| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0530/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/543 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/543
2018 06 22 543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Отгонтөгс,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунбилэг,
өсвөр насны шүүгдэгч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ариунцэцэг
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цолмон (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0622) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ш овогт Б-ийн Б, Тайж овогт Э-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808017850494 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ш овогт Б-ийн Б, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд . оны . дүгээр сарын .-ний өдөр төрсөн, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ерөнхий боловсролын . дугаар сургуулийн . ангид суралцдаг, ам бүл ., эмэг эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .дүгээр хороо, . гудамжны . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...
2. Т овогт Э-ын Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын . дугаар сургуулийн . ангид суралцдаг, ам бүл ., эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн . дүгээр хороо, . . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Б.Б, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт насанд хүрээгүй хохирогч Ж.И-ийн“Samsung s6” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Ж.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн үед...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р байрны тоглоомын талбайд тоглож байсан юм. Тэгээд 13 цагийн үед гэртээ орох гээд 14-р байрны 7 дугаар орц руу явж байх үед 7 дугаар байрны орцны үүдэнд хоёр хүн орцны хаалга тогшоод зогсож байсан. Тэгээд би орцныхоо кодыг хийгээд орц руугаа ороход уг хоёр хүн орц руу дагаж орсон бөгөөд нөгөө хоёр хүн лифтэнд суух гэж байхаар нь би болиод шатаар гарах гэж байхад араас хар өнгийн яктай ах дуудаад ахын дүү гар утсаар чинь ярьчихъя гэж надад хэлсэн. Тэгээд би гар утсаа өгөхөд миний гар утсаар хүн рүү залгаад байх шиг байсан бөгөөд гар утас нь холбогдохгүй байна мессеж бичээд өгье гэж хэлээд нэлээн удаан мессеж бичээд байх шиг байсан. Тэгээд нөгөө хоёр хүний нэг нь орцны хаалга онгойлгоод зогсож байсан бөгөөд миний гар утсаар мессеж бичиж байсан хүн миний гар утсыг аваад орцны үүдэнд зогсож байсан ахтай хамт гараад зугтаачихсан...Нэг нь цайвар өнгийн яктай, малгайтай цагаан цамцтай, зүүн гар нь гипстчихсэн юм шиг байсан. Нөгөө нь хар өнгийн жинсэн яктай, бариу бараан өнгийн цамцтай 18-23 настай хүмүүс байсан....Намайг...цохиж зодоогүй...Миний гар утас “Samsung s6” маркийн шаргал өнгийн утас байсан бөгөөд урд талын шилэн наалт нь цуурчихсан байсан. Уг гар утсыг 2018 оны 01 дүгээр сард Амеркаас аав явуулсан...утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна...” (хавтаст хэргийн 7-8),
“...би ээж Элбэгзаяагийн хамт хохирлын мөнгө гэж 298.000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67),
- Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 126),
- Хохирогчийн нас тоолсон баримт (хавтаст хэргийн 127),
- Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 17-18),
2. Өсвөр насны шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сургууль амарчихсан байсан бөгөөд 12 цагийн үед Б.Бтой хамт Бичил хорооллын орчим уулзаад 1 дүгээр хороололд Б.Б найз охинтойгоо уулзана гэхээр нь дагаж ирсэн. Тэгээд 14 дүгээр байрны арын сааданд сууж байтал 10 орчим насны эрэгтэй хүүхэд “Samsung s6” маркийн гар утас барьчихсан явж байхыг нь харсан. Тэгээд тэр хүүхдийг юу хийхийг нь хараад хэсэг суусан бөгөөд нөгөө хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад 14 дүгээр байрны орц руу орохоор нь араас нь Б.Б бид 2 дагаж ороод би гар утсаараа нэг яриулчихаач гэж хэлтэл нөгөө хүүхэд “юнитэл” рүү болно гэж хэлсэн. Тэгтэл Б.Б гар утсыг нь аваад худлаа дугаар хийгээд залгаад байсан. Би хаалгыг нь онгойлгож зугтаахад бэлдээд зогсож байсан. Ингээд Б.Б тэр хүүхдийн утсыг барьж хэсэг зогсож байгаад хаалгаар гараад гүйсэн. Би хамт гүйгээд 1-р хорооллын арын дэнжээр гэр хороолол дундуур орж явж байгаад Тэди төв ороод гадаа зогсож байсан хүнд уг гар утсаа 200.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөөрөө бид хоёр РС тоглоод, хоол авч идээд ойр зуурын юманд зарцуулаад дуусгасан...Гар утсыг дээрэмдэх санааг Б.Б гаргасан. Тэгээд бид хоёр тэр хүүхдийн гар утсыг авахаар болоод...гар утсыг авах санаатай дагаж орсон... “Samsung s6” маркийн утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43),
3.Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...найзуудтайгаа уулзахаар гараад Бичил хорооллын ойролцоо...найз Э.Б-тэй уулзаад 1 дүгээр хороолол руу...би найз охин Ариунзаяатай уулзах санаатай 14 дүгээр байрны арын сааданд...сууж байтал 10 орчим настай эрэгтэй хүүхэд гар утас барьчихсан бид хоёрын хажуугаар өнгөрч гараад тоглоомын талбай дээр тоглож байгаад орц руугаа орсон. Э.Б бид хоёр нилээд харж сууж байгаад орц руугаа орохоор нь араас нь ороод нөгөө хүүхдийн араас очоод Э.Б утсаараа нэг яриулчихаач гэж хэлтэл нөгөө хүүхэд зөвхөн “Юнитэл” рүү залгаж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за юнитэл рүү залгаад өгье гэж хэлсэн чин надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад худлаа дугаар хийгээд залгаад хэсэг зогсож байгаад холбогдох боломжгүй байна мессеж бичээдхье гэж хэлсэн. Тэгээд худлаа мессеж бичээд зогсож байгаад гараад зугтаасан. Бид хоёр гарч гүйгээд 1-р хорооллын арын дэнж рүү өгсөөд гэр хороолол дундуур явсаар байгаад Тэди төв ороод гадаа зогсож байсан хүнд 200.000 төгрөгөөр уг утсыг зарсан. Олсон мөнгөөрөө бид хоёр хамт РС тоглоод хоол авч идээд дуусгасан...утас нь “Samsung s6” шаргал өнгийн утас байсан...бид хоёрыг сааданд сууж байгаад хажуугаар гар утас бариад өнгөрөхөөр нь харчихаад би тэр хүүхдийн гар утсыг авья гэсэн санааг гаргаад Э.Б дэмжээд хамт очиж авсан...бид хоёр гар утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд гуйж аваад утсаар ярьж байгаа юм шиг жүжиглэж байгаад орцны хаалгаар гараад зугтаасан...би гар утасны хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-51),
4. Гэрч Д.Оюунчимэг (шүүгдэгч нарын ангийн багш) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь 2017 оны 10 дугаар ангидаа манай ангид шилжиж ирсэн. Хүнтэй харилцахдаа нээлттэй, өөрийгөө зөв илэрхийлдэг, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг хүүхэд байсан. Харин сүүлийн үед дуулгаваргүй, хэнэггүй, хичээл их тасалдаг болсон...харин Э.Б нь...итгэмтгий, хөнгөн ааш зантай хүний үгэнд орохдоо амархан, тогтвор суурьшил муутай, сурлагандаа муу, сүүлийн үед ширүүн догшин авиртай болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57)
- өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 76), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114, 115), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 77, 78, 79), сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 113), Б.Бын нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 58), Э.Бийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 59) Б.Бын хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 82-93, 109-112), Э.Бийн хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 94-102, 103-108) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б. Э.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Улсын яллагдагчаас өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй өсвөр насны шүүгдэгч, тэдний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цамбагаравын хойд талын” 14 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед, хялбар аргаар мөнгө зорилгоор, шууд санаатай үйлдлээр, насанд хүрээгүй хохирогч Ж.И-ийн“Samsung s6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Ж.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн...13 цагийн үед гэртээ орох гээд 14-р байрны 7 дугаар...орц руугаа ороход хоёр хүн орц руу дагаж орсон бөгөөд нөгөө хоёр хүн лифтэнд суух гэж байхаар нь би болиод шатаар гарах гэж байхад араас хар өнгийн яктай ах дуудаад “ахын дүү гар утсаар чинь ярьчихъя” гэж надад хэлсэн. Тэгээд би гар утсаа өгөхөд миний гар утсаар хүн рүү залгаад байх шиг байсан бөгөөд гар утас нь холбогдохгүй байна мессеж бичээд өгье гэж хэлээд нэлээн удаан мессеж бичээд байх шиг байсан. Тэгээд нөгөө хоёр хүнийг нэг нь орцны хаалга онгойлгоод зогсож байсан бөгөөд миний гар утсаар мессеж бичиж байсан хүн миний гар утсыг аваад орцны үүдэнд зогсож байсан ахтай хамт гараад зугтаачихсан. ...Миний гар утас “Samsung s6” маркийн шаргал өнгийн утас байсан бөгөөд урд талын шилэн наалт нь цуурчихсан байсан. Уг гар утсыг 2018 оны 01 дүгээр сард Америкаас аав явуулсан...утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна...” (хавтаст хэргийн 7-8),
“...би ээж Элбэгзаяагийн хамт хохирлын мөнгө гэж 298.000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67),
-Хохирогчийн нас тоолсон баримт (хавтаст хэргийн 127),
- “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 17-18),
2. Өсвөр насны шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сургууль амарчихсан байсан бөгөөд 12 цагийн үед Б.Бтой хамт Бичил хорооллын орчим уулзаад 1 дүгээр хороололд Б.Б найз охинтойгоо уулзана гэхээр нь дагаж ирсэн. Тэгээд 14 дүгээр байрны арын сааданд сууж байтал 10 орчим насны эрэгтэй хүүхэд “Samsung s6” маркийн гар утас барьчихсан явж байхыг нь харсан. Тэгээд тэр хүүхдийг юу хийхийг нь хараад хэсэг суусан бөгөөд нөгөө хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад 14 дүгээр байрны орц руу орохоор нь араас нь Б.Б бид 2 дагаж ороод би гар утсаараа нэг яриулчихаач гэж хэлтэл нөгөө хүүхэд “юнитэл” рүү болно гэж хэлсэн. Тэгтэл Б.Б гар утсыг нь аваад худлаа дугаар хийгээд залгаад байсан. Би хаалгыг нь онгойлгож зугтаахад бэлдээд зогсож байсан. Ингээд Б.Б тэр хүүхдийн утсыг барьж хэсэг зогсож байгаад хаалгаар гараад гүйсэн. Би...хоёр Тэди төв ороод гадаа зогсож байсан хүнд гар утсаа 200.000 төгрөгөөр зарсан. ...Гар утсыг дээрэмдэх санааг Б.Б гаргасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43),
3. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...Э.Бтэй уулзаад 1 дүгээр хороолол руу...би найз охин Ариунзаяатай уулзах санаатай 14 дүгээр байрны арын сааданд...сууж байтал 10 орчим настай эрэгтэй хүүхэд гар утас барьчихсан бид хоёрын хажуугаар өнгөрч гараад тоглоомын талбай дээр тоглож байгаад орц руугаа орсон. Э.Б бид хоёр нилээд харж сууж байгаад орц руугаа орохоор нь араас нь ороод нөгөө хүүхдийн араас очоод Э.Б утсаараа нэг яриулчихаач гэж хэлтэл нөгөө хүүхэд зөвхөн “Юнитэл” рүү залгаж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за юнитэл рүү залгаад өгье гэж хэлсэн чинь надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад худлаа дугаар хийгээд залгаад хэсэг зогсож байгаад холбогдох боломжгүй байна мессеж бичээдхье гэж хэлсэн. Тэгээд худлаа мессеж бичээд зогсож байгаад гараад зугтаасан. Бид хоёр ... “Тэди” төв ороод гадаа зогсож байсан хүнд 200.000 төгрөгөөр зарсан. ... би тэр хүүхдийн гар утсыг авья гэсэн санааг гаргаад Э.Б дэмжээд хамт очиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-51) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б, Э.Б нар нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж, Ж.И-ийн“Samsung s6” маркийн гар утсаар ярих гэж байгаа дүр үзүүлэн, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас Б.Б, Э.Б нар нь хохирогч Ж.И-д 298.000 төгрөгний хохирол тус тус учруулсан байх бөгөөд хохирогч Ж.И-д учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 66-67) авагдсан баримтаар тогтоогдсон. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Ж.И “...би ээж Элбэгзаяагийн хамт хохирлын мөнгө гэж 298.000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67) тус тус авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Б.Б, Э.Б нар нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрсдийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс Б.Б, Э.Б нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Б.Б, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Б.Б, Э.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу хохирогчид учруулсан хохирлын төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг зэргийг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан тэдэнд Эрүүгийн хуульд заасны дагуу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авахаар шийдвэрлэж, тэднийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эмэг эх Л.Оюунбилэг, эх Д.Ариунцэцэг нарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0178 50494 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Б-ийн Б, Тайж овогт Э-ын Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Б, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.Б нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Б нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Б.Б-ын эмэг эх Л.Оюунбилэг, Э.Бийн эх Д.Ариунцэцэг нарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Б нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тэдэнд анхааруулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ