| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0406/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/443 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/443
2018 05 28 443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Э.Б..............г,
шүүгдэгч Х.М..............л, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Х.....яагийн М..............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0110 70331 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Хүрэлтулгийн М..............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 26-ны төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн ...........................................................
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Х.М..............л нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин цэргийн хотхоны автобусны буудлын орчимд Э.Б..............гийг хавсарч унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун шаант болон тахилзуурын далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Х.М..............л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
2. Хохирогч Э.Б..............г мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-нд гэрээсээ эхнэртэйгээ, 2 дүүгээ тосох гээд гарсан. Цэргийн хотхоны сааданд Х.М..............л нар хашгиралдаад согтуу байсан. Автобусны буудал дээр зогсож байхад миний хажуугаар дайрах шахаад гарсан. Зайгаа бариад автобусны буудлаас дээшээ зогсож байхад эхлээд 2 хүүхэд алхаад явж байсан, араас нь хэдэн хүүхдүүд явж байгаад 2 хүүхэд нь чулуу шидээд энэ дөрвийг алаад хаячихъя гээд хувцсаа тайлаад манай эхнэрийн нүүр лүү цохисон. Би салгахад бүгд шаваад бид нарыг зодоод эхэлсэн. Х.М..............л ирэхэд нь ахын дүү нар ингээд явчих гэхэд заамдаж авсан. Ах нь гэртээ орох гэж байна гэхэд танай гэр энд байдаг толгойтын пизда мөн үү гээд дайраад байсан. Х.М..............л намайг хүзүүдэж дагуулж яваад хавсарч унагасан. Намайг унахад дээрээс ирээд дэвссэн, хөл хугалчихлаа гээд би орилсон. Цагдаад дуудсан гэхэд бүгд зугтаад явсан. Хохиролд 400,000 төгрөг авсан. Бүлэглэж намайг зодсон байхад ганцхан Х.М..............лийг оруулж байгаад гайхаж байна. Би эрүүл мэндээрээ хохироод 4 сар гэрээсээ гараагүй. Ажлаасаа гарсан. Үндсэн цалин 1,000,000 төгрөг байсан. Гар дээр 1,400,000 төгрөгийг илүү цаг ороод авдаг байсан. Эхнэрээ ажлаас нь гаргасан. Би 3 сар ажилгүй байсан цалин 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ ганц Х.М..............л биш хамт байсан хүмүүсээс нь хамт төлүүлэх саналтай байна...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Э.Б..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотгоны автобусны буудлын орчим эхнэртэйгээ хамт явж байхад үл таних 4-5 залуу үл ялих шалтаглан зодож баруун...шилбэний хугарал, шагай цуурсан, мөн нүүрэн тус газар руу гараараа цохисон...намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон...Хамгийн түрүүнд над руу дайраад байсан эрэгтэй буюу 18-21 насны орчим цагаан мак, баруун гарандаа шивээстэй, баруун чихэндээ ээмэг зүүчихсэн байсан. Бусад залуучуудыг нь сайн харж чадаагүй, нэрийг нь би сайн сонсоогүй...бүгдээрээ согтуу байсан...”
“...эхнэр А..............нэ, түүний дүү Т............л нарын хамтаар явж байтал араас 2 залуу чулуу шидсэнээ гүйж ирээд эхнэрийн нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би юу болж байна гээд эхнэрээ өмөөрсөн чинь намайг тэнд хамт байсан 8-9 залуу нийлээд зодсон нэг залуу нь одоо болио гээд хүзүүнээс гараараа барьж байснаа хөлөөрөө намайг хавсраад газар унагаасан. Тэр үед миний баруун хөлны шилбэ хугарчих шиг болоод явчихсан би хөл хугалчихлаа гээд хэлсэн чинь бүгд зугтаад алга болсон... ямар ч шалтгаангүй гүйж ирээд л манай эхнэрийг алгадаад авсан би яаж байгаа юм бэ гэж хэлтэл намайг тал талаас барьж байгаад нүүр рүү гараараа цохиод газар унахад хөлөөрөө дээрээс хавирга гэдэс рүү өшиглөсөн. Дараа нь салгаад намайг нэг залуу хүзүүдэж байгаад хавсарч унагаах үед хөл хугарсан би цагдаа дуудаж дараа нь түргэн дуудаад ирээгүй найзыгаа дуудаж гэмтэл орсон. Намайг зодуулж байхыг эхнэр А..............нэ дүү Т............л хоёр харж байсан...Эмчилгээний зардалд ор хоног, хагалгааний өртөг эм тариа нийлээд ойролцоогоор 700.000 төгрөгийг бодит зардал гарсан...Дээрх гэмтлийг намайг хүзүүдэж аваад газар хавсарч унагаасан намхан бор залуугийн учруулсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20)
“...би хөлөө хугалуулан 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой ГССҮТөвд хэвтэн хөлөндөө хагалгаа хийлгүүлсэн бөгөөд тухайн үед хагалгаа хийлгэхэд 700.000 төгрөгөөр хийлгүүлсэн бөгөөд эмнэлэг нийгмийн даатгалаар 50% хөнгөлж хагалгаа хийсэн бөгөөд тал мөнгөө нэхэмжилж байна...Эмнэлгээс гараад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн бөгөөд нэг сар гэртээ хэвтэрт байсан, энэ хугацаанд таяг болон эмчилгээ бичиж өгсөн 500.000 төгрөгний эмчилгээний зардал хувиасаа гаргаж гэрээрээ эмчилгээ хийсэн тэр эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...Тухайн үед намайг хавсарч унагаасан залуу болохоор миний нурууны ойролцоо өндөртэй бор царайтай жижиг спорт маягийн үстэй дээгүүрээ бэлтгэлийн цамцтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
2. Гэрч Б.А..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн 2 дүү Э...............р, Т............л, нөхөр Э.Б..............г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны тэр хавьд 22 цаг өнгөрөөгөөд хүн тосох гээд явж байтал замын эсрэг талд явж байсан 10 гаран залуучууд ирээд бид нартай маргалдаад өдөж эхэлсэн. Тэгснээ манай 2 дүү болон нөхөртэй тэд нар зодолдсон. Тэгээд зодолдож байх хооронд нь би цагдаад дуудлага өгөхөд тухайн залуучууд зугтаагаад явсан...бид нарыг зүгээр байхад бөөнөөрөө ирээд ална гээд өдөөд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд л маргаан болж зодолдсон. Яг хэдэн хүн байсан гэдгийг нь мэдэхгүй байна бүгд зодсон, таньдаг хүн байгаагүй бүгдийг нь танихгүй хүн байсан...намайг хэд хэдэн удаа духан дээр цохисон тухайн үедээ хавдсан одоо зүгээр болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),
3. Гэрч Л.О................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд найз М...............рын төрсөн өдөр болоод Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М...............р, Ж.................н, А................д, Т............н, Б.............аа, Х.М..............л, С................р нартай уулзсан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхоны байрны гадна уулзаад зогсож байгаад харих гээд явж байхад үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй, хүнтэй маргалдсан. Хоорондоо маргалдсан шалтгаан гэвэл манай найзуудын хэн нэгнийг шүргээд гарчихсан. Энэ асуудлаас болж хоорондоо хэрүүл болоод би нэг үл таних эрэгтэй хүнтэй барилцаж авсны дараа хөл хугарсан ах чулуу бариад дайраад байхаар нь Х.М..............л тэр ахыг чулуутай гарыг нь барьж байгаад хавираад унагаачихсан. Тэгээд бид хэд Х.М..............лийг салгаад яваад өгсөн...хөл нь хугарсан гэх үл таних ах чулуу бариад дайраад байхаар нь манай найз Х.М..............л чулуутай гарыг нь барьж байгаад...хавираад унагаасан. Тухайн үедээ тэр ахын хөл нь хугарсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
4. Гэрч А.А................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой...22-23 цагийн хооронд гэр рүүгээ харихаар болоод салаад явцгаасан бөгөөд Ж.................н, О................үү хоёр “Толгойтын эцэс тал руу” явсан. Харин Х.М..............л, М...............р, Т............н, Б.............аа бид нар Цэргийн хотхоны зүг явж байгаад эргээд харсан чинь Ж.................н, О................үү хоёр хүнтэй муудалцаад зогсож байхаар нь яваад очсон...Тэр үед нэг залуу нь газраас чулуу аваад босоод ирэхэд Х.М..............л чулуутай гарыг нь барьж байгаад хойноос хавсарч унагааж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
5. Гэрч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн хооронд...Ж.................н, О................үү хоёр хүнтэй муудалцаад зогсож байхаар нь яваад очсон бөгөөд очиход танихгүй 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байсан. ...Ж.................н, О................үү хоёр нь танихгүй хүмүүстэй маргалдаад байсан. ...Сүүлд Ж.................наас Х.М..............л хохирогч гэх хүний чулуу барьсан гарыг гараараа барьж байхдаа хавирч унагаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
6. Насанд хүрээгүй гэрч Б.С................рын мөрдөн шалгах ажиллаганд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны орой...20 цаг өнгөрч байхад..нэг охин хүрч ирээд танай найз нар чинь зодолдоод байна гэхэр нь би ганцаараа...очиход нэг залуу нь замын хажуугийн хашлага дээр суучихсан байхад М...............р тэр залуугийн нүүр рүү өшиглөж байсан бөгөөд би очоод М...............рыг болиоч гээд түлхсэн. Тэгээд О................үүг аваад зам гарсны дараа Ж.................н руу очиход тэр нэг эрэгтэй хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь салгаад мөн зам хөндлөн гаргасан...намайг очиход зодоон болоод дуусаж байсан хэн, хэн хэнийг зодож байсан талаар хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
7. Гэрч Г.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн хооронд...Ж.................н, О................үү хоёр хүнтэй муудалцаад зогсож байхаар нь яваад очсон бөгөөд очиход танихгүй 1 эмэгтэй,
3 эрэгтэй хүмүүстэй маргалдаад...Ж.................н руу нэг залуу дайраад...байхаар нь дундуур нь ороод...салгах үед тэр танихгүй ах чулуу бариад босоод ирэхэд нь Х.М..............л тэр ахын чулуутай гарнаас нь бариад баруун гараараа толгойных нь араар оруулж эрүүнээс нь барьж байгаад араас татаж хавирах шиг болсон тэр ах газар унаж байгаа нь харагдаж байсан...Миний хувьд Ж.................нтай хэрэлдээд байсан залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон...Х.М..............л чулуутай гарнаас нь гараараа бариад хойд талаас нь хавирч байхад газар унаж байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
8. Гэрч М.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сард...Х.М..............л бид хоёрыг явж байхад...замын эсрэг талд баахан хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Гэтэл Х.М..............л Ж.................н байн ш дээ О................үүтэй хамт хүнтэй зодолдож байна очиж салгая гэсэн. Тэгэхээр нь бид хоёр буцаж очоод салгахад Ж.................н, О................үү хоёр үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй маргалдаад зодолдож байхаар нь салгасан. Тэгэхэд Тэмүүжижн араас ирээд хамт салгасан. Тухайн үед Ж.................н хөл нь хугарсан гэх залуу руу зодох гээд дайраад байсан. Тэгэхэд хамт байсан үл таних эмэгтэй Ж.................ныг 1 удаа алгадахад Ж.................н гараараа тэр эмэгтэйн дух хэсэгт 1 удаа цохиод салгахад гэхэд дийлдэхгүй байсан. Тэгэхэд С................р, М...............р, Ариука нар араас ирсэн. М...............р нь танихгүй 3 эрэгтэй хүнийг ирээд шууд зодоод эхлэхээр нь С................р нь М...............рыг салгасан. ...Х.М..............л Э.Б..............г гэдэг хөлөө хугалсан хүнийг бариад зогсож байсан. Би болохоор намхан нуруутай бор царайтай хүнийг барьчихсан байхад тэр ах гартаа чулуу барьчихсан байсан. ...гэтэл Х.М..............л барьж байсан ахаа одоо явчих гэхэд үгэнд нь орохгүй Х.М..............лийн гарыг тавиулах гээд байхаар нь Х.М..............л нь тэр ахыг хавсраад газар унагаасан...Үл таних 3 залуу бид нарын урдаас зодолдоод цохиод байсан. Хэнийг нь хаана нь юугаар хэдэн уудаа цохисон болохыг мэдэхгүй. Миний харснаар Ж.................ныг үл таних эмэгтэйг 1 удаа алгадахад Ж.................н буцаагаад нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Х.М..............л барьж байсан ахыг салахгүй дайраад байхаар нь нэг удаа хавсарч унагаасан. М...............р ирээд үл таних 3 залуугийн нэгийг нь гараараа цохиход нь С................р салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11123 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Баруун шилбэ шагай хамарсан чиг боолттой,
ГССҮТ-ийн амбулаторийн картнаас 2017.08.21-нээс 24-нд ЯҮГТ-д баруун шилбэний далд хугарал оноштой хэвтэж эмчлүүлсэн. Хугарлыг эвлүүлэх мэс ажилбар хийгдсэн...гэжээ...
2017.08.21-23-ны баруун шилбэ шагайн байрлалын рентген зурагт шаант болон тахилзуур яс доод 1/3-ээр ташуу зөрөөтэй хугаралтай. Хугаралд метал бэхэлгээ хийгдсэн байна...ДҮГНЭЛТ
1.Э.Б..............гийн биед баруун шаант болон тахилзуурын далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46),
10. Шүүгдэгч Х.М..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны дугаар сард...Б.............аа манай гэрт ирээд бид хоёр...хүүхдээс юм асуухаар...Толгойтын хуучин эцэст баригдсан шинэ толгойт хотхон орохоор явсан...тэр хотхоны гадна очиход Ж.................н, М...............р, О................үү, Т............н, А................д нар гадна нь архи уучихсан сууж байсан. ...уг байрны орц руу орчихоод...гараад ирэхэд... Ж.................н, М...............р, О................үү, Т............н, А................д нар байхгүй байсан бөгөөд байрнаас гараад гэр рүүгээ уруудаж явахад нөгөө хэд 3 ах, 1 эгчтэй зодолдож байсан нөгөө ах нар чулуу бариад орилоод чулуу авч шидээд байсан. Бөнхсанаа бид хоёр салгах гээд очиход нэг намхан шар залуутай хамт байсан залуучууд нөгөө хэдтэй зодолдож байсан бөгөөд Б.............аа бид хоёр...түүнийг түлхэж салгасан бөгөөд өөр ямар нэгэн байдлаар түүнийг хавсарч унагаасан зүйл байхгүй...өөрөө миний хажуугаар гартаа чулуу бариад та нарыг ална гээд гүйж...гарахдаа газар унаад бос ч ирж байсан. Тэр ах бос ч ирэхдээ зүгээр байсан буцаад зодолдож байсан хүүхдүүдтэйгээ зууралдаад байсан...маргааш нь би Б.............аатай хамт ус аваад явж байхад хохирогч гэх ах эхнэртэйгээ зүгээр алхаад явган явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),
11. хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94) хохирлын баримтууд (хавтаст хэргийн 57-64), өвчний түүх (хавтаст хэргийн 82-93),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 69, 70), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 120), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 71-78), ажил гүйцэтгэх гэрээ (хавтаст хэргийн 121-122) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.М..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.М..............л нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Толгойтын” Хуучин цэргийн хотхоны автобусны буудлын орчимд, 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед, иргэн Э.Б..............гийг шууд санаатай үйлдлээр хавсарч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Э.Б..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчимд ...намайг нэг залуу хүзүүдэж байгаад хавсарч унагаах үед хөл хугарсан...Эмчилгээний зардалд ор хоног, хагалгааний өртөг эм тариа нийлээд ойролцоогоор 700.000 төгрөгийг бодит зардал гарсан...Дээрх гэмтлийг намайг хүзүүдэж аваад газар хавсарч унагаасан намхан бор залуугийн учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20)
“...Тухайн үед намайг хавсарч унагаасан залуу...миний нурууны ойролцоо өндөртэй бор царайтай жижиг спорт маягийн үстэй дээгүүрээ бэлтгэлийн цамцтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- гэрч Л.О................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхоны байрны гадна уулзаад зогсож байгаад харих гээд явж байхад үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй, хүнтэй маргалдсан. ...Х.М..............л тэр ахыг чулуутай гарыг нь барьж байгаад хавираад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
- Гэрч А.А................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу нь газраас чулуу аваад босоод ирэхэд Х.М..............л чулуутай гарыг нь барьж байгаад хойноос хавсарч унагааж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
- Гэрч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.М..............л хохирогч гэх хүний чулуу барьсан гарыг гараараа барьж байхдаа хавирч унагаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Гэрч Г.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.................н руу нэг залуу дайраад...байхаар нь дундуур нь ороод...салгах үед тэр танихгүй ах чулуу бариад босоод ирэхэд нь Х.М..............л тэр ахын чулуутай гарнаас нь бариад баруун гараараа толгойных нь араар оруулж эрүүнээс нь барьж байгаад араас татаж хавирах шиг болсон тэр ах газар унаж байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
- Гэрч М.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.М..............л Э.Б..............г гэдэг хөлөө хугалсан хүнийг бариад зогсож байсан. ...гэтэл Х.М..............л барьж байсан ахаа одоо явчих гэхэд үгэнд нь орохгүй Х.М..............лийн гарыг тавиулах гээд байхаар нь Х.М..............л нь тэр ахыг хавсраад газар унагаасан... Х.М..............л барьж байсан ахыг салахгүй дайраад байхаар нь нэг удаа хавсарч унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11123 дугаар...ДҮГНЭЛТ... 1.Э.Б..............г-н биед баруун шаант болон тахилзуурын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.М..............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг хохирогч Э.Б..............гт учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М..............л нь хохирогч Э.Б..............гийг хавсарч унагаасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Х.М..............лийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б..............гт нийт 589.894 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөгийг төлсөн (хавтаст хэргийн 129) байна. Иймд хохирол, хор уршгийн үлдэх төлбөр болох 189.894 төгрөгийг Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Х.М..............лөөс 2 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Э.Б..............гт олгох хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогч Э.Б..............гийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон, хөлний хагалгаанд дахин орж хадаасаа авахуулна гэх зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, дээрх зардалтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Х.М..............лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.М..............л нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь хохирогчийг салгах гэсэн боловч хохирогч нь түүний өмнөөс эсэргүүцэл үзүүлсний үндсэн дээр хохирогчийг хавсарч унагаасан байгаа. Иймд торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М..............л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Х.М..............лд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгчийн хувийн байдал буюу “Хаппи Веритас” оношлогооны төвд түр ажилтнаар ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Х.М..............л нь оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0110 70331 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлтулгийн М..............лийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М..............лийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М..............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М..............лөөс 189.890 (зуун наян есөн мянга найман зуун ер) төгрөгийг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулан хохирогч Э.Б..............гт олгож, хохирогч нь өөрт учирсан хөлний гэмтэл болон ажилгүй байсан хугацааны зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ