| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0423/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/433 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урэнцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/433
2018 05 18 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Т.А.............ай, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192)нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боргууд овогт Т..............хын А.............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0143 70489 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боргууд овогт Т..............хын А.............ай, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, селесер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт, Сонгинохайрхан ..........................................,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Т.А.............ай нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн эмнэлэг”-т Д.Б...........лтай маргалдан Д.Б...........лын толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүгдэгч Т.А.............ай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эхнэр хүүхдээ эргэх гээд эмнэлгийн хаалгаар ороод шатаар өгсөөд явж байтал шатан дээр энгийн хувцастай согтуу эрэгтэй хүн орилж хашиграад дуу чимээ ихээр гаргаад байхаар нь би олон нийтийн газар жоохон хүүхэд олонтой газар ингэж хамаагүй орилж хашгирч болохгүй гээд шаардлага тавьсан чинь манай эмнэлгийн баяр болсон юм тэгээд уусан би энд ажилладаг хүн байна чи ер нь юу юм гэж хэлээд над руу дайраад толгой руу цохиод авах шиг болсон чинь толгойноос цус гарахаар нь үзсэн чинь толгой хагалчихсан байсан...Намайг шаардлага тавьсан чинь сүүлд нэрийг нь мэдсэн Т.А.............ай гэх эрэгтэй толгой руу гараараа нэг удаа цохиод толгой хагалсан...намайг цохиулж байхад дэргэд нь хамт ажилладаг 1-2 хүн байсан...Дээрхи гэмтлийг Т.А.............ай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгой руу нэг удаа цохиж учруулсан гэмтэл байна...Т.А.............ай надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6)
2. Гэрч О.Н.............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгт ажлаа хийгээд байж байтал гаднаас Т.А.............ай согтуу байдалтай орж ирээд надтай юм яриад зогсож байтал тэнд явж байсан үйлчлүүлэгч Т.А.............айд хандаж битгий чанга чанга яриад бай олон нийтийн газарт согтуу байдалтай явж болдог юм уу гэсэн Т.А.............ай өөдөөс нь хэрэлдэж хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авахаар нь салгахад нэг нэгнийгээ нэг нэг удаа цохиод салсан...Т.А.............айг согтуугаар олон нийтийн газарт чанга чанга ярилаа гэх шалтгаанаар хоорондоо муудалцаж маргалдаж байгаад Т.А.............ай тэр хүний толгой руу нэг удаа гараараа цохисон өөр нэмж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3678 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Толгойн орой хэсгийн хуйханд 1,5х0,2см зах ирмэг тэгш бус, цусархаг улаан ягаан өнгийн зөөлөн бүлэн тогтсон шархтай...ДҮГНЭЛТ
1. Д.Б...........л-н биед толгойн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12),
4. Шүүгдэгч Т.А.............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажил дээрээ байж байтал хуучин хамт ажиллаж байсан Доржсэмбээ халамцуу хүрч ирээд ганц юм хувааж ууя гэхээр нь би зөвшөөрч бид хоёр хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Доржсэмбээ явсны дараа би ажил руугаа орж яваад шатан дээр нэг эрэгтэй хүн улавч өмсөөгүй алхаж байхаар нь улавчаа өмс гээд хэлсэн чинь чи согтуу байж надад шаардлага тавилаа гэсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаж байгаад толгой руу нь гараараа нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарч эхэлсэн...би тэр залууд улавчаа өмсөөд орчих гэж шаардлага тавьснаас болж тэр залуу чи согтуу байж надад шаардлага тавьдаг хэн бэ гэснээс болж маргалдаж байх үедээ толгой руу нь гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодоогүй тар залаа надад гар хүрээгүй...дээрхи гэмтлийг би Б...........лтай маргалдаж байхдаа гараараа цохиж учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 24, 22), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 23, 25), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26-27) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А.............айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Т..............хын А.............ай нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цамбагаравын зүүн хойд талд байрлах Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, иргэн Д.Б...........лтай маргалдан, шууд санаатай үйлдлээр толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.Б...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу эрэгтэй хүн ...над руу дайраад толгой руу цохиод авах шиг болсон чинь толгойноос цус гарахаар нь үзсэн чинь толгой хагалчихсан байсан...Т.А.............ай гэх эрэгтэй толгой руу гараараа нэг удаа цохиод толгой хагалсан... Т.А.............ай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгой руу нэг удаа цохиж учруулсан гэмтэл байна...Т.А.............ай надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6)
- Гэрч О.Н.............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.А.............ай согтуу байдалтай орж ирээд надтай юм яриад зогсож байтал ...Т.А.............ай өөдөөс нь хэрэлдэж хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авахаар нь салгахад нэг нэгнийгээ нэг нэг удаа цохиод салсан... Т.А.............ай тэр хүний толгой руу нэг удаа гараараа цохисон өөр нэмж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3678 дугаар дүгнэлт...1. Д.Б...........л-н биед толгойн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12),
- Шүүгдэгч Т.А.............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр залуутай маргалдаж байгаад толгой руу нь гараараа нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарч эхэлсэн...би тэр залууд улавчаа өмсөөд орчих гэж шаардлага тавьснаас болж тэр залуу чи согтуу байж надад шаардлага тавьдаг хэн бэ гэснээс болж маргалдаж байх үедээ толгой руу нь гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодоогүй тар залаа надад гар хүрээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.А.............ай нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “чимээгүй бай гэж хэллээ” гэх сэдэлтээр, хохирогч Д.Б...........лын толгой руу гараараа цохиж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А.............ай нь хохирогч Д.Б...........лыг гараараа толгой руу нь цохисон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Т.А.............айг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б...........л нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул тэрээр бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Т.А.............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А.............ай нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.А.............айг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн Эмнэлэгт” ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хүлээн авч 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Т.А.............ай нь оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0143 70489 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боргууд овогт Т..............хын А.............ай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А.............айг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А.............ай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ