Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн  

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С-д холбогдох эрүүгийн 2021000000078 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24ий  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  малчин, ам бүл 3, нөхөр, охины хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг ....... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Боржигон овогт Д-д /РД:ЖД............./,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Сарантуяа нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 7-14 тоотод иргэн Ц.Үнэнмаагийн толгой, нүүрэн тус газарт тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С нь 2020 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ..... тоотод иргэн Ү-н толгой, нүүрэн тус газарт тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2021000000078 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

    

     Гэрч А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хүнсний дэлгүүрийн арын өрөөнд манай эгч Үнэнмаа манай хүүхдийг хараад зурагт үзээд сууж байсан юм. ...гаднаас эгчийн хамтран амьдрагчийн ээж болох С гэх авгай орж ирсэн. ...Үнэнмаа гарч ирээд С уулзсан. Тэр хоёр уулзаад ...хэрэлдээд байсан. Хэрэлдэж байх явцдаа Сарантуяа тортой хувцсаараа эгчийг гуядаж цохисон. ...Ү эгчийн нүд нь улайж цус хурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед дэлгүүр дээрээ дүү А хамтаар байж байсан юм.Тэр үед гаднаас Б-н ээж С-д гаднаас орж ирээд ...маргалдаад би уурандаа Гичий минь чи наад хүүхдээ аятайхан хүмүүжүүлэхгүй яасан юм яах гэж надруу явуулдаг юм гэж хэлсэн. Тэр үед С намайг гичий гэлээ гээд уурлаад миний толгой руу ууттай хувцсаараа 2 удаа цохисон. ...Миний баруун нүд болон хамар оногдож хавдсан юм. ..Сарантуяад цохиулсны дараа миний хамар болон баруун нүд маань хавантаж цус хурж улайсан юм. ...бариачид төлсөн төлбөр, эм  авч уусан, зураг авахуулах зэрэг төлбөр нийт 100000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...би Ү гар утсыг нь өгөөд хүүгийнхээ хувцсыг нь авсан. ...хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй гичий гэх зэргээр намайг доромжилж хүүхдийн хувцсыг надруу шидсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад Үнэнмаа миний нүүрийг хальт самардсан. Тэгэхээр нь би гартаа барьж байсан тортой хувцасаараа гуядаж цохисон. ...Ү баруун талынх нь нүд хөхөрчихсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

     Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Ү биед баруун нүдний дээд, доод зовхи хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт доод зовхины цус хуралт баруун нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. ...баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстын цус хуралт нь ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хувцас эд зүйлд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2021000000078 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 7-14 тоотод иргэн Ү толгой, нүүрэн тус газарт тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Амарцэцэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч Ү /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хувцас эд зүйлд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Ү нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 100000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч С шүүхийн шатанд хохирогч Ү-д 100.000 төгрөгийн хохирлыг төлсөн  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч ,,,, ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч С торгох ялын дээд хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С-н /РД:.............../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН