Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхоны АОС 16 тоотод байрлах, “Э” ХХК/РД/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны зам 81, Жи Си тауэр, 201 тоотод байрлах, “Л” ХХК/РД/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байр 77 тоотод оршин суух, Уран Цэрэв овогт Эрдэнэбилэгийн С/РД: /,

 

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №А/201518 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол болох 40 868 015/дөчин сая найман зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд Э.С, гэрч О.Гэрэлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Люксвүүд Хаус” ХХК нь “Э” ХХК-тай № А/201518 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр “Люксвүүд Хаус” ХХК нь Бэлхийн аманд баригдаж буй “4 улирал хотхон”-ы хаусны гадна тохижилтын материалыг “Э” ХХК-нд нийлүүлэх, “Э” ХХК нь хариу төлбөр болгож, BMW Х5 /2012 он, 75,000,000 төгрөгийн үнэ бүхий/ маркийн автомашиныг “Люксвүүд Хаус” ХХК-нд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 4.1-д заасны дагуу захиалгын нийт үнэ 75,000,000/Далан таван сая/ төгрөг байна” гэж тохиролцсон болно.

“Э” ХХК нь гэрээний бүрэн үүргээ биелүүлж BMW Х5 маркийн автомашиныг “Люксвүүд Хаус” ХХК-ийн ажилтан Ц.Төгсбаярын нэр дээр шилжүүлсэн байдаг.

Гэтэл “Люксвүүд Хаус” ХХК нь гэрээгээр хүлээсэн “... Бэлхийн аманд баригдаж буй “4 улирал хотхон”-ы хаусны гадна тохижилтын материалыг нийлүүлэх ...” үүргээ биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж, “Э” ХХК-д 75,000,000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Нэхэмжлэлийн шаардлага бол 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс 40 868 015 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр хариуцагч компани нь Бэлхийн аманд баригдаж буй 4 улирал хотхоны хаусын гадна тохижилтын материалыг нэхэмжлэгч компанид нийлүүлэх, нэхэмжлэгч компани нь хариу төлбөр болгож 75 000 000/далан тавах сая/ төгрөгийн үнэ бүхий Би Эм Даблю/ВMW/ Икс5 авто машиныг хариуцагч компанид шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон. Уг гэрээний 4.1 заасны дагуу захиалгын үнэ 75 000 000/далан таван сая/ төгрөг гээд бараа материал нь 75 000 000/далан таван сая/ сая төгрөгийн хариу төлбөрт Би Эм Даблю/ВMW/ Икс5 автомашиныг 75 000 000/далан таван сая/ төгрөгөд тооцохоор тохиролцож нэхэмжлэгч компани нь гэрээний үүргээ биелүүлж уг автомашиныг н.Төгсбаярын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа материлаа дутуу нийлүүлсэн. Тийм учраас үлдэгдэл 40 868 015/дөчин сая найман зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийн бараа материалын үнийг төлбөр хохирол гэж нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд буй “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Люксвүүд групп” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч доорх тайлбарыг хийж байна.

“Э” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2012 оны автомашин шилжүүлнэ гэчхээд 2010 оны машин байсан төдийгүй тухайн машиныг ашиглах боломжгүй байсан. Машины эвдрэлтэй сэлбэгийг авч өгнө гэчхээд авч өгөөгүй. Одоо ч гэсэн бүрэн засвар авахгүй байгаа.

Гэрээний дагуу 44 820 855 төгрөгийн материал авчихаад энэ тухай нэхэмжлэлд огт дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зөрчсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаа илүүтэй шүүхийг төөрөгдүүлэх санаатай үйлдэл гэж үзэж байна.

Эвдэрхий машинаа засч өгөөгүй тул 2017 оны 06 дугаар сарын 24-ний Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж баталгаат шуудангаар мэдэгдэл  илгээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж заасан. Хаяг, оршин байгаа газар маш тодорхой байх ёстой. Сөрөг нэхэмжлэлтэй тохиолдолд хаяг оршин байгаа газар тодорхойгүй бол шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэлийг буцаах тохиолдол үүсдэг. Яагаад гэвэл оршин суугаа газар тодорхой байж шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдаг учраас ИХШХШТХ-ийн 65.1.19-т зааснаар нэхэмжлэл буцаах нөхцөл үүсдэг. Сөрөг нэхэмжлэл байгаа учраас хаягийн асуудал яригддаг. Үндсэн нэхэмжлэлийг гаргаж байхдаа бидний оршин суудаггүй хаягаар гаргасан байдаг. 44 сая төгрөгийн бараа авчихаад, машин чинь эвдэрхий байна гэсэн чинь “Э” ХХК хаягаа утсаа сольсон байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэгч хаягаа нуусан нь нэхэмжлэлийг буцаах нөхцөл байдал бий болсон байна. Сөрөг нэхэмжлэл байгаа учраас оршин байгаа газраа шүүхэд нуусан, хаяг нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг буцаах асуудал яригдна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь бүрэн бүтэн байдлаар нь машиныг хүлээлгэж өгөөгүй. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж ярих гэж байвал эдний компани хаягаа нуугаад алга болсон. Бид олсон даруйдаа шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Бүрэн бүтэн биш доголдолтой машин хүлээлгэж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн шүүхэд худлаа үнийн дүнтэй нэхэмжлэл гаргасан байна. Эхлээд 75 сая төгрөгийн бараа аваагүй гэж байснаа дараа нь 40-өөд сая төгрөгийн бараа авсан гэж нэхэмжлэл гаргаад явдаг. 40 хэдэн сая төгрөгийн бараа авсан гэдэг баримтууд нь манай компанид байж байна. Тэгэхээр шүүхийг хууран мэхэлсэн тухай асуудал яригдна. Бид машин эвдэрхий байсан болон бараагаа бүрэн нийлүүлсэн гэдгээ нотлож байна. Мөн машин нь 75 000 000/далан таван сая/ төгрөгийнх биш 51 00 000/тавин нэгэн сая/ төгрөг гэдгийг шинжээчээр дүгнүүлэхэд эднийх гомдол гаргаагүй нь 51 000 000/тавин нэгэн сая/ төгрөгийн машин гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага 45 000 000/дөчин таван сая/ төгрөгөөр БМБ Икс/Х5/ машин худалдан авсан гэдэг. Худалдан авсан гэх машин нь эвдэрхий байсан учир наймаагаа буцаах болоход машин худалдсан “Э” ХХК-ийнхан олдохоо байгаад алга болсон байдаг.

Манай байгууллага энэ машин засагдахгүй бол буцааж өгөхөөр тохирсон байсан тул байгууллагын нэг ажилтны нэр дээр шилжүүлсэн байдаг.

Гэтэл машин засагдаагүй буцааж өгч чадаагүй машиныг ашиглаж чадахгүй, үзлэгт орж чадахгүй тэр чигээрээ хадгалагдсан.

Дараа нь нэр дээрээ шилжүүлж авсан хүн ажлаасаа гарахад нь миний нэр дээр машиныг шилжүүлсэн.

Бид машиныг амьхандаа засаад ашиглачих санаатай хятад руу сэлбэг захиж авчруулах, Монголд жижиг сажиг зүйлийг нь засуулах зэргээр нэлээд оролдсон ч ямар ч амжилтанд хүрээгүй хэвээрээ байгаа.

Хэрэв машин байгууллагын нэр дээр байгаад төлбөрт хураагдах юм бол 45 000 000 төгрөгөөр авчихаад 10 000 000 төгрөгөөр хураагдах юм бол буцааж өгч чадалгүй хохирох учир байгууллагын хэн нэгний нэр дээр хадгалж байгаа.

Гэтэл “Э” ХХК-ийнхан машины эзэмшигч нь солигдсон болохыг олж мэдээд одоо наймаа буцах боломжгүй болсон гэж үзээд нэхэмжлэл гаргажээ.

Олдохгүй байсан байгууллага өөрөө гараад ирсэн учир манай байгууллага тэр даруй гэрээнээсээ татгалзах саналаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягаар нь явуулаад хариу өгөхгүй болохоор нь татгалзах санал гаргасан байгаа.

Машин нь анх өгсөн байдлаараа эвдэрхий, км-ийн заалт нь хэвээрээ, үзлэгт ороогүй байдлаараа байгаа болно.

Иймд энэ машин нь ашиглагдах боломжгүй хэвээрээ байгаа тул буцааж эзэнд нь олгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус компанийн Бэлхийн аманд барьж буй 4 улирал хотхонд барилгын материалыг “Л” ХХК нийлүүлэх төлбөрт Би Эм Даблю/BMW/ Икс/Х-5/ 91-00 УНМ улсын дугаартай автомашиныг өгөхөөр болсон.

“Э” ХХК нь Би Эм Даблю/BMW/ Икс/Х-5/ машинаа 2012 онд үйлдвэрлэсэн гэж гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулагдсаны дараа 2010 оны машин болох нь тодорхой болсон.

Уг автомашин нь урагш явах араанд хийхээр хойшоо явдаг, ухрах араанд хийхээр урагш явдаг, зүүн дохио өгөхөөр баруун нь асдаг гэх мэт асуудалтай автомашин байсан.

Энэхүү эвдрэлээ “засч өг” хэмээн “Э“ ХХК-ийн менежерт нь хэлэхэд “ойлголоо” гээд алга болсон.

Удаа дараа шаардлага тавьж зөрүү мөнгө авахгүй ингээд гэрээний төлбөрөө дуусгая хэмээн тохирсон. “Э” ХХК нь хаяг, утсаа солиод алга болсон. Манай компани ч ингэж ойлгосон.

Энэ нь утгаараа “Э” ХХК нь манайхаас мөнгө нэхээгүй. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирсэн. Бид одоо тодорхой хаягтай болсон тул гэрээнээс татгалзах саналаа байгууллагын нэхэмжлэл гаргасан хаягаар хүргүүлсэн боловч дахиад л хаягандаа байхгүй болох нь нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан хаягандаа “Э” ХХК байдаггүй болно.

Нэгэнт гажигтай, засч өгөхгүй байгаа Би Эм Даблю/BMW/ Икс/Х-5/ 91-00 УНМ улсын дугаартай автомашиныг буцааж өгөхөөс өөр аргагүй юм.

Иймд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, гэрээний дагуу төлсөн 44 820 855 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №А/201518 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг ба гэрээний дагуу “Э” ХХК нь 75,000,000 төгрөгийн үнэ бүхий BMW Х5 маркийн авто машиныг “Л” ХХК-д шилжүүлсэн. “Л” ХХК нь автомашиныг шалгаж хүлээн авсан байдаг.

Иймд “Люксвүүд групп” ХХК-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Автомашиныг 51 000 000/тавин нэгэн сая/ төгрөг байсан гэж тайлбарлаж байна. Талууд анх гэрээ байгуулахад бэлэн мөнгөөр худалдаа хийгээгүй. Талууд 75 000 000/далан таван сая/ төгрөгийн бараа материал нийлүүлж 75 000 000/далан таван сая/ төгрөгдөө машин өгөхөөр тохиролцсон. Монголд авто машины үйлдвэрлэсэн болон орж ирсэн он гэсэн 2 он яригддаг. 2010 онд үйлдвэрлэгдээд 2011 онд гаалиар орж ирээд 2012 онд замын хөдөлгөөнд орж эхэлсэн. 2015 оны 11-р сарын  20-ны өдөр “Л” ХХК-ийн ажилтан н.Төгсбаярын нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Тэгэхээр техникийн үзлэгт орсны үндсэн дээр нэр шилжнэ. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргахаар заасан байдаг. Энэ хугацаанд гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрээнээс татгалзах тухай санал гаргасан. Гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан алдангийг нэхэмжилж байгаа. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээнээс татгалзана гэсэн ойлголт байхгүй.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Машиныг бид ажилуулах гэж нилээд үзсэн. Маш олон удаа засвар үйлчлгээ хийлгэсэн. Буцаая гэхэд хариу өгөхгүй байсан. Одоо машиныг буцааж өгөх хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол болох 40 868 015/дөчин сая найман зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Л” ХХК нь эвдэрхий машинаа засч өгөөгүй тул 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээнээс татгалзана гэсэн ойлголт байхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А/201518 дугаар Худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь А/201518 дугаар Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан мод, хуванцарын нийлмэл материалыг “Хавсралт”-д заасан үнээр тооцож, холбогч, тогтоогч зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийн хамтаар нэхэмжлэгчийн төлбөр болох Би Эм Даблю/BMW/ маркийн Икс/Х-5/ загварын тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр бүрэн шилжүүлсний дараа нэхэмжлэгчид нийлүүлэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар зохигчид тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул тус Гэрээг Арилжааны гэрээ гэж үзэх ба тус Гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийлүүлээгүй бараа материалын үнэ 40 868 015/дөчин сая найман зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийг хохиролд нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 9100 УНМ улсын дугаартай, Би Эм Даблю/BMW/ маркийн Икс/Х-5/ загварын тээврийн хэрэгслийг хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийн ажилтан Ц.Төгсбаярын нэр дээр шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 19 албан бичгийн хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч хариуцагч нь 75 000 000/далан таван сая/ төгрөгийн бараа, материал нийлүүлэхээс 40 868 015/дөчин сая найман зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийн бараа, материалыг нийлүүлээгүй гэх тайлбар гаргаж байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 45 807 355/дөчин таван сая найман зуун долоон мянга гурван зуун тавин тав/ төгрөгийн бараа, материал шилжүүлэн, 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийн бараа материал шилжүүлээгүй болох нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримт, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “... хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.”, 261 дүгээр зүйлийн 261.1-т “... гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.”, 274 дүгээр зүйлийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11 675 400/40868015-29192615=11675400/ /арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь 2012 оны тээврийн хэрэгсэл шилжүүлнэ гэсэн боловч 2010 оны, ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн тул Гэрээнээс татгалзсан, Гэрээний дагуу төлсөн 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулна гэж маргаж байна.

 

Гэрээнд нэхэмжлэгч нь 2012 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл шилжүүлнэ гэж заагаагүй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээнд заасан Би Эм Даблю/BMW/ маркийн Икс/Х-5/ загварын тээврийн хэрэгслийг “Наран Моторс” ХХК нь 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад импортлож, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн С.Нинжин өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. 

 

Гэрээнд Би Эм Даблю/BMW/ маркийн Икс/Х-5/ загварын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн оныг бичээгүй, харин Монгол Улсад импортлогдсон оныг бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь № 01294267 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь уг тээврийн хэрэгсэл урагш явах араанд хийхээр хойшоо явдаг, ухрах араанд хийхээр урагш явдаг гэж маргаж байна.

 

Тээврийн хэрэгсэл доголдолтой байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба 9100 УНМ улсын дугаартай Би Эм Даблю/BMW/ маркийн Икс/Х-5/ загварын тээврийн хэрэгсэлд дээр дурдсан доголдол байсан тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар уг доголдлын талаар мэдэх боломжтой байсан байна.

 

            Нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ гүйцэтгэсэн байх тул Гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-иас нийт 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11 675 400/арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Л” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-иас нийт 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11 675 400/арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 000 төгрөгийг, хариуцагч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 303 913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л” ХХК энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ