| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0782/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/811 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/811
2018 09 20 811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ............... Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808038661010 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............... Г-, Монгол Улсын иргэн, ......... . оны .... дүгээр сарын .... -ны өдөр төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .......
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч М.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Баруунбаян Уулын .......................оршин суух өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Э................гтэй маргалдаж, улмаар түүний биеийн хэсгүүдэд цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Э................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө...М.Г-...архи уучихсан орж ирсэн...тэгээд 02 цаг 30 минутын үед Г- гэрлээ асаа хугацаа болчихлоо гээд хэлэхээр нь гэрлээ асаасан чинь чи гэрэл асаалаа намайг барьж өглөө гэж хашигарч босож ирээд орилж намайг хэвтэж байхад миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Мөн намайг гараараа нуруу цээж рүү цохиж ор руу унагахаар нь би гэрээсээ гараад гүйсэн чинь ардаас хөөж гэрч ирээд миний үснээс зулгааж гэрт оруулах гэж бүсэлхийгээр тэвэрч дахиж нуруу цээж гар руу өшиглөж зодсон. Мөн үсдэж гэр рүү оруулаад орон дээр суулгаад хутга барьчихаад миний эрүү рүү хатгах гээд ална шүү гэж орилоод суулгасан. Тэгээд хөнжил рүү орох гэсэн чинь даарахгүй байгаа биздээ хувцсаа тайл гээд өмд цамц хөхний даруулга тайлуулаад суулгасан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
2. Шинжээч эмч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Э................гийн биед баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал баруун зүүн бугалга, зүүн эгэм, баруун зүүн дал, бүсэлхий нуруу, цээж хэвлийд зулгаралт, дээд уруулын салст, зүүн баруун тохой баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь дөрвөөс 7 хоногийн дотор эдгэх боломжтой тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж авч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10048 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн зулайн хуйхны ар хэсэгт 5х4см овойж хавдсан, баруун зулайн хуйхны ар дээд хэсэгт 4х5см овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн хацар шанаагаар нэлэнхүйдээ овойж хавдсан, хөх цус хуралттай, баруун нүдний дээд, доод зовхинд 5х4см хөх цус хуралттай, хавдартай, дээд уруулын дотор салстад 2х2см, 1х1.2см улаан ягаан цус хуралттай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 4х4см, 9х6см, 4х5см, урд дээд хэсэгт 1.5х1см, 1.5х1.2см, 1х1см, зүүн бугалганы урд дунд хэсэгт 12х5см, зүүн далны доод хэсэгт 4х2см, бүсэлхий нурууны зүүн хэсэгт 7х2.5см, цээжний зүүн хажуу хэсгээр 4х4см, 4.5х4см, 3х3см, 3х2.5см, 2х2см, 2х2.5см, 2х1.5см, 1.5х1.5см, 3х.1.5см, 3х2см, хэвлийн зүүн дээд хэсэгт 3.5х3см, 1.5х1.5см, 1.2х1.2см хүрэн улаан зулгаралтуудтай, зүүн тохойн үенд 8х8см хөх ногоон, баруун тохойн үенд 6х5см хөх, зүүн гуяны урд гадна дээд хэсэгт 9х6см, гадна доод хэсэгт 4.5.х4.5см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 4х6см, доод хэсэгт 6х4см хөх ногоон, баруун гуяны дотор доод хэсэгт 3х3см, баруун өвдөгний доод хэсэгт 5х4см, баруун гуяны гадна дунд хэсэгт 9х7см хөх ягаан цус хуралтуудтай.
2018.08.16-ны өдрийн “Натур эмнэлэг”-ийн Толгойн компьютер томографийн шинижилгээ: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш мурийлттай...2 талын хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1.Б.Э................гийн биед баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн эгэм, баруун, зүүн дал, бүсэлхий нуруу, цээж, хэвлийд зулгаралт, дээд уруулын сэлст, зүүн баруун тохой, баруун зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),
4. Хохирогч Б.Э................гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-34)
5. Шүүгдэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед гэртээ Э................гтэй хамт кино үзэж сууж байгаад Э................г унтаад өгөхөөр нь би дэлгүүр гарч 0,33 грамттай Хараа нэртэй архи авч гэртээ орж ирээд уучихаад унтсан. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан болохоор юу ч санахгүй байна. Би Э................гийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би гэмшиж байна. ...би Э................гийн ...ямар ч байсан өшиглөж үснээс нь зулгааж байснаа санаж байна...би Б.Э................гт “Натул эмнэлэгт” тархины зураг 120.000 төгрөгөөр авахуулж 300.000 төгрөгний эм тариа авч өгсөн...тухайн үед бид хоёр хоёулаа байсан. Гараараа хөлөөрөө өшиглөсөн...үсдэж нуруу хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44)
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 53), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, Баруунбаян Уулын 15-31а тоотод оршин суух өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хамтран амьдрагч Б.Э................гтэй маргалдаж, улмаар түүний биеийн хэсгүүдэд цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Э................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Г-...архи уучихсан орж ирсэн...тэгээд..гэрлээ асаа...гэж хэлэхээр нь гэрлээ асаасан чинь чи гэрэл асаалаа намайг барьж өглөө гэж хашигарч босож ирээд ...миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Мөн намайг гараараа нуруу цээж рүү цохиж ор руу унагахаар нь би гэрээсээ гараад гүйсэн чинь ардаас хөөж гэрч ирээд миний үснээс зулгааж гэрт оруулах гэж бүсэлхийгээр тэвэрч дахиж нуруу цээж гар руу өшиглөж зодсон. Мөн үсдэж гэр рүү оруулаад орон дээр суулгаад хутга барьчихаад миний эрүү рүү хатгах гээд ална шүү гэж орилоод суулгасан. Тэгээд хөнжил рүү орох гэсэн чинь даарахгүй байгаа биздээ хувцсаа тайл гээд өмд цамц хөхний даруулга тайлуулаад суулгасан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Шинжээч эмч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э................гийн биед баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал баруун зүүн бугалга, зүүн эгэм, баруун зүүн дал, бүсэлхий нуруу, цээж хэвлийд зулгаралт, дээд уруулын салст, зүүн баруун тохой баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт гэмтэл тогтоогдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10048 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 27),
- Шүүгдэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би Э................гийн ...ямар ч байсан өшиглөж үснээс нь зулгааж байснаа санаж байна...би Б.Э................гт “Натул эмнэлэгт” тархины зураг 120.000 төгрөгөөр авахуулж 300.000 төгрөгний эм тариа авч өгсөн...тухайн үед бид хоёр хоёулаа байсан. Гараараа хөлөөрөө өшиглөсөн...үсдэж нуруу хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.Э................г зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуулчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Э................гийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э................г нь эмчилгээний зардалд баримтаар 420.000 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 23-24), үүнээс шүүгдэгч М.Г- нь хохирогчид 420.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 44) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Г- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г- нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тэрээр хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...бие махбодын...зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн.” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч М.Г-ийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар М.Г-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808038661010 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ............... Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Г-т 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ