Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0064

 

 

2014 оны 02 сарын 05 өдөр                    Дугаар 64                        Улаанбаатар хот

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А/282 тоот захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин "Б"-ийн эзэмшлийн газраас "Т" ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсэг, уг газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөн газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 255 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.7-д “Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан "... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар ..." гэж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил, зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ гэж заасан байна.

Нийслэлийн Засаг дарга энэхүү захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35.2-т "Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй" гэж заасныг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т "газар эзэмшүүлэх эрх олгосон этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх" гэж заасан нь төрийн байгууллагаас бусад байгууллага, иргэн, аж ахуйн нэгж бусдад эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх эрхтэй болохыг зохицуулж өгсөн заалт юм гэжээ.

Гуравдагч этгээд “Б” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Т-ны нэрэмжит “Б”нь 1954 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл барилгын салбарт ажилтан бэлтгэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн барилгын мэргэжлийн ууган сургууль юм.

Төрийн өмчийн хорооноос 2004 онд хөрөнгийн бүртгэл хийгдэхэд хичээлийн төв байрны талбайг 12738 м.кв байсан. Харин 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжид заасны дагуу “Б”-ийн эзэмшил газрыг 10215 м.кв болгож, өөрчлөлт оруулсан ч гэрчилгээ байхгүй. Гэтэл 2007 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11154 м.кв талбайтай гэсэн гэрчилгээний хуулбар хувь, ар талын хавсралтад 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ нь 12738 м.кв талбайтайгаар хийгдсэн нь зөрчилтэй байна.

Гэрээнд газрын хэмжээ зориулалтыг өөрчлөхгүй байх заалттай. Засгийн газрын 2008 оны 50 дугаар тогтоолын 8-д төрийн өмчийн хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр, төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, Нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон байдаг ч зөвшилцөлгүйгээр сургуулийн өмчийг дур мэдэн шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн.

Одоо сургуулийн бүтэц өөрчлөгдөж гэрээ байгуулах үед ажиллаж байсан 43 багш ШУТИС-д шилжсэн. Иймд гэрээг үргэлжлүүлэх шаардлагагүй бөгөөд анхнаасаа уг гэрээнд байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Сургуулийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүй, хууль зүйн үндэслэлгүй бусдад шилжүүлсэн нь сургуулийн эрх ашгийг хохироож, хичээлийн байрны урагшаа гардаг хаалгыг хааж байгаа нь сургуулийн төлөвлөлтийн нормыг зөрчиж байгаа тул барилга бариулах боломжгүй. Иймд сургуулийн газрыг дараах үндэслэлээр авахаар гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

  1. Сургуулийн газрыг зохих журмын дагуу шилжүүлж аваагүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн хөрөнгийг эрх бүхий этгээдтэй зөвшилцөлгүйгээр сургуулийн удирдлагууд дур мэдэн хувийн компанид шилжүүлж хууль зөрчсөн байна.
  2. Сургуулийн газрыг шилжүүлсэн нь сургуулийн төлөвлөлтийн нормыг зөрчиж байгаа тул цаашид нийт ажилчид, сурагчдын эрх ашгийг хохирооно гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Т" ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар анх "Т" ХХК-д 800 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг “Б”-ийн захирлын гарын үсэг бүхий газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэсэн байдаг. Ийнхүү газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т "Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх", 35 дугаар зүйлийн 35.2-т заасан дээрх эрх нь төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасныг зөрчсөн байна.

“Т” ХХК-д “Б”-ийн захирлын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр газар эзэмшүүлсэн нь хууль бус хэмээн багш ажилчдын зүгээс гомдол гаргасны улмаас 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга 310 тоот захирамж гарган 2007 оны 577 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буюу газар нь давхцаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтууд /газар эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас хүчингүй болох/-ыг үндэслэсэн байсан. Иймд энэхүү захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь “Б”-ийн эзэмшил газартай давхцаагүй, мөн “Т” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 300 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 255 тоот захирамжаар “Т” ХХК-д 800 м.кв газар эзэмших эрхийг олгосон байдаг. Анхан шатны шүүх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 360 шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2009 оны 98 дугаар тогтоолд дурдсан бөгөөд ийнхүү дахин эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэж заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өмнө гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гаргаж дахин “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар захирамжийн хувьд хүчин төгөлдөр юм.

2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 310 дугаар захирамж болон 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 тоот захирамжуудыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл нь өөр өөр байна. Шүүх Нийслэлийн Засаг даргын А/282 тоот захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан маргаан бүхий актын үндэслэл болоогүй /газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байхгүй/ байхад хуульд байхгүй үндэслэлээр хүчингүй болгосон байна гэж үзсэн нь мөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь, маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө эсхүл, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг баримтлан “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг тайлбарлавал:

1 .Нийслэлийн Засаг дарга төрийн байгууллагын газар эзэмших эрхийг “Т” ХХК-д шилжүүлснээрээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг,

2. Нийслэлийн Засаг дарга төрийн байгууллагын газар эзэмших эрхийг “Т” ХХК-д шилжүүлснээрээ “Б”-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн гэж үзсэн болно. Түүнчлэн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 тоот захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж Нийслэлийн Засаг дарга “Б”-ийн эзэмшил газраас шилжүүлэн эзэмшүүлсэн гэж үзэж хүчингүй болгосон болно. Гэтэл анхан шатны шүүх уг захирамжийн үндэслэлд ач холбогдол өгөлгүй өмнөх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад түүнийг зөрчиж, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захиргааны актыг дахин хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна..

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр болно.

Дээр дурдсан үндэслэлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

“Б” нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт сургуулийн зориулалтаар 12738 м.кв газрыг эзэмших эрхтэй байжээ.

Тус коллеж өөрийн эзэмшил газраас 360 м.кв талбайд худалдаа үйлчилгээний зориулалтаар павильон барих зөвшөөрөл хүссэнээр, Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/124 дүгээр захирамжаар тус үйл ажиллагаа явагдаж байсан боловч мөн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар захирамжаар тус коллежийн хашааны урд байрлаж байсан түргэн үйлчилгээний цэг, павильоныг албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар, “Т” ХХК-д “Б”-ийн газраас 800 м.кв газрыг сургалт боловсролын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь тус 310 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрт "... “Б”-ийн болон нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлт, талуудын харилцан тохиролцож байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн “Б”-ийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс хасаж, “Т” ХХК-д маргаж буй газрыг эзэмшүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх тул маргаж буй газар “Б”-ийн эзэмшиж буй газартай “давхацсан” гэж үзэх үндэслэлгүй байна” гэж, мөн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 38 дугаар тогтоолд ”... Нийслэлийн Засаг дарга “Т” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны акт гаргахдаа маргаан бүхий газрыг “Б”-ийн эзэмших эрх бүхий газраас хассан, газар эзэмших эрх шилжүүлсэн ажиллагаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасныг зөрчөөгүй” гэж тус тус дүгнэсэн, түүнчлэн гуравдагч этгээд “Б”-д 12738 м.кв газар олгосон газрын кадастрын зураг /хх-152/, 2003 оны баталгаат хэмжээ тогтоосон акт /хх-162 тал/, 2004 оны баталгаат хэмжээ тогтоосон акт /хх-181 тал/ зэрэг нотлох баримтуудаас үзвэл “Т” ХХК-д 800 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамж хууль зөрчөөгүй болох нь тогтоогджээ.

Ийнхүү Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 360 дугаар шийдвэр хүчин төгөлдөр, уг шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг дарга 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Т” ХХК-д 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0228384 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэр нь хууль тогтоомж, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол өөрөө хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой байна. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын А/282 дугаар захирамжаар хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 577 дугаар захирамжийг хуульд нийцсэн талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, мөн, дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж 255 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Иймд “Т” ХХК-д Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Б”-ийн эзэмшил газраас 800 м.кв газрыг сургалтын зориулалтаар шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 577, 255 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/282 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 1 хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.