| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0133/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/139 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч ******* /онлайн/
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт М-д холбогдох эрүүгийн 2121000000070 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...овогт М /РД: .../.
Шүүгдэгч Мнь 2021 оны 02 дугаар арын 15-ны өдрийн 22-23 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн хэрлэн сумын 2 дугаар баг, ...тоотод төрсөн ах ...М-ыг хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Мшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 10 дугаар сарын сүүлээр ...М ах надад “тээвэрт хамт явъя. Би чамд бага зэргийн мөнгө өгнө” гэж хэлэхээр нь тээвэрт явсан. Талийгаач ах маань тээвэрт яваад нэг удаагийн явалтаараа 3 сая, 12 сая төгрөгийг тус тус олж байсан боловч надад нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Тэр үед би ахдаа их гомдсон. Би цагаан сарын өмнө ахдаа “халуун усанд оръё. Та надад мөнгө өгөх үү” гэхэд надад өгөөгүй. Тухайн өдөр би гэрээсээ гараад таньдаг айлынхаа гэрт очоод халамжийн мөнгөөрөө архи авч уусан. Ингээд орой болохоор нь ахынхаа гэр рүү ороход ах маань гэртээ байж байсан ба “намайг хараад чи архи уусан юм уу?” гэхэд “би тийм ээ” гэж хэлэхэд уурлаад намайг гэрээсээ хөөсөн. Би ахдаа “гадаа их хүйтэн байна. Би хаашаа явах юм бэ? Би унтъяа ахаа” гэж хэлсэн. Тэр цааш яваад буцаад эргэхдээ над руу хутга аваад шидэхэд хутга нь бариул хэсгээрээ миний цээжинд хүрсэн. Би хутгыг авахад ах “чаддаг юм бол чи хутгаараа шаачих” гэж хэлэхээр нь би ахдаа гомдоод уур хүрээд хутгалсан. Би ахыгаа хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 43 минутын орчимд гэртээ байж байхад дүү ******* залгаад аав нас барсан юм шиг байна гэж хэлсэн. ... намайг гэрийнх нь гадаа очиход цагдаа нар ирчихсэн дотогш оруулахгүй байсан. ...Талийгаачтай хамгийн сүүлд манай гадаа ирээд хүүхдүүдэд бэлэг өгөхөд л уулзсан. Хэргийн талаар гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй... мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /хх-ийн 36 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Мнь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...гэв.
Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач М өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг болж байхад манай гэрт орж ирээд хоол цай идээд 19 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тухайн өдрийн 22-23 цагийн үед байшингийнхаа 2 давхараас өөрийнхөө өрөөний цонхоор харахад миний өрөөний цонхоор талийгаач М ахын хашаа бүтнээрээ харагддаг М ахын байшингаас бараандуу өнгийн богино куртик өмссөн эрэгтэй хүн гараад байшингийнх нь хаалгыг чанга хаагаад, хашааны хаалгыг чанга хаагаад ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй явсан. Улмаар тухайн хүн замын голд зогсоод такси барих гэж байгаад урагшаа хуучин хүнсний дэлгүүрийн үүдээр эргээд явсан. Тухайн хүнийг замын гэрэлд харахад архи хэрэглэсэн бололтой найгаад яваад байсан. Өмсөж явсан хувцас нь гэвэл бараандуу гуталтай, бөгсөө дарсан хар өнгийн куртиктэй харагдсан. Тухайн хүний алхаж гишгэж байгаа байдлыг харахад М ахтай ойролцоо насны хүн байсан...” гэжээ /хх-ийн 85-87 тал/,
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 2-р баг ******* ******* тоотод эхнэр О, хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. Манай хашааны зүүн талын хөрш айлд М гэх хүн ганцаараа амьдардаг. Би 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим гэрээсээ нүүрсээ хагалахаар гарахад М ахын байшингаас утаа гарахгүй байхаар нь 17:30 орчимд хагалж дуусчихаад М ахын гэрлүү орохоор хашааг нь даваад байшин дээр ирэхэд гадна талын таамбарын хаалга болон дотор талын байшингийн хаалга нь хаалттай түгжээгүй байхаар нь гайхаад дотогш ороход М ах байшингийн зүүн хойд талд байх гал тогооны модон шүүгээний хажуу хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь “М ах” гэж дуудахад огт хариу үйлдэл үзүүлэхгүй байсан бөгөөд сайтар ойртож харахад цээж хэсэгт фудволк нь хүрэн болсон байхаар нь гэрээс нь гараад өөрийнхөө гэрлүү ороод эхнэр Од “М ах нас барсан юм шиг байна, цагдаа эмнэлэг дуудъя” гэж хэлээд цагдаа руу 17:36 минутанд, эмнэлэг рүү 17:42 минутанд утасдаж дуудсан. Удалгүй түргэнээр нэг эмэгтэй эмч ирээд М ахыг үзээд хөшилт өгсөн байна өнгөрөөд удаж байна гэж хэлсэн. ...Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим эхнэр бид хоёр М ахыг гэрлүүгээ оруулж хоол идүүлэх санаатай утсаар нь дуудахад удалгүй бага зэргийн согтолттой орж ирсэн. Орж ирээд хоол унд идээд 2, 3 хундага архи авчихаад байж байхад манай эхнэрийн хоёр найз орж ирээд хоол унд идэцгээсэн. Тэгээд манайд 20 цаг хүртэл суугаад эхнэрийн хоёр найз явах гэж байхад М ах манайд орцгоож идээ амсаад яв гэхээр нь бүгдээрээ М ахын гэрлүү ороод тэндээ тус бүр 1 ширхэг пиво ууцгаагаад гарцгаасан. Эхнэр бид хоёр эхнэрийн хоёр найзыг зам дагуу машинд суулгаж өгөөд гэрлүүгээ орсон бөгөөд бид нарыг гарах үед М ах хашааныхаа хаалгыг дотроос нь хаагаад үлдсэн. Тэрнээс хойш огт хараагүй. Тухайн үед биеийн байдал зэрэг зүйлс нь гайгүй байсан...” гэжээ /хх-ийн 83 тал/,
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 2021 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд /21 цаг 50 минут/ талийгаач ах М өөрийнхөө ******* дугаарын утсаар миний ******* гэсэн дугаар руу залгаад хамт амьдардаг дүү “М-лыг” өглөө гэрээсээ гарсан алга байна, танайхаар очоо юу гэж асуусан. Намайг шинийн 5-аас ирээрэй, хөл хорио гээд ах нь гэрээс гарч чадахгүй байна гэж байсан. М миний хувьд гэртээ ганцаараа байгаа юм шиг сонсогдсон...” гэжээ /хх-ийн 39-41 тал/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 27 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Г.М-ын цогцост цээжний урд өвчүү хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч, өвчүү, үнхэлцэг хальс, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний урд зүүн доод хэсгийн үнхэлцэг хальсыг гэмтээсэн 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний ард зүүн тал, цээжний зүүн хажуу гадаргын цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх дотуур цус алдалт, цус алдалтын шок, баруун гарын 1-р /эрхий/ хурууны дотор гадаргын зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цогцосны гэмтэл байгаа хэсэгт хүч үйлчилсэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлийн баруун гарын 1-р /эрхий/ хурууны дотор гадаргын зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь цээжний урд өвчүү хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч, өвчүү, үнхэлцэг хальс, гол судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зүү уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаачий нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
5. Талийгаач Г.М-ын цогцост өөрийгөө хамгаалах үед үүссэн байх боломжтой баруун гарын 1-р /эрхий/ хурууны дотор гадарын 4х0.2 см зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдож байна.
6. Талийгаачийн цусанд 1.5% спиртийн зүйл илэрч байгаа нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно.
7. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 149-153 тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 тоот дүгнэлтэд:
1. М нь архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна.
2. М нь гэмт хэрэг үйлдэх үедээ эмнэл зүйгээр дунд зэргийн согтолттой байсан. Өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.
3. М нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 162 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 тал/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 тал/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 тал/
- Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26 тал/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32 тал/
- Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай” тогтоол /хх-ийн 27 тал/
- Гэрч Э-ын мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/
- Гэрч Б-ны мэдүүлэг /хх-ийн 83 тал/
- Гэрч А-ын мэдүүлэг /хх-ийн 85-87 тал/
- Гэрч Б-ын мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/
- Гэрч А-ийн мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/
- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд /хх-ийн 155-157 тал/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 149-157 тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 162 тал/
- М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 184-185, 186-188 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн өргөн 2 см /бариул хэсэг нь шатсан/ саарал өнгийн хутга 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ...овогт М нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22-23 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ...тоотод төрсөн ах болох амь хохирогч ...М-ыг хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч А, Б, Э, Б, А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай” тогтоол, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч *******гийн “шүүгдэгч М нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал мөн байхгүй болно.
Шүүгдэгч М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Г.М-ын амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь шүүгдэгч Г.М-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн өргөн 2 см /бариул хэсэг нь шатсан/ саарал өнгийн хутга 1 ширхэгийг устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.М-лын ЖЭ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...овогт М-ын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн өргөн 2 см /бариул хэсэг нь шатсан/ саарал өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М-ын ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ПАГМА
Г.НАМУУНТУЯА