Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2020/0016

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ХХК,

Хариуцагч: Төв аймгийн ЗДд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагч Төв аймгийн сумын ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж ХХК-ийн захирал Х.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компанид Төв аймгийн А сумын нутагт Бөхөг гэх газар MV-00009 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон. Бид 2015 оноос өмнө ашиглаж үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулахаар цахилгаанаа татаж техникийн нөхцөлөө авч тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлуудаа хангаад явж байтал А сумын ЗД манай компанийн газар ашиглах талбайтай давхцуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд газар олгосны улмаас маргаан үүсч, дээрх маргааныг Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэтэл 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн. Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа бид үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 155.6 ам доллар төлж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст ирж бүртгүүлэн тэмдэг дарж баталгаажуулдаг байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай компанийн тусгай зөвшөөрлийг Төв аймгийн ЗД 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжаар

 

h:\у.золчимэг\захиргааны шүүх\ \шийдвэр\Ж ххк шийдвэр.docx

хүчингүй болгосон тухай захирамжийн хуулбар, албан тоот ирснийг аваад шүүхэд

нэхэмжлэл гаргаж байна.

Тус захирамжид манай компанийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан байна. Бид хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулсан, хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж байтал бидэнд огт мэдэгдэхгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлаад 1 жил 6 сар болж байгаа нь огт үндэслэлгүй юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн ЗД тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан байдаг. Гэтэл тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах болсон тухайгаа мэдэгдээгүй төдийгүй цуцалсан захирамжийг 1 жил 6 сарын дараа хүргүүлж байгаа нь уг захиргааны акт гаргах хууль тогтоомжийн хэм, хэмжээг зөрчсөн үйлдэл юм. Иймд манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хяналт шалгалт хийсэн баримтуудаас үзэхэд уурхай дээр байх ёстой баримт байгаагүй гэж дүгнэсэн байдаг. 2015 оноос хойш шүүх дээр маргаантай байсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. 2017 онд маргаан дуусч, 2018 онд уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар өгсөн боловч батлагдаагүй. Ашигт малтмал ашиглаж байгаа этгээд нь Газрын тухай хуульд заасан газрын гэрчилгээтэй байх шаардлагагүй гэж Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй өмнөх хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол дээр тодорхой байгаа. Хариуцагчаас манай компанийг лац хөндсөн гэж тайлбарлаж байгаа боловч яг ямар хүн хөндсөн бэ гэдгийг тогтоогоогүй. Ж ХХК-ийн эзэмшлийн бүх талбай нь бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцалтай, тийм учраас өмнөх хэрэг дээр гуравдагч этгээдээр 4 хүн татагдаж байсан. Тиймээс өөр бусад хүмүүс үйл ажиллагаа явуулсан байх магадлалтай. Маргаан бүхий актыг мэдэгдсэн гэх боловч албан тоотыг хэн хүлээж авсан нь тодорхойгүй. 2019 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хандахад танай компанийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр, төлбөр төлөгдсөн байна гэдэг хариу ирж байсан. 2017 оны 06 сар хүртэл үйл ажиллагаа явуулаагүй учир нөхөн сэргээлт хийх боломжгүй. Хэрвээ үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол энэ талбайд хэн ямар үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоох шаардлагатай. А сумаас хяналт шалгалт хийхэд цуцалсан талбайн хэмжээ, хяналт шалгалт хийсэн талбайн хэмжээ зэрэг нь бүгд зөрүүтэй байсан. Мөн хэн үйл ажиллагаа явуулсан, хэдэн га газарт үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тодорхой бус, баримтаар тогтоогоогүй. Захиргааны акт гаргахдаа ямар баримтыг үндэслэж гаргаж байгаа нь тодорхойгүй, хуулийн дагуу мэдэгдээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн ЗД Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаярын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ж ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл ажиллагаа нь нэг удаагийн шалгалтаар бус удаа дараагийн хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд хуулийн дагуу авагдсан арга хэмжээ юм. Тус аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн зөвшөөрлийн бичиг авч байгаагүй бөгөөд 2011, 2015, 2016, 2017, 2018 онуудад хийгдсэн хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 105 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд Уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан, батлагдсан Техник эдийн засгийн үнэлгээгүй, Газар эзэмших гэрээ байгуулаагүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, машин тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу угсарч суурилуулсан актгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлэн 2011 оны 08 сарын 19-ний өдрийн 46/01/25-04 тоот актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн зөрчил арилгах хүртэл хугацаагаар үйл ажиллагааг зогсоосон. 2015 оны 05 дугаар сарын 14, 2015 оны 07 дугаар сарын 21, 2015 оны 08 дугаар сарын 12-нд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийхэд өмнө илэрсэн зөрчил арилгаагүйн дээр удаа дараа лац хөндсөн үйлдлүүд гарсан.

А сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоон Сумын Байгаль орчны улсын байцаагч актаар үйл ажиллагааг зогсоосон байна. Тус актад өмнө нь 3 удаа улсын байцаагчийн тавьсан лацыг хөндсөн тухай дурдсан байна.

А сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоон Сумын Байгаль орчны улсын байцаагч 14-04-323 дугаартай байцаагчийн тавьсан лацыг хөндсөн тухай дурдсан байдаг бөгөөд ямар ч бичиг баримт үзүүлээгүй холбогдох хүмүүс нь ирж уулзаагүй.

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/238 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан 5 дугаар сарын 12-ны өдөр А сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Ж ХХК нь уурхай дээр байх ёстой бичиг баримт байхгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дахь заалтыг зөрчсөн, улсын байцаагчийн тавьсан актыг зөрчин 5 удаа лац хөндөж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 27.4 дэх заалтыг зөрчсөн, Түгээмэл тархацтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй нь ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг, Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд орсон нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 заалтыг мөн тусгай зөвшөөрлийн талбайгаас 21.3 га газрыг хэтрүүлэн хөндөж газрын тухай хуулийн 24.7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Мөн оны 08 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын А/476 тоот захирамжийн дагуу хяналт шалгалт хийхэд тухай аж ахуйн нэгж байгууллага лац хөндөж техник тоног төхөөрөмжөө авч явсан байсан. Мэдэгдэл хүргүүлсэн талаар: Хяналт шалгалтаар ажилласан ажлын хэсэг жил бүрийн тайлан, судалгаа мэдээлэл, холбогдох баримттай танилцан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01-1910 тоот албан бичгээр Ж ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.

2018 оны 04 дүгээр сарын 09-ий өдөр аймгийн Засаг даргын орлогч Д.М-ын баталсан удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 11-ний өдөр хяналт шалгалт хийхэд мэдэгдэлд хариу өгөөгүй аж ахуй нэгж нь мөн л зөвшөөрөлгүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар тогтоосон болно.

Ажлын хэсгээс явуулсан удаа дараагийн хяналт шалгалтын мэдээлэл, А сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоот тогтоол, Байгаль орчны аялал жуулчлалын газрын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07/150 дүгнэлтээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ж ХХК-ийн MV-00009 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хүчингүй болгож цуцалсан болно.

Иймд Ж ХХК-ийн захирал Х.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт шалгалт явуулах үед Ж ХХК-ийн захирал Цэцгээ гэдэг хүн хамт байсан. Үүнийг нотлох баримт байгаа. Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас манайх үйл ажиллагаа явуулаагүй л гэж тайлбарлана. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн сангаас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр компанийн эзэмшил бүхий талбай бүрэн хасагдсан. Ж ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаад техник хэрэгслээ бүгдийг нь татаад аваад явсан. Төрийн байгууллагаас бүх харилцаа холбоо, бичиг баримтууд шуудан холбоогоор дамжиж явдаг. Тиймээс мэдэгдлийг шуудангаар явуулсан. Алтанчимэг гэдэг хүн гарын үсгээ зурж авсан байдаг. 2018 онд уулын ажлын төлөвлөгөө өгсөн гэж байгаа ч тайлангийн нүүрэн дээр Б.Баярмагнай гэдэг хүн гарын үсэг зурсан. Бусад эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг байхгүй тул төлөвлөгөөг баталсан гэж үзэх боломжгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж ХХК-иас Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжаар: Ж ХХК нь нийт талбайн 4,97 га талбайг хөндөж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, А сумын ИТХ-н Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах санал, Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дүгнэлттэй танилцаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эрх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн байгаль орчныг хамагаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул Ж ХХК-ийн МҮ-00009 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хүчингүй болгон цуцалжээ.[1]

Нэхэмжлэгч Ж ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр МҮ-00009 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.[2]

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар дараах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсаны дараа хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг Үүнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ гэж заасны дагуу уурхайн хилийг тогтоосон шав тэмдэг байршуулна.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад ...тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах гэж заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулна.

Мөн хуулийн 39.1.5 дахь заалтад энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, 39.1.6 дахь заалтад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн ЗД болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх, 39.1.7 Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн ЗД, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлнэ, 39.2 дахь хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана гэж заасны дагуу нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн ЗДд мэдэгдэнэ, 39.6 дахь хэсэгт энэ хуулийн 39.5-д заасан хугацаанд мөн хуулийн 39.1.9-д заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн ЗД уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй гэж хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулна гэж заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай нягт холбоотой ажиллана.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, газар, ус ашиглах тухай гэрээ зэргийг байлгах нийтлэг үүргийг хүлээдэг.

Шүүх нэхэмжлэгч Ж ХХК-иас нотлох баримт гаргаж ирүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд уурхай дээр байх баримтаас тусгай зөвшөөрлийн хуулбар, Бөхөг хөндий элс хайрганы ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл гэсэн огноо засвартай баримтыг гарган өгчээ.

Мөн 2018 оны уулын ажлын төлөвлөгөө гэх баримтыг гаргаж өгсөн ба уг төлөвлөгөөг албан ёсоор батлаагүй байна[3]. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өөр гаргаж өгөх баримт байхгүй гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд Ж ХХК уурхай дээр байх баримт бичгийн бүрдэл дутуу, өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр олборлолт явуулжээ.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 461/01/25-01, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19-04-323, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19-04-323, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 19-04-323, 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 19-04-323 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19-04-323 дугаар актуудаар:

Газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсан, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан, машин механизм, тоног төхөөрөмжийн зураг төслийн дагуу угсарч суурилуулсан актгүй, уурхай дээр байвал зохих бичиг баримт байхгүй, байгаль орчны улсын байцаагчийн актыг хөндсөн гэх үндэслэлүүдээр Ж ХХК-ийн үйл ажиллагааг удаа дараа түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж байжээ.[4]

Гэвч эдгээр актууд гарсны дараа ч Ж ХХК нь улсын байцаагч нарын шийдвэрийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь Төв аймгийн Засаг даргын хяналт шалгалтын ажил зохион байгуулах удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/238 дугаар хяналт шалгалтын ажил зохион байгуулах удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудсаар Ж ХХК-д холбогдох арга хэмжээ авч тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гарчээ.[5]

Ажлын хэсгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн удирдамжийн дагуу хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн илтгэх хуудсаар Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай байна гэж дүгнэжээ.[6] Тухайн ажлын хэсгийг шалгалтаар очих үед олборлолт явуулж байсан нь хэрэгт авагдсан зургаас[7] харагдаж байх бөгөөд уг газар нь Ж ХХК-ийн уурхайн талбай мөн болох нь шүүхээс үзлэг хийх үеийн зургаас[8] мөн харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компани олборлолт явуулаагүй нь санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын тайлангаас харагдана гэж шүүхэд уг баримтыг гаргаж өгч байх боловч дээр дурдсан улсын байцаагч нарын актууд, ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж ирүүлсэн Ж ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16/04 дугаар албан бичигт Төв аймгийн А сумын ЗД Б.Ц-д хандан Тус компани нь АМХЭГ-аас олгосон МV-00009 тоот дугаар бүхий ашиглалтын лицензийн дагуу хайрга олборлох үйлдвэрлэлийг 6 дахь жилдээ эрхэлж байна... гэсэн тайлбар[9], ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Ж ХХК нь тухайн газарт 4.97 га газарт олборлолт явуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр[10], нөхөн сэргээлт явуулаагүй нь 2017, 2018 онд хийгдсэн ажлын хэсгийн дүгнэлт, шүүхийн үзлэгээр тогтоогдож байна[11].

Мөн нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Бөхөг голын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болохыг шинжээч тогтоосон[12] бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчжээ.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Ж ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлсэн байна.[13]

Мөн Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07/150 дугаар албан бичгээр Ж ХХК-ийн MV-00009 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргажээ.[14]

Эдгээр санал дүгнэлтийг үндэслэн Төв аймгийн ЗД Ж ХХК-ийн MY-00009 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3.н нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, 29.2 ЗД эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн Аймаг, нийслэлийн ЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.3 тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ, 2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах. гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1910 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах болсныг Ж ХХК-д мэдэгдэж, тайлбар болон нотлох баримтаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны дотор ирүүлнэ үү гэжээ. Уг албан бичгийг шуудангаар хүргүүлсэн[15] байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

Иймд Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 6 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 7-10 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 183-214 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 67-73 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 80-84 хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 93-94 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 95-96 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 139-140 хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 215-р худас

[10] 1-р хватаст хэргийн 117-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 137 хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 114, 117-р хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 97-98 хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 99 хуудас

[15] Хавтаст хэргийн 89-90, 142-р хуудас