| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0421/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/431 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/431
2018 05 18 431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Б.Б...........ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Утай овогт Б...........вийн Б...........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0063 50400 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Утай овогт Б...........вийн Б...........ж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........................................,
Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн а, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Б.Б...........ж нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..................... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Х...................ааг бусадтай хардаж “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б...........ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч З.Х...................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн ................. гэртээ ирэхэд манай нөхөр болох Б.Б...........ж нь гэртээ 2 хүүхэдтэйгээ хамт байж байсан юм. Тэгээд гэрт ороод байж байтал манай нөхөр надад хандаж чи өчигдөр яагаад оройтсон юм бэ, гээд хардаад уурлаад бид 2 хоорондоо маргалдсан юм. Тэгээд маргалдаж байгаад миний зүүн гарын булчин руу 2 удаа алгадчихаад гэрээс гараад яваад өгсөн... орой 23 цагийн орчим буцаад гэртээ архи уучихсан согтуу орж ирээд намайг гэрээс хөөгөөд зайл гээд гар хөл рүү 2-3 удаа өшиглөөд бас нүд рүү цохисон. Тэгээд гэрээс намайг зайл гээд хөөгөөд хоолой бас боогоод байхаар нь би эсэргүүцэл үзүүлж Б...........жийг маажсан юм. Би тухайн үед хоолойгоо боолгуулж байсан болохоор биеэ хамгаалж гараа сарвагануулж эсэргүүцэл үзүүлж бие болон хүзүүг нь маажсан юм. Тэгээд намайг гэрээс гарах гэтэл гэрээс гаргахгүй 2 хүүхдийн хажууд зодож байгаад гэрээс...зайл гээд шорт, подволктой гэрээс хөөгөөд гаргасан... Б...........ж нь намайг хардаад маргалдаж нүүр рүү 2 удаа цохиж, зүүн гар руу нэлээн олон удаа цохиж гартаа сувенэр барьж зүүн гар руу цохиж бас миний цээжийг маажсан...Миний зүүн гар хөхөрсөн, цээж маажуулж шалбарсан, баруун нүд хөхөрсөн, нуруу бас хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
“...Б...........ж миний зүүн гарын булчин руу гараараа цохисон, гар хөл базсан, мөн газар унагаасан, хөл рүү өшиглөсөн баруун нүд рүү цохисон...Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1324 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: баруун нүдний дээд зовхи хөхөлбөр ягаан өнгийн баруун бугалганы гадна дунд хэсэгт 1,5х0,8см, дотор дунд хэсэгт 5,5х0,6см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 9х1см, 1,5х0,8см, 1х1,5см, 1х1см, 1,3х1см, 1,5х1,5см, 4Х2см, дотор дунд хэсэгт 1,5х1.5см баруун шууны гадна доод хэсэгт 4х4см, зүүн шууны дотор дунд хэсэгт 11х6см, цээжний зүүн урд дунд хэсэгт 11см, 6х0,5см, 4х0,5см, хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Эрүүний зүүн доод хэсэгт 0,5х0.2см, 1х0,1см, баруун мөрний ар дээд хэсэгт 3х1см, талбайд зүүн мөрний ар дээд хэсэгт 4х3см талбайд зурагдал бүхий цөөн тооны жижиг, нурууны зүүн хажуу доод хэсэгт 2,5х0,5см баруун гуяны ар дээд хэсэгт 4х2см улаан хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ
1.2.6 З.Х...................аа-н биед баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун, зүүн мөр, нуруу, баруун гуянд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
4. Шүүгдэгч Б.Б...........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 8-ны орой Сонгинохайрхан дүүргийн ................. тоот гэртээ 2 хүүхдийнхээ хамт байж байхад манай эхнэр болох Х...................аа нь орой 22 цагийн орчим ажлаа тараад гэрт ирсэн...гэтэл тэрээр архи уучихсан байдалтай үнэртүүлчихсэн орж ирсэн. Би Х...................ааг гэрт орж ирэхээр нь “чи хаагуур яваад юу хийгээд архи уугаад яваад байгаа юм бэ, ажил чинь 20 цагт тарж байгаа биздээ” гэж хэлтэл “Х...................аа надад хандаж би ажлынхантайгаа гадуур явж байгаад ирлээ” гэж хэлсэн...тэгээд Х...................аа бид хоёр хоорондоо маргалдаж...би Х...................ааг гэрээс зайл гэж хөөгөөд мөр хэсэг рүү нь гараараа хүчтэй цохиж газар унагаасан...Х...................аа босож ирээд над руу дайраад бид 2 барилцаж аваад хэсэг зууралдаж байгаад Х...................аа миний биеийн цээж хэсгийг маажиж бас баруун гарны шуунаас хазсан. Тэгэхээр нь би Х...................аагийн цээж хэсэг рүү нь гараараа цохиод түлхээд газар унагаатал Х...................аа дахиад орилж босож ирээд над руу дайраад бид 2 бас барилцаж авсан...би гэрээс гарч машинаа асаагаад дэлгүүр орж 0.33 литрийн 1 шил архи аваад буцаад гэртээ ирэхэд Х...................аа гэрт сууж байсан. Тэгээд би гэртээ ороод авсан архинаасаа 2 удаа өөртөө аягалж уугаад Х...................ааг чи одоо гэрээс зайл гээд баруун гарнаас нь чирч гэрээс гаргаад амбаарт оруулаад амбаараас гаргах гэтэл Х...................аа намайг гаргахгүй гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би амбаар дотор Х...................аагийн нуруу руу хүчтэй цохиж газар унагаагаад хөөж гаргасан. Тэгээд хөөж гаргачихааад амбаарын хаалга түгжээд бас гэр рүүгээ орж гэрийн хаалгаа түгжээд 2 хүүхдийнхээ хамт унтсан. Тэгээд унтаж байтал хаалга нүдээд байхаар нь сэрээд очтол цагдаа байсан бөгөөд Х...................аа нь цагдаа дагуулаад хүрээд ирсэн...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...Би дандаа гараараа Х...................аагийн цээж, мөр, хөл рүү нь цохисон...зууралдаж байхдаа нүд рүү нь цохичихсон...бид хоёр зууралдаж байхад Х...................аа миний биеийг маажиж гар хазсан...би Х...................аагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 73), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 56, 57), ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 61), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 74), зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 98-100) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б...........жид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Б...........ж нь Сонгинохайрхан дүүргийн ....................., 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, архидан согтуурсан шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Х...................ааг бусадтай хардаж “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч З.Х...................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой...манай нөхөр болох Б.Б...........ж...бид 2 хоорондоо маргалдсан...маргалдаж байгаад миний зүүн гарын булчин руу 2 удаа алгадчихаад...орой 23 цагийн орчим буцаад гэртээ архи уучихсан согтуу орж ирээд намайг гэрээс хөөгөөд зайл гээд гар хөл рүү 2-3 удаа өшиглөөд бас нүд рүү цохисон...Б...........ж нь намайг хардаад маргалдаж нүүр рүү 2 удаа цохиж, зүүн гар руу нэлээн олон удаа цохиж гартаа сувенэр барьж зүүн гар руу цохиж бас миний цээжийг маажчихсан...Миний зүүн гар хөхөрсөн, цээж маажуулж шалбарсан, баруун нүд хөхөрсөн, нуруу бас хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
“...Б...........ж миний зүүн гарын булчин руу гараараа цохисон, гар хөл базсан, мөн газар унагаасан, хөл рүү өшиглөсөн баруун нүд рүү цохисон...Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1324 дугаар дүгнэлт ...ДҮГНЭЛТ...1.2.6 З.Х...................аа-н биед баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун, зүүн мөр, нуруу, баруун гуянд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо...3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
- Шүүгдэгч Б.Б...........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Х...................аа нь орой 22 цагийн орчим ажлаа тараад гэрт ирсэн...гэтэл тэрээр архи уучихсан байдалтай үнэртүүлчихсэн орж ирсэн...тэгээд Х...................аа бид хоёр хоорондоо маргалдаж...би Х...................ааг гэрээс зайл гээд хөөгөөд мөр хэсэг рүү гараараа хүчтэй цохиж газар унагаасан...Х...................аа босож ирээд над руу дайраад ...миний ...цээж хэсгийг маажиж бас баруун гарны шуунаас хазсан. Тэгэхээр нь би Х...................ааг дахиад цээж хэсэг рүү нь гараараа цохиод...газар унагаасан... тэгээд...Х...................ааг чи одоо гэрээс зайл гээд ...гэрээс гаргаад амбаарт оруулаад амбаараас гаргах гэтэл Х...................аа намайг гаргахгүй гээд зууралдаад байхаар нь би амбаар дотор Х...................аагийн нуруу руу хүчтэй цохиж газар унагаагаад хөөж гаргасан...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...Би дандаа гараараа Х...................аагийн цээж, мөр хөл рүү нь цохисон...зууралдаж байхдаа нүд рүү нь цохичихсон...Х...................аагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б...........ж нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “гэртээ оройтож ирлээ” гэх сэдэлтээр, хохирогч З.Х...................ааг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б...........ж нь хохирогч Х...................ааг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Б...........жийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х...................аа нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б...........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б...........ж нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б...........ж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “Суелик Рөүд Трэйдинг” ХХК-нд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Б.Б...........жийг нь оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0063 50400 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Утай овогт Б...........вийн Б...........жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б...........жийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...........ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ