Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ************************, регистрийн дугаар: / *************** /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасаг дотор сувилагч *******г группийн мөнгө өгөөдөх гэж шалтаглан баруун хөлийн гуя руу 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн эмч *******гийн ажлын өрөөний хаалгыг эвдэн устгаж бага хэмжээнээс дээш буюу 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгмөөргүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 /     

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 11 дүгээр сарын 16-ны 11 цагийн үед байх ажил дээрээ ажлаа хийж байхад өрөөний гадна нэг эрэгтэй хүн том дуугараад ирэхээр нь ямар хүн дуугараад байгаа юм болдоо гээд босоод гарах гэтэл урдаас манай хяналтад байдаг үйлчлүүлэгч болох ******* орж ирээд группийн мөнгө өгөөдөх гэж хэлээд миний баруун гуяа руу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд гараараа далайгаад цохих гээд ирсэн. тэгэхээр нь би хойшоогоо ухраад гарсан. Намайг цохиод эхлэнгүүт нь би түүнд групп чинь сунгагдсан байгаа эмчээс асуу гэж хэлсэн. Эмчийн хаалгыг ******* гараараа цохиод хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэр хооронд нь би гарсан. Тэгээд ерөөсөө юу болсныг санахгүй байна. Сүүлд нь тайвшраад өрөөндөө ороход манай эмч болох гийн өрөөний хаалгыг юу ч үгүй өшигчөөд эвдээд хаясан байсан. ...Хамгийн гол асуудал нь түүний группийн мөнгө орж ирээгүйд уур нь хүрсэн. Би хүнээс 160.000 төгрөгөөр нүүрс авсан тэр хүн над руу өдөр шөнөгүй мөнгөө өг гээд утасдаад байсан, би 10 сарынхаа группийн мөнгийг ороод ирнэ гэж бодоод өгчих байсан гэж хэлж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 /,

Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Манай байгууллага 2013 онд их засварт орохдоо шинээр сольж байсан хаалга, тухайн үедээ 480.000 төгрөгийн үнэтэй модон хаалга байсан, түүгээр нь үнэлгээ хийлгэсэн. Одоо тухайн хаалгыг холбогдогч этгээдийн ар гэрийн зүгээс засаж сэлбэж янзлаад бүтэн болгоод өгсөн...Миний болон манай байгууллагын зүгээс эд хөрөнгөнд учирсан хохирлоо бүрэн барагдуулсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:      ******* нь манай өрөөний үүдэнд байх сувилагчийн хэсэгт орж ирээд шууд сувилагч ******* руу миний группийн мөнгийг та нар өгөхгүй байна гэж хэлээд шууд өшиглөж гараараа гар руу цохисон. Тэгтэл сувилагч цаана чинь эмч байгаа гэж хэлэнгүүт би хаалгаа дотроосоо түгжихэд хаалга руу 2 удаа өшиглөөд цөмлөөд ороод ирсэн. Орж ирэхэд араас нь манай мэдээллийн ажилтан түүнийг барьж авсан хойгуур нь би өрөөнөөс зугтаж гараад цагдаа дуудаж түүнийг хүлээлгэж өгсөн. Цагдаагийн хэсгийн байцаагч дээр мэдүүлэг өгөх гэж очиход ******* нь хэсгийн цагдаагийн хамт коридорт зогсож байсан бөгөөд намайг болон сувилагч *******г хараад би бол нэг бол яланд явах нэг бол чамаас группийн мөнгөө авах гэж очсон юм янхан минь, ал минь, гичий минь, та хоёр яагаад дарга нартаа танилцуулж миний группийн мөнгийг оруулахгүй байгаа юм  гэж загнаж байсан. Тэр өдрийн орой 21 цагийн өнгөрөөгөөд миний утас руу залгаад чи хаана байна, гэрээ заагаад өг, чамайг очиж ална муу гичий минь, чамаас болоод ийм юм боллоо гээд заналхийлсэн байдалтай 2 удаа ярьсан. Мессежээр гэсэн дугаараас амь насанд заналхийлж цусыг чинь долоолгоно, хошногыг чинь ухна, хоолойг чинь хэрчинэ гэх зэргээр бичсэн. ******* нь 2008 оноос шизоаффектив /сэтгэл хөөрөл, дэмийрлийн байдал/ оноштойгоор хяналтад орж хөдөлмөр чадвар алдалтаа 69 хувиар тогтоолгосон...аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтүүлсэн, жилд 1 удаа хэвтүүлдэг. Улаанбаатар хот руу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү 2 удаа явуулсан. Сүүлийн удаагийнх нь болохоор цагдаагийн хамгаалалтаар явуулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 /,

Хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

******* нь миний төрсөн дүү. Манайх эхээс 9-үүлээ доороосоо 2 дахь хүүхэд байгаа юм. Бүрэн дунд боловсролтой. 10 жилээ төгсөөд цэрэгт 2017 онд Төв аймгийн суманд цэргийн алба хаагаад 2018 оны 10 сард цэргээс ирэхдээ хий юм харсан, дэмийрсэн, солиорлын байдалтай ирсэн. Тэгэхээр нь бид нар мэргэжлийн эмч нарт үзүүлээд Улаанбаатар хот руу авч явж хагас жил эмчилгээ хийлгэсэн. Улмаар группт сэтгэцээр орсон. Одоог хүртэл явж байгаа, жилд 2 удаа хавар, намрын улиралд ******* нь өөрийгөө хянах чадвар нь суларч эмчилгээ, эм тарианд ордог. Сүүлийн 2 жил Шар хад руу явж эмчлүүлээгүй. Одоогоор гэртээ ганцаараа амьпардаг бид нар ээлжлэн харж ханддаг. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр халамжаа буухаар өгье гээд хүнээс өөрийнхөө амьдардаг гэрт портер нүүрс авсан байсан. Групп нь тогтсон нэг өдөр буюу нүүрс авсны маргааш өдөр нь орохоор байсан юм шиг байгаа юм. Тэгтэл хугацаандаа группийн мөнгө нь ороогүй, нөгөө нүүрсээ зарсан хүн нь мөнгөө нэхэж ирсэн. Тэгээд миний мөнгө яагаад орж ирсэнгүй гээд эмч ******* руу 2-3 удаа залгахаар нь утсаа аваагүй гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр нь явж очоод өрөөнийх нь үүдэнд суудаг сувилагчийг өшиглөөд эмчийн өрөөний хаалгыг өшиглөсөн гэж өөрөө ******* нь хэлсэн, мөн эмч нарын зүгээс хэлсэн. Тухайн үед очиж үзэхэд хаалгыг нь эвдсэн төлж өг гэсний дагуу хаалгыг засаж янзалж төлж өгч хохиролгүй болгосон. Тухайн үед бол манай дүүгийн өвчин нь хөдлөөгүй группийн мөнгө ороогүй дээ уур нь хүрээд давхар нөгөө өвчний зүйл нь нөлөөлөөд тийм үйлдэл гаргасан байсан. Одоогийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс болоод өвчний байдал нь бага зэрэг сэдэрсэн, эмээ уулгаад, тариагаа хийлгээд явж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 /,

Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн өрөөний хаалгыг дангаар нь элэгдэл хорогдлыг тооцож үнэлэх боломжгүй. Хаалга нь тухайн барилгын нэг хэсэг гэж явдаг учраас барилгаас салгаж үндсэн хөрөнгөнд бүртгэж элэгдэл хорогдол тооцохгүй. Иймээс тухайн хаалга эвдэрсэн бол шинээр солих буюу зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Миний зүгээс тухайн хаалгыг үнэлэхдээ хуучин эвдрэл гэмтэл, хуучралгүй, хэвийн ажиллагаатай байсан учир зах зээлийн ханшийг харгалзан үнэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 /, 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 521 дугаар шинжээчийн

1. *******гийн биед баруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 16-17/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 336 дугаар шинжээчийн ... дотор хаалга цоож, нугасны зах зээлийн үнэ 310,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 20/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн

1. овогт нь сэтгэцийн өвчтэй сэтгэцийн эмчийн хяналтад группд байдаг. Тухайн үед өвчин сэдрэлгүй байсан тул үйл явдлыг үнэн зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай.

2. Уг өвчтөн нь анх 2008 онд DS: шизоаффиктив эмгэг оношоор оношлогдсон. Өнөөдрийг  хүртэл сэтгэцийн эмчийн хяналтад оношилгоо, эмчилгээ хийлгэж байна. Өвчин одоогоор сэдрэлгүй үед байна.

3. ******* нь шизоаффиктав үзлэг шинжилгээгээр оношлогдсон. Оноштой холбоотой баримт эмчлүүлэгчийн картанд тусгагдсан.

4. 2008 онд нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээгээр оношлогдсон. Оноштой холбоотой баримт эмчлүүлэгчийн картанд тусгагдсан.

5. Оролцогч *******ын сэтгэцийн өвчин нь хэрэг болохоос өмнө оношлогдсон.

6. *******ын өвчин нь  хэрэг болох цаг хугацаанд сэдрэлгүй үед байсан ба болсон үйл явдлын үнэн зөв, цаг хугацаа орон зайн баримжаатай ярьж байгаа нь тухайн үед ухамсарт ухаан сааруул байсныг илтгэж байна. Иймд *******ын тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан гэж үзэж байна. Өвчтөний картаас үзэхэд уг өвчин нь жилдээ 2-3 удаа сэдэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна ... гэх дүгнэлт /хх-ийн 105-106/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шинжээчийн

1. Иргэн *******гийн биед учирсан баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна ... /хх-ийн 112-113/

 - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 135-137 /, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-12/, согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23/, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэг эмнэлгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/34 дугаар албан бичиг /хх-ийн 42/, гэрч, хохирогч аюулын эрсдэлийн түвшин үнэлэх маягт /хх-ийн 62-65/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 79/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмчилгээ чанарын хяналтын комиссын шийдвэр, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарууд / хх-ийн 79-80/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149/, депозит дансны хуулганууд /хх-ийн 151-154/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасаг дотор сувилагч *******г группийн мөнгө өгөөдөх гэж шалтаглан баруун хөлийн гуя руу 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Мөн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн эмч *******гийн ажлын өрөөний хаалгыг эвдэн устгаж бага хэмжээнээс дээш буюу 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ...гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 /,

 хохирогч *******гийн ...Б. орж ирээд группийн мөнгө өгөөдөх гэж хэлээд миний баруун гуяа руу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 /,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын... тухайн үедээ 480.000 төгрөгийн үнэтэй модон хаалга байсан, түүгээр нь үнэлгээ хийлгэсэн, ...одоо тухайн хаалгыг холбогдогч этгээдийн ар гэрийн зүгээс засаж сэлбэж янзлаад бүтэн болгоод өгсөн ....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

гэрч *******гийн... би хаалгаа дотроосоо түгжихэд хаалга руу 2 удаа өшиглөөд цөмлөөд ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 /,

 хууль ёсны төлөөлөгч *******ын.... Одоогоор гэртээ ганцаараа амьдардаг,  2021 оны 10 дугаар сарын сүүлээр халамжаа буухаар өгье гээд хүнээс өөрийнхөө амьдардаг гэрт портер нүүрс авсан байсан, ...групп нь тогтсон нэг өдөр буюу нүүрс авсны маргааш өдөр нь орохоор байсан тэр хугацаандаа группийн мөнгө нь ороогүй, нөгөө нүүрсээ зарсан хүн нь мөнгөө нэхэж ирсэн....гэх  мэдүүлэг /хх-ийн 90-91 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 521 дугаар шинжээчийн .... *******гийн биед баруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 336 дугаар шинжээчийн ... дотор хаалга цоож, нугасны зах зээлийн үнэ 310,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 20/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ..******* нь сэтгэцийн өвчтэй сэтгэцийн эмчийн хяналтад группд байдаг. Тухайн үед өвчин сэдрэлгүй байсан тул үйл явдлыг үнэн зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай.... *******ын тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан гэж үзэж байна. Өвчтөний картаас үзэхэд уг өвчин нь жилдээ 2-3 удаа сэдэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна ... гэх дүгнэлт /хх-ийн 105-106/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шинжээчийн .... Иргэн *******гийн биед учирсан баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна ... /хх-ийн 112-113/ гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед баруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 16-17, 112-113/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, түүнчлэн шүүгдэгч *******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эд хөрөнгөд буюу байгууллагын эд хөрөнгөд хууль бусаар халдаж устгасан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд гэж тус тус үзэхээр байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй,нэхэмжлэх зүйлгүй, хохирогч байгууллагын төлөөлөгч ******* нь  эд хөрөнгөнд учирсан хохирлоо бүрэн барагдуулсан,  ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй талаар /хх-ийн 36-38, 49-50/ талуудад илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг...гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуульд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өөртөө дүгнэлт хийж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтанд 2008 оноос шизоаффектив /сэтгэл хөөрөл, дэмийрлийн байдал/ оноштойгоор  орж хөдөлмөр чадвар алдалтаа 69 хувиар тогтоолгосон...аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж эмчлүүлж байсан, жилд 1 удаа хэвтэж эмчлүүлдэг, өмнө Улаанбаатар хот руу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан, өнөөдрийг хүртэл сэтгэцийн эмчийн хяналтад оношилгоо, эмчилгээ хийлгэдэг талаар түүний хувийн байдал болон эрүүл мэндийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /хх-ийн 79-80/, мөн ганцаараа амьдардаг, группийн мөнгөнөөс өөр орлогогүй  буюу сард 280000 төгрөг авдаг, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч, хохирогч байгууллагын төлөөлөгч нараас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байр суурь илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч *******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ******* нь үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах  гэмт хэргүүд нь тус тусдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч *******д сэтгэцийн өвчний хяналтад байдаг ба уг өвчин нь жилдээ 2-3 удаа сэдэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг талаар түүнийн хууль ёсны төлөөлөгч *******, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтэд тусгагдсан тул тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийн хязгаарлах ялыг оногдуулаагүй болно.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************************** бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар ялаас  чөлөөлсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА