| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0428/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/486 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/486
2018 06 08 486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Ууганцэцэг (томилолтоор)
Шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1954) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны А-1 танхимд, нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Ө-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0149 20403 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ө-ын М, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, . настай, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, . аймгийн . сумын . дүгээр баг . гэх газар байнга, Нийслэлийн . дүүргийн . дүгээр хороо . байрны . тоотод түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..
Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 12.240.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан торгуулийн ялд багтаан нийт 12.240.000 төгрөгийн торгох ял шийтгүүлснийг,
Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өөрчилсөн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Ө.М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 14 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух иргэн Ө.А-ийнхашаанд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хууль сахиулагч Э.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэргийг бахь, дорцовыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн үйлдсэн ба хууль сахиулагч Э.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 14 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух иргэн Ө.А-ийн хашаанд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Б.Т-ынтолгой, нуруун тус газруудад цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу хоёр хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байд Халтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хоёр. Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ө.М миний гар утас руу мессеж бичээд дарамтлаад байхаар нь би хичээлдээ яваагүй, эгч Алтангоогийнд буюу гэртээ 13 цагийн орчим байж байтал Ө.М манайд ирээд хашаан дотор ороод ирсэн байсан. Тэгтэл манай хүргэн ах Мөнгөндуулга гараад Ө.М-ийг аваад хашааны гадаа гарсан, удалгүй буцаж орж ирээд чамайг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд Мөнгөндуулга ах цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үеэр М явсан байсан. Тэгээд би гараад цагдаа нарт болсон зүйлийн талаар тайлбарлаад зогсож байтал М буцаад машинтайгаа хүрээд ирсэн. Тухайн үед М гартаа төмөр, бахь барьсан байсан. Тэгэхээр нь би цагдаа нарт “нөгөө хүн чинь байна” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар та бичиг баримтаа шалгуул гэтэл М би яахаараа бичиг баримтаа шалгуулдаг юм бэ гээд машин тойроод зугтаагаад цагдаа нартай хэрэлдээд шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Тэгтэл хашаан дотор засвар хийж байсан микро автобусны хажууд талд байсан дугуйн торцов аваад манай ах эгч нар руу үсчээд та нар цагдаа дуудсан гээд орилоод байсан. Тэгтэл тэнд байсан хоёр цагдаа болиулах гэж оролдоход М бахиараа толгойг цохиод хагалсан, ...Тэгээд М цагдаа нарт баригдахгүй зугтаагаад байсан нэг цагдаа нь агаарт хий буудсан. Тэгтэл М хашааны гадаа гараад буцаж гүйж орж ирээд хашааны хойд хэсэгт зогсож байсан миний нуруу руу түлхсэн үү, цохисон уу бүү мэд, би газар нүүрээ дараад хэвтсэн чинь миний уруул, нуруу руу 6-7 удаа өшиглөсөн. ...Намайг өөрөөс нь саллаа л гэж дарамтлаад байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11894 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Дээд уруулын зүүн дээд талд гадна салстад хөхөлбөр цус хуралттай. Баруун далны доод 4х4см, нурууны баруун доод хэсэгт 6х8 см, нурууны зүүн доор 2х3 см хөхөлбөр ягаан цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. Б.Т-ын биед тархи доргилт, уруул, баруун дал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57),
3. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 36 минутын үед хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 14-26 тоотоос манай дүүг нэг залуу дарамтлаад ална гээд байна” гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер ахмад Б-ийн хамт тухайн дуудлага өгсөн хаяган дээр очиход эхнэр нь гэх хүүхэн “манай салсан нөхөр сая ирээд чамайг ална” гэж хэлчихээд гараад явсан гэхээр нь уг залууг хайхаар гарах гэтэл урдаас нөхөр нь гэх залуу приус-20 маркийн машинтайгаа хүрээд ирэхээр нь тэр залууг дуудаж “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд “би та нарт шалгуулахгүй, яасан гэж та нар шалгадаг юм” гээд хашааны урд хэсэгт машин янзалж байсан хүмүүсийн хажуу талаас автомашины дугуй тайлдаг түлхүүр /торцов/, бахь 2 авахаар нь бид хоёр хажуу талаас нь бариад авсан чинь миний гараас мултраад толгой руу барьж байсан бахиараа...цохиод хагалчихсан. Тэгээд эхнэр рүүгээ дайрахаар нь ахмад Билэгжүгдэр “анхаар буудлаа шүү” гэж анхааруулаад дээшээ хий буудсан, тэгтэл тухайн залуу үйлдлээ таслан зогсоолгүй эхнэрээ барьж аваад цохиод авахаар нь ахмад Б бариад авсан. Тухайн залуу гартаа барьсан дугуйн дорцов, бахь хоёрыг тавиулахын тулд нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор гарын булчин дагуу цохиж тавиулаад гавлаад ажил дээрээ авчирсан. ...Тухайн үед газраас авсан бахиар миний толгой орой хэсэг рүү цохисон. Ойролцоогоор 5 смын урттай язралт үүссэн байсан. Миний хажууд ахмад Б, машин янзалж байсан 3 залуу нөгөө залуугийн эхнэр эгчийн хамт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)
“...Би М-ээс...128.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11870 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: баруун зулайн хуйханд П хэлбэрийн нийт 4х0.3см зах ирмэг тэгш бус шархтай, шархны эргэн тойрон зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон.
2017.09.18-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютер томографийн шинжилгээнд: Баруун талд зулайн орой хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Э.Мын биед баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56),
4. Гэрч Б.Б-ийн (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр намайг цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Мын хамт “Ачит-116” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 13:33 цагт Ачит 10-аас “Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Мон-Лаагийн 14 дүгээр гудамжны 26 тоотоос “манай охин дүүг нэг эрэгтэй хүн ална гээд сүрдүүлээд дарамтлаад байна” гэх дуудлагыг хүлээн авч хаягийн дагуу очиход тухайн хаяганд Т гэх эмэгтэй, түүний эгч, ах гэх хүмүүс болон хашаанд өөр 3-4 залуучууд байсан. Мөнхбаяр бид хоёр Т болон түүний эгч, ах нартай уулзаад болсон зүйлийг тодруулаад зогсож байхад тэдний хашааны гадна Приус-20 маркийн, саарал өнгийн автомашин ирж зогсоод дотроос нь М гэх залуу…бууж ирсэн. Би дээрх залуугаас “амрыг эрье, та бичиг баримтаа шалгуулаач” гэхэд М нь Тамир болон түүний ах эгч нар руу нь “та нар цагдаа дуудсан юм уу” гээд уурлаад дайраад байхаар нь би тэр залууд “тайван бай, машинд суучих, юу болсон талаар асууж тодруулах зүйл байна” гэхэд тэр залуу “та нарыг ойртох юм бол ална шүү” гэж х элээд өмднийхөө баруун талын халааснаас бахь гаргаад ирсэн. Ингээд Мөнхбаяр бид хоёр тэр залууг тайван бай гээд ойртоход М нь биднээс зугтаад тэр хашаанд байсан автомашины ойролцоо очоод автомашины дугуй тайлдаг түлхүүр /торцов/ барьж аваад “ойртох юм бол ална шүү та нарыг” гээд Мөнхбаяр бид хоёрыг ойртох гэхээр л торцовоороо цохих гээд далайгаад байсан. Би М-ийг аргадаж байгаад ойртож торцов барьсан байсан зүүн талын гарыг нь бариад авсан, харин Мөнхбаяр М гэх залуугийн подволкноос нь зуураад баруун гарыг нь барих гэхэд тэр залуу баруун гартаа барьсан бахиараа Мөнхбаярын толгой руу нэг удаа цохичихсон. Мөнхбаяр цохиулчихаад М гэх залууг тавиад хойшлоход тэр залуу надаас мултарчихаад Тамирын ах болон эгч гэх хүмүүс рүү нь торцовоороо далайгаад цохих гээд дайрсан ба тэд нар нь М-ээсайж зугтахаар нь би урдуур нь орж М-ийг тайвшир гэхэд М “наад Тамир чинь намайг дуудчихаад яахаараа цагдаа дууддаг юм бэ, наад Тамирыг чинь яаж, ийж байгаад ална” гээд орилоод тэнд байсан хүмүүсийг цохичих гээд байсан юм. Тэгэхээр нь тусгай хэрэгсэл ашиглах шаардлагатай болоод би өөрийн хийн бууг гаргаж ирээд М-д “гартаа байгаа торцов, бахь зэргээ хая” гээд шаардлага тавихад М нь “би үхмээр байна, намайг бууд” гээд шаардлага биелүүлэхгүй өөдөөс тулаад ирэхээр нь би түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор буугаараа дээшээ 1 удаа хий буудсан Намайг хий буудсан боловч М нь шаардлага биелүүлэхгүй чигээрээ над руу дайраад “намайг тэгээд буудчихаач би үхмээр байна” гээд өөдөөс явж байснаа хажуугаар гүйж гараад унаж ирсэн машиндаа суучихсан. М машиндаа суухаар нь Мөнхбаяр бид хоёр машиных нь хоёр талын хаалган дээр зогсоод буугаад ирэх талаар шаардлага тавиад ойртох гэхээр л М гартаа барьсан торцов, бахиараа далайгаад ойртуулахгүй байсан. Ингэж байгаад тэр залуу дахин машинаасаа буугаад торцов, бахиараа бидэн рүү далайж, цохих гэж байснаа биднээс мултарч гүйж хашаа руу орохоор нь Мөнхбаяр бид хоёр түүний араас гүйсэн. М нь надаас түрүүлж хашаа руу гүйж ороод хашаанд байсан Тамир руу биднээс түрүүлж шууд гүйж очоод түүний нуруу руу гартаа барьсан торцоовоороо 2-3 удаа цохиод унагаахаар нь би М-ийг гүйцэж очоод түлхэж унагаад дээр нь гарч гараас нь торцов, бахийг булааж аваад гавласан. М гэх залуу нь гавлуулаад машинд суухдаа хүртэл Тамир, руу, “би танайхныг бүгдийг чинь ална аа, шоронд орсон ч гарч ирээд ална” гээд байсан. Ингээд М-ийг Ачит-10 руу өгч явуулсан. Тухайн үед М гэх залууд бахиар цохиулсны улмаар манай жолооч цагдаа, Мөнхбаярын толгой хагарч Гэмтлийн эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31),
5. Гэрч Б.Алтангоогийн (хохирогчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим ...нөхөр Мөнгөндуулга, дүү Тамир ...Шаравтовчин, Гэндэнгончигсүм, Шаравтовчингийн хүү Хишигдорж, Түвшинжаргал нар байсан. Тэгтэл манай эмэгтэй дүү Тамир гадаа М ирчихсэн байна. Мд надад “сургууль дээр ирсэн байна” гэхээр нь “би гэртээ байна” гэтэл яваад очино гээд одоо ирсэн байна гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр шууд цагдаа дуудаад...гадагшаа гарсан. Гэтэл М хашаанд орж ирээд зогсож байсан. Тэгээд ...Мөнгөндуулга дагуулж гараад машинд нь орж суугаад чи одоо боль гэсэн асуудал ярьсан гэсэн, тэгтэл М машинтайгаа яваад өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирэхэд араас нь М машинтайгаа хүрээд ирсэн. Цагдаа нар ирээд хашаанд орж ирэхээр нь би “манай эмэгтэй дүүгийн салсан нөхөр сургууль, гэрт нь ирээд дарамтлаад байна” гэж хэлтэл цагдаа та дүүгээ дууд гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Тамираа гарч ирээд “М намайг сургууль соёл дээр ирж дарамталсан” гэтэл М “чи намайг сэтгэл санааны гүн дарамтанд оруулсан, миний эцэг, эх хоёрыг нөгөө ертөнцийн хоёр гэсэн, чиний эцэг, эх хоёр намайг зодоогүй байхад шүүх цагдаад өгсөн би эцэг эхийнхээ өшөөг авна” гээд нэг гартаа бахь бариад бид нар руу дайрсан, тэгтэл урдуур цагдаа ороод барьж авах гэтэл...микро машиныг тойроод зугтаасан. Тэгээд Тамирааг гэр тойроод ална гээд хөөсөн, цагдаа салгах гээд хөөсөн ...тэгтэл нэг цагдаагийнх нь толгойноос цус гарсан байсан...Тухайн өдөр цагдаа манай хашаанд М-ийг та наашаа ирээд машинд суу гэтэл суухгүй байсан...нэг цагдаа нь та машинд суу гээд биенээс барихад чи миний биенд яахаараа хүрэх ёстой юм би гэмт хэрэг хийгээгүй, миний биенд хүрээд үзээрэй та нарыг ална шүү гээд зугтаагаад бид нар руу дайраад Тамирааг ална гээд хөөгөөд байсан. Тэгээд хашааны хойд хэсэгт М манай дүү рүү очиж байхад нь цагдаа нар очоод барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
6. Гэрч А.Мөнгөндуулгын (хохирогчийн хүргэн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эхнэрийн дүү Тамираа хичээлдээ явахгүй байхаар “яасан юм бэ” гэж асуутал “М ирсэн байгаа гадуур яваад байгаа” гэсэн. Тэгээд 13 цагийн орчим Тамираагийн салсан нөхөр М хашаанд ороод ирсэн байхаар нь би гараад машинд суугаад уулзтал М “дүүд нь хэцүү байна, Тамираа өөрөө намайг дуудсан юм” гэхээр нь би “чи ингэж байхаар салаад яваач дээ” гэтэл “би өшөөгөө авах гэж байгаа юм” гэхээр нь “та нарын асуудал надад хамаагүй” гээд буугаад гэртээ орсон. Тэгээд цагдаа дуудсан, тэгтэл М машинтайгаа хөдлөөд яваад өгөх шиг болсон удалгүй машинтай хоёр цагдаа ирээд манай хашаан дотор орж ирээд бид нараас юу болсон талаар асууж байтал М гартаа “бахь бариад ороод” ирсэн. Гэтэл М-ийг цагдаа нар бичиг баримтаа шалгуул гэж хэлтэл Мөнх- Эрдэнэ би яахаараа та нарт бичиг баримтаа шалгуулдаг юм бэ гээд цагдаагаас зугтаагаад Тамирааг хөөгөөд чи цагдаа дуудсан байна гээд элдэж хөөгөөд байсан. Харин нөгөө хоёр цагдаа М-ийг барих гээд араас нь хөөгөөд байсан. Тэгээд хашаан дотор машин янзалж байсан хүмүүсийн хажуугаас дугуйн торцов аваад манай эхнэр бид нар руу дайраад байсан. Тэгээд нэг харахад тэнд байсан нэг цагдаагийн толгойноос цус гарсан байсан би яг яагаад толгойноос цус гарсныг хараагүй. ...М цагдаагаас зугтаагаад л байсан. Гэтэл толгойгоо хагалуулдаг цагдаагийн нөгөө цагдаа нь буу гаргаж ирээд М-ийг болиулах гээд дээшээ хий буудсан, тэгтэл М Тамирааг торцовоор цохих шиг болсон Тамираа газар унасан... тэгээд араас нь нөгөө хоёр цагдаа М-ийг дарж аваад гавлаад аваад явахад та нарыг бүгдийг нь ална гээд орилоод байсан...М цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд нэг цагдаагийнх нь толгойг бахиар цохиж хагалсан. Мөн Тамирааг торцоовоор нуруу руу нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
7. Гэрч А.Гэдэнгончимгсүмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим би дүү Мөнгөндуулгын хашаанд ...микро автобусаа янзлаад байж байтал хашааны хаалга нүдээд М гэх залуу орж ирээд Тамираа байна уу гэж асуусан. ...тэгээд муу пиздаанууд нуугаад байгаа юм байна, тэр муу нохой чинь өөрөө намайг дуудсан шүү дээ гээд байсан. ...М-ийг явсны дараа...алаг машинтай хоёр цагдаа хашаанд орж ирээд юу болсон талаар Мөнгөндуулга, Алтангоо, Тамираа нартай уулзаад асууж байтал...М хашаанд орж ирээд... “чи муу цагдаа дуудсан уу гээд Таримаа руу дайраад байсан...харин цагдаа нар М-ийг хамт явья гээд байсан...тэгээд нөгөө хоёр цагдаа Мөнх-Эрдэний хоёр талаас нь сугадаад автал М “бахь барьсан гараараа” нэг цагдаагийн толгойг цохиод хагалаад цагдаа нараас мултраад эргэж гүйж ирээд миний янзалж байсан машины хажуугаас дугуйн торцов аваад цагдаа нар руу ойртох юм бол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Гэтэл нэг цагдаа нь хийн буу гаргаж ирээд дээшээ хий буудсан. Харин М тоохгүй байсан улмаар Тамирааг ална шүү гээд хөөж гүйгээд байшингийн ар руу орсон. Намайг очиход цагдаа М-ийг газар дарж унагаагаад гавласан байсан. Тамираагийн нуруу нь хөх алаг болоод хөхөрсөн...М нуруу цохисон, өшиглөсөн гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
8. Гэрч А.Шаравтовчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим ...микро автобусыг янзлаад байж байтал хашааны хаалгаар М гэх залуу орж ирээд Тамирааг дуудаад өгчих гэхээр нь ах нь завгүй байна ажилтай гэж хэлсэн...тэгээд цагдаа нар ирээд ...хүмүүс хоорондоо хэрэлдээд ноцолдоод байхаар нь ...хартал нэг цагдаагийн толгойноос цус гарсан М хажууд нь байсан...удаагүй буугаар буудах шиг чимээ гарсан, ...М Тамирааг хөөгөөд байшингийн ар тал руу орж байсан...Намайг ...харахад л нэг цагдаагийн толгойноос нь цус гарсан байсан хажууд нь М зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
9. Ө.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би хамтран амьдрагч Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас түр тусдаа байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тамир над руу “хүрээд ирээч, миний хөл гар эвгүй болчихсон, гишгэж чадахгүй байна, эгчийндээ байна” гэсэн мессеж явуулсан. Тэгэхээр нь би тэдний эгчийн гадаа ирээд Тамир руу “гараад ирээч” гэсэн мессеж бичихэд Тамир “чаддаг юм бол ороод ирээч” гэсэн утгатай мессеж биччихээд гарч ирэхгүй байсан. Тухайн үед Тамирын хамаатных нь дүү болох 10 гаруй насны хүүхэд хашаандаа явж харагдахаар нь би түүнд “Тамираа эгчийгээ дуудаад өгөөч” гэхэд тэр хүүхэд гэр рүүгээ орчихоод гарч ирээгүй. Удаагүй Тамирын хүргэн ах Мөнгөндуулга гэрээсээ гарч ирээд надтай уулзахаар нь би түүнд “Тамир их сонин ааш зан гаргаад байх юм, одоо яах уу, та дүүдээ туслаач” гэхэд Мөнгөндуулга ах “та хоёрын амьдрал надад хамаагүй” гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Тэгэхээр нь би тэднийхээс гараад машинтайгаа гудамжаар нь явж байхад цагдаагийн автомашин надтай зөрөөд Тамирын хашаа руу яваад орчихоор нь би юу болсон юм бол гэж гайхаад буцаад тэдний хашаа руу орсон. Тэгэхэд би “яасан юм бол гээд асуухын хооронд тэнд ирсэн 2 цагдаагийн нэг нь над руу “машинд суучих” гэсэн. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй тул “машинд суухгүй, би мөрөөрөө явж байна, би эрүүл хүн байна” гэсэн, тэгтэл тэр цагдаа нар цахилгаан бороохой гаргаж ирээд цохих гээд оролдсон, мөн гар буу гаргаж ирээд дээшээ хий буудаад намайг хүчээр машиндаа суулгах гээд байхаар нь би эсэргүүцсэн. Тэгээд би өөрийнхөө машиндаа очиж суугаад явах гэхэд тэр цагдаа нар намайг машинаас буулгаад бороохойгоор нуруу руу цохиод авахаар нь биеэ хамгаалахын тулд машинаас бахь аваад буусан ба буцаж Тамирын хашаа руу ороод хашаанд газар хэвтэж байсан дугуйн торцовыг авсан. Тэгэхэд Тамирын эгч нь болох Алтангоо гэх хүн нь над руу учир утгагүй дайраад хэл амаар доромжлоод, өөдөөс нулимаад байсан. Тэнд байсан хүн болгон л над руу дайрч давшлаад байсан, би өөрөө бол ганцаараа тэд нарын эсрэг зогсож байсан. Тэрний хажуугаар Тамир ирээд над руу нулимахаар нь би Тамирыг барьж явсан торцовоороо цохих гээд араас нь гүйгээд далайхад цагдаа нар миний хажуугаас жийж унагаад дээрээс дарж аваад гавласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74),
10. Гэрч Д.Хишгээгийн (шүүгдэгчийн авга эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М 2015 онд байх Тамир гэх охинтой нийлснээс хойш л зан ааш нь өөрчлөгдөөд байгаа юм. ...Тамир гэх охинтойгоо байнга л мөнгөний хэрүүл, хардалт гэх мэт шалтгаанаас болоод л байнга муудалцаад байдаг. ...мөн Тамирын эгч нар нь Мөнх-Эрдэний ээж рүү хүртэл “тулах уу” гэсэн мессеж бичээд дарамтлаад байдаг юм...түүний эцэг эх нь малчин, М өөрөө хоёр дүүгээ аваад л амьдралаа аваад явж байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
11. Гэрч Д.Өлзийбаяр (шүүгдэгчийн төрсөн эцэг) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... Тамиртай уулзах гэж гэрт нь очиход М нь Тамирыг зодох гэсэн тул Тамир цагдаа дуудсан гэсэн асуудлыг ...анх сонссон. ...хүү М-ээссонсоход Тамираа над руу миний хөл өвдчихлөө хүрээд ир гэсэн мессеж бичсэн. Тэгэхээр нь гэрийнх үүдэнд очоод...хүүхдээр дуудуулахад....Тамираа эгч гэртээ байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь М Тамирыг гар утас руу залгахад...Тамир чи чаддаг юм бол ороод ир гэж хэлсэн байсан. ...миний хүү...айлын хашаанд орж ямар хэрүүл уруул хийгээгүй гараад явж байхад нь цагдаа дуудсан болохоор миний хүү очоод Тамираас чи яагаад намайг яагаачгүй байхад намайг цагдаад өгч байгаа юм гээд Тамир руу дайрахад цагдаа араас хөөгөөд болиулах гэтэл Тамир түлхээд тэгээд цагдаа баривчилсан асуудал болсон гэж М надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35).
12. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10), Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 14), сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 64), мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 69),
- Хохирогч Э.М-ын хохирлын баримт (хавтаст хэргийн 51-52), хохирол барагдуулсан баримт (хавтаст хэргийн 205)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 89, 124), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 106-114), Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол (хавтаст хэргийн 189-193), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 188), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 85-87, 99-101, 125), хувийн байдлын баримтууд (хавтаст хэргийн 127-128) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ө.М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 14 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух иргэн А.Мөнгөндуулгын хашаанд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хууль сахиулагч Э.Мын тавьсан шаардлагыг эсэргүүцэн түүний өөдөөс бахь, дорцов зэрэг эд зүйлээр далайж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,
Улмаар хууль сахиулагч Э.Мын толгойн тус газар гартаа барьсан бахиар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн дээрх үйлдлүүдийг хийсэн цаг хугацаанд хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Т-ын толгой, нуруун тус газруудад цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд
1. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ө.М миний гар утас руу мессеж бичээд дарамтлаад байхаар нь би хичээлдээ яваагүй, эгч Алтангоогийнд буюу гэртээ 13 цагийн орчим байж байтал Ө.М манайд ирээд хашаан дотор ороод ирсэн байсан. Тэгтэл манай хүргэн ах Мөнгөндуулга гараад Ө.М-ийг аваад хашааны гадаа гарсан, удалгүй буцаж орж ирээд чамайг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд Мөнгөндуулга ах цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үеэр М явсан байсан. Тэгээд би гараад цагдаа нарт болсон зүйлийн талаар тайлбарлаад зогсож байтал М буцаад машинтайгаа хүрээд ирсэн. Тухайн үед М гартаа төмөр, бахь барьсан байсан. Тэгэхээр нь би цагдаа нарт “нөгөө хүн чинь байна” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар “та бичиг баримтаа шалгуул” гэтэл М “би яахаараа бичиг баримтаа шалгуулдаг юм бэ” гээд машин тойроод зугтаагаад цагдаа нартай хэрэлдээд шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Тэгтэл хашаан дотор засвар хийж байсан микро автобусны хажууд талд байсан дугуйн торцов аваад манай ах эгч нар руу үсчээд та нар цагдаа дуудсан гээд орилоод байсан. Тэгтэл тэнд байсан хоёр цагдаа болиулах гэж оролдоход М бахиараа нэг цагдаагийн толгойг цохиод хагалсан, ...Тэгээд М цагдаа нарт баригдахгүй зугтаагаад байсан нэг цагдаа нь агаарт хий буудсан. Тэгтэл М хашааны гадаа гараад буцаж гүйж орж ирээд хашааны хойд хэсэгт зогсож байсан миний нуруу руу түлхсэн үү, цохисон уу бүү мэд, би газар нүүрээ дараад хэвтсэн чинь миний уруул, нуруу руу 6-7 удаа өшиглөсөн. ...Намайг өөрөөс нь саллаа л гэж дарамтлаад байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11894 дугаар дүгнэлт “..1. Б.Т-ынбиед тархи доргилт, уруул, баруун дал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57),
3. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 36 минутын үед хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 14-26 тоотоос манай дүүг нэг залуу дарамтлаад ална гээд байна” гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер ахмад Билэгжүгдэрийн хамт тухайн дуудлага өгсөн хаяган дээр очиход эхнэр нь гэх хүүхэн “манай салсан нөхөр сая ирээд чамайг ална” гэж хэлчихээд гараад явсан гэхээр нь уг залууг хайхаар гарах гэтэл урдаас нөхөр нь гэх залуу приус-20 маркийн машинтайгаа хүрээд ирэхээр нь тэр залууг дуудаж “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд “би та нарт шалгуулахгүй, яасан гэж та нар шалгадаг юм” гээд хашааны урд хэсэгт машин янзалж байсан хүмүүсийн хажуу талаас автомашины дугуй тайлдаг түлхүүр /торцов/, бахь 2 авахаар нь бид хоёр хажуу талаас нь бариад авсан чинь миний гараас мултраад толгой руу барьж байсан бахиараа...цохиод хагалчихсан. Тэгээд эхнэр рүүгээ дайрахаар нь ахмад Билэгжүгдэр “анхаар буудлаа шүү” гэж анхааруулаад дээшээ хий буудсан, тэгтэл тухайн залуу үйлдлээ таслан зогсоолгүй эхнэрээ барьж аваад цохиод авахаар нь ахмад Билэгжүгдэр бариад авсан. Тухайн залуу гартаа барьсан дугуйн дорцов, бахь хоёрыг тавиулахын тулд нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор гарын булчин дагуу цохиж тавиулаад гавлаад ажил дээрээ авчирсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11870 дугаар дүгнэлт “...1. Э.Мын биед баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56),
5. Гэрч Б.Билэгжүгдэрийн (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нь...“та нарыг ойртох юм бол ална шүү” гэж хэлээд өмднийхөө баруун талын халааснаас бахь гаргаад ирсэн. Ингээд Мөнхбаяр бид хоёр тэр залууг тайван бай гээд ойртоход М нь биднээс зугтаад тэр хашаанд байсан автомашины ойролцоо очоод автомашины дугуй тайлдаг түлхүүр /торцов/ барьж аваад “ойртох юм бол ална шүү та нарыг” гээд Мөнхбаяр бид хоёрыг ойртох гэхээр л торцовоороо цохих гээд далайгаад байсан. ...Мөнхбаяр М гэх залуугийн подволкноос нь зуураад баруун гарыг нь барих гэхэд тэр залуу баруун гартаа барьсан бахиараа Мөнхбаярын толгой руу нэг удаа цохичихсон. ...тусгай хэрэгсэл ашиглах шаардлагатай болоод би өөрийн хийн бууг гаргаж ирээд М-д “гартаа байгаа торцов, бахь зэргээ хая” гээд шаардлага тавихад М нь “би үхмээр байна, намайг бууд” гээд шаардлага биелүүлэхгүй өөдөөс тулаад ирэхээр нь би түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор буугаараа дээшээ 1 удаа хий буудсан. …Мөнхбаяр бид хоёр машиных нь хоёр талын хаалган дээр зогсоод буугаад ирэх талаар шаардлага тавиад ойртох гэхээр л М гартаа барьсан торцов, бахиараа далайгаад ойртуулахгүй байсан. ...М нь ...Тамир руу биднээс түрүүлж шууд гүйж очоод түүний нуруу руу гартаа барьсан торцоовоороо 2-3 удаа цохиод унагаахаар нь би М-ийг гүйцэж очоод түлхэж унагаад дээр нь гарч гараас нь торцов, бахийг булааж аваад гавласан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31),
5. Гэрч Б.Алтангоогийн (хохирогчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М...гартаа бахь бариад бид нар руу дайрсан, тэгтэл урдуур цагдаа ороод барьж авах гэтэл...микро машиныг тойроод зугтаасан. Тэгээд Тамирааг гэр тойроод ална гээд хөөсөн, цагдаа салгах гээд хөөсөн ...тэгтэл нэг цагдаагийнх нь толгойноос цус гарсан байсан...Тухайн өдөр цагдаа манай хашаанд М-ийг та наашаа ирээд машинд суу гэтэл суухгүй байсан...нэг цагдаа нь та машинд суу гээд биенээс барихад чи миний биенд яахаараа хүрэх ёстой юм би гэмт хэрэг хийгээгүй, миний биенд хүрээд үзээрэй та нарыг ална шүү гээд зугтаагаад бид нар руу дайраад Тамирааг ална гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
6. Гэрч А.Мөнгөндуулгын (хохирогчийн хүргэн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-ийг цагдаа нар бичиг баримтаа шалгуул гэж хэлтэл Мөнх- Эрдэнэ би яахаараа та нарт бичиг баримтаа шалгуулдаг юм бэ гээд цагдаагаас зугтаагаад Тамирааг хөөгөөд чи цагдаа дуудсан байна гээд элдэж хөөгөөд байсан. Харин нөгөө хоёр цагдаа М-ийг барих гээд араас нь хөөгөөд байсан. Тэгээд хашаан дотор машин янзалж байсан хүмүүсийн хажуугаас дугуйн торцов аваад...бид нар руу дайраад байсан. Тэгээд нэг харахад тэнд байсан нэг цагдаагийн толгойноос цус гарсан байсан би яг яагаад толгойноос цус гарсныг хараагүй. ... М Тамирааг торцовоор цохих шиг болсон Тамираа газар унасан... М цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд нэг цагдаагийнх нь толгойг бахиар цохиж хагалсан. Мөн Тамирааг торцоовоор нуруу руу нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
7. Гэрч А.Гэдэнгончимгсүмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М хашаанд орж ирээд... “чи муу цагдаа дуудсан уу гээд Таримаа руу дайраад байсан...харин цагдаа нар М-ийг хамт явья гээд байсан...тэгээд нөгөө хоёр цагдаа М-ийг- хоёр талаас нь сугадаад автал М “бахь барьсан гараараа” нэг цагдаагийн толгойг цохиод хагалаад цагдаа нараас мултраад эргэж гүйж ирээд миний янзалж байсан машины хажуугаас дугуйн торцов аваад цагдаа нар руу ойртох юм бол ална шүү гээд ойртуулахгүй байсан. ...М...Тамирааг ална шүү гээд хөөж гүйгээд байшингын ар руу орсон. ...Тамираагийн нуруу нь хөх алаг болоод хөхөрсөн...М нуруу цохисон, өшиглөсөн гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
8. Гэрч А.Шаравтовчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг цагдаагийн толгойноос цус гарсан М хажууд нь байсан...удаагүй буугаар буудах шиг чимээ гарсан, ...М Тамирааг хөөгөөд байшингын ар тал руу орж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ө.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хууль сахиулагч нарын “бичиг баримтаа үзүүл” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн бахь, дорцов зэрэг эд зүйлээр цохихоор заналхийлж эсэргүүцсэн, мөн хүч хэрэглэж хууль сахиулагч Мөнхбаярын толгойн тус газар бахиар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, улмаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Тыг “цагдаа дуудлаа” гэх сэдэлтээр, толгой нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд хөнгөн учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнчлэн хууль сахиулагчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тус бүрдээ дээр дурдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ө.М-ийн хууль сахиулагч Э.М-ын эрх, эрх чөлөөнд халдсан нэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Харин прокурор шүүгдэгч Ө.М нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхдээ “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуульд зэвсгийн чанартай зүйлийг “тусгайлан бэлтгэсэн” байхыг шаардаж, хууль зүйн хувьд шинэлэг ойлголт бий болгосныг зөв ойлгож хэрэглээгүй байна. Шүүгдэгчийн хувьд тухайн бахийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдаас тусгайлан бэлтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа учир уг бахийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй. Тиймээс Ө.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, Э.М нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж авсан байх тул Ө.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцсон 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж, нийт 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 6 сарын хорих ялыг 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх үндэслэл болох бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч эрхэлсэн тодорхой ажилгүй нөгөө талаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байна.
IV. Бусад асуудлаар
Шүүгдэгч Ө.М нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдрөөс (хавтаст хэргийн 64), 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг (хавтаст хэргийн 69) хүртэл 2 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгчдийн эдлэх ялд оруулан тооцож, хорих ялаас хасах нь зүйтэй байна. Тодруулбал Ө.М-ийг 2017 оны 9 дүгээр сарын 18 өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байх боловч түүнийг хэзээ хэрхэн яаж сулласан талаар тэмдэглэл байхгүй байх тул мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэн түүнийг 48 цаг хүртэл хугацаагаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан гэж үзнэ.
Эрүүгийн 1708 0149 20403 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бахь, торцоов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ө.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б овогт Ө-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,
- хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Ө.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.М-ийг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ийг 2 (хоёр) хоног баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон ирсэн бахь торцоов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр ү