Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/395

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000060079 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехник гагнуурчин мэргэжилтэй, “Ө” ХХК-д эмийн түгээлтийн жолооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хэсэг, Улиастай гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ын М (РД:********)

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “Х” ХХК-ийн хойд замд “Тоуоtа Аlphard” маркийн **** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.О-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Явган зорчигчийг зам хөндлөн гарч явааг дөхөж ирээд харсан. Тухайн үед хохирогч гүйгээд ороод ирсэн. Тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаагүй. Энэ талаар байгууллагадаа хэлж байсан ч засвар үйлчилгээ хийхгүй явуулаад байсан. Хохирогч зүүн гар талаас гарч ирсэн. Тойроод гарчихая гэж бодсон ч амжаагүй. Хохирол төлбөрт 13,292,000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 03-нд хэрэг болсон. 18 цагт ээжтэй ярьсан. “Ажлаасаа гараад зогсож байна” гэж яриад дахин холбогдож чадаагүй. Оршуулгын зардалд зацуулагдсан хохиролд 13,2 сая төгрөг авсан. Зээлийн 14 сая төгрөгийг төлүүлмээр байна. Гомдолтой байна. Нэг удаа “Уучлаарай” гэж хэлээгүйд нь гомдож байгаа хэдий ч ял эдлүүлээд яахав дээ гэж бодож байна” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нь манай компанид жолоочоор ажилладаг. Орой яаралтай хүргэлт гараад М-ийг явуулсан. Ийм хэрэг гарсныг маргааш өглөө нь мэдсэн. Хөдөлмөрийн гэрээн дээр хэн гарын үсэг зурсныг мэдэхгүй. Уг тээврийн хэрэгсэл нь оношилгоо, даатгалд хамрагдаагүй байсан. Хохирол төлбөрийн тухайд захирлууд өөрсдөө Мтэй ярина гэж байсан” гэв.

Эрүүгийн 2203000060079 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын: “...2021 оны 12 дугаар сарын 03-нд 17.20 цагийн орчим нөхөр бид хоёр Эмээлт рүү аавынд очих гээд явж байхдаа 18 цагийн үед ээжтэй ярихад “Би ажлаасаа гараад ирсэн, зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явсаар 22-ын товчоо өгсөөд “очиж байна шүү” гэж хэлэх гээд залгатал ээж утсаа аваагүй. Гэтэл ээжийн ажил руу ойртох тусам зам түгжрээд байсан. Машинууд тойроод гарч байхаар нь дагаад тойроод гарах үед цагдаа нар ирсэн, хаалт хийсэн байсан. Тойроод гарах гэтэл ээжийн цүнх зам дээр байсан. Би цүнхийг хараад шууд буугаад очтол цагдаа нар “юун хүн бэ” гэхэд “би хүүхэд нь байгаа юм” гэсэн. Цагдаа нар шүүх эмнэлэг дуудсан байгаа, очиж болохгүй гэсэн. Шүүх эмнэлэг ирээд цогцсыг аваад явсан. Миний ээжийн буяны ажилд нийт 13,292,000 төгрөг гарсан. ...Ээжийгээ алдсандаа гомдолтой байна. Аав, ээж хоёр зээлтэй байсан. Аав үндсэн зээлдэгч, ээж хамтран зээлдэгч байсан. Уг зээлийг ээж ажил хийж төлдөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.24-ний өдрийн 07 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачид тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн шанаа, баруун шилбэний зөрүүтэй далд хугарал, хоёр гарын бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна. 3.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй. 4.Талийгаач нь гавал тархи, доод мөчний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 20 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болжээ. 6. Талийгаачийн цус нь B/III/ бүлгийн харъяалалтай байна. 7. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд спиртийн зүйл болон мансууруулах бодис илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 67-71 дэх тал),

Талийгаачийн хувцсанд хийсэн шинжээчийн 2021.12.14-ний өдрийн 30 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, эрээн өнгийн оймс, шаргал өнгийн гуталд ханзралт, хар өнгийн өмдөнд зулгаралт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамцанд 50мм, 95мм хэмжээтэй, эрээн өнгийн оймсонд 35х25мм хэмжээтэй, шаргал өнгийн гуталд 200мм, 65мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, хар өнгийн өмдөнд 21х18мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед үүссэн зулгаралт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, эрээн өнгийн оймсонд үүссэн гэмтэл хуучин, хар өнгийн өмд, шаргал өнгийн гуталд үүссэн гэмтэл шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад автомашины дугуйны мөр илрээгүй. 5. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 99-101 дэх тал),

Шинжээчийн 2022.01.06-ны өдрийн 161 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь нэг бүхэл үүсгэхгүй байна. 16х5 см хэмжээтэй тунгалаг өнгийн нэг ширхэг эд зүйл нь Toyota Alphard маркын автомашины эд ангитай нэг бүхэл үүсгэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Alphard маркийн **** УНМ улсын дугаартай автомашины зүүн урд их гэрлийн гадна бүрхүүлийн хэсэг байна. 3. Хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 114-116 дахь тал),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021.12.20-ны өдрийн 999184 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2. ...урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, баруун их гэрлийн ойрын тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг нь хуучин эвдрэл, гэмтэлтэй...” гэжээ (хавтаст хэргийн 127-130 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.01.22-ны өдрийн 115 дугаар магадлагааны дүгнэлтэд: “1. Toyota Alphard маркын *** УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч 48 настай, эмэгтэй Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ (хавтаст хэргийн 145-146 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Д.Д-ийн: “...Toyota Alphard маркын *** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Ө” ХХК-ийн машин бөгөөд Улаанбаатар хот дотор эм тарианы хүргэлт хийдэг машин юм. Жолооч М анх ажилд орсноосоо хойш энэ машиныг барьсан. Үнэлгээгээр гарсан 1,700,000 төгрөгийг жолооч Мэс нэхэмжилнэ. Манайд ажилд орсноосоо хойш осол гаргаж байгаагүй, их ажилсаг залуу байсан. ...Ослын улмаас бусдад учирсан хохирлыг манай байгууллага төлөхгүй, жолооч М өөрөө хариуцна. Тухайн үед Эмээлт рүү хүргэлтээр явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 43 дахь тал),

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2021.12.21-ний өдрийн 410 дугаар тайланд: “Toyota Alphard маркын *** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг нийт 1,700,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 140-142 дахь тал),

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх-4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-14), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-15), Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-16-20), гэрч Б.Баярцэнгэлийн мэдүүлэг (хх-48), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-112), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-156), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-216), хохирлын баримтууд (хх-166-204), хохирол төлсөн баримт (хх-218), зээлийн гэрээнүүдийн хуулбар (хх-222-227, 228-233), жолоочийн лавлагаа (хх-234) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролд 10,292,000 төгрөг, 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх банкны баримт (2 хуудас)-ыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Х” ХХК-ийн хойд замд “Тоуоtа Аlphard” маркын **** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Оыг (эмэгтэй, 47 настай) мөргөж, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.М 13,292,000 төгрөгийг хавтаст хэргийн хүрээнд төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зээлийн төлбөрт 14,000,000 төгрөг нэхэмжилсэн. Талийгаач О нь тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцдог. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гэж заасан байдаг. Үүнд тухайн этгээд нас барснаар үүрэг дуусгавар болохоор заасан байх тул зээлийн төлбөрийг шүүгдэгчээс гаруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч “Ө” ХХК-д 1,700,000 төгрөгийн хохирол учирсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйд тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтын дагуу уг ХХК өөрөө хариуцах үүрэгтэй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “М-ийн хувьд гэм буруутай гэдэг дээр маргахгүй, учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан. Амь хохирогчийн зээлийг шүүгдэгч төлөх нь хэр зэрэг үндэслэлтэй талаар шүүхээс харгалзан үзэх байх. М “Ө” ХХК-д ажиллаж, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргасан байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагч өмчлөгч болон эзэмшигч өөрөө хариуцан төлөх ёстой гэж заасан байдаг. Иймд 1,700,000 төгрөгийг иргэний хариуцагч өөрөө гаргах ёстой гэж үзэж байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.М нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, “Х” ХХК-ийн хойд замд “Ө” ХХК-ийн эзэмшлийн “Тоуоtа Аlphard” маркын **** УНМ улсын дугаартай, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хаяайлтын хэмжээ алдагдсан, баруун их гэрлийн ойрын тусгалын тохиргоо алдагдсан буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийг мөргөхгүй байхаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган хүний гарц, гарамгүй, хайс, хашилтгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан хохирогч Н.О (эмэгтэй, 47 настай)-ыг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын “...Цагдаа нар шүүх эмнэлэг дуудсан байгаа, очиж болохгүй гэсэн. Шүүх эмнэлэг ирээд цогцсыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-30-31), шүүх эмнэлгийн 07 дугаар “...1. Талийгаачид тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн шанаа, баруун шилбэний зөрүүтэй далд хугарал хоёр гарын бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Талийгаач нь гавал тархи, доод мөчний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжилгээ (хх-67-71), шинжээчийн 30 дугаар “2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамцанд 50мм, 95мм хэмжээтэй, эрээн өнгийн оймсонд 35х25мм хэмжээтэй, шаргал өнгийн гуталд 200мм, 65мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, хар өнгийн өмдөнд 21х18мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед үүссэн зулгаралт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, эрээн өнгийн оймсонд үүссэн гэмтэл хуучин, хар өнгийн өмд, шаргал өнгийн гуталд үүссэн гэмтэл шинэ байна...” гэх шинжилгээ (хх-99-101), шинжээчийн 161 дүгээр “1. 16х5 см хэмжээтэй тунгалаг өнгийн нэг ширхэг эд зүйл нь Toyota Alphard маркын автомашины эд ангитай нэг бүхэл үүсгэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Alphard маркийн *** УНМ улсын дугаартай автомашины зүүн урд их гэрлийн гадна бүрхүүлийн хэсэг байна....” гэх шинжилгээ (хх-114-116), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999184 дүгээр “...урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, баруун их гэрлийн ойрын тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг нь хуучин гэмтэл гэж үзэж байна...” гэх шинжилгээ (хх-127-130), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 115 дугаар магадлагаа (хх-145-146), “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 410 дугаар “Toyota Alphard маркын **** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 1.700.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-140-142) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.М-ийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хаяайлтын хэмжээ алдагдсан, баруун их гэрлийн ойрын тусгалын тохиргоо алдагдсан буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийг мөргөхгүй байхаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган хүний гарц, гарамгүй, хайс, хашилтгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан хохирогч Н.О (эмэгтэй, 47 настай)-ыг мөргөж амь насыг нь хохироосон болгоомжгүй үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ы амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримттай болон баримтгүйгээр 13,292,000 төгрөг нэхэмжилсэн (хэрэгт авагдсан зарим баримтууд нь уншигдахгүй болсон, зарлагын баримтууд дээр худалдагч болон худалдан авагчийн нэр, гүйлгээ хийсэн огноо бичигдээгүй зэргээр хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй)-ийг шүүгдэгч бүрэн төлсөн (хавтаст хэргийн 31, 218 дугаар тал, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шилжүүлгийн баримтууд) байх тул шүүгдэгч Ц.М-нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Зээлийн гэрээ (хавтаст хэргийн 222-233 дугаар тал)-ний нийт 14,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах”, иргэний нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн “тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Зээлийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2.5-д “Зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээл олгох үед даатгуулсан даатгалын эрсдэлийн төрлүүдээр даатгалын гэрээг тухай бүр сунгуулах, хүчин төгөлдөр байлгах”, 4.2.6-д “Зээлдэгчид урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгөөс нэн тэргүүнд зээлийн төлбөр бусад төлбөрийг төлөх” гэж заасан байх бөгөөд уг малчны зээлийн гэрээ, малчин, мал бүхий этгээдийн дэмжих зээлийн гэрээ нь нэг талаас банк, нөгөө талаас иргэн Н.Б нарын хооронд байгуулагдаж, амь хохирогч Н.О нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байгааг харгалзан эхний ээлжинд үндсэн зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж үзэв.  

Шүүгдэгч Ц.М-ийн ажил олгогч буюу иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Ө” ХХК-ийн **** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасныг баримтлан тухайн хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, оношилгоо, даатгалд хамруулахгүйгээр тээврийн хэрэгслийг хүргэлтийн үйлчилгээнд гаргасны улмаас шүүгдэгч Ц.М зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учруулсан байгааг харгалзан уг тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 1,700,000 төгрөгийг шүүгдэгч Ц.М-эс гаргуулахгүйгээр шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж шүүх дүгнэснийг дурдаж байна.    

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.М-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэх боломжтой гэж заасан. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хүний амь нас бол нөхөн төлөх боломжгүй. Тийм учраас шүүгдэгчийг тэнсэх боломжгүй гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй. Хорих ял нь тухайн гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлах, засан хүмүүжүүлэх зорилготой. М-ийн хувьд 3 жилийн хорих ял эдлээд явах нь ар гэрийн амьдрал нь тасалдахад хүрч байна. Шүүхийн ял шийтгэл оногдуулах зорилго нь алдсан алдаагаа дахиж гаргахгүй байх, нийгэмшүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Энэ үүднээс хорихоос өөр төрлийн ялуудыг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1-5 жилийн хорих ялтай учраас тэнсэх боломжтой байгаа. Миний үйлчлүүлэгч М-ийн хувьд тухайн ослыг санаатайгаар үйлдсэн биш ажил үүргээ гүйцэтгэж явахдаа техникийн бүрэн бүтэн байдлын улмаас осол гарсан, хохирол төлбөрийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн хуулийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус үйлдэл осол гарахад нөлөөлсөн гэдгийг хуульчилсан байдаг. Амь хохирогч тухайн замаар яарахгүй гарч явсан бол энэ осол гаргахгүй байх боломжтой байсан. Энэ бүх байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Гэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл маш чухал байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, тухайн байгууллагын хариуцлагагүй байдал, хохирогчийн зүгээс хууль зөрчсөн байдал зэргийг шүүх харгалзах үзэх байх...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Шүүгдэгч М хэрэг гараад 115 хоносон байхад биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй байж, аав дээр минь очоод бидэнд ийм зовлон байна харж үзнэ үү гэсэн байсан. Нэг удаа уучлалт гуйгаагүйд нь гомдолтой байгаа. Энэ хүнийг 3-4 жил шоронд явуулаад миний ээж буцаад ирэхгүй. Тийм учраас энэ хүний ар гэр, ээжийг нь бодоод хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь ажил олгогч хуулийн этгээдийн эзэмшлийн бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй үед хурдаа тохируулж яваагүй, түүнчлэн явган зорчигчийг харсан атлаа тойроод гарчихна гэж хөнгөмсгөөр найдаж, тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган хүний гарц, гарамгүй, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн гаралгүй зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогчийг мөргөж амь насыг хохироосон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 13,292,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой, гэхдээ хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийгтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн их гэрлийн хагархай хэсэг болох тунгалаг өнгийн 4 ширхэг хуванцар, хар өнгийн 19 ширхэг хуванцар, мөнгөлөг саарал өнгийн 14 ширхэг хуванцар, саарал өнгийн 5 ширхэг хуванцарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч Ц.М-ийн жолоочийн В ангиллын 95**** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.М-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн их гэрлийн хагархай хэсэг болох тунгалаг өнгийн 4 ширхэг хуванцар, хар өнгийн 19 ширхэг хуванцар, мөнгөлөг саарал өнгийн 14 ширхэг хуванцар, саарал өнгийн 5 ширхэг хуванцарыг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч Ц.М-ийн жолоочийн В ангиллын 95**** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 4, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Зээлийн гэрээний үнэ 14,000,000 төгрөг гаргуулах тухай”, иргэний нэхэмжлэгчийн “Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР