Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 97

 

2018 оны 02 сарын 09 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00097

             Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00039/И

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, Э.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............... тоотод оршин суух, Н.Э-д холбогдох 

            “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

Хариуцагч Н.Э нь миний бие 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод сургалт, семинартай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

          Хариуцагч нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Н.Э-тай танилцаж, 2010 онд охинтой болсон. 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Е-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1х/

 

Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.О-тай 2007 онд танилцаж, 2010 онд охин Е төрсөн. Охин одоогоор ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Бид тусдаа амьдраад 2 жил болж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Е-ийг ээж Э.О-ынх нь асрамжинд үлдээж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 16х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Н.Э-аас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Н.Э-тай 2007 онд Дорноговь аймагт Анагаах ухааны сургуульд сурч байх үедээ танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болж  2014 онд гэр бүл болж, Дорноговь болон Хэнтий аймагт амьдарч тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Е мэндэлсэн болох нь №0000631034 дугаартай охин Э.Е-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3х/, №2301000016 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Хариуцагч Н.Э-ын хувьд Бэрх хотын эмнэлгийн захиалгаар 2015 онд мэргэжил дээшлүүлэх урт хугацааны сургалтанд сурахаар явсанаасаа хойш гэртээ эхнэр охин хоёртоо эргэж ирээгүй байх ба одоо Бэрх хотод ажиллаж амьдарч байна.

            Нэхэмжлэгч Э.О, хариуцагч Н.Э нар нь хоорондын таарамжгүй харьцаа, ялангуяа хариуцагч Н.Э-ын гэр бүлээсээ сэтгэл холдож хөндийрсөн байдлаас улмаас ийнхүү 2015 оноос тус тусдаа амьдарч, цаашид зохигчид нь хамт амьдрах боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

            Хүүхдийн асрамжийн тухайд зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Э.Е-ийн санал зэргийг харгалзан эх Э.О-ын асрамжинд үлдээж, эцэг Н.Э-аас Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй. 

            Иймд нэхэмжлэгч Э.О-ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

               1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О, хариуцагч Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Е-ийг нэхэмжлэгч /эх/ Э.О-ын асрамжинд үлдээсүгэй.

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Е-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай бол тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ Н.Э-гын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, охин Э.Е-ийг тэжээн тэтгүүлсүгэй.

             4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Э.О-д даалгасугай.

          5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

7. Зохигчид нь эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР