Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2005

 

 

“Их бодонч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01713 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Их бодонч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ургамал-Од” ХХК-д холбогдох

 

Хохиролд 455 229 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн төлөөлөгч С.Санжхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ургамал-Од‘‘ ХХК-ийн захирал С.Санжхүү нь “Их бодонч” ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. “Их бодонч” ХХК-ийн нэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулж, 400 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сард 0,8 хувийн хүүтэйгээр тухайн үеийн “Их бодонч” ХХК-ийн захирал Л.Дашрэнцэн болон С.Санжхүү нар хоёулаа гарын үсэг зурж, зээл авч хамтын үйл ажиллагаа эхлэх орлого бүрдсэн. Гэтэл С.Санжхүү нь “би бүх хөрөнгөө барьцаанд тавьсан учраас 1 дүгээр гарын үсэг зурж, зарцуулалтыг хийнэ. Хариуцлагаа би хүлээнэ” гээд Үндэсний хөрөнгө оруулалтын бакнаас 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн орж ирсэн зээлийн гэрээний санхүүжилтийг орж ирсэн үеэс эхлээд 2010 оны 5 дугаар сарыг дуустал хувьдаа зарцуулсан. Хамтран ажиллах гэрээгээ зөрчиж хамтын үйл ажиллагаанд огт зарцуулаагүй тул С.Санжхүү нь “Их бодонч ” ХХК-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь зээлийн харилцах данснаас 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 120 000 000 төгрөгийг /өөрийн биеэр, бэлнээр хүлээн авч, зарцуулалт нь тодорхойгүйгээр хувьдаа ашигласан/ “Их бодонч” ХХК-ийн Хаан банкин дахь харилцах данснаас нийт 274 167 806 төгрөгийг /өөрийн биеийн байцаалтаар, бэлнээр хүлээн авч, зарцуулалт нь тодорхойгүйгээр мөн хувьдаа ашигласан/ “Их бодонч” ХХК-ийн касснаас 61 061 264 төгрөгийг бэлнээр авч зарцуулалт нь тодорхойгүйгээр мөн хувьдаа ашигласан зэргээр нийт 455 229 070 төгрөгийн хохирлыг учруулсан байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 дугаар шийдвэрээр “Их бодонч” ХХК-иас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 459 732 212.59 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 456 611 төгрөг, нийт 462 188 830.59 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү олгохоор шийдвэрлэсэн 462 188 830.59 төгрөг нь “Ургамал-Од” ХХК болон “Их бодонч” ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хохирол бөгөөд уг хамтран ажиллах гэрээнд зааснаар хамтран хариуцах тул 231 094 415 төгрөгийг “Ургамал-Од” ХХК-иас гаргуулах, Хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллах явцдаа “Ургамал Од” ХХК-ийн захирал С.Санжхүү нь өөрийн биеэр, бэлнээр хүлээн авч, зарцуулалт нь тодорхойгүйгээр хувьдаа ашигласан 224 204 655 төгрөгийг, нийт 455 229 070 төгрөгийг “Ургамал-Од” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Их бодонч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Энэ гэрээтэй холбоотой гурван шатны шүүхээс шийдвэр гарсан. “Ургамал-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Их бодонч” ХХК-д холбогдох хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн материалын 48-81 хуудаст байгаа материалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Энэ баримт нь “Их бодонч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ургамал-Од” ХХК-д холбогдох хэргийн хавтаст хэргийн 20-52 дугаар хуудаст байна. н.Дашрэнцэнгийн гарын үсэг бүхий бүх зарцуулсан бичиг баримтыг шинэ хавтаст хэрэгт байна. “Ургамал-Од” ХХК ямар ч мөнгө төлөх үндэслэл байхгүй. Урьд нь шийдсэн хэргийг дахин хянаж үзэх үндэслэл нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг зүйл байдаг. Би ямар ч эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас бид нар 400 000 000 төгрөгийн зээл авсан. Би энэ хүмүүстэй 2009 оны 6 дугаар сараас эхэлж ажиллаад, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл аваад 5 сар хүртэл хөөгдөн байж ажилласан. Амгалангийн үйлдвэр баригдсаны дараа би 10 000 000 төгрөг нэмээд сантехникийн засвар хийсэн. Гэтэл 10 000 000 төгрөгийн хийсэн ажлыг 61 000 000 төгрөг болгосон байна. Амгалангийн үйлдвэрт 23 000 000 төгрөг биш, 61 000 000 төгрөг биш 10 000 000 төгрөг зарцуулсан. “Их бодонч” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч н.Энхтөр гэгч хүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Санжхүү бүх хөрөнгөө тавьсан учраас нэгдүгээр гарын үсгийг зурж, зарцуулалтыг нь өөрөө хийгээд үрж дуусдаг гэж бичсэн байна. Би тэдний бичсэн шиг ганцаараа гарын үсэг зурж тэр мөнгийг аваагүй. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд би нэгдүгээр гарын үсгийг, н.Дашрэнцэн хоёрдугаар гарын үсгийг зурдаг. Хаан банканд н.Дашрэнцэн нэгдүгээр гарын үсгийг, би хоёрдугаар гарын үсгийг зурдаг. 120 000 000 төгрөг орж ирэхэд н.Дашрэнцэн борцны үйлдвэрийн тоног төхөөрөмжид явсан. Дараа нь н.Батмөнх 63,277 ам.доллар шилжүүлээд 150 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмж авчирсан. 150 000 000 төгрөгөөр авчирсан тоног төхөөрөмж гэсэн боловч 30 000 000 төгрөг хүрэхгүй үнэтэй хуучин тоног төхөөрөмж байсан. 150 000 000 төгрөгөөр авсан тоног төхөөрөмжөөр н.Дашрэнцэн үйл ажиллагаагаа явуулаад ашиг олоод байгаа. 59 000 000 төгрөгийн мах гэж ярьж байна. Би 2016 онд цэргийн баяр дөхөж байхад мах худалдаж аваад “Давшил трейд” ХХК-ийн түрээсийн агуулахад зоорилсон. Тэр зоорилсон махыг н.Дашрэнцэн надад мэдэгдэлгүйгээр хулгайлж авч явсныг “Давшил трейд” ХХК-иас надад хэлсэн. Үүнийг би бичгээр нотлох баримт болгож шүүхэд өгсөн. 43 000 000 төгрөг авсан гэдэг 430 000 000 төгрөг аваад хадлан тэжээл авчраад, тэр нь зарагдаж “Их бодонч” ХХК зарцуулсан, энэ тухай бүх баримтууд нь байгаа. 43 000 000 төгрөгөөс би 16 500 000 төгрөгөөр Ланд крузер автомашин авсан. Ланд крузерыг 2 сард авсан гээд буруу тайлбарлаад бичсэн байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Ургамал-Од” ХХК-иас 455 229 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Их бодонч ХХК”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 434 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан байна. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч "Их бодонч" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн 462 188 830.59 төгрөг, хамтран ажиллах хугацаанд “Ургамал-Од” ХХК-ийн захирал С.Санжхүү зээлээс 187 792 806 төгрөгийг авсан буюу зориулалтын бусаар хамтын хөрөнгийг зарцуулсан зэрэг маргааны үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж үзнэ" гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04150 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.1, 476.3.2, 476.3.34, 76.3.5, 476.3.6, 476.3.7-т заасныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч "Их бодонч" ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.4-т удирдлагын бүтэц эрх үүрэг, 476.3.8-д гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг шийдвэрлүүлэхээр хандсан. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Их бодонч” ХХК нь хариуцагч “Ургамал-Од” ХХК-иас хохиролд 455 229 070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Их бодонч” ХХК нь хариуцагч “Ургамал-Од” ХХК-ийн захирал С.Санжхүүг компанийн кассан дахь болон банкнаас зээлсэн мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулаагүй, хамтран ажиллах гэрээг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч татгалзлаа хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул энэ асуудлыг дахин шийдвэрлэх ёсгүй гэж маргаж байна.

 

Талууд 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж мах боловсруулах үйлдвэр барихаар тохиролцохдоо “Их бодонч” ХХК нь Биокомбинатын махны үйлдвэрийн барилга, газрыг, “Ургамал-Од” ХХК нь Амгалангийн үйлдвэр, агуулах конторын барилга, 200 м.кв газар, Биогийн фермерийн аж ахуй, Налайхын Төмөр зам бүхий 6 га газар, тариалангийн 200 га газрыг хувь нийлүүлэх, 3 жилийн хугацаатай хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Дээрх хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхийн тулд “Их бодонч” ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 400 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд өөрийн болон “Ургамал-Од” ХХК-ийн 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс банк зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “Их бодонч” ХХК-иас 459 732 212,59 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 926 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон.

 

Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох “Ургамал-Од” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан-1 хаягт байрлалтай, контор, үйлдвэр, агуулахын барилгыг 513 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, төлбөрийг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад талууд маргаж, уг гэрээг дуусгавар болгохдоо гэрээнээс учирсан хохиролд 700 000 000 төгрөг “Их бодонч” ХХК-иас гаргуулахаар “Ургамал-Од” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1364 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2016/01108 дугаар тогтоолоор шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон.

 

Дээрх шийдвэрт хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд “Их бодонч” ХХК нь банкнаас 400 000 000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрээр 459 732 212.39 төгрөгийг тус компаниас гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн, “Ургамал-Од” ХХК-ийн барьцаалсан хөрөнгөөс “Их бодонч” ХХК-ийн төлөх 513 670 000 төгрөгийг төлж төлбөрийг дуусгавар болгосон, мөн 187 972 806 төгрөгийг С.Санжхүү авсан гэх тайлбараа хариуцагчаар оролцсон “Их бодонч” ХХК нотлоогүй гэж дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлохгүй. Иймд мөн хуулийг 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй юм.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/01863 дугаар захирамжаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлтэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байтал тус шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШТ2017/00088 тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргааны үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01713 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ургамал-Од” ХХК-д холбогдох хохиролд 455 229 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 434 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ