...намайг гэртээ байхад хүн орилох чимээ гарсан гэрээсээ гарахад тэр Г.Э...............г гэх эмэгтэй манай охиныг ажилчдын хоол хийх гэж байсан гэрээс толгойтой үснээс үсдчихсэн чирээд гарч ирж байгаа харагдсан охин маань орилоод тавиулах гэж оролдоод тэр хоёр ноцолдож байсан...би болиоч гэж орилсон ба тэр эмэгтэй чирсээр байгаад жижиг гэрийн үүдний амбарт ороод ноцолдож байгаад хоёр тийшээ болсон. Тэрнээс биш жижиг гэрт ороод хоолойг нь боогоод гартаа хутга бариад зогсож байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

3. Гэрч Г.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо рашаант тосгон 390 тоотод миний ажилладаг “Ашигт Фит” компаний манаач Ч.А..............л манай урьд хашаанд амьдардаг Г.Э...............г гэх хоёр эмэгтэй хоорондоо зодолдсон байсан...манай нягтлан Лхагваа над руу залгаад...Г.Э...............г, Ч.А..............л хоёр зодолдоод байгаа юм уу...хардаа гэж надад утсаар хэлсэн...Тэгээд ажилчдын гэр рүү ороход...Г.Э...............г гаднаас орж ирээд...Ч.А..............л...зодчихлоо гээд надад нүүрээ харуулаад байсан. Тухайн үед Г.Э...............гийн духан дээр шалбарсан байсан бөгөөд цусаа хацраараа нилэнхуйдээ түрхсэн байх шиг байсан. Тэгээд Ч.А..............л, Г.Э...............г хоёр хэрэлдээд байхаар нь би Г.Э...............гийг гэрээс гаргаад гэр рүү нь явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 113 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Духанд 0,8х0,3см, хамрын зүүн хажуу талд 0,7х0,2см, баруун хажуу талд 0,8х0,2см, дээд уруулын баруун дээд талд 0,6х0,3см, баруун хацарт 0,6х0,2см, 0,8х0,3см шалбаралтуудтай...ДҮГНЭЛТ

1. Г.Э...............гийн биед нүүрэнд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь мохоо, үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48)

 

5. Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл бөгөөд маажих үед үүсэх шинэ гэмтэл байна. Үзүүлэгч тухайн үед үзүүлэхдээ намайг маажсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61),

 

6. Шүүгдэгч Ч.А..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт Фит ХХК-ны хашаанд сахиул тогоочоор ажиллаж байх үедээ өөрийн хүү 10 настай Т..............рыг хамт ажилладаг танил Г.Э...............гийн хүүхэдтэй хамт хичээлдээ яваг гээд өглөө гэр рүү нь явуулсан бөгөөд Г.Э...............гийн дугаар руу залгаад манай хүү танайд байна уу хичээлдээ явсан уу гэж асуусан чинь Г.Э...............г одоо явуулах гэж байна чи ер нь ямар сүртэй юм гээд над руу хашигчаад утсаа салгасан удалгүй намайг гэртээ хэвтэж байтал Э...............г ганцаараа манайд орж ирээд ер нь яах гээд байгаа юм гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би гараад уулзая гээд түүнийг дагуулж гараад үүдний амбаараас гарч бай гээд гарахаар нь амбаарын хаалгаа дотор талаас нь түгжээд гэртээ орсон бөгөөд амбаарын гадна талаас харааж, орилж байгаад л яваад өгсөн. Тэгээд 11 цагийн үед ажилчдын хоол бэлдээд....байж байхад Э...............г гаднаас орж ирээд би чамайг ажилд оруулсан чи зүгээр мөрөөрөө ажиллаж чадахгүй бол эднээс зайлаад өг явж үз гээд хэл амаар доромжилж байгаад гүйж ирээд миний толгой руу цохиод авсан бөгөөд манай охин миний хөлөн дээр уйлж байгаад унтаад өгснийг би мэдээгүй бөгөөд түүнийг хүрч ирээд толгой руу цохиод дараа нь үснээс гараараа зулгааж толгой руу цохисон энэ үед охин маань цочиж сэрээд уйлахад хүүхэд уйлж байгааг ер тоолгүй, үснээс зулгаагаад доош дараад байсан бөгөөд би өөрийгөө салгах гээд нүүрийг нь гараараа маажсан бөгөөд энэ үед манай ээж гаднаас орж ирээд яаж байна боль гэхэд тоохгүй байсан ба гэрээс намайг үсдээд гарах гэхэд нь би ээж рүүгээ гадаа ажилчид байгаад дуудаарай гэхэд ээж маань ажилчид дуудахаар эргэж гэрээс гарах үед намайг үсдэж байснаа тавиад ээжийн араас гэрээс хөөж гарсан. Би араас нь гараад хартал ээж гэр рүүгээ орж байгаа харагдсан тэр араас хөөж байсан би ч араас нь хөөгөөд гэрийн үүдний таамбар руу орох гэдэх нь өмсөж байсан цамцнаас нь татахад эргэж хараад надтай барилцаж авахдаа бид хоёр манай гэрийн үүдний амбаарт давхаралдаж унасан...тэгээд...Э...............г нь миний үснээс зулгааж байгаад тавиад босож явахдаа янз бүрийн муухай хараал дахин дахин хэлээд яваад өгсөн...Намайг ажилчдын хоол бэлдээд байж байтал гаднаас орж ирээд толгой руу гараараа цохиод үснээс зулгаагаад газар унагаасан, зуураад тавихгүй байхаар нь би үсээ салгах гэж нүүрийг нь маажсан өөр цохиж зодоогүй. Бид хоёрыг зууралдаж байхад хажууд ээж л байсан өөр хүн байгаагүй... Миний үснээс зулгаагаад байхад тавиулах гэж би нүүрийг нь гараараа маажиж байхдаа учруулсан гэмтэл байна. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82)

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 85), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 74, 72), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 103), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 124) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.А..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.А..............л нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ашигт пит” ХХК-ны хашаанд, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Э...............гтэй маргалдаж, шууд санаатай үйлдлээр нүүрэн тус газарт гараараа маажиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Г.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баруун турууны 8 дугаар гудамжны 4 тоот гэртээ байхад.... Ч.А..............л... над руу дахин яриад хэрүүл өдөөд дахин дарамтлаад нийт 16 удаа над руу яриад мөн мессеж бичээд элдэв янзаар доромжлоод байсан. Тэгээд...ажилчдын гэр рүү орсон чинь А..............л хоол хийх гээд төмс хөшиглөж байсан...хутгаа бариад над руу дайраад байсан ба...миний араас орж ирээд намайг түлхэж унагаагаад миний нүүрийг гараараа маажаад намайг зодсон....”

“...Миний нүрэнд 2-3 хумсны сорви үүссэн...”

“...Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй одоо хохирол болон нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 20-21, 22-23),

2. Гэрч Б.Ч..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...............г нь миний охины толгойтой үснээс нь зулгаагаад гэрээс чирээд гарч ирж байгаа харагдсан ба охин маань тавиулах гээд орилоод зууралдаж байгаа харагдсан хажуугийн жижиг 4 ханатай гэрийн үүдний амбаар руу чирээд орсон тэнд ороод тэр хоёр ноцолдоод байсан бөгөөд би хөөе болиоч гээд орилоод тэр хоёрыг салгах оролдлого бол хийгээгүй орилоод л байсан, тэр хоёр ноцолдож байгаад л хоёр тийшээ болсон юм тэр хоёрыг хүн ирж салгаагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

3. Гэрч Г.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо рашаант тосгон 390 тоотод миний ажилладаг “Ашигт Фит” компаний манаач А..............л манай урьд хашаанд амьдардаг Г.Э...............г гэх хоёр эмэгтэй хоорондоо зодолдсон байсан...манай нягтлан Лхагваа над руу залгаад...Э...............г, А..............л хоёр зодолдоод байгаа юм уу...хардаа гэж надад утсаар хэлсэн...Тэгээд ажилчдын гэр рүү ороход...Э...............г гаднаас орж ирээд...А..............л...зодчихлоо гээд надад нүүрээ харуулаад байсан. Тухайн үед Э...............гийн духан дээр шалбарсан байсан бөгөөд цусаа хацраараа нилэнхуйдээ түрхсэн байх шиг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 113 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Духанд 0,8х0,3см, хамрын зүүн хажуу талд 0,7х0,2см, баруун хажуу талд 0,8х0,2см, дээд уруулын баруун дээд талд 0,6х0,3см, баруун хацарт 0,6х0,2см, 0,8х0,3см шалбаралтуудтай...ДҮГНЭЛТ

1. Г.Э...............гийн биед нүүрэнд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь мохоо, үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48)

5. Шүүгдэгч Ч.А..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...............г ...толгой руу цохиод дараа нь үснээс гараараа зулгааж толгой руу цохисон энэ үед охин маань цочиж сэрээд уйлахад хүүхэд уйлж байгааг ер тоолгүй, үснээс зулгаагаад доош дараад байсан бөгөөд би өөрийгөө салгах гээд нүүрийг нь гараараа маажсан. ...Миний үснээс зулгаагаад байхад тавиулах гэж би нүүрийг нь гараараа маажиж байхдаа учруулсан гэмтэл байна. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.А..............л нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй харилцааны улмаас “миний толгой руу цохисон, үснээс зулгаасан” гэх  шалтгаанаар, хохирогч Э...............гийн нүүрийг маажиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.А..............л нь хохирогч Э...............гийн нүүрийг маажсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба маажсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ч.А..............лийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.А..............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг эх нь өнгөрсөн, “Ашигт Фийт” ХХК тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А..............л нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ч.А..............лд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “Ашигт Фийд” ХХК-нд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр  торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ч.А..............л нь  оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0284 40306 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бөх овогт Ч..............мын А..............лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А..............лийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А..............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ