Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга: О.Болормаа;

Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,

Хохирогч: Г.Цэрэнбат,

Шүүгдэгч: Т.Балжинням, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Хилд овогт Түвшинжаргалын Балжиннямд холбогдох эрүүгийн 201625021773 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхоны 511-68 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЗЛ92020514, Хилд овогт Түвшинжаргалын Балжинням.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Балжинням нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Шинэ замын дэргэд байрлах Өндөр настны хашаан дотор иргэн Г.Цэрэнбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Балжинням мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоёр найзтайгаа явж байгаад хохирогчтой таарсан. Тэгээд өндөр настны гудамжны хашаанд ороод 2,5 литрийн 2 пиво, 0,5 грамм Чингис нэртэй архи уусан. Би архинаас уугаагүй, пивоноос уусан. Бид нар хоорондоо маргалдаад хохирогч чи муу бацаан намайг амжихгүй шүү гэж хэлээд намайг боогоод 2-оос 3 удаа цохисон. Би боолтонд ороод өөрийгөө боолтноос гаргах гэж хохирогчийг нэг цохисон. Золбоо, Тэмүүлэн, Хатанбаатар нар салгаад аваад явсан. Тэгээд гэр гэрлүүгээ явсан гэв…” 

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.Цэрэнбат мэдүүлэхдээ: “…Маргалдах шалтгаан бол гараагүй. Яг юунаас болж маргасан бэ гэхээр шүүгдэгчийн найзаас болоод маргасан. Тэр өдөр шүүгдэгчийн найзынх нь төрсөн өдөр боллоо гээд архи авсан. Тэгээд шүүгдэгч найзтайгаа маргаад би боль гээд шүүгдэгчийг түлхэхэд намайг дарааллаад цохисон. Миний эрүү сонин болоод байсан. Тэгээд Хатанбаатар намайг Гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна гэв…”

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цэрэнбат /хх-ийн 13/, гэрч Э.Тэмүүлэн /хх-ийн 12/, гэрч Н.Хатанбаатар /хх-ийн 16/, гэрч Ц.Золжаргал /хх-ийн 17/, гэрч Д.Түвшинжаргал /хх-ийн 18/, гэрч С.Золбоо /хх-ийн 19/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8524 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, шүүгдэгч Т.Балжиннямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Т.Балжинням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, шинэ замын дэргэд байрлах өндөр настны хашаан дотор иргэн Г.Цэрэнбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.Цэрэнбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би гэрээсээ гартал манай орцны үүдэнд Түвшинжаргал, Балжинням, Балжиннямын найз гэх 2 залуу нартай тааралдсан. Тэгээд бид нар шинэ замын хажууд байрлах хуучин өндөр настны гудамжинд 2 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Би эхний пивоноос нь уучихаад, дараагийн пивоноос нь уугаагүй. Тухайн үед Балжиннямын нэг найзынх нь төрсөн өдөр болж байгаа гэсэн. Гэтэл үүдэнд нөгөө төрсөн өдөр болж байгаа найз нь “пиво уухгүй, архи ууна” гээд Балжинням болон түүний найзууд нь архи уусан. Тэгээд удалгүй Балжинням Түвшинжаргал руу агсараад, “чамайг би 2 буудалд бол мэдэх ч үгүй юм байна” энэ тэр гээл байсан. Тэгэхээр нь би Түвшинжаргалыг “дуугүй бай” гэж хэлээд Балжиннямыг цааш нь аваад явсан. Тэгээд би Балжиннямыг “ахын дүү боль” гээд гараараа цээжрүү нь түлхээд эргээд Түвшинжаргал руу харсан чинь миний хажуу талаас толгойгоороо мөргөх шиг болсон. Тэгээд миний ам нэг сонин болчихоор нь би “чи боль” гээд гараараа түлхээд Хатанбаатарыг дуудаад “явъя” гэж хэлээд Хатанбаатарын хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан…” /хх-ийн 13/,

 

Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байтал Цээгий ах Балжиннямыг чам шиг муу бацаан намайг амжихгүй шүү гэж хэлээд цамцаар нь толгойг нь боож аваад гараараа 3 удаа цохисон. Гэтэл Балжинням зөрүүлээд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь Хатнаа Золбоо бид 3 тэр хоёрыг салгаад явсан. Гэтэл Цээгий ах “миний эрүү жаахан сонин болчихлоо” гэсэн…” /хх-ийн 14/,

 

           Гэрч Н.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би хэсэг байж байгаад эргээд Цэрэнбат, Балжинням 2 руу хартал Балжинням Цэрэнбатыг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод толгойгоороо баруун шанаа тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би гүйж очиж тэр хоёрыг салгаад Цэрэнбатыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” /хх-ийн 16/

 

           Гэрч Д.Түвшинжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Балжинням гэх залуу надруу агсараад байсан. Тэгтэл Цээгий ах болиулаад нөгөө залууг цааш нь аваад явсан. Тэгээд тэр хоёр хоорондоо бие биенээ боолцож байж байтал нөгөө Балжинням гэх залуу Цээгий ахыг толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Хатанбаатар ирээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл Цээгий ахын эрүү нь сонин болчихлоо ярьж чадахгүй байна гэхээр нь Хатанбаатар Цээгий ахыг аваад гэмтэл рүү явсан. Харин би гэртээ очоод тэр залуучууд тэнд үлдсэн...” /хх-ийн 18/

 

           Гэрч С.Золбоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...юм яриад сууж байтал Балжинням Цээгий ах хоёр сонгуулийн ажлын талаар яриад маргалдаад байсан. Тэгтэл гэнэт Цээгий ах Балжиннямыг заамдаж аваад нүдний шилээ аваад сууж байсан газраа тавьсан, Тэгэхээр нь Тэмка тэр хоёрыг болиулах гээд очиж байтал Цээгий ах Балжиннямын нүүрэн тус гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Балжиннямыг хойш нь цамцаар нь боогоод түлхсэн чинь Балжиннямын нүүр нь улайгаад боолт нь орчих шиг болсон. Гэтэл Балжинням зөрүүлээд шанаан тус газар нь нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь Дөшкө бид 2 гутлаа өмсөж очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Хатнаа Цээгий ахыг аваад явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 /

 

            шүүгдэгч Т.Балжиннямын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Цэрэнбатын  биед  “…баруун хацар ясны нумны зөрөөтэй, баруун гайморын хөндийн урд, ар ба гадна ханын цөмөрсөн, баруун ухархайн доод ханын зөрөөтэй нийлмэл хугарал, баруун гайморын хөндий дэх цус хуралдалт, хамрын ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдний няцралт, тархи доргилт, баруун шүдний дээд, доод зовхи ба алимны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун хацар ясны нумны зөрөөтэй, баруун гайморын хөндийн урд, ар ба гадна ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар нөлөөлөхгүй…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8524 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Балжиннямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Балжиннямд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зохих хэсгийг сайн дураараа төлсөн, энэ хэрэгт хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсний гадна дээрх нөхцөл байдлуудад үндэслэн түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Хохирогч Г.Цэрэнбат нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хилд овогт Түвшинжаргалын Балжиннямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балжиннямыг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Балжиннямд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Т.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            5. Хохирогч Г.Цэрэнбат нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балжиннямд шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Балжиннямд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР